Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 310

 

          Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаадаргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо тоосгоны 19-22 тоотод оршин суух Тайж овогт Юндэндоржийн Адъяадуламын нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багторшин суух Батмөнхийн Отгонбаатарт холбогдох “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ, нэхэмжлэгч Ю.Адъяадулам, хариуцагч Б.Отгонбаатар нар оролцов.            

       ТОДОРХОЙЛОХ нь:

          Ю.Адъяадулам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Отгонбаатартай 2006 онд танилцан дотносож 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдөр А.Мягмарцэндийг төрүүлсэн. Намайг төрсөнөөс 2 хоногийн дараа охин бид хоёрыг орхин яваад иргэж ирээгүй. Бид хамт амьдрах хугацаандаа гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Иймд охин А.Мягмарцэндийн эцэгээр Б.Отгонбаатарыг тогтоон, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Отгонбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Мягмарцэнд миний хүүхэд мөн. Миний бие эрхэлсэн ажилгүй, толгойны хагалгаанд орсон, өндөр настай ээжтэйгээ байдаг тул тэтгэлэг төлж чадахгүй гэв.

  Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                          

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ю.Адъяадулам нь Б.Отгонбаатарт холбогдуулан “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

          Нэхэмжлэгч Ю.Адъяадулам хариуцагч Б.Отгонбаатар нар 2006 оноос дотно харьцаатай болж, 2008 оны 12 дугаар сарын29-ний өдөр охин А.Мягмарцэндийг төрүүлсэн болох нь 0221243-42 дугаартай охин А.Мягмарцэндийн төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэргээр нотлогдож байгаа тул Гэр бүлийн тухай хуульд зааснаар Б.Отгонбаатарыг охин А.Мягмарцэндийн эцгээр тогтоож хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118  дугаар зүйлүүдэд заасныг тус тусудирдлага болгон                                                                     

ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдөртөрсөн охин А.Мягмарцэндийн эцгээр Анчин овогт Батмөнхийн Отгонбаатар мөн болохыг тогтоосугай.

   2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар  2008 оны 12 дугаар сарын 29-нийөдөр төрсөн охин А.Мягмарцэндийг эх Ю.Адъяадуламын асрамжинд үлдээсүгэй.

           3. Монгол Улсын Гэр Бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин А.Мягмарцэндийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны  доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан эцэг Б.Отгонбаатараар тэжээн тэтгүүлсүгэй.

   4. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурьдсугай.

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Отгонбаатараас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Отгонбаатараас 28627 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод /Хаан банкны 5540607728 тоот дансанд/ оруулсугай.

   6. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан хойш 14 хоногийн дотор 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.ЭНХМАА