Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2016/0132

 

“Ш т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, О.Зандраа, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, гуравдагч этгээд “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 803 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 118 дугаар магадлалыг эс зөвшөөрч гуравдагч этгээд “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор “Ш т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Зандраагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Ш т” ХХК-ийн захирал Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... “Ш т” ХХК нь “Б” ХХК-тай байгуулсан лицензийн гэрээний дагуу “Bi”, “Ma”, “G G” гэсэн барааны тэмдэгтүүдийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр худалдан борлуулах эрхийг эзэмшиж байгааг Оюуны өмчийн газарт 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүсэлт гаргаснаар бүртгүүлсэн. Мөн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ”, 9 дүгээр зүйлийн 9.3-т “Барааны тэмдгийн бүртгэл нь анхдагч огноогоос эхлэн 10 жилийн хугацаанд хүчинтэй”, 7 дугаар зүйлийн 7.2-т “Оюуны өмчийн газар нь оюуны өмчийг бүртгүүлэх тухай мэдүүлгийг хүлээн авсан өдрөөр анхдагч огноог тогтооно” гэж тус тус заасан тул “Ш т” ХХК-ийн эдгээр барааны тэмдэгтийг эзэмших эрх нь 8 дугаар сарын 13-ны өдөр олгогдож, цаашид 10 жилийн хугацаанд хүчинтэй байхаар байна.

Мөн “Ш т” ХХК-ийн зүгээс ямар нэгэн хуулийн этгээдэд уг барааны тэмдгийг ашиглах эрхийг шилжүүлээгүй, ямар нэг хуулийн этгээд эдгээр барааны тэмдгийг ашиглах талаар тус компаниас ямар нэгэн зөвшөөрөл өнөөдрийг хүртэл аваагүй байх тул дээрх хуулийн 12.3.4 дахь хэсэгт заасанчлан “бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах” эрх үүсэж, 13 дугаар зүйлийн 13.1.3 дах хэсэгт заасны дагуу “Ш т” ХХК-аас бусад этгээд уг барааны тэмдэг бүхий барааг хилээр нэвтрүүлэх эрхгүй бөгөөд ийнхүү нэвтрүүлсэн бол барааны тэмдгийг хууль бусаар ашигласанд тооцохоор Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь хэсэгт хуульчилсан.

Гэтэл дээрх нэр бүхий бүтээгдэхүүнийг “Б м” ХХК нь 2014 оны 8 дугаар сард, “С” ХХК нь мөн оны 6 дугаар сарын 26, 7 дугаар сарын 29-ний өдрүүдэд тус тус ачуулсан, мөн INV United trading компани нар Монгол Улсын хилээр нэвтрүүлж байгаатай холбогдуулан бид 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс Гаалийн ерөнхий газрын хэлтсийн дарга Ж.Б-т удаа дараа эрхийн зөрчилтэй барааг саатуулах хүсэлт өргөдөл, мөн дээд шатны албан тушаалтанд гомдол, хүсэлт гаргасан ч өнөөдрийг хүртэл уг асуудал нь шийдвэрлэгдэхгүй 3 сар гаруй хугацаа өнгөрөөд байна.

2008 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Гаалийн ерөнхий газрын дарга болон Оюуны өмчийн газрын даргын хамтарсан тушаалаар батлагдсан Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын 4.4.2-т заасны дагуу өргөдөл гаргаж буй этгээдийн оюуны өмчийн эрх нь хүчинтэй байх нөхцөлд, түүнчлэн Гаалийн тухай хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д “Гаалийн байгууллага нь оюуны өмчийн эрхэд хамаарах бөгөөд гаалийн хяналтад байгаа барааг оюуны өмчийн эрх эзэмшигчийн өргөдлийг үндэслэн гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авна” гэж заасны дагуу гаалийн байгууллагын зүгээс эдгээр барааг саатуулан барааг гаалийн болон улсын хилээр нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авах нь үндэслэлтэй юм. Гэтэл хэлтсийн дарга Ж.Б нь 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 02-2/3671 дугаар шийдвэрээрээ “Б м” ХХК 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Ge Ho P компанитай тухайн барааг худалдах, худалдан авах гэрээ хийсэн, мөн “С” ХХК 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр “Ю б т л” компанитай гэрээ байгуулсан буюу “Ш т” ХХК барааны тэмдгийг ашиглах эрхийн зөвшөөрөл авахаас өмнө гэрээ хийсэн гэсэн үндэслэлээр барааг саатуулахаас татгалзаж байгаа нь дээр дурдсан хууль, журамд заасан саатуулах нөхцөл шаардлагыг үгүйсгэж, хууль болон журамд заагаагүй үндэслэлээр эдгээр барааны тэмдгүүдийг хууль бусаар бусдыг ашиглахыг зөвшөөрч, оюуны өмчийн зөрчилтэй барааг бусдад ашиглуулах боломж олгож, хууль ёсоор барааны тэмдгийг эзэмшиж байгаа манай компанийн эрхийг ноцтой зөрчиж байна.

Тиймээс 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Гаалийн ерөнхий газрын дэд дарга Н.Энхцогтод гомдол гаргасан бөгөөд тэрээр 11 дүгээр сарын 12-ны өдрийн хариугаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Учир нь тэрээр Ж.Б-ын гаргасан акт нь иргэн, хуулийн этгээдийн ашиг сонирхлыг зөрчсөн эсхүл эс зорчсөн эсэхийг хянаагүй, доод шатны албан тушаалтны гаргасан актын талаар ер дурдаагүй болно. Уг хариуг гарах хүртэл хугацаанд дээрх нэр бүхий хуулийн этгээдүүд эрхийн зөрчилтэй барааг дахин гаалийн хилээр нэвтрүүлж чадсан бөгөөд Н.Э нь хууль бус үйлдлийг таслан зогсоогоогүй тул Гаалийн тухай хуулини 263 дугаар зүйлийн 263.1-д “оюуны өмчийн эрхэд хамаарах бөгөөд гаалийн хяналтад байгаа барааг оюуны өмчийн эрх эзэмшигчийн өргөдлийг үндэслэн гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авна” гэх үүргийг биелүүлээгүй байна. Улмаар дээр нэр бүхий компаниудад эдгээр оюуны өмчийн эрхийн зөрчилтэй барааг зах зээлийн чөлөөт эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлсэн болно. Гаалийн байгууллын энэ хариуцлагагүй байдлыг “Б м” ХХК, “С” ХХК, INV United Trading компаниуд нь ашиглаж, 2014 оны 9 дүгээр сараас эхлэн дээрх нэр бүхий бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр, хэд хэдэн удаа оруулж ирсэнийг анхаарна уу.

Иймд Гаалийн ерөнхий газарт “Ba”, “Ma”, “G G” гэсэн барааны тэмдэг бүхий барааг гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байхыг даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хурцбаатар 2015 оны 5 дугаар сарын 19, 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “... “Ш т” ХХК-ийн “Ba”, “Ma”, “G G” нэр төрлийн барааг худалдан борлуулах оюуны өмчийн эрхийн хүчинтэй байх хугацаанд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдрийн хооронд “Б м” ХХК, “С” ХХК-уудын оюуны өмчийн эрхийн зөрчилтэй барааг 12 удаагийн үйлдлээр гаалийн хилээр нэвтрүүлсэн үйлдэл хууль бус болохыг тогтоож, энэ талаар гаалийн байгууллагын зүгээс “С”, “Б м”, “Ш т” зэрэг компаниудад албан тоотоор мэдэгдэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хурцбаатар 2015 оны 10 дугаар сарын 06, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “... “Ш т” ХХК-ийн эрх эзэмшигчийн эрхийг хамгаалуулахаар Гаалийн ерөнхий газарт хандсан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, оюуны өмчийн эрхэд хамаарах “Ba”, “Ma”, “G G” барааны тэмдэг бүхий барааг гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авах үүргээ биелүүлэхгүй байгаа Гаалийн ерөнхий газрын эс үйлдэхүйг тогтоож, “Ba”, “Ma”, “G G” барааны тэмдэг ашиглах эрх Оюуны өмчийн газарт бүртгэлтэй байх хугацаанд эдгээр барааны тэмдэг бүхий барааг саатуулж, гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байх үүргээ биелүүлж байхыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, Ч.Э нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... “Ш т” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан тэмдэгт бүхий барааг оруулж ирсэн гэх “Б м” ХХК, “С” ХХК болон бусад аж ахуйн нэгжүүдийн барааг Гаалийн тухай хуульд “иргэд, аж ахуйн нэгж хуулийн хүрээнд гадаад худалдааны үйл ажиллагаа явуулж болох”-оор заасны дагуу гаалийн хилээр нэвтрүүлсэн байх бөгөөд тухайлан гаалийн байгууллагын зүгээс дээрх аж ахуйн нэгжүүдийн барааг хилээр нэвтрүүлэх тухай захиргааны акт буюу өөрөөр хэлбэл захирамжилсан шийдвэр амаар буюу бичгээр гаргаагүй, захирамжилсан үйл ажиллагаа явуулаагүй, хэм хэмжээ тогтоосон акт гаргаагүй. “Ш т” ХХК-ийн тэмдгийг нь ашиглах эрх бүхий барааг өөр бусад аж ахуйн нэгжүүд импортоор оруулж байгаа явдал нь Гаалийн байгууллагаас гаргасан захиргааны ямар нэг хууль бус актаас үүдэлтэй, тийм актаас болж “Ш т” ХХК-ийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй. Гаалийн байгууллагаас гаргасан чухам ямар захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байгаа нь тодорхойгүй, захиргааны хэргийн шүүхэд харъяалагдахгүй асуудал байх тул нэхэмжлэлийг буцаах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд “С” ХХК, “Ш т” ХХК, “Б м инк” ХХК-ууд 29 удаагийн гаалийн бүрдүүлэлтээр нийт 21,282 литр дээрх нэрийн барааг гаалийн бүрдүүлэлт хийлгэн, гаалийн хилээр нэвтрүүлжээ.

Дээрх 29 удаагийн гаалийн бүрдүүлэлтийн явцад “Ba”, “Ma”, “G G” буюу тухайн барааны тэмдгийг буюу аливаа хуурамч бараа бүтээгдэхүүнийг хилийн чанадад хуурамчаар үйлдвэрлээд, түүндээ барааны тэмдгийг хууль бусаар зөвшөөрөлгүй ашиглан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэл байгаа эсэх нь тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

Гуравдагч этгээд “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “... Гаалийн тухай хуульд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн дагуу барааны тэмдэг бүхий барааг саатуулна гэж заагаагүй, Олон улсын худалдаанд хамаарах барааны оюуны өмчийн эрхийн ТРИПС хэлэлцээрийн 51 дүгээр зүйлд гаалийн байгууллагаас барааг саатуулах нөхцөлийг тодорхойлохдоо хуурамч барааг импортоор оруулах үед эрх эзэмшигч нь саатуулах өргөдөл гаргах, гаалийн байгууллага уг хүсэлтийн дагуу барааг саатуулах үүрэг хүлээхээр заасан. Уг хэлэлцээрийн 51 дүгээр зүйлийн 13 дугаар тайлбар ишлэлд “эрх эзэмшигчийн зөвшөөрлөөр бусад улсад зарагдаж байгаа барааг импортоор оруулахад дээрх саатуулах үүрэг үүсэхгүй” гэж тайлбарласан байдаг.

Манай компанийн импортоор оруулсан архи хуурамч биш, бусдын барааны тэмдгийг зөвшөөрөлгүй ашигласан зөрчилгүй бөгөөд дээрх архины өөрийн үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн, эрх эзэмшигчийн зөвшөөрлөөр бусад улсад зарагдаж байгаа жинхэнэ бүтээгдэхүүн тул ТРИПС хэлэлцээрийн дагуу болон Гаалийн тухай хуулийн 263 дугаар зүйлийн дагуу манай худалдан авсан эрхийг саатуулах хууль зүйн үндэслэл байхгүй юм.

Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн хэлтсийн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 02-2/3671 дүгээр албан бичгээр “С” ХХК-ийн худалдан авсан архийг гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн, улмаар хилээр нэвтрүүлсэн нь хуульд нийцсэн үйл ажиллагаа болсон гэж үзэж байна“ гэжээ.

Гуравдагч этгээд “Б м инк” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: “... Худалдаа аж үйлдвэрийн яамнаас 2008 оны 8 дугаар сарын 02-ны өдөр “Б м инк” ХХК-д 2 жилийн хугацаатай согтууруулах ундаа импортлох эрхийг олгосон. Монгол Улсын Засгийн газраас уг эрхийг 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл сунгасан. Тус компани төрөл бүрийн согтууруулах ундааг хууль ёсны импортлогч, борлуулагчийн хувиар дотоодын зах зээлд нийлүүлж байна.

“Ba” брэнд дэлхийн зах зээлийн цор ганц борлуулагч болох эрхийг ямар ч аж ахуйн нэгжид олгохгүй. Хэрвээ дээрх эрхийг олгосон бол “Ш т” ХХК бус “Ba” брэнд манай байгууллагад энэ талаар албан ёсоор мэдэгдэх ёстой. Манай компани 2008 онд анх “Ба-Ма Ма Э Д Эн Б Э Д”-ээс Ба брэндийн бүтээгдэхүүнийг, 2009 оноос хойш Сингапур Улсын компани болох “Тай-Пор Э” компаниас тус тус худалдан авч импортлосон. Сингапур Улсаас Монгол Улс руу тээвэрлэдэг Ба брендийн бүх бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ нь гаалийн бүрдүүлэлт зорилгоор тээвэрлэлттэй цуг хавсаргасан” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 803 дугаар шийдвэрээр Гаалийн тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай олон улсын хэлэлцээрийн 51 дүгээр зүйлд заасныг баримтлан “Ш т” ХХК-ийн гаргасан “С” ХХК, “Б м” ХХК-уудын 2014.10.01-10.30-ны хооронд 12 удаа, 2015.04.30-11.05-ны хооронд 28 удаа, нийт 40 удаагийн гаалийн бүрдүүлэлтээр “Ba”, “Ma”, “G G” нэрийн бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлснийг саатуулаагүй Гаалийн ерөнхий газрын үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Оюуны өмчийн газарт бүртгэлтэй байх хугацаанд дээрх барааны тэмдэг бүхий барааг саатуулж гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байх үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 118 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 803 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Гаалийн тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.2, 263 дугаар зүйлийн 263.1, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ш т” ХХК-ийн “С” ХХК, “Б м инк” ХХК-уудын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд 28 удаагийн гаалийн бүрдүүлэлтээр “Ба” /Ba, “Ма” /Ma/, “Г г” /C C/ нэрийн бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлснийг саатуулаагүй Гаалийн ерөнхий газрын үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Оюуны өмчийн газарт бүртгэлтэй байх хугацаанд дээрх барааны тэмдэг бүхий барааг саатуулж, гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байх үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх “2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 30-ны хооронд 12 удаагийн гаалийн бүрдүүлэлтээр дээрх нэр бүхий бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн Гаалийн ерөнхий газрын үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Гуравдагч этгээд “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 118 дугаар магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа Гаалийн тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.2, 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсгүүдийг хэрэглэсэн ба ингэхдээ Гаалийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Ш т” ХХК нь 2014 оны 7 дугаар сарын 11-ний өдөр гарын үсэг зурсан эхний лицензийн гэрээгээ 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Оюуны өмчийн газарт бүртгүүлж, 75 тоот лиценз авсан ба уг лицензийн гэрээний хугацаа нь 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. “Ш т” ХХК дараа нь 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан дараагийн лицензийн гэрээгээ 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Оюуны өмчийн газарт бүртгүүлж, 78 тоот лиценз авсан ба 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр албан бичгээр Гаалийн ерөнхий газарт уг 78 тоот лицензээ дараагийн лицензийн гэрээний хамт хүргүүлж, өөрийн эрхэд хамаарах бараагаа гаалийн бүртгэлд дахин бүртгүүлэх, гаалийн мэдээллийн баазад дахин оруулах, гаалийн байгууллага цаашид /2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гэсэн агуулгаар/ өөрийн санаачлагаар барааг саатуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байдаг. Гэтэл лицензийн гэрээгээр ашиглах эрх олгогдсон 2 ширхэг барааны тэмдгийн бүртгэлийн хүчинтэй байх хугацаа нь 2016 оны 9 дүгээр сард дуусна.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Лицензийн гэрээг бичгээр үйлдэж, хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулах ба уг гэрээг төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр хүчинтэйд тооцно” гэж заасан тул “Ш т” ХХК-ийн эхний лицензийн гэрээний хугацаа 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дуусч, мөн оны 10 дугаар сарын 22-ны өдөр Оюуны өмчийн газарт дараагийн лицензийн гэрээ бүртгэгдэн хүчинтэй болж, 11 дүгээр сарын 02-ны өдөр Гаалийн ерөнхий газарт өгсөн ч “Ш т” ХХК-ийг лиценз эзэмшигч болсны төлөө гуравдагч этгээдүүдийн гадаадаас худалдан авсан, хуурамч биш Ба, Г г, Ма барааны тэмдэг бүхий барааг гаалийн хилээр нэвтрүүлэхгүй саатуулах хууль зүйн үндэслэл Гаалийн ерөнхий газарт байхгүй юм.

Нэхэмжлэгч нь Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын 3 дугаар зүйлд заасны дагуу өөрийн эрхэд хамаарах барааг гаалийн бүртгэлд бүртгүүлээгүй, гаалийн мэдээллийн баазад оруулаагүй байхдаа 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Гаалийн ерөнхий газарт эхний лицензийн гэрээний дагуу маргаан бүхий барааны тэмдэг бүхий барааг “Ш т” ХХК-аас өөр бусад этгээд Монгол Улсын хилээр импортлон оруулж ирэхээс сэргийлж, хяналт тавих хүсэлт гаргасан байдаг. Үүнийхээ дараа нэхэмжлэгч 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн эрхэд хамаарах барааг гаалийн бүртгэлд бүртгүүлэх, гаалийн мэдээллийн баазад оруулах хүсэлтийг Гаалийн ерөнхий газарт өгч гаалийн бүртгэлд бүртгүүлсэн. Улмаар Улаанбаатар хотын Гаалийн газрын хяналтын 1 дүгээр газарт 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Туушин гаалийн баталгаат агуулахад хадгалагдаж байгаа “С” ХХК-ийн маргаан бүхий барааны тэмдэгтэй барааг саатуулах хүсэлтийг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гаргасан байдаг.

Нэхэмжлэгчээс “С” ХХК-ийн маргаан бүхий барааны тэмдэгтэй барааг саатуулах хүсэлт гаргасны дараа гаалийн байгууллага уг хүсэлтэд дурдагдсан барааг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 10 дугаар 30-ны өдрийн хооронд гаалийн хилээр нэвтрүүлж “С” ХХК-д олгосон нь хууль зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн боловч нэхэмжлэгчийн эхний лицензийн гэрээний хугацаа 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дууссаны дараа “С” ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд 4 удаагийн мэдүүлгээр барааг гаалийн хилээр нэвтрүүлсэн байхад энэ талаар зөв үнэлэлт, дүгнэлт хийсэнгүй.

Гаалийн тухай хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д “оюуны өмчийн эрх эзэмшигч нь ... тухайн бараа гаалийн хяналтад байгааг нотлох хангалттай үндэслэл байгаа тохиолдолд гаалийн байгууллагад барааг гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авах тухай өргөдлийг ... гаргана” гэж тухайн бараа гаалийн хяналтад орсон тохиолдол бүрт эрх эзэмшигч холбогдох өргөдлийг гаргахаар зохицуулсан байхад 2014 оны 10 дугаар сард гаалийн хилээр нэвтрүүлж “С” ХХК-д олгосон барааг саатуулах тухай 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн нэхэмжлэгчийн хүсэлтийг 2015 оны 6 дугаар сард Монгол Улсад ирж, гаалийн баталгаат агуулахад орсон бараанд хамааруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснээрээ давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруугаар үнэлж, Гаалийн тухай хуулийн 262-264 дүгээр зүйлүүдийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч нь 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 05-ны хооронд “С” ХХК бараагаа гаалийн хилээр нэвтрүүлэх хугацаанд Гаалийн тухай хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д заасны дагуу тэдгээр барааг саатуулах өргөдөл гаалийн байгууллагад гаргаагүй. Тэгээд ч нэхэмжлэгчийн саатуулах өргөдөл гаргах эрх нь 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр дууссан тул гаалийн байгууллагад дараагийн бүртгэгдсэн лицензээ өгөх хүртэл гаалийн байгууллага түүний саатуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх, тэдгээр барааг саатуулах шийдвэр гаргах боломжгүй. Нэхэмжлэгчийн саатуулах өргөдөл гаргах эрх нь зөвхөн хуурамч бараатай тэмцэх үйл ажиллагаагаар хязгаарлагдана гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь бодитой, үнэн зөв дүгнэлт болсон.

2. Гаалийн тухай хуулийн 262-264 дүгээр зүйлүүд болон Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн хилээр нэвтрүүлэх журам нь гаалийн байгууллага хуурамч бараатай тэмцэх үйл ажиллагааг зохицуулсан бөгөөд энэ нь Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай олон улсын хэлэлцээрийн 51 дүгээр зүйлээр давхар зохицуулагдсан юм.

Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын дагуу гаалийн байгууллага аливаа барааг саатуулснаар тухайн бараа оюуны өмчийн эрхийн зөрчилтэй буюу хуурамч эсэхийг шалгаж шүүхээр тогтоолгох, зөрчилтэй нь тогтоогдсон барааг хураан авч устгах ажиллагааг хийх үүрэгтэй болно. Түүнээс биш оюуны өмчийн эрх эзэмшигчийн өргөдлийн дагуу түүний лицензийн хугацаа дуусах хүртэл бусдын импортоор оруулж байгаа адил төрлийн, хуурамч биш барааг саатуулах, хилээр нэвтрүүлэхгүй байх, устгах чиг үүргийг Гаалийн тухай хуулийн 262-264 дүгээр зүйлүүд, Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн хилээр нэвтрүүлэх журам болон Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай олон улсын хэлэлцээрээр гаалийн байгууллагад хүлээлгээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болсон.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсад параллель буюу зэрэгцээ импортыг хуулиар хориглоогүй болно. Хэрэв Монгол Улсад зэрэгцээ импортыг хоригловол зах зээлд тухайн барааны нийлүүлэгч нэг этгээд монополь болж, үр дүнд нь хэрэглэгч өндөр үнэ төлөхөд хүрнэ.

Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай олон улсын хэлэлцээрийн
51 дүгээр зүйлд заасны дагуу Монгол улс Гаалийн тухай хуулийн 262-264 дүгээр зүйлүүд болон Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн хилээр нэвтрүүлэх журмыг батласан. Уг хэлэлцээрийн 51 дүгээр зүйлийн албан ёсны тайлбарт “эрх эзэмшигчийн зөвшөөрлөөр бусад улсад зарагдаж байгаа барааг импортоор оруулахад дээрх саатуулах үүрэг үүсэхгүй гэж ойлгоно” гэж тайлбарласан байдаг. /... Дэлхийн худалдааны байгууллагын вэбсайтаас энэ хэлэлцээрийн тайлбартай англи хэлээр танилцах боломжтой/ Мөн хэлэлцээрийн 51 дүгээр зүйлд “Оюуны өмчийн эрхийг бусад хэлбэрээр зөрчсөн барааны хувьд ийм хүсэлт гаргах боломжийг гишүүд хангаж болно, чингэхдээ энэ ангийн шаардлагад нийцэж байвал зохино” гэж заасан бөгөөд энэ нь тухайн улс параллель буюу зэрэгцээ импортыг хориглосон хууль тогтоомжтой нөхцөлд хуурамч биш барааг саатуулах хүсэлтийг эрх эзэмшигч гаалийн байгууллагад гаргах, түүнийг шийдвэрлэхтэй холбоотой журмыг гишүүн улсууд баталж болно гэсэн үг юм.

Монгол Улсын хувьд параллель буюу зэрэгцээ импортыг хууль тогтоомжоороо хориглоогүй, эрх эзэмшигчийн хүсэлтээр хуурамч биш барааг хилээр нэвтрүүлэхийг хориглох, саатуулах, устгах хууль, журам батлаагүй. Аливаа бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, тухайн барааны тэмдгийг эзэмшигч нь түүний албан ёсны борлуулагчаас бараа худалдан авсан этгээд өөрийн худалдан авсан барааг өөрийн улс руу экспортлох, өөрийн улсад аваачиж хэрэглэх, бусдад дахин худалдах үйл ажиллагааг хориглох эрхийг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд эдэлдэггүй билээ. Бараа худалдан авсан этгээдийн хувьд барааны үйлдвэрлэгчийн албан ёсны борлуулагчтай өрсөлдөх нь чөлөөт зах зээл, чөлөөт өрсөлдөөний зарчмаар шийдвэрлэгдэх асуудал юм. Чөлөөт өрсөлдөөний үр дүнд хэрэглэгч чанартай, хямд үнэтэй барааг хэрэглэх боломжтой болно.

3. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн лицензийн гэрээ Оюуны өмчийн газарт бүртгэлтэй байх хугацаанд дээрх барааны тэмдэг бүхий барааг саатуулж, гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байхыг хариуцагчид даалгаснаараа Гаалийн тухай хуулийг зөрчсөн.

Барааг гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглох хууль зүйн үндэслэлийг Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан бөгөөд 8 дугаар зүйлийн 8.1-д улсын хилээр оруулахыг хориглох барааны жагсаалтыг Улсын Их Хурал батлахаар заасан байхад давж заалдах шатны шүүх гадаадын байгууллагын лицензийн гэрээг үндэслэн маргаан бүхий барааг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон шийдвэр гаргасан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.

Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “гаалийн хилээр нэвтрүүлэх гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах, дамжуулан өнгөрүүлэх, гаргахыг” ойлгоно гэж заасан бөгөөд уг магадлалыг хэрэгжүүлбэл мөн хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулах, дамжуулан өнгөрүүлэх, шилжүүлэн ачих горимууд, мөн тусгай горимууд болох улс хоорондын тээврийн үйлчилгээний барааг гаалийн хилээр нэвтрүүлэх, дипломат төлөөлөгчийн газар болон түүнтэй адилтгах бусад байгууллагын барааг гаалийн хилээр нэвтрүүлэх, улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх, зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн горимоор маргаан бүхий бараанд гаалийн бүрдүүлэлт хийх боломжгүй болох ба тэр тусмаа нэхэмжлэгч өөрийн оруулсан бараандаа ч гаалийн бүрдүүлэлт хийх боломжгүй болох үр дагавартай байна.

Мөн нэхэмжлэгчид лицензийн гэрээгээр ашиглах эрх олгогдсон 2 ширхэг барааны тэмдгийн бүртгэлийн хүчинтэй байх хугацаа нь 2016 оны 9 дүгээр сард дуусч байхад лицензийн гэрээний хүчинтэй хугацаагаар буюу 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл саатуулахаар шийдвэрлэсэн байна. Барааг саатуулж, гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байхыг шүүхээс даалгаснаар тухайн бараа зөрчилтэй бараа мөн эсэхийг шалгах, уг зөрчлийг шийдвэрлэж шийдвэр гаргах гаалийн байгууллагын болон шүүхийн үйл ажиллагааг үгүйсгэж байна.

Гаалийн тухай хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д “оюуны өмчийн эрх эзэмшигч нь ... тухайн бараа гаалийн хяналтад байгааг нотлох хангалттай үндэслэл байгаа тохиолдолд гаалийн байгууллагад барааг гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авах тухай өргөдлийг ... гаргана” гэж тухайн бараа гаалийн хяналтад орсон тохиолдол бүрт эрх эзэмшигч холбогдох өргөдлийг гаргахаар зохицуулсан байхад дээрх шүүхийн магадлал гарснаар нэхэмжлэгч нь лицензийн гэрээний хугацаа дуустал өргөдөл гаргах хуулийн шаардлагаас чөлөөлөгдөхөөс гадна Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын 4.4-т заасан шаардлагуудаас мөн адил чөлөөлөгдөх үр дагавартай боллоо.

4. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн лицензийн гэрээ Оюуны өмчийн газарт бүртгэлтэй байх хугацаанд дээрх барааны тэмдэг бүхий барааг саатуулж, гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байхыг хариуцагчид даалгасан шийдвэрийнхээ үндэслэлд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т “Барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан бол барааны тэмдгийг ашигласанд тооцно” гэсэн заалтыг хэрэглэжээ.

Нэхэмжлэгч нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.2-т заасан барааны тэмдэг эзэмшигч “бүртгэгдсэн барааны тэмдгийг бусдад ашиглуулах” онцгой эрх эдэлнэ, 17 дугаар зүйлийн 17.1-д заасан “барааны тэмдэг эзэмшигч нь бүртгэгдсэн барааны тэмдгийг ... лицензийн гэрээ байгуулсны үндсэн дээр бусад этгээдэд ашиглуулж болно” гэсэн зохицуулалтын дагуу барааны тэмдгийг ашиглах онцгой бус эрхийг, харин барааг худалдан борлуулах онцгой эрхийг тус тус олж авсан. Харин уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасан бусад онцгой эрхүүдийг, тухайлбал барааны тэмдгийг өмчлөх, бусдад ашиглуулах буюу зөвшөөрөл өгөх, бусдад шилжүүлэх, бусад этгээд зөвшөөрөлгүй ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг гэм буруутай этгээдээс шаардах онцгой эрхүүдийг олж аваагүй байдаг. Иймд нэхэмжлэгчид уг нэхэмжлэлийг гаргах эрх байгаа эсэх талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх ёстой байсан.

Гаалийн байгууллага 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 05-ны хооронд “С” ХХК-ийн барааг гаалийн хилээр нэвтрүүлснээр Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т “Барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан бол барааны тэмдгийг ашигласанд тооцно” гэж заасныг зөрчсөн гэсэн шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй юм.

Гаалийн байгууллага нэхэмжлэгчийн бараа худалдан борлуулах онцгой эрхийг хамгаалах үүрэгтэй байгууллага биш бөгөөд нэхэмжлэгч нь уг эрхээ Оюуны өмчийн газарт гомдол гаргах болон иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах замаар хамгаалуулах боломжтой. Гуравдагч этгээд маргаан бүхий барааг нийлүүлэх буюу худалдаанд гаргах асуудал нь гаалийн байгууллагын үйл ажиллагааны дараагаар үүсэх асуудал бөгөөд гуравдагч этгээдийн уг үйл ажиллагаанд гаалийн байгууллагыг буруутгах үндэслэл байхгүй юм.

Давж заалдах шатны шүүх магадлалынхаа 10 дугаар талд нэхэмжлэгч нь жинхэнэ барааны тэмдэгт бүтээгдэхүүнийг гуравдагч этгээд Монгол Улсад худалдан борлуулсантай маргах эрхтэй болох нь тогтоогдож байх тул гаалийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзжээ. Гаалийн байгууллага нэхэмжлэгчийн барааны тэмдгээ ашиглах, бараагаа ашиглах эрхийг нь хангаж, тэдний барааг гаалийн хилээр нэвтрүүлж үйлчилсэн байх бөгөөд гаалийн баталгаат агуулахаас гаргаж авсан хуурамч биш бараагаа гуравдагч этгээд өөрөө хэрэглэх, эсвэл бусдад худалдах асуудал нь гаалийн байгууллагад хамааралгүй юм. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа гаалийн хууль тогтоомжийн хүрээнд гаалийн байгууллага зөвхөн хуурамч бараатай тэмцэх, саатуулах, тэдгээрийг устгах чиг үүрэгтэй гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 118 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 803 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үүгэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Ш т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-д “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэж заасантай нийцжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг дээрх хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж, хэргийг хуулийн үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.

“Ш т” ХХК нь “С” ХХК, “Б м инк” ХХК-ийн 40 удаагийн гаалийн бүрдүүлэлтээр “Ba”, “Ma”, “G G” нэрийн бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг саатуулаагүй Гаалийн ерөнхий газрын үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Оюуны өмчийн газарт бүртгэлтэй байх хугацаанд дээрх барааны тэмдэг бүхий барааг саатуулж гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байх үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гаалийн тухай, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль болон Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай олон улсын хэлэлцээрийн холбогдох заалтуудыг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан байхад давж заалдах шатны шүүх дээрх хуулиудын зарим заалтыг буруу хэрэглэж уг шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “Ш т” ХХК-ийн нэхэмжлэлийн нэгдмэл шаардлагыг салган хугацааны хязгаарлалт хийж, “С” ХХК, “Б м инк” ХХК-ийн 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд 28 удаагийн гаалийн бүрдүүлэлтээр “Ba”, “Ma”, “G G” нэрийн бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлснийг саатуулаагүй Гаалийн ерөнхий газрын үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Оюуны өмчийн газарт бүртгэлтэй байх хугацаанд дээрх барааны тэмдэг бүхий барааг саатуулж, гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байх үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгасан атлаа 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 30-ны хооронд 12 удаагийн гаалийн бүрдүүлэлтээр дээрх нэр бүхий бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн Гаалийн ерөнхий газрын үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болоогүй гэсэн хоёрдмол утгатай дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй болсон төдийгүй Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т “Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хууль буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар захиргааны хэрэг хянан хэлэлцсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь өөрчлөх эрхтэй” гэснийг зөрчсөн байна.

Олон улсын бүртгэлийн 596, 1413, 899772 тоот “Ma”, “Ba”, “G G” барааны тэмдэг эзэмшигч Швейцарь Улсын хуулийн этгээд болох “Ба энд ко ли” компанитай “Ш т” ХХК-ийн байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 03, 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дээрх барааны тэмдгийг ашиглах лицензийн гэрээг бүртгүүлэх тухай нэхэмжлэгч компани өргөдөл гаргасныг Оюуны өмчийн газар хянан үзээд 2014 оны 9 дүгээр сарын 01, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрүүдэд барааны тэмдгийн лицензийн гэрээний улсын бүртгэлийн 75, 78 тоотод бүртгэж, лиценз олгожээ.

Дээрх лицензийн гэрээ болон Оюуны өмчийн газрын лиценз нь “Ш т” ХХК-ийн импортлож буй бараатай ижил төрлийн хуурамч биш барааг бусад хуулийн этгээдүүд Монгол Улсад импортлох, худалдаалах эрхийг хязгаарлах хуулийн үндэслэл болохгүй юм.

Учир нь, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Барааны тэмдэг эзэмшигч нь бүртгэгдсэн барааны тэмдгийг бүх, эсхүл зарим бараа, үйлчилгээний хувьд лицензийн гэрээ байгуулсны үндсэн дээр бусад этгээдэд ашиглуулж болно” гэж зааснаар дээрх нэр бүхий барааны тэмдгийн эзэмшигч нь Швейцарь Улсын “Ба энд ко ли” компани байна.

Харин мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д ““барааны тэмдэг эзэмшигч” гэж бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан этгээдийг;” гэж ойлгохоор хуульчилсан тул “Ш т” ХХК нь тухайн барааны тэмдгийг эзэмшигч бус ашиглах эрхтэй хуулийн этгээд юм.

Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Ш т” ХХК-ийн лицензийн гэрээтэй, Оюуны өмчийн лицензтэй барааг гаалийн хилээр нэвтрүүлснийг саатуулаагүй Гаалийн ерөнхий газрын үйлдэл, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Оюуны өмчийн газарт бүртгэлтэй байх хугацаанд нэр бүхий барааг гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байх үүргээ биелүүлэхийг хариуцагч Гаалийн ерөнхий газарт даалгах нь өөрөө чөлөөт зах зээлд ижил төрлийн барааг бусдаас худалдан авч, зохих зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдүүдийн өрсөлдөөнийг хязгаарласан, тухайн төрлийн барааны өрсөлдөх чадварыг бууруулсан, бусад этгээдийн худалдааны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөс гадна хэрэглэгчдийн хямд үнэтэй хуурамч биш барааг худалдан авах эрхийг үгүйсгэх нөхцөлийг бий болгосон хууль бус шийдвэр болохоор байна.

Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай олон улсын хэлэлцээрийн 51 дүгээр зүйлийн “Барааны тэмдэг хуурамчаар үйлдсэн буюу зохиогчийн эрхийг зөрчсөн барааг импортлож байна гэж сэжиглэх бодит үндэслэл байгаа бол эрх эзэмшигч уг барааг чөлөөт эргэлтэд оруулахыг гаалийн байгууллагаас түдгэлзүүлэх хүсэлтээ эрх бүхий захиргааны буюу шүүхийн байгууллагад бичгээр гаргах боломж олгох журмыг гишүүд доорхи заалтын дагуу батлана. Оюуны өмчийн эрхийг бусад хэлбэрээр зөрчсөн барааны хувьд ийм хүсэлт гаргах боломжийг гишүүд хангаж болно, чингэхдээ энэ ангийн шаардлагад нийцэж байвал зохино...”, Гаалийн тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай, Патентийн тухай хуульд заасны дагуу зохиогчийн эрхийн гэрчилгээ эзэмшигчийн өмчлөлд байгаа бүтээл, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар буюу оюуны өмчид хамаарах барааг бусад хуульд өөрөөр заагаагүй, эсхүл энэ хуулийн 264 дүгээр зүйлд заасны дагуу өргөдөл ирүүлснээс бусад тохиолдолд гаалийн хилээр нэвтрүүлнэ”, 263 дугаар зүйлийн 263.1-д “Гаалийн байгууллага нь оюуны өмчийн эрхэд хамаарах бөгөөд гаалийн хяналтад байгаа барааг оюуны өмчийн эрх эзэмшигчийн өргөдлийг үндэслэн гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авна” гэсэн заалтаас үзэхэд гуравдагч этгээд “С” ХХК, “Б м инк” ХХК-ийн импортоор оруулж, гаалийн хилээр хууль ёсоор нэвтрүүлсэн “Ba”, “Ma”, “G G” нэрийн бүртээгдэхүүн хуурамч болох нь нотлогдоогүй, “Ш т” ХХК нь оюуны өмчийн эрх эзэмшигч биш учир түүний нэхэмжлэлийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хангах үндэслэлгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Иймээс гуравдагч этгээд “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгон, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хяналтын шатны шүүх хуралдааны товыг урдчилан мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 175 дугаар зүйлийн 175.2-т “Зохигч ... тэдгээрийн төлөөлөгч ... шүүх хуралдаанд ирээгүй явдал хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй” гэсний дагуу хэргийг хянан хэлэлцсэн болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 118 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 803 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар гуравдагч этгээд “С” ХХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                                   О.ЗАНДРАА