Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1266

 

 С.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/03303 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Цэдэвсүрэнд холбогдох,

 

 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй болохыг тогтоолгож, 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн,

Хариуцагч Ж.Цэдэвсүрэн,

Хариуцагч өмгөөлөгч Д.Гансүх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү, өмгөөлөгч О.Мягмарсүрэн нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Алтанцэцэг нь 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол Баялаг хотхоны 61 дүгээр байрны 01 тоотод байрлах 55 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2205019814 бүртгэлийн дугаартай 1 өрөө орон сууцыг барьцаалан 15 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай сарын 8 хувийн хүүтэйгээр зээлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээг хуульд заасан шаардлага хангуулан бичгээр үйлдэж барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Гэтэл зээлдүүлэгч Ж.Цэдэвсүрэн нь зээлийн гэрээний 6 дугаар зүйлд зааснаар мөнгө хүлээлцэх баримт үйлдэж 15 000 000 төгрөгийг зээлдэгч С.Алтанцэцэгт бодитоор шилжүүлэлгүй Г.Ганбаяр, түүний эхнэр Г.Бямбасүрэн нарт шилжүүлсэн нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн үйлдэл болжээ. Ж.Цэдэвсүрэн нь 15 000 000 төгрөгийг зээлдэгч С.Алтанцэцэгт бодитоор шилжүүлэлгүй гэрээнд оролцогч бус этгээдэд шилжүүлж байгаа нь өөрөө тус гэрээг хүчин төгөлдөр буст тооцох үндэслэлтэй байна.

Хэрэв зээлдэгч Ж.Цэдэвсүрэн нь зээлийн гэрээний дагуу 15 000 000 төгрөгийг зээлдэгч С.Алтанцэцэгт бодитоор шилжүүлсэн тохиолдолд С.Алтанцэцэг нь гэрээгээр тохиролцсон ёсоор үндсэн зээл болон түүний хүүг буцаан төлөх үүргээ биелүүлэх боломжтой байна. Иймд С.Алтанцэцэг, Ж.Цэдэвсүрэн нарын хооронд байгуулсан 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцож өгнө үү.

Нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулахаар нэхэмжлэл гаргасан ч маргааны үйл баримт нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу зээлдүүлэгч нь гэрээнд заасны дагуу 15 000 000 төгрөгийг бодитоор шилжүүлээгүйгээс үүдсэн байдаг. Хариуцагч нь зээлийн гэрээнд зааснаар 15 000 000 төгрөгийг нэхэмжлэгч С.Алтанцэцэгт өгснөөр тухайн гэрээ байгуулагдсанд тооцож барьцааны гэрээг байгуулах хууль зүйн талаасаа боломжтой байсан ч тухайн нөхцөл байдал үүсээгүй юм.

Зээлийн гэрээний дагуу мөнгөө өгөөгүй атлаа барьцааны гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үүргээ зээлдүүлэгч тал биелүүлээгүй болохыг тогтоолгож, мөн өдрийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр буст тооцуулах гэж өөрчилж байна.

Барьцааны гэрээ болон зээлийн гэрээ нэг өдөр байгуулагдсан. Барьцааны гэрээ байгуулж байгаа зорилго нь талуудын хооронд байгуулсан 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар гэрээ байгуулсан байдаг. Зээлдүүлэгч Ж.Цэдэвсүрэн үүргээ биелүүлээгүй учраас барьцааны гэрээг хэрэгжүүлэх боломжгүй байна.

Зээлдэгч С.Алтанцэцэг барьцааны гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгө барьцаалах үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгийг бодитой шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан байдаг. Иймд зээлдүүлэгч 15 000 000 төгрөгийг гэрээнд заасны дагуу шилжүүлээгүй учраас гэрээний үүргийг нэхэмжлэгч тал биелүүлэх боломжгүй гэжээ.

Хариуцагч Ж.Цэдэвсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр С.Алтанцэцэг 2 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй,15 000 000 төгрөг зээлсэн. Мөнгийг бэлнээр өгсөн, ямар нэгэн акт баримт үйлдээгүй болохоор мөнгө аваагүй гэж гүрийж байна, эсхүл мөнгө аваагүй гээд байгаа юм уу ойлгохгүй байна. Тухайн өдөр нэг эмэгтэйтэй ирсэн бөгөөд охин нь гэж ойлгосон. Би С.Алтанцэцэгт мөнгийг өгсөн тэгэхэд дагаж ирсэн эмэгтэй нь мөнгийг тоолж авсан. Мөнгө аваад жил гаруйн хугацаанд хүүд 1 900 000 төгрөг төлсөн. Үүнээс өөр мөнгө төлөөгүй. Би тухайн үед найз О.Очирбаатарын дансны дугаарыг өгсөн байсан учраас энэ дансаар 1 900 000 төгрөг орж ирсэн. Нотариатаар батлуулаад бүх зүйлийг хуулийн дагуу хийсэн байгаа гэжээ.

Хариуцагч Ж.Цэдэвсүрэн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2015 оны 3 дyraap сарын 30-ны өдөр С.Алтанцэцэгтэй байгуулсан зээлийн гэрээний 3 дахь хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр гэрээ байгуулсан ба 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр барьцааны гэрээ байгуулан 000130440 дугаартай Баянгол дүүрэг 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Баялаг хотхон, 61 дүгээр байр 01 тоотод байрлах 55 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг Ж.Цэдэвсүрэн, С.Алтанцэцэг нарын хооронд байгуулсан 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд барьцаалуулсан. Гэтэл С.Алтанцэцэг нь зээл авснаас хойш зээлийн хүүд нийт 1 900 000 төгрөгийг төлсөн бөгөөд үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй. Иймд С.Алтанцэцэгээс үндсэн зээлийн үлдэгдэл 15 000 000 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 500 000 төгрөг, алданги 7 500 000 төгрөг, нийт 23 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй Ж.Цэдэвсүрэнд холбогдох 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй болохыг тогтоолгож, 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Чунаг овгийн Сумъяагийн Алтанцэцэгээс 19 250 000 төгрөг гаргуулан хариуцагч Боржигон овгийн Жавхлангийн Цэдэвсүрэнд олгож, 3 750 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөг хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272 950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Алтанцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 254 200 төгрөг гаргуулан хариуцагч Ж.Цэдэвсүрэнд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч нарын хүсэлтээр хуралдаанд оролцсон гэрчүүдийн мэдүүлэг болон 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр иргэн С.Алтанцэцэг болон Ж.Цэдэвсүрэн нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг үндэслэл болгож зээлийн гэрээ нь гэрээнд оролцогч талуудын харилцан нийлсэн саналын үндсэн дээр байгуулагддаг хэлцэл бөгөөд гол нөхцөлөө тохиролцоогүйгээр мөнгийг шилжүүлснээр байгууллагддаг хэлцэл биш юм...” гэж дүгнэсэн нь өөрөө нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашигт илтэд хохиролтойгоор хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Маргааныг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн хүсэлтээр оролцсон н.Ганбаяр болон түүний эхнэр Г.Бямбасүрэн нарт 15 000 000 төгрөг бусад этгээдээс зээлэх хүсэл сонирхол байсан хэдий ч зээл олгогч этгээдээс тавьж буй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээл олгох тухай шаардлагыг биелүүлэх үүднээс иргэн С.Алтанцэцэгт хандан өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, Баялаг хотхон 61-1 тоот хаягт байрлах 55 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалуулах тухай хүсэлт гаргасан.

Гэрч Г.Бямбасүрэн нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө сонин дээрээс үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж зээл олгоно гэх н.Жигжидсүрэнгийн зарыг уншиж утсаар холбогдож иргэн С.Алтанцэцэгт хандан н.Жигжидсүрэнтэй уулзаж зээлийн гэрээ байгуулсан байх ба түүний энэхүү үйлдлээс харахад н.Жигжидсүрэнгийн зээлийн гэрээ байгуулах тухай нийтэд гаргасан саналыг Г.Бямбасүрэн хүлээн авсан нь харагдаж байна. Зээлийн гэрээг байгуулсан гэж үзэхэд Иргэний хуулийн нийтлэг зохицуулалт үйлчлэх бөгөөд гэрээний хүчинтэй санал болон саналыг хүлээн авсан хүчинтэй мэдэгдэл байх тухай Улсын Дээд шүүхийн тайлбарт дурьдсан байна.

Бидний маргаж буй дээрх тохиолдолд С.Алтанцэцэг зээлийн гэрээ байгуулж-гарын үсэг зурсан ч зээл авах хэрэгцээ шаардлагатай этгээд нь н.Ганбаяр болон Г.Бямбасүрэн нар байсан гэдэг нь тэдгээрийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар болон н.Ганбаярын баталгаа зэргээр нотлогддог.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр оролцсон н.Ганбаяр, Г.Бямбасүрэн нар нь тухайн 15 000 000 төгрөгийг захиран зарцуулсан бөгөөд шүүх хуралдааны өмнө бид н.Жигжидсүрэнгээс зээлсэн 15 000 000 төгрөгийг хүлээн авсан, захиран зарцуулсан тухай мэдүүлэг өгнө гэсэн атлаа шүүх хуралдааны явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө өөрт ашигтай байдлаар гэрчийн мэдүүлэг өгсөн нь тус маргаанд хувийн ашиг сонирхолтой байсан, нөхцөл байдлыг өөрт ашигтай байдлаар ашигласныг шүүх шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд мөнгө хүлээлгэн өгсөн тухай акт үйлдэхээр заасан хэдий ч ямар нэг байдлаар зээлдүүлэгч нь мөнгийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн тухай баримт үйлдээгүй хариуцагчийн үйлдлийг зөвтгөх аргагүй бөгөөд н.Жигжидсүрэн нь зээлийн гэрээг бичгээр хийсэн, мөнгийг зээлдэгч С.Алтанцэцэгт бодитоор шилжүүлсэн гэж маргадаг ч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлоогүй нотолгооны эх сурвалжгүй байсаар байхад ашиг сонирхлын зөрчилтэй гэрчийн мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, бодит үнэнд үл нийцсэн шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

             Нэхэмжлэгч С.Алтанцэцэг нь хариуцагч Ж.Цэдэвсүрэнд холбогдуулан 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй болохыг тогтоолгож, 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ, зохигчид 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан хэдий ч хариуцагч Ж.Цэдэвсүрэн 15 000 000 төгрөгийг нэхэмжлэгч С.Алтанцэцэгт бодитоор шилжүүлэлгүй Г.Ганбаяр, Г.Бямбасүрэн нарт шилжүүлснээр зээлийн гэрээний үүргээ зөрчсөн. Иймд мөн өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцож өгнө үү гэснийг хариуцагч Ж.Цэдэвсүрэн татгалзаж, мөнгийг С.Алтанцэцэгт хүлээлгэж өгсөн, түүнийг дагаж ирсэн эмэгтэй тоолж авсан гэж маргажээ.

            Хэрэгт авагдсан 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ, нэхэмжлэгч С.Алтанцэцэгээс зээлийн төлбөр нэрээр хариуцагч Ж.Цэдэвсүрэнд 2015 оны 06 дугаар сарын 02, 12-ны өдөр нийтдээ 1 900 000 төгрөг төлсөн Хаан банкны дансны хуулга, зохигчдын тайлбараас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдүүлэгч мөнгийг зээлдэгчид шилжүүлснээр  зээлийн гэрээг байгуулсанд тооцох мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан үндэслэл бүрдсэн байна. /хх-21, 24/

            Нэхэмжлэгч С.Алтанцэцэг нь 15 000 000 төгрөгийг хүлээн аваагүй гэж маргасан боловч нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд ирсэн гэрч Г.Ганбаяр, Г.Бямбасүрэн нар С.Алтанцэцэгийн хамт уг мөнгийг хүлээн авснаа мэдүүлсэн, нэхэмжлэгч С.Алтанцэцэгээс давж заалдах журмаар хэргийг хэлэлцэх үед энэ тухай тодруулахад мөнгийг тоолж авсныг үгүйсгэхгүй байна. Иймд зээлийн гэрээний дагуу 15 000 000 төгрөгийг хариуцагч Ж.Цэдэвсүрэнгээс нэхэмжлэгч С.Алтанцэцэгт хүлээлгэн өгсөн гэж шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.

            Иймд зохигчдын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээний дагуу зээлдүүлэгч Ж.Цэдэвсүрэн мөнгийг/15 000 000 төгрөг/ зээлдэгч С.Алтанцэцэгт шилжүүлсэн байх тул нэхэмжлэгчийн 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй болохыг тогтоолгох шаардлагын үндэслэл нотлогдоогүй бөгөөд мөн өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцох шаардлагыг хангах боломжгүй байна.

            Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд, зохигчид зээлийн гэрээний 1, 3 дахь заалтаар  зээл, зээлийн хүү, алданги төлөх талаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцсэн, хууль болон гэрээний дагуу зээлдэгч зээлийн төлбөр төлөх үүрэг үүссэн байх тул үндсэн зээл 15 000 000 төгрөг, хүү 500 000 төгрөг, алданги 7 000 000 төгрөг шаардсаныг шүүх хангасан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн гэж үзнэ. Мөн алдангийг хариуцагчаас гаргуулахдаа  50 хувиар багасгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгээр шүүхэд олгосон эрхийнх нь хүрээнд байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй.

            Шүүх мэдүүлэг авахдаа гэрчид эрх, үүргийг тайлбарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулснаас гадна  Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар гэрч нь үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй тул зөвхөн гэрчийн мэдүүлгийг үндэслэн мөнгийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэл муутай гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

             Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/03303 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

                        ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ