Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 138

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.У     

Хариуцагч: Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 

Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага: “Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 дүгээр тушаалын 2 дугаар заалтын өөрт холбогдох хэсгийг болон уг тушаалын 3 дугаар хавсралтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг нөхөн олгуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах” 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, нэхэмжлэгч Д.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.А нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие МУИС-ын Хууль зүйн сургуулийг төгсөөд 1999 оноос Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ажлын гараагаа эхэлсэн. Энэ хугацаанд ...Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр 2016 оны 8 дугаар сарын 10–ны өдөр хүртэл нийт 17 жил ажиллаж байгаад үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн. 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ү Б/04 тушаал гарган Хууль зүй, дотоод хэргийн яамны бүтэц орон тоог шинэчлэн баталж, төрийн албан хаагчдыг томилж, чөлөөлөх тухай шийдвэр гаргасан. 

         Тушаалын 2 дахь хэсэгт “тушаалын 3 дугаар хавсралтад нэр дурдагдсан албан хаагчдыг Хууль зүй, дотоод хэргийн яамны албан хаагчдын нөөцөд байгаагаар тооцож, ажлын байраар хангах арга хэмжээ авахыг даалгасугай гэсэн заалтаар намайг эрхэлж байсан албан тушаалаас чөлөөлсөн. Б/24 дүгээр тушаалын үндэслэх хэсэгт заасан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалтууд нь намайг ажлаас халах үндэслэл болохгүй гэж үзэж байна. 

Учир нь миний эрхэлж байсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил тэр дундаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Хүн худалдаалах гэмт хэрэг, Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хийж байсан ажил Хууль зүй, дотоод хэргийн яамны үндсэн чиг үүрэгт хэвээр хадгалагдан үлдсэн ба эрхэлж байсан албан тушаалын орон тоо хасагдаагүй болно. Мөн Б/04 тоот тушаалын хавсралт 3-т албан хаагчдын нөөцөд авч ажлын байраар хангахыг даалгасан нь Төрийн албаны тухай хуулийн 17.3, 17.11 гэсэн заалттай зөрчилдөж байна. 

Миний бие Б/04 тоот тушаалын талаар Төрийн албаны зөвлөлд 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр өргөдөл гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөл миний гаргасан өргөдлийг хянаж үзээд намайг зохих албан тушаалд томилж, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангаж ажиллуулах талаар албан тоотыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн байна. Гэвч холбогдох албан тушаалтнууд энэ талаар ямар нэг арга хэмжээ авалгүй өдийг хүрлээ. 

Иймд намайг урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ү-ийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 дүгээр тушаалын 2 дугаар заалтад заасан тушаалын 3 дугаар хавсралтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. 

Нэхэмжлэгч Д.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь Хууль зүйн яаманд 1999 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ажилласан. 2016 онд шинэ Засгийн газрын үед Хууль зүйн яам нь Хууль зүй, дотоод хэргийн яам болон бүтцээ өөрчлөн шинэчлэн баталсан. Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгч Б.Ү нь 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 тоот тушаалаар Хууль зүй, дотоод хэргийн яамны бүтэц орон тоог шинэчлэн баталж, төрийн албан хаагчдыг томилж, чөлөөлөх тухай шийдвэр гаргасан. Тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасан заалтыг баримталсан. Яамны бүтцийг нийт 108 хүний орон тоотойгоор баталсан байгаа. 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Хууль зүйн яам байснаа Хууль зүй, дотоод хэргийн яам болон өөрчлөгдөхөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл байсан. Энэ зөвлөл нь шинэ бүтцээр Болдогын хэрэгжилтийг зохицуулах газарт эрх үүрэг нь шилжсэн. 

Эрх нь шилжээд Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлуудаа аваад Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтнээр ажилласан. 2012 оны 09 дүгээр сараас өмнө Хууль зүй, дотоод хэргийн яам байж байгаад 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр шинэ бүтцээр Хууль зүйн яам болсон. Сая шинэ бүтцээр дахин Хууль зүй, дотоод хэргийн яам болсон. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийг дахин байгуулсан. Б.Ү дарга тушаалыг гаргахдаа хавсралтад дурдсан нэр бүхий 7 хүнийг нөөцөд авах ёстой гэсэн тушаал гаргасан. Энэ дотор миний нэр явж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан өөрчлөн байгуулагдсан...” гэсэн заалт байна. Миний эрхэлж байсан албан тушаал хэвээрээ үлдсэн. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын алба нь бие даасан бүтэц болоод дахиж ороод ирсэн. Миний өмнө нь хийж байсан ажил  Хууль зүйн яамны бүтцэд хэвээр байгаа. Ийм байхад намайг нөөцөд авсан” гэжээ.

Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... нэхэмжлэгч Д.У нь 1999-2003 онд тус яаманд ажиллаж байгаад АНУ-ын Нью-Иорк хотын Пейсын их сургуульд суралцахаар явсан бөгөөд 2011 онд буцан ирж, 2011-2012 онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанд мэргэжилтэн, 2012-2016 онд Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. 

Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг баталсан Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Хууль зүй, дотоод хэргий яамны бүтэц шинэчлэн батлагдсан. Төрийн нарийн бичгийнэ даргын 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар яамны бүтэц, орон тоог шинэчлэн баталаж, зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн. Энэ тушаалын гуравдугаар хавсралтаар зарим албан хаагчдыг төрийн албаны нөөцөд байгаагд тооцож, ажлын байраар хангахыг Төрийн захиргааны удирдлагын газрын даргад даалгасан. 

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасны дагуу Төрийн захиргааны удирдлагын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1-4/502 тоот албан бичгээр Д.У Уг ажилд томилуулах тухай албан бичгийг ХЗҮХ-ийн захирал С.Э-т хүргүүлсэн. Хууль зүй үндэсний хүрээлэнгийн захирал С.Э, Д.У руу удаа дараа ярьсан боловч, ажилд орохгүй гэсэн хариуг өгсөн байна” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг баталсан Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн яамны  бүтэц шинэчлэн батлагдсан. Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар яамны бүтэц, орон тоог шинэчлэн баталж зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нь 2016 оны 07 дугаар сараас өмнө 2 хэлтэстэй 20 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байсан. Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар орон тоо цөөрч 13 хүнтэй болсон. Тус газрын зарим чиг үүрэг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд шилжсэн. Хууль зүй дотоод хэргийн сайдыг хамаарч үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр албан хаагчдыг нөөцөд авах, ажилд томилох үүргийг Хууль зүй дотоод хэргийн яамны Тамгын газрын даргад даалгасан тушаал гаргасан. Энэ дагуу Д.Уг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ажилд томилуулах албан бичиг хүргүүлсэн” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.У нь шүүх хуралдаанд:

 “Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 дүгээр тушаалын 2 дугаар заалтын өөрт холбогдох хэсгийг болон уг тушаалын 3 дугаар хавсралтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг нөхөн олгуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно. Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч Д.У-г Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” дугаар 94 дүгээр тоот тушаалаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанд мэргэжилтний албан тушаалд  томилсон байна. 

Улмаар Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Яамны орон тоо, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталж, ажилтныг томилж, чөлөөлөх тухай” дугаар Б/8 тоот тушаалын дөрөвдүгээр хавсралтаар Д.У-г тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтнээр томилсон байна. 

Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Яамны орон тоог шинэчлэн баталж, албан хаагчдыг томилж чөлөөлөх тухай” дугаар Б/213 тоот тушаалаар Д.У-г тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр томилсон байна.  

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “Яамны бүтэц, орон тоог шинэчлэн баталж, албан хаагчдыг томилж, чөлөөлөх тухай” дугаар Б/04 дүгээр тушаалаар тус яамны бүтцийг шинэчлэн баталж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албыг бий болгосон байх ба уг шинэчилсэн бүтцээр Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтний хэрэгжүүлж байсан чиг үүрэг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанд шилжсэн болох нь ажлын байрны тодорхойлолтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тодорхой нотлогдож байна. 

Д.У-г Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “Яамны бүтэц, орон тоог шинэчлэн баталж, албан хаагчдыг томилж, чөлөөлөх тухай” Б/04 дүгээр тушаалаар тус яамны зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдсан гэсэн үндэслэлээр албан тушаалаас чөлөөлж нөөцөд байгаад тооцсон байна. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, ...” гэж заасан байна. 

Дээрх эрх зүйн зохицуулалтаас үзэхэд төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч чиг үүрэг хэвээр хадгалагдсан бол төрийн албан хаагчийг үргэлжлүүлэн ажиллуулахаар хууль тогтоогч тодорхой хуульчилсан байна. 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд Ундармаагийн урьд эрхэлж байсан  Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтний чиг үүрэг тус яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанд хэвээр хадгалагдан үлдсэн болох нь ажлын байрны тодорхойлолтууд болон бусад нотлох баримтуудаар тодорхой нотлогдож байх ба нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг тус яаманд хадгалагдан үлдсэн асуудал дээр хариуцагч маргаагүй болно. 

Дээрхээс дүгнэж үзвэл Хууль зүйн яамны бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн боловч Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтний чиг үүрэг тус яаманд хэвээр хадгалагдан үлдсэн болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийг тус асуудлыг хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. 

Иймд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “Яамны бүтэц, орон тоог шинэчлэн баталж, албан хаагчдыг томилж, чөлөөлөх тухай” Б/04 дүгээр тушаалын Д.У-д холбогдох хэсэг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж шүүх үзлээ. 

Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг эрх эдэлнэ”, 14.1.5-д “өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах” гэж заасан байна. 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 дүгээр тушаалын 2 дугаар заалтын Д.Уд холбогдох хэсгийг болон уг тушаалын 3 дугаар хавсралтын Д.У-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ. 

Шүүх маргаан бүхий тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.У-г урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоож байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг дуусталх хугацаагаар, зохих хууль, журмын дагуу тооцож олгохыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад  даалгах нь зүйтэй байна.

Д.У-г ажиллаж байсан хугацааны цалингийн картын дагуу тооцон үзэхэд нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг үндсэн болон нэмэгдэл цалинг оруулан 1,170,024 ( нэг сая нэг зуун далан мянга хорин дөрөв) төгрөгөөр тооцож, 2016 оны 08 дугаар сарын 10-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан буюу хүчинтэй болсон 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг дуусталх нийт 6,825,142 ( зургаан сая найман зуун хорин таван мянга нэг зуун дөчин хоёр) төгрөгийг нэхэмжлэгчид олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.У-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дугаар Б/04 тоот тушаалын 2 дугаар заалтын Д.У-д холбогдох хэсгийг болон уг тушаалын 3 дугаар хавсралтын Д.У-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Д.У-г урьд эрхэлж байсан Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоосугай. 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Д.У-д 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6,825,142 ( зургаан сая, найман зуун хорин таван мянга, нэг зуун дөчин хоёр) төгрөгийг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.Б