Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2019/0374

 

2019 оны 07 сарын 08 өдөр           Дугаар 221/МА2019/0374                          Улаанбаатар хот

Т.Г-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Т.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, Х.Н, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, Т.Н нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0194 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу Т.Г-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0194 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.5, 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Т.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд явуулсан саналын Т.Г-т холбогдох хэсгийг хүчингүйд тооцож, Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг илт хууль бусад тооцож, нэхэмжлэгч Т.Г-ийг урьд эрхэлж байсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,

2 дахь заалтаар: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Г-ийн ажилгүй байсан хугацааны цалин 10,614,237 /арван сая зургаан зуун арван дөрвөн мянга хоёр зуун гучин долоо/ төгрөгийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, Т.Н бид Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0194 дүгээр шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0194 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгч Т.Г-т ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгч, түүний нэрийг Оюуны өмчийн газарт шилжүүлэх орон тоонд багтаан хүргүүлсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна ...” гэж дүгнэсэн нь алдаатай дүгнэлт гэж үзэж байна. Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна” гэж заасан.

“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2018 оны 31 дүгээр тогтоол, “Засгийн газрын зарим агентлагийн талаар авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 175 дугаар тогтоолоор “Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар”-ыг татан буулгаж, “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар”, “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар”-ыг тус тус байгуулсантай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэж заасны дагуу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллаж байсан нийт албан хаагчдад “Мэдэгдэх хуудас”-ыг хүргүүлсэн тул тухайлан Т.Г-т мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн агуулгаар дүгнэсэн нь алдаатай гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Ийнхүү хариуцагч Улсын бүртгэлийн газраас Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтцийг батлагдахаас өмнө нэхэмжлэгч Т.Г-ийг Оюуны өмчийн газарт шилжүүлэх орон тоонд багтааж санал хүргүүлснээр Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар шийдвэрээр ажлаас чөлөөлөгдөх үр дагаварт хүргэсэн ...” гэж Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 тоот албан бичгийг захиргааны акт гэж үзэж дүгнэсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж тодорхойлсон. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 албан бичиг нь санал болгосон, захиргааны актын захирамжилсан шинж чанарыг агуулаагүй, ажлаас чөлөөлөгдөх шууд үр дагавар бий болгоогүй байхад захиргааны акт гэж үзэж, дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Тодруулбал, хүргүүлсэн саналыг хүлээн авах, хэрхэн шийдвэрлэх нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Оюуны өмчийн газрын эрх хэмжээний асуудал юм.

“Засгийн газрын зарим агентлагийн талаар авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 175 дугаар тогтоолоор татан буугдаж байгаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагт шилжүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгасан. Үүний дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/103 дугаар тушаалаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн газар болгож, өөрчлөн байгуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу шинээр байгуулагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 албан бичгээр Оюуны өмчийн газарт ажиллах 29 албан хаагчдыг төсвийн ерөнхийлөн захирамжийн мэдэлд үлдээх саналыг ажлын хэсэгт хүргүүлсэн.

Ингэхдээ өмнө нь Оюуны өмчийн газарт ажиллаж байсан албан хаагчдын нэрсийн хүргүүлсэн. Мөн ажлын байрны чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой албан хаагчдыг мэргэжил, мэргэшлийнх нь дагуу хүргүүлсэн болно.

“Орон тоо, төсөв хөрөнгө шилжүүлэх тухай” Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/128 дугаар тушаалаар агентлагийн дарга нарт тус тусын агентлагт албан хаагчдыг томилохыг даалгасан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... хариуцагч Оюуны өмчийн газраас “Т.Г-ийн эрхэлж байсан албан тушаалтай дүйцэх албан тушаал байхгүй” талаар санал ирүүлсэн Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдээгүй нь буруу болжээ” гэж дүгнэж, Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг илт хууль бусад тооцсон атлаа Т.Г-ийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосныг үндэслэлгүй гэж үзэж байна. Шинээр байгуулагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар Т.Г-ийг ажлаас чөлөөлөөгүй болно.

31 албан хаагчийн орон тоо, төсвийг Оюуны өмчийн газарт шилжүүлсэн, түүнчлэн нэхэмжлэгч Т.Г-т 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Оюуны өмчийн газраас 555,007.93 төгрөгийн цалин олгосон байхад шилжүүлсэн авсан албан хаагчийг ажлын байраар хангах үүргийг Оюуны өмчийн газар хэрэгжүүлэх ёстой эсэхийг шүүгч дүгнээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлж, дүгнээгүй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0194 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч Т.Г-өөс “Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд явуулсан саналын Т.Г-т холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах, Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг илт хууль бусд тооцуулах, урьд эрхэлж байсан албан тушаал болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ “... албан ажлаас чөлөөлсөн, шилжүүлсэн шийдвэр гаргаагүй байж, албан бичгээр ажилтан шилжүүлэх санал хүргүүлсэн нь хууль зөрчсөн ... хууль бус ажиллагаа”, “... намайг Оюуны өмчийн газар руу шилжүүлсэн тушаал гаргаагүй ... урьд ажиллаж байсан ажлын байр, албан тушаал дээр ажиллах хүсэлт өгөхөд томилох боломж байсаар байтал томилоогүй”, “Улсын бүртгэлийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн орон тооны дээд хязгаарт Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын орон тоо батлагдаж ирсэн болохыг мэдсээр байж хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан”, “Оюуны өмчийн газрын дарга нь намайг шилжүүлэн авсан эсхүл ажилд томилсон ямар нэг шийдвэр гаргаагүй байж өөрийн эрх хэмжээнд олгогдоогүй Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын гаргах ёстой шийдвэрийг гаргасан нь илт хууль бус” гэж маргасан байна.

1. Нэхэмжлэгч Т.Г нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар тус газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар томилогдон ажиллаж байжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 175 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг татан буулгаж, 2 дахь заалтаар Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн газрыг тус тус байгуулсан байна. 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/123 дугаар тушаалаар Оюуны өмчийн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын хөтөлбөр бүтцийг, 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/131 дүгээр тушаалаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг баталжээ.

2. Гэтэл дээрх бүтцийн өөрчлөлтийн дагуу тус хоёр агентлагийн үйл ажиллагааны стратеги, бүтэц, зохион байгуулалт батлагдахаас өмнө Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 албан бичгээр Т.Г-ийг Оюуны өмчийн газарт шилжүүлж, харин Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 07 дугаар  сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасныг үндэслэн төрийн албанаас чөлөөлжээ. Ийнхүү Т.Г-ийг шилжүүлсэн шийдвэр нь Улсын бүртгэлийн газраас түүнийг Оюуны өмчийн газарт шилжүүлсэн үр дагаварт хүргэсэн. Ингэснээрээ захиргааны акттай адил үйлчлэлтэй байгаа тул хариуцагчийн уг албан бичиг акт биш гэх гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын дээрх тушаал батлагдахаас өмнө буюу хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц (нэхэмжлэгчийн ажлын байр хэвээр хадгалагдан үлдсэн) шинэчлэгдэн батлагдаагүй байхад сонсох ажиллагаа явуулсан нь хэрэгт авагдсан сонсох ажиллагааны тэмдэглэлээр нотлогдож байх бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй. Анхан шатны шүүх “хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар ... Т.Г-ийг сонсох ажиллагаанд оролцуулалгүйгээр ... санал хүргүүлсэн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “... миний эрх ашиг зөрчигдөхгүй, ямар нэг асуудал гарахгүй бол Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн даргын албан тушаал дээр ажиллахыг зөвшөөрсөн” гэж дурдсан болон сонсох ажиллагааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгчээс хариуцагч Оюуны өмчийн газарт нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил, албан тушаалын орон тоо байгаа тохиолдолд шилжин ажиллахыг зөвшөөрсөн байна. Гэтэл хариуцагч Оюуны өмчийн газарт нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалын орон тоо байгаагүй байх тул нэхэмжлэгчийг шилжүүлэхийг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах ...”-аар зохицуулсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/131 дүгээр тушаалд зааснаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаал батлагдаж, нэхэмжлэгчийн чиг үүргийг нь хэрэгжүүлж байсан албан тушаалын ажлын байр өөрчлөн байгуулагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцээс хасагдаагүй байна.

Иймд хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, бүтэц, зохион байгуулалтыг баталсан шийдвэр гарахаас өмнө нэхэмжлэгчийг Оюуны өмчийн газарт шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд улмаар Оюуны өмчийн газар нэхэмжлэгч Т.Г-ийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан төрийн албан мэргэшсэн, тогтвортой байх зарчимд нийцээгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангаагүй илт хууль бус тушаал байна.

3. Нэхэмжлэгч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд ажиллаж байсан тул өөрчлөн байгуулагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох бус тус албан тушаалд томилохыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байжээ.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэж хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон бичиглэлийн хувьд зөвтгөсөн өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0194 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Т.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 тоот албан бичгийн Т.Г-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Т.Г-ийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилохыг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, Т.Н нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ