Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2024/00247

 

 

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2024/00247

 

 

 

Н ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16 -ны өдрийн 181/ШШ2023/03627 дугаар шийдвэртэй

Н ХЗХ-ны нэхэмжлэлтэй

Б.Б-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 161,112,821.34 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Б.Б нь Н ХЗХ-той 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 3Г/2022100214275 дугаартай Түншлэлийн зээлийн гэрээ-г байгуулан 21,200,000 төгрөгийг нэг сарын 1.49 хувийн хүүтэй зээлэн авсан, гэрээний хавсралтад заасан графикийн дагуу 6 сарын хугацаанд хуваарийн дагуу буцаан төлөхөөр тохиролцсон. Хариуцагч нь уг зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-220302**** дугаартай Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, Бэлхийн ** дүгээр гудамж, 1**-*-* тоот хаягт байрлах 128.2 м.кв хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж БГ/202210021**** дугаар Барьцааны гэрээ-г байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хариуцагч зээл авснаас хойш зээлийн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулалгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин байгууллагыг хохироож байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний 2.1.1, 2.2, 2.6, 3.1.3-т заасны дагуу хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцон авах эрхтэй бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 129,946,783.56 төгрөг, хуримтлагдсан хүүний төлбөрт 27,563,101.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 3,602,936.56 төгрөг, нийт 161,112,821.34 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хариуцагчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 1,900,000 төгрөгийн 1,846,783 төгрөгийг зээлийн хүүнээс, 53,216 төгрөг үндсэн зээлээс хассан. Хариуцагчийн тайлбарт НР ХХК нь зээлтэй салшгүй холбоотой гэсэн боловч манайх түншлэлийн зээлийн гэрээг Б.Б-той хийсэн. Тухайн хүн НР ХХК-тай ямар асуудалтай болохыг бид мэдэхгүй. НР ХХК тусдаа компани. Хариуцагч тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Б.Б-оос зээлийн гэрээний үүрэгт 161,112,821.34 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Б.Б би 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Н ХЗХ-ны нэхэмжлэлийг хүлээн аваад хариу тайлбар хүргүүлж байна. Н ХЗХ-той байгуулсан уг түншлэлийн гэрээ нь зөвхөн иргэн Б.Б надтай хамааралтай биш бөгөөд НР ХХК-тай салшгүй холбоотой асуудал юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б-оос 161,112,821 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХЗХ-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Б.Б-ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-220302**** дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Дамбадаржаа, Бэлхийн ** дүгээр гудамж, 1**/*-* тоот хаягт байршилтай, 128.2 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,033,714 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,033,714 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэлх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан "хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" шаардлагыг зөрчсөн гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Иргэний хуулийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар 161,112,821.34 төгрөгийг хариуцагч Б.Б надаас гаргуулж "Н" ХЗХ-нд олгохоор шийдвэрлэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.1. Тус иргэний хэргийн шүүх хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цаг 30 минутад зарласан ба уг шүүхийн товыг мэдэгдэх үед миний бие хөдөө Төв аймгийн Баяндэлгэр суманд малчин айлд сүлжээ барихгүй газар 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд хувийн ажлаар явсан үед шүүхээс хурал товлож миний утас холбогдохгүй байхад шүүгчийн туслах мессеж явуулсан гэж тэмдэглэл үйлдсэнийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хэргийн материалтай танилцахдаа харсан. Шүүхээс намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй гэж шүүх хуралдааныг хойшлуулсан байсан. 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 12 цаг 00 минутад шүүхээс шүүх хуралдаан товлосныг надад утсаар мэдэгдсэн үед миний аав н.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө гэнэт бие өвдөж Улсын нэгдсэн 2 дугаар эмнэлэгт түргэний тэргээр хүргэсэн ба тэр өдрөө харвалт өгсөн. Эмнэлэгт миний бие 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл сахиж, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гарсанаас хойш аавыгаа гэртээ байнга асарч, сахисан. Аав минь 86 настай, надаас өөр сахиж асрах хүнгүй, байнгын катетартай ба сүүлд катетарийг нь авахад өргөж бие засуулна, биеийг нь эргэж тойруулж, арчилдаг байсан, эмийг нь цаг тухай бүрт нь уулгаж, хооллож байсан. Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүгчийн туслахад энэ байдлаа хэлэхэд та хүсэлтээ бичээд хүргүүлчих гэхээр нь хүсэлтээ бичээд хүн гуйж шүүхэд хүргүүлсэн. Өвчтэй аавыгаа би ганцаараа харж асардаг, аавтайгаа хамт амьдардаг, өвчтэй өндөр настай аавыгаа ганцааранг нь орхиод гарч нотлох баримтыг хавсаргаж өгөх боломжгүй байсан талаараа хэлсэн. Гэтэл шүүх хүсэлтийг хүлээн авсан хирнээ, миний эзгүйд нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хийж надаас төлбөр гаргуулахаар шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна. Би дээрх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралд биечлэн ирээгүй, шүүгчийн туслах хүсэлтээ явуулчих гэхээр нь хүсэлтээ явуулсан, ингээд шүүх хурал хойшлох юм байна гэж би ойлгосон. Хэрвээ шүүх хурал хойшлохгүй байсан бол би шүүх хуралд биечлэн оролцож тайлбар, нотлох баримт гарган өгөх байсан Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-д зааснаар Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхээ эдэлж чадахгүй, хязгаарлуулсан болно. Миний бие 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хавтаст хэргийн материалтай танилцсан. Би дээрх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралд ороогүйгээс гадна, шүүх хуралд оролцож мэтгэлцэх, шүүхэд нотлох баримт гарган өгөх боломжийг хязгаарлан, шүүх хуралдааныг миний эзгүйд хийж шийдвэр гарсанд гомдож байна. Хариуцагч Б.Б миний эрх ашиг сонирхол маш ихээр хохирч, хуульд заасан мэтгэлцэх эрхээ эдэлж чадалгүй хохирч байна. Миний бие 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шийдвэрээ авсан. Хэрэгт "Н" ХЗХ-ны дүрэм хуулбар үнэн тэмдэгтэй нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шүүх хурлыг хийж шүүхийн шийдвэр гаргасан нь буруу.

4.2. Би Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Бэлхийн ** дүгээр гудамж, 1** тоот Америк таун хаус хотхонд байрлах 12 айлын орон сууц бүхий Худалдаа үйлчилгээний заалтай барилгыг 2013 оноос эхэлж барьж байх үед буюу 2022 оны 04 дүгээр сараас дээрх хотхоны Үйлчилгээтэй орон сууцны барилгын зураг төсөл болон барилгыг гүйцээн барьж дуусгаж "НР" ХХК ньтүрээслэхээр болсон. Би 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр "НР" ХХК-тай үл хөдлөх хөрөнгийн түрээсийн NR\22\297 дугаартай гэрээг байгуулж, уг гэрээгээр түрээслэгч "НР" ХХК нь Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Бэлхийн ** дүгээр гудамж, 1** тоот Америк таун хаус хотхонд байрлах худалдаа үйлчилгээний төвийн В1 давхарын 792,6 м.кв талбайг гадна зогсоолын хамт худалдаа үйлчилгээний зориулалтаар 18 жилийн хугацаатай, түрээсийн төлбөрийг гэрээнд үл хөдлөх хөрөнгийн түрээсийн талбайг хүлээлцснээс хойш 60 хоногийн дараагаас засвар үйлчилгээг хийж дуусаад дэлгүүрийн үйл ажиллагаа явуулсан өдрөөс эхлэн түрээсийн байрны 1 дүгээр давхрын 792.6 м.кв талбайн түрээсийн төлбөр 1 м.кв 14,300 төгрөг буюу 11,334,180 төгрөг, В1 давхарын 747.9 м.кв талбайн түрээсийн төлбөр 11,000 төгрөг буюу 8,226,900 төгрөг байхаар тохиролцсон. Нийт сар бүр 19,601,080 төгрөгийг Б.Б миний ХААН банк дахь 5070077065 тоот дансанд хийж байхаар тохиролцсон. НР ХХК нь дээрх дутуу барилгад шаардагдах санхүүжилтийг зээл хэлбэрээр гаргаж барилгын ажлыг хоёр талаасаа гүйцээхээр тохиролцож уг барилгад хийгдсэн 12 өрөө, оффис, үйлдвэрлэл үйлчилгээг нураалгаж, хүлээлгэн өгөхийг хүссэн. Түүний дагуу би хийсэн бүх зүйлээ буулгаж өмнөх түрээслэгч болох тавилгын үйлдвэрийг В1 давхраас гаргаж, түрээслэгч хувь хүмүүсийн оффисуудыг гаргаж "НР" ХХК-ийн надаас хүссэн талбайг нь бэлэн болгосон. Эхний ээлжийн 130,000,000 төгрөгийг "Н" ХЗХ-ноос түншлэлийн гэрээ байгуулан авсан зээлээ зориулалтын дагуу барилгад зарцуулсан. Ингээд барилгыг гүйцээж дуусгах үлдэгдэл зээлийг гаргуулж авах хүсэлтээ гаргасан ч Монгол банкны мэдээллийн санд бүртгэлтэй болсон шалтгаанаар зээлийн асуудал шийдэгдэхгүй зогссон. "НР" ХХК нь асуудлыг шийдэх гэж олон сар болсон. Ингээд 2023 оны 01 дүгээр сард хөрөнгө оруулалт болон зээлээр хийж дуусгая гээд хамтарсан компани байгуулахаар болсон. "НР" ХХК-ийн захирал И.Галбуян болон бид нар "Б" ХХК-ийг хамтран байгуулж, уг компанийн 51 хувийг "НР" ХХК, иргэн миний бие 49 хувийг эзэмшихээр тохиролцож, уг барилгын 3, 4, 5 давхруудыг хамтран эзэмшихээр гэрээ байгуулсан. 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр NR\23\56 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, би барилгын доорхи газраа "Бэлх таун хаус проперти" ХХК руу шилжүүлэхээр материалаа бүрдүүлэн Сүхбаатар дүүргийн газрын албанд өгсөн. Би "Н" ХЗХ-той байгуулсан түншлэлийн гэрээний үүргээ, НР ХХК-ийн захирал И.Г, түүний баг хамт олонтой ярилцаж тохирсны хүрээнд "НР" ХХК-ийн түрээсийн төлбөрөөр төлж барагдуулахаар тохирсон. Өөрийн зүгээс өгөх боломжгүй нөхцөл байдлаа ХЗХ-нд анхнаасаа олон удаа илэрхийлсэн. Бэлэн болсон 538 м.кв талбайг түрээслэхээр "Миний дэлгүүр" супермаркеттай тохиролцож байх үед "НР" ХХК-иас 2021 онд ирж үзээд 1600 м.кв-ийг бүгдийг нь түрээслэе гээд хоёр барилгын хоорондох дулаалгатай хөнгөн блокон 40.32 м.кв ханыг буулгуулсан. Түрээсийн төлбөр орж ирдэг байсан тавилгын үйлдвэрийг, талбай чөлөөлөх гэрээний үүргийн дагуу гаргуулсан, 2 оффис түрээслэдэг байгууллагыг гарган талбайг чөлөөлүүлж, бүх тасалгааг нураалгасан. Мөн бүх цахилгаан монтажийг буулгуулсан. Мужаан цехээр түрээслүүлэхээр бэлэн болгож байсан өрөө тасалгаануудыг, өрлөгийг бүгдийг буулгуулсан. Дээрх бүгдээс надад орж ирдэг байсан орлого байхгүй болсон тул өөрөөсөө төлөх боломжгүй ба "НР" ХХК төлөх ёстой гэж үзэж байна. "Н" ХЗХ-ны түншлэлийн гэрээгээр авсан 130,000,000 төгрөгийн зээл нь "НР" ХХК-тай хийсэн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зарцуулагдсан.

4.3. Би 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тус ХЗХ-ноос 130,000,000 төгрөгийг дуусаагүй барилга гүйцээх зориулалтаар 6 сарын хугацаатай зээлж авсан ба зээлээ зориулалтын дагуу барилгадаа зарцуулсан. Анх "НР" ХХК болон удирдлагуудтай ярьж тохиролцоход дээрх барилгыг бүрэн гүйцэд барьж дуусахад 800 сая төгрөгөөс 1 тэрбум төгрөг шаардлагатай байгааг хэлж, тохирч эхний удаа 130 сая төгрөгийн зээлийг гаргая, зээлийн төлбөрийг НР ХХК нь түрээсийн төлбөрөөс "Н" ХЗХ-д төлөхөөр тохиролцож гэрээ байгуулж 130 сая төгрөгийн зээл олгосон боловч "НР" ХХК нь зээлээ төлөөгүйгээс ийм байдалд хүрсэн. Нөгөөтэйгүүр барилгаа дуусгах хэмжээний үлдэгдэл зээлийг гаргаж өгнө гээд гаргаж өгөөгүйгээс барилгаа гүйцээж барьж дуусаагүйгээс болж "НР" ХХК нь уг байрандаа ороогүй. Сүүлд нь тусдаа "НР" ХХК-иас хөрөнгө оруулалт хийнэ гэсэн ч хөрөнгө оруулалт бас хийгээгүй. Миний бие 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр "Н" ХЗХ-нд 130 сая төгрөгийн зээлийн хүү, төлбөрийн тооцоог "НР" ХХК-тай байгуулсан NR/22/297 тоот гэрээний дагуу "НР" ХХК төлөх байсан талаар тайлбар хүргүүлсэн. "Н" ХЗХ-оос зээлсэн 130,000,000 төгрөгийг Б.Б, "НР" ХХК-ийн хооронд байгуулсан NR/22/297 тоот үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээний дагуу "НР" ХХК төлөх ёстой. Миний бие дээр дурдсан үндэслэлүүдээр шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй байсан, хэргийн материалтай танилцаагүй, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт явуулсан байхад миний эзгүйд шүүх хуралдааныг хийж, миний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, мэтгэлцэх боломжоор хангаагүй, шинээр нотлох баримт гарган өгөх эрхийг эдлүүлээгүй, миний эрх ашиг маш ихээр хөндөгдөж хохирч байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү гэжээ.

 5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 12 цагт анхан шатны шүүхээс тус хэргийн шүүх хуралдааныг зарласан талаар утсаар мэдэгдсэн гэж хариуцагч дурдсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааны товыг хуулийн дагуу хариуцагчид мэдэгдсэн. Зээлийн гэрээний үүрэгт төлбөр гаргуулах тухай иргэний хэрэг 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр үүсэж, хариуцагч 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэгтэй танилцаж, баримтад гарын үсэг зурж, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хариу тайлбар өгсөн. Энэ хугацаанд хариуцагч хэргийн материалтай танилцах бүрэн боломжтой буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлээгүй нь шүүхийн буруутай үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй. 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр анхан шатны шүүх хуралдааныг, тус өдрийн 11 цаг 30 минутад шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нэхэмжлэгч нарын хажууд хариуцагч руу удаа дараа залгасан боловч хариуцагч Б.Б утсаа аваагүй. Хариуцагч хариу тайлбар болон ямар ч нотлох баримтыг шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлээгүй байсан тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч тал тавьсан. Гэвч анхан шатны шүүх талуудын мэтгэлцэх эрхийг хангах үндэслэлтэй гэж үзэн шүүх хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл шүүх хуралдааныг хойшлуулсан. Шүүх хуралдаан дууссаны дараа шүүгчийн туслах хариуцагч Б.Бод шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасны дагуу утсаар мэдэгдсэн. Гэвч 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагчийн эгч гэх хүн ...Б.Б Багануур дүүрэг рүү ажлаар явсан гэдэг тайлбар өгөөд, хэргийн 66 дугаар талд авагдсан хүсэлтийг нэхэмжлэгч нарыг байхад шүүх хуралдааны нарийн бичгийн даргад өгсөн. Тус хүсэлтэд ...Б.Б намайг үл таних утаснаас шүүхэд дуудаж байна гэсэн. Миний бие очих боломжгүй тул бичгээр хүсэлт, өргөдөл хүргүүлж байна. Хурлын товыг хойшлуулж өгнө үү гэж 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн огноотой хүсэлт ирүүлсэн байсан. Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлээгүй атлаа өөрийн хайнга, хариуцлагагүй үйлдлээ шүүхэд нялзааж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хэрэг үүссэнээс хойш 3 сарын хугацаанд хариуцагч холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, санаатайгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаа дараа хойшлуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Хариуцагч 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын шүүх хуралдаанд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, шүүх хуралдааныг хойшлуулсан. Түүнчлэн хариуцагч Б.Б хэргийн материалтай танилцаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэж гомдол гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасны дагуу эрхээ хариуцагч өөрөө хэрэгжүүлээгүй байж учир дутагдалтай, ойлгомжгүй гомдол гаргасан. Мөн хэрэгт Н ХЗХ-ны дүрэм хуулбар үнэн тэмдэгтэй нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлэн шийдвэр гаргасан нь буруу гэж тайлбарласан. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас Н ХЗХ-ны дүрэм яагаад нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа талаар асуухад манайх баримтыг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, хэрэгт Н ХЗХ дүрмээ өгөөгүй. НР ХХК болон Н ХЗХ-ны талаар бичсэн гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан. Хариуцагч шүүхийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулдаг үйл баримтуудыг нь шинжлэн судалж, хариуцагчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Н ХЗХ нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 161,112,821.34 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Талууд 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Түншлэлийн зээлийн гэрээ-г байгуулж, уг гэрээгээр Н ХЗХ нь 130,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 1.49 хувийн хүүтэй зээлдүүлэх, Б.Б нь гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Зээлдүүлэгч Н ХЗХ нь 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээний дагуу 130,000,000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч Б.Б нь 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 1,900,000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй.

 4. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасан зээлийн хүүгийн талаар тохиролцсон, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Гэрээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болсон байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан ба Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүүгийн талаар талууд тохиролцохдоо үндсэн хүүгийн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана.

Талуудын хооронд байгуулсан түншлэлийн зээлийн гэрээний 3.1.3-т нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн 20 хувь гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн ба нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүд 3,602,936.56 төгрөгийг нэхэмжилсэн байна.

 "Н" ХЗХ-ноос түншлэлийн зээлийн гэрээгээр авсан 130,000,000 төгрөгийн зээл нь "НР" ХХК-тай хийсэн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зарцуулагдсан тул зээлийг НР ХХК төлөх ёстой гэх үндэслэлээр хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар гаргасан байна. Түншлэлийн зээлийн гэрээгээр хариуцагч зээлийг төлөх үүрэг хүлээсэн ба гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлэхээр талууд тохиролцсон гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүх хариуцагч Б.Боос үндсэн зээл 129,946,783.56 төгрөг, хүү 27,563,101.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,602,936.56 төгрөг, нийт 161,112,821.34 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ХЗХ-нд олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 5. Н ХЗХ, Б.Б нар 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар БГ/2022100214275 дугаартай барьцааны гэрээ байгуулж, түүний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Дамбадаржаа, Бэлхийн ** дүгээр гудамж, 1**/*-* тоот хаягт байрлах, 128.2 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Н ХЗХ-нд барьцаалсан, гэрээг бичгээр байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Иймд Н ХЗХ нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй.

6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

6.1. Анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11:30 цагт товлогдсон шүүх хуралдааныг хариуцагчийг шүүх хуралдаанд оролцох эрхийг нь хангаж 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хойшлуулж, түүний 99191065 дугаарт шүүх хуралдааны тов мэдэгджээ. Хариуцагч нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт шүүхэд ирүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирэх боломжгүй талаарх баримт ирүүлээгүй тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл шүүх хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаж шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулсан байх тул түүнийг мэтгэлцэх боломжоор хангасан гэж үзнэ. Иймд энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

6.2. Хэргийн оролцогч шүүх хуралдаанаас өмнө хэргийн материалтай танилцах эрхтэй. Хариуцагчид 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгсөн баримт хэргийн 49-50 дугаар талд авагдсан байна. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардаж авснаас хойш шүүхэд хүрэлцэн ирж хэргийн материалтай танилцах эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй тул хавтаст хэргийн материалтай танилцаагүй байхад шүүх хурлыг хийсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

6.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө.

Хариуцагч 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан, шүүх хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хянан шийдвэрлэсэн байна. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойш шүүх хэргийг хянан шийдвэрлэх хүртэлх 2 сарын хугацаанд нотлох баримтаа гаргаж өгөөгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй тул шинээр нотлох баримт гарган өгөх эрхийг эдлүүлээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.  

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/03627 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШЗ2024/00891 дугаар захирамжаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 963,524.11 төгрөг төлөхөөс чөлөөлснийг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

Д.БЯМБАСҮРЭН