Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/00198

 

 

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/00198

 

 

Г.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/05051 дугаар шийдвэртэй

Г.С-ийн нэхэмжлэлтэй

Ө.А-д холбогдох

39,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А, хариуцагч Ө.А, хариуцагчийн өмгөөлөгч Ш.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Би 2021 оны 09 дүгээр сарын эхээр танил Ө.А-той ярилцаж түүнээс John Derr w210 маркийн комбайныг 90,000,000 төгрөгөөр үнэлж, урьдчилгаанд 39,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 51,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр зээлээр худалдаж авахаар тохиролцсон. Ө.А нь комбайнаа 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өгнө гэсэн боловч өөрийн талбайн тариа хураалтыг дуусгаад 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр надад хүлээлгэн өгсөн. Би түүний ХААН ХК-ийн 573407**** тоот дансанд 39,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн комбайныг аваад өөрийн тариан талбайд ажиллуулахын тулд ир, ремень, хэрээ хошуу зэргийг сольж, 10 гаруй сая төгрөгийн засвар үйлчилгээ хийн тариалалтаа хийсэн. Тариагаа 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хурааж дууссан. Тухайн жил ургац сайн, тариа элбэг байсан болохоор тарианы үнэ унаж, хямд борлогдсон. Тариа хураалтын мөнгийг цагаан сар хүртэл увуулж цувуулсаас хугацаанд нь мөнгөө өгч чадаагүй. Ө.А үлдэх төлбөрөө шилжүүлэхийг шаардсаар байсан. Тэр үед би ургацаа үнэтэй зарж чадсангүй ээ. Төлбөр мөнгө нь орж ирэхгүй удаад байна. наймаагаа буцаая гэхэд Ө.А Одоо авах хүн олдохгүй. Би буцаахгүй. Мөнгөө авъя гэсэн. Би Төв аймгийн Баянцогт сумын сарлагийн бригадын Сав хангайн ар гэх газар Ц.П-ийн 500 га газрыг 50,000,000 төгрөгөөр түрээслэн 20,000,000 төгрөгийн зардал гарган 3 талыг нь тор татаж хашаалж тариагаа тарьсан. Тухайн үед газрын түрээсийн төлбөрөөс 40,000,000 төгрөг төлж, 10,000,000 төгрөг дутуу төлөгдсөн, хашаа барьсан зардлаас талбайн түрээсийн дутуу төлөгдсөн 10,000,000 төгрөгийг суутган үлдэх 10,000,000 төгрөгийг буцаахаар тохирсон байсан юм. Энэ үед Ц.П надаас комбайнаа надад зарчихаач. Би авъя гэсэн санал тавьсны дагуу би Ө.Аын мөнгийг хугацаанд нь өгөх боломжгүй байсан тул Ө.А-ын мөнгийг төлөхийн тулд Ц.П-д тухайн үнээр нь комбайныг зарахаар болж, Ц.П комбайны өртгийг 2022 оны 03 дугаар сард багтаан төлнө гэхээр нь зөвшөөрч комбайнаа хүлээлгэж өгөөд явсан. Гэвч Ц.П хугацаандаа мөнгөө өгөхгүй байхаар нь би комбайнаа авъя Ө.А мөнгөө нэхээд байна гэхэд Ө.Атой би уулзъя гэснээс хойш Ө.А надаас мөнгөө нэхэхээ болиод Ц.П-оос комбайны мөнгөө авна гэдэг болсон. Тэгэхээр нь би Та 2 наймаагаа дуусгаад миний 40,000,000 төгрөгийг өгөөрэй гэж Ө.Аоос шаардсан. Ө.А эхлээд Ц.Поос мөнгө авсны дараа мөнгийн өгнө" гэж байсаар 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр болсон. Намайг мөнгөө нэхэхээр түрээсийн тооцоогоор бодож 39,000,000 төгрөгөөс суутгана гэх болсон, би түрээслээгүй учраас зөвшөөрөхгүй байна. Ц.П нь Ө.А-ын комбайны мөнгийг өгөөгүйн улмаас Ө.А комбайнаа аваад бусдад 110,000,000 төгрөгөөр зарсан. Ө.А-той хийсэн комбайн худалдах худалдан авах хэлцэл цуцлагдсан юм. Иймд комбайн худалдаж авахаар урьдчилгаанд төлсөн 39,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие 2021 оны 09 дүгээр сард Г.С д өөрийн эзэмшлийн John Deer w210 маркийн комбайныг 90,000,000 төгрөгөөр худалдахаар, урьдчилгаанд 39,000,000 төгрөгийг авч, үлдэгдэл 51,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний дотор багтаан төлөхөөр тохиролцсон нь үнэн, комбайн авахдаа Г.С 39,000,000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр талбайд ургац хурааж байсан бүрэн засвар үйлчилгээ хийгдсэн комбайнаа Г.С-д өгсөн. Тэрээр 2021 онд Төв аймгийн Баянцогт сумын Сарлагийн бригадын Цав хангайн ар гэх газарт /Ц.П-ийн эзэмшлийн/ 520 га-д тариалсан ургацаа надаас авсан John Deer w210 маркийн комбайнаар бүрэн хийж дуусган, ашиг орлого хангалттай олсон боловч хэлсэн хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлөөгүй.

2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн залгахад шалтаг хэлж удахгүй төлбөр хийнэ гэж хойшлуулсаар хамгийн сүүлд 2022 оны 03 дугаар сард холбоо барихдаа мөнгө байгаа гэхдээ би өөр бизнестээ хэрэглэлээ, амиа бодлоо чамд мөнгө өгөх боломж байхгүй гэсэн хариу өгсөнөөс хойш утсаа авахаа больсон. 2022 оны 06 дугаар сард Ц.П надтай холбогдож Г.С-д зарсан комбайныг би 90,000,000 төгрөгөөр авъя 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр бүх төлбөрөө өгнө гэж хэлснийг хүлээн авч, мөнгөө аваад Г.С д 39,000,000 төгрөгөөс комбайн түрээсээ тохироод үлдэгдлийг нь өгье гэж бодсон. Г.С нь комбайны төлбөрийг тохиролцсон хугацаандаа төлөөгүй, миний тавьсан саналыг хүлээж аваагүй шүүхэд гомдол гаргасан тул миний зүгээс тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцон 1 га талбайг 80,000 төгрөгөөр бодож 520га*80,000=41,600,000 төгрөг гэж үзэж нэхэмжилж буй 39,000,000 төгрөгт дүйцүүлэн суутгуулах энэ саналыг Г.С эсэргүүцэх зүйлгүй гэж үзэж байна. Төлбөрөө хугацаандаа төлөөгүй, гуравдагчид өгсөн байсан. Иймд дүйцүүлэн суутгах гэсэн байр суурьтай байна.

Нэхэмжлэгч бүх тариагаа хурааж ашиг олчихоод мөнгөө төлөөгүй байж буцааж мөнгөө авна гэдэг утгагүй санагдаж байна. Бичгийн хэлбэрийн гэрээ байхгүй. Ц.П-ийг байхад 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр н.Шинэбаатартай цуг очоод авчихсан. Харин өөрөө комбайнаа ашиглаж илүү ашиг олох байсан тул алдагдсан боломж юм гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Ө.Аоос 39,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.С-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 352,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 352,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Шүүх талуудын өгсөн тайлбар, нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг буруу тодорхойлсон болох нь харагдаж байна. Учир нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд би 2021 оны 09 дүгээр сарын эхээр өөрийн танил Ө.А-той ярилцаж түүнээс John Derr w210 маркийн комбайныг 90,000,000 төгрөгөөр үнэлж, урьдчилгаанд 39,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 51,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарыг 31-ний өдөр төлөхөөр зээлээр худалдаж авахаар тохиролцсон гэж тодорхой тайлбарласан. Нөгөө талаас хариуцагч нь урьдчилгаа өгөөд дараа нь үлдэгдэл төлбөрийг төлөхөөр наймаа хийгдсэн гэж дурдсан нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн шинжийг агуулж байх бөгөөд ердийн худалдах худалдан авах гэрээнээс худалдсан зүйлийн үнийг уг зүйлийг хүлээн авсан даруйд биш харин хожим хэсэгчлэн төлдөг болохоор ялгаатай. Гэтэл шүүх маргааны гол зүйл болох комбайныг шууд хиймэгц биелдэг худалдах, худалдан авах гэрээ буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйл хэмээн буруу тодорхойлсон нь хэрэг алдаатай шийдвэр гарахад нөлөөлжээ. Учир нь талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг хэрхэн тодорхойлсноос шалтгаалж гэрээнээс татгалзах зохицуулалтын үр дагавар өөр өөр байдаг. Тодруулбал, зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж тодорхойлсон тохиолдолд Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт заасны дагуу татгалзах харилцаа болох бөгөөд энэ тохиолдолд мөн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар худалдагч нь гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол, зардлаа худалдан авагчаас шаардлах эрхтэй байдаг. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасан хохирол зардал гэдгийг гэрээ байгуулахтай холбогдон гарсан зардал болон эд хөрөнгийн ашиглалтаас шалтгаалсан элэгдэл, цаашлаад худалдагч нь гэрээнээс татгалзах хүртэлх энэ хугацаанд эд хөрөнгөө ашиглах байсан боломжоо үнэлж шаардах эрхтэй байхыг ойлгодог. Талуудын хооронд энэ талаар маргаан өрнөсөн бөгөөд хариуцагчийн зүгээс 1га газарт 80,000-100,000 төгрөг байдаг түрээсийг 50,000 төгрөгөөр бодож урьдчилгаа төлбөрөөс түрээсийн төлбөр болгон суутган авах талаар хүсэл зоригоо илэрхийлж байсан, мөн энэ талаар талууд маргаагүй зэргээр нотлогдож байна.

4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийн татгалзлыг огт үнэлээгүй, энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул шүүх энэ асуудлаар дүгнэлт өгөх боломжгүй гэж шийдсэнд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар талууд тайлбарын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар мэтгэлцэж хуралд оролцох бүрэн боломжгой байна. Гэтэл анхан шатны шүүх хуулийн уг агуулгыг буруу тайлбарлаж татгалзал нь заавал сөрөг нэхэмжлэл гаргасан нөхцөлд үнэлэгдэх байдлаар тайлбарлаж хэрэглэсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа болсон.

4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлдэг. Нэхэмжлэгч Г.С нь 39,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, үндэслэлээ уг үнийн дүнг хариуцагч руу би шилжүүлсэн гэж тайлбарладаг боловч 39,000,000 төгрөг нэхэмжлэгч Г.С гээс надад шилжин орж ирээгүй. Тодруулбал, 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр М.Мөнхзаяагаас 18,500,000 төгрөг, 20,000,000 төгрөг тус тус орж ирсэн. Нэхэмжлэл гаргах эрхтэй хүн нь мөнгийг шилжүүлсэн гэж байгаа нэхэмжлэгч Г.С мөн эсэх, түүнд шаардах эрх хуулиар олгогдсон эсэхэд анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй, энэ талаар тодруулаагүй.

Иймд талуудын маргаж буй тодорхойгүй, эргэлзээтэй нөхцөл байдлыг нэг мөр тодруулсны үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэхээр байх тул ы шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Мөн хариуцагч талын гаргасан гомдол нь хуульд нийцэхгүй байна.

5.1.Талуудын хооронд тухайн комбайныг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаагүй боловч хэлцэл хийгдсэн гэж үзэж байна. Талууд тухайн эд хөрөнгийг худалдан авах үнэ, хугацааг тохиролцож, эд хөрөнгийг шилжүүлсэн. Тухайн эд хөрөнгийн тал төлбөрийг дараа шилжүүлэхээр тохиролцсон нь зээлээр худалдах, худалдан авах гэрээ болохгүй. Зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь тухайн эд хөрөнгийг шилжүүлэх үед ямар нэгэн үнэ төлөөгүй байхыг шаарддаг. Талууд худалдах, худалдан авах гэрээгээр тухайн эд хөрөнгийг 90,000,000 төгрөгөөр үнэлсэн боловч эд хөрөнгийг шилжүүлж өгөхдөө 39,000,000 төгрөгийг төлсөн. Уг төлбөрийг өгч, авсантай талаар талуудын хэн аль нэхэмжлэгч маргаагүй учраас анхан шатны шүүхээс 39,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч нь өөрт учирсан гэрээний үлдэх хэсгийг төлж чадахгүй бодит нөхцөл байдал үүссэн гэдгийг нэхэмжлэгчид мэдэгдсэн. Ургацын нөөцийн сангаас мөнгө орж ирэхгүй байгаа учраас үнэ ханш унаснаас болж, бодит ашиг алдагдалд орсон тул 51,000,000 төгрөгийг хугацаанд нь өгч чадахгүй болсноо мэдэгдсэн. Гэвч нэгэнт хийгдсэн хэлцлийг буцааж, эд хөрөнгийг буцаан авах боломжгүй учраас төлбөр төлөхийг шаардсан. Уг нөхцөл байдлын дагуу худалдах, худалдан авах гэрээнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй гэж үзэж байна. Тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй бөгөөд Ө.А-ын эзэмшилд байсан. Эд хөрөнгийг шилжүүлж өгөөгүй атлаа бусдын 39,000,000 төгрөгийг захиран зарцуулж, буцаан төлөөгүй. Гэвч хариуцагч нь хохирсон мэт тайлбарлаж, түрээсийн гэрээний дагуу ашиг олох байсан гэж нэхэмжлэл гаргаж, тухайн хохиролд 39,000,000 төгрөгийг суутгаж тооцно гэх тайлбар үндэслэлгүй. Тухайн үед олох байсан орлогыг алдсан гэж үзсэн тохиолдолд хуульд заасан эрх, үүргийн дагуу нотлох баримтыг гаргаж, нотлох үүрэгтэй. Тухайн газрын 1 га газрыг 80,000 төгрөгөөр үнэлэгдэж байсныг баримтаар нотолж чадаагүй. Хариуцагчийн зүгээс олох ёстой байсан орлогыг алдсан гэж маргаагүй бөгөөд түрээсийн гэрээний үнэ гэж тайлбарладаг. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хариуцагчийг ямар тайлбар, татгалзал өгсөн нь тодорхойгүй байсан учраас удаа дараа тодруулж асуусан. Түрээсийн үнийг нэхэмжилсэн бөгөөд олох ёстой байсан орлогод хохирол учруулсан талаар тайлбар гаргаж маргаагүй. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад анхан шатны шүүх нь үндэслэл бүхий дүгнэлт гаргасан.

5.2. Хариуцагч нь өөрийн олох ёстой байсан орлогыг нэхэмжилсэн учраас нэхэмжлэх эрхийг хэвээр үлдээсэн. Түрээсийн гэрээний хөлс гэж нэхэмжилснийг сөрөг нэхэмжлэл гаргах байдлаар мэтгэлцэх боломжтой байсан. Гэвч хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлээгүй учраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн тохиолдолд тухайн харилцааны үр дагавар өөр байсан гэх үндэслэлээ хариуцагч талаас тайлбарлаж чадаагүй. Тухайн эд хөрөнгийг Ө.А нь н.П гэх өөр эзэмшигчид шилжүүлэн өгч, хэлцэл хийсэн. Гэвч н.П нь дахин өөр эзэмшигчид шилжүүлэн өгч, худалдан борлуулах хэлцэл хийсэн боловч төлбөрөө авч чадаагүй. Ө.А нь ямар хугацаанд хохирсон болон хэдий үеэс бусдад шилжүүлж өгсөн гэдгийг өөрөө мэдэж байгаа учраас ашиглуулсан хугацааг түрээсийн гэрээнд тооцох нь үндэслэлгүй. Учир нь тухайн үед худалдах, худалдан авах гэрээний харилцаа хүчин төгөлдөр хэвээр байсан. Иргэний хуулийн 247 дугаар зүйлд худалдан авагч ашиг хүртэх эрхтэй. Давж заалдах гомдолд дурдсанаар Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар хохирол зардал гэж гэрээнээс татгалзах хүртэлх хугацаанд олох байсан орлогыг тооцно гэж тайлбарладаг. Гэвч Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, 227 дугаар зүйлийн 227.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа биелэгдээгүй, үүргээ зөрчсөн талаас хохирлоо нэхэмжилж авах эрх зүйн зохицуулалтыг удирдлага болгон шийдвэрлэсэн. Хариуцагч нь өөрийн хохирлыг буруу тодорхойлж, нотлох баримт гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн.

5.3. Мөн М.М нь Г.С-ийн гэр бүлийн гишүүн болохыг нотолж гэрлэлтийн лавлагааны хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг үйл баримтын талаар анхан шатны шүүх хуралдааны явцад маргаж байгаагүй. н.М нь Г.С-ийн гэр бүлийн гишүүн болох нь нотлогдсон учраас нэхэмжлэгчийг нэхэмжлэх эрхгүй гэж үзэх үндэслэлгүй. Иймд хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Г.С нь хариуцагч Ө.А-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн 39,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Талууд 2020 оны 09 дүгээр сард John Deer w210 маркийн комбайныг 90,000,000 төгрөгөөр худалдахаар, худалдан авагч нь урьдчилгаа 39,000,000 төгрөгийг төлж, үлдэх 51,000,000 төгрөгийг 2021 онд багтаан төлөхөөр харилцан тохиролцжээ.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

5. Худалдагч Ө.А комбайныг 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Г.С д хүлээлгэн өгсөн, худалдан авагч Г.С комбайны урьдчилгаанд 39,000,000 төгрөгийг төлж, үлдэх 51,000,000 төгрөгийг төлөөгүй тул худалдагч комбайнаа буцаан авч бусдад худалдан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, худалдан авагч үнийг төлөөгүйтэй холбоотой худалдагч гэрээнээс татгалзан эд хөрөнгөө авсан учраас гэрээний дагуу төлсөн төлбөрийг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Иймд хариуцагч Ө.А-оос урьдчилгаанд төлсөн 39,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.С-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.

 6. Хариуцагч нь нэхэмжлэгч комбайнаар өөрийн 520 га талбайн тариаг хураасан гэх үндэслэлээр нэг га талбайг 80,000 төгрөгөөр тооцож, улмаар 41,600,000 төгрөгийн төлбөр гүйцэтгэснээр тооцохыг шаардсан боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 7. Хариуцагчийн гаргасан шүүх эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхэд дүгнэлт өгөөгүй гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 7.1. Хариуцагч давж заалдах гомдолдоо талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь талууд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулах тохиолдолд мөн хуулийн 112 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөх эрх шилжих талаар тохиролцсон байх ёстой. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл комбайны үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шилжих талаар тохиролцсон гэх баримтгүй байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээг үнийг хэсэгчлэн төлөх ердийн худалдах-худалдан авах гэрээ гэж үзнэ. Иймд шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ хэмээн гэрээний харилцааг буруу тодорхойлсон гэх гомдол үндэслэлгүй.

 7.2. Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт заасан тул нэхэмжлэгч нь гуравдагч этгээд М.М-аар дамжуулан мөнгөн хөрөнгийг дансаар шилжүүлснийг буруутгах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэл гаргах эрхтэй хүн нь Г.С мөн эсэх, түүнд шаардах эрх хуулиар олгогдсон эсэхэд шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/05051 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 352,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 Д.БЯМБАСҮРЭН