Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 212/МА2024/00001

 

 

 

 

 

 

 

    2024          01            05                                            212/МА2024/00001                                    

 

 

                             З.Б-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2023/00824 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч ***** оршин суух Х овогт З.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургууль (захирал С.А)-т холбогдох,

 

“Баян-Өлгий аймгийн А сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан химийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакен нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Миний бие З.Б- нь 2018 оны Боловсролын их сургуулийн математик, байгалийн ухааны сургуулийг химийн багш мэргэжлээр төгсөөд Алтай сумын Ерөнхий боловсролын сургууль, Буянт сумын Ерөнхий боловсролын сургууль, нийслэлийн Баянзүрх дүүргийн Шавь цогцолбор сургууль, 69 дүгээр сургууль, 30 дугаар сургуулиудад мэргэжлээрээ ажиллаж байсан.

1.2. Өнгөрсөн зун А сумын иргэн Е.С-тай гэр бүл болж А суманд шилжиж ирсэн. 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр А сумын Ерөнхий боловсролын сургууль нь химийн багш шалгаруулж авах талаар сургуулийн цахим хуудсанд зар тавьсан.

1.3. Миний бие түүний дагуу очиж бүртгүүлсэн ба шалгалтыг 8 дугаар сарын 31-ний өдөр авах ёстой байсан боловч А.А- гэгч ирээгүй. Түүний ээж нь ирээд А.А- аймаг руу явсан, шалгалтыг маргааш хүртэл хойшлуулж өг гэж хүсэлт тавьсны дагуу тэр өдөр шалгалт авагдаагүй. Маргааш нь буюу 9 дүгээр сарын 01-ний өдөр 11 цагт шалгалт эхлэх байсан боловч А.А- мөн ирээгүй. Түүнийг нэг цаг хүлээгээд ирэхгүй болохоор нь шалгалт эхэлсэн. Би ганцаараа шалгалт өгч 85 оноо авч тэнцсэн.

1.4. Тэрний дагуу намайг сургуулийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар химийн багшийн ажилд томилж, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Би тэрнээс хойш ажлаа хийж байгаад 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр жирэмсний амралт авсан.

1.5. Өмнө нь тус сургуульд химийн цагийн багшаар ажиллаж байсан А.А- нь сонгон шалгаруулалтад ирээгүй атлаа шүүхэд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2022/1112 тоот шийдвэрээр түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. А.А- нь энэ шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг шүүх 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд мөн өдрийн 212/МА2023/0032 тоот магадлалаар түүнийг урьд эрхэлж байсан химийн багшийн ажилд эгүүлэн тогтоосон. Ингэж шийдвэрлэхдээ намайг ажилд томилсон тушаалыг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоогүй. Харин ажил олгогч сургуулийн захирлаас ажлаас чөлөөлсөн, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан, дуусгавар болгосон ямар нэгэн тушаал, шийдвэр гаргаагүй атлаа А.А-ыг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан химийн багшийн үүрэгт ажлыг гүйцэтгүүлээгүй байдлыг ажилтныг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөнтэй адилтгаж үзэж ажилд эгүүлэн томилсон. А.А- нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс А сумын ерөнхий боловсролын сургуульд химийн цагийн багшаар томилогдож ажиллаж байсан. Мөн сургуульд химийн багшаар ажиллаж байсан. Ж.К 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн ба түүний оронд А.А-ыг томилсон ямар нэгэн тушаал гарч байгаагүй. 2022-2023 оны хичээлийн жил эхлэх болоход Ж.К багшийн орон тоо сул байсан учир сургуулиас тухайн орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, би түүнд тэнцэж ажилд томилогдсон.

1.6. Гэтэл тус сургуулийн захирал 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/17 дугаар тушаалаар шүүхийн шийдвэрийг үндэслэн миний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, үүрэгт ажлаас 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн чөлөөлсөн. Миний бие 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл жирэмсний амралттай, 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэл амаржсаны амралттай байсан. 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүү А.А- төрүүлсэн. 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр амралт дуусах дөхөж байгаа учир хэзээ орохоо мэдэх гээд сургуульд очиход сургуулийн бичиг хэргийн ажилтан Мейрам сургуулийн захирлын 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/17 дугаар тушаалыг гардуулж өгсөн.

1.7. Сургуулийн захирлын дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа учир түүний шийдвэрийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гомдол гаргасан. Тус хороо миний гомдлыг 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд мөн өдрийн 34 дугаартай тэмдэглэлээр Гишүүдийн олонхын саналаар талууд тохиролцоонд хүрээгүй гэж үзэж Баян-Өлгий аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал С.А-ын 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн З.Б-ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан химийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол нь шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн. Энэ талаар гурван талт хорооны хуралдааны тэмдэглэлийг 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр миний өмгөөлөгч Х.Бакенд гардуулж өгсний дагуу шүүхэд хандаж байна.

1.8. Сургуулийн захирлын дээрх тушаал нь дараах үндэслэлүүдээр Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 212/МА2023/0032 тоот магадлалаар А.А-ыг ажилд эгүүлэн томилоохдоо намайг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгоогүй.

1.9. Ажил олгогч сургуулийн захирлаас ажлаас чөлөөлсөн, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан, дуусгавар болгосон ямар нэгэн тушаал, шийдвэр гаргаагүй атлаа А.А-ыг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан химийн багшийн үүрэгт ажлыг гүйцэтгүүлээгүй байдлыг ажилтныг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөнтэй адилтгаж үзэж ажилд эгүүлэн томилсон. А.А-ыг миний томилогдсон Ж.К багшийн оронд томилогдсон ямар нэгэн тушаал шийдвэр гарч байгаагүй.

1.10. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3-д жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах заалтыг зөрчиж намайг жирэмсний болон амаржсаны амралттай байхад ажлаас чөлөөлсөн. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянаж миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа Баян-Өлгий аймгийн А сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан химийн багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзал:

2.1. Нэхэмжлэгч З.Б-ын тушаалыг хүчингүй болгосон талаар өөрт нь утсаар мэдэгдсэн.  Тухайн үед З.Б- өөрөө байхгүй байсан. 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр З.Б- өөрөө химийн багшаар ажиллаж байсан. Багш А.А--ыг Ж.К багшийн оронд Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн гаргасан 212/МА2023/00032 дугаартай шийдвэрийг үндэслэн ажилд нь эгүүлэн томилсон. А.А-ыг 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийг үндэслэж ажилд эгүүлэн томилсон.

2.2. Нэг л багшийн үндсэн орон тоо гараад шүүхийн шийдвэрээр хүн томилогдсон тул өөр орон тоо байхгүй. Харин цагийн багшаар ажиллуулах санал тавьсан боловч З.Б- хүлээж аваагүй болно.

2.3. А.А-ыг эгүүлэн томилсон шүүхийн шийдвэрийг биелүүлж З.Б-ыг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан талаар 4 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгчид утсаар мэдэгдсэн. Гэвч нэхэмжлэгч нь тухайн үед ирж чадаагүй. Дараа нь 6 дугаар сарын үед ирээд тушаалыг аваад явсан. Иймд нэхэмжлэгч З.Б-ын нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2023/00824 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн А сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан химийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Х овогт З.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: 

4.1. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3-ийг зөрчөөгүй байна гэж дүгнэж гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

4.2. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулах, эх сурвалжийг магадлах замаар шалгаж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянан үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоож зохих шийдвэрээ гаргах ёстой.

4.3. Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 212/МА2023/00032 дугаартай магадлалаар А.А-ыг А сумын ерөнхий боловсролын сургуулийн химийн багшийн ажилд эргүүлэн тогтоосон нь үнэн. Гэхдээ тухайн шийдвэрийг гаргахдаа А.А-ыг тус сургуулийн химийн багшаар ажиллаж байгаад 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн Ж.Кы оронд эргүүлэн томилоогүй. Эгүүлэн томилох болсон гол үндэслэл нь ажил олгогч сургуулийн захирлаас ажлаас чөлөөлсөн, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан, дуусгавар болгосон ямар нэгэн тушаал, шийдвэр гаргаагүй атлаа А.А-ыг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан химийн багшийн үүрэгт ажлыг гүйцэтгүүлээгүй байдлыг ажилтныг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөнтэй адилтгаж үзэж ажилд эгүүлэн томилсон.

4.4. А.А- нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс А сумын ерөнхий боловсролын сургуульд химийн цагийн багшаар томилогдож ажиллаж байсан. Мөн сургуульд химийн багшаар ажиллаж байсан Ж.Гүлжан 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн ба түүний оронд А.А-ыг томилсон ямар нэгэн тушаал гарч байгаагүй. 2022-2023 оны хичээлийн жил эхлэх болоход Ж.Гүлжан багшийн орон тоо сул байсан учир сургуулиас тухайн орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, З.Б- нь тэнцэж, ажилд томилогдсон. Шүүх А.А-ыг ажилд эргүүлэн томилохдоо З.Б-ыг сонгон шалгаруулалт зарлаж, түүний дүнг үндэслэн химийн багшийн ажилд томилсон ажил олгогчийн шийдвэрийн талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, дээрх шийдвэрийг хүчингүй болгоогүй. Нөхцөл байдал ийм байхад ажил олгогч шүүхийн шийдвэрийг үндэслэн А.А-ыг урьд эрхэлж байсан химийн багшийн ажилд эргүүлэн томилохдоо З.Б-ыг ажлаас чөлөөлсөн нь хууль бус байсан. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй.

4.5. Шүүх гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ З.Б- нь А.А-ын нэхэмжлэлтэй А сумын ерөнхий боловсролын сургуульд холбогдох хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байсан, энэ нь давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсноор хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй болно гэж дүгнэлт хийж З.Б-ыг хуульд заасан эрхээ эдэлсний төлөө буруутгаж шийдвэрийн үндэслэл болгосон нь үндэслэлгүй.

4.6. З.Б- нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар өөрийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байна гэж үзээд хүсэлт гаргаж тухайн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон бөгөөд үүнийг буруутгах, шүүхэд гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгох ёсгүй.  

4.7. Гомдол гаргагч З.Б- нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл жирэмсний амралт, 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэл амаржсаны амралттай байсан. 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүү А.А- төрүүлсэн. Ажил олгогч түүнийг 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/17 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3-д заасан “жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах” заалтыг зөрчиж түүнийг жирэмсний болон амаржсаны амралттай байхад ажлаас чөлөөлсөн.

4.8. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэсэн заалтыг ажил олгогч давхар зөрчсөн.

4.9. Гомдол гаргагч дээрх хоёр үндэслэлийн талаар гомдолд тодорхой дурдаж, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан дээр мэтгэлцсэн байхад анхан шатны шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан “үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа талаар заах” заалтыг зөрчиж байна.

4.10. Иймд энэхүү гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2023/00824 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

            5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянав.  

 

6. Нэхэмжлэгч З.Б- нь Баян-Өлгий аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан химийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            7. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримтууд тогтоогдов.

7.1. Баян-Өлгий аймгийн А сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан химийн багш Ж.Кыг 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлж, тус химийн багшийн орон тоонд зарласан сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч З.Б- оролцож тэнцжээ. /хэргийн 29-31 дэх тал/

7.2. Улмаар Баян-Өлгий аймгийн А сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ш.Мийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/10 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар сонгон шалгаруулалтад тэнцсэн багш нэхэмжлэгч З.Б-ыг химийн багшаар томилжээ. /хэргийн 7 дахь тал/

7.3. Гэтэл Баян-Өлгий аймгийн А сумын ерөнхий боловсролын сургуулийн химийн багшаар ажиллаж байсан Ж.К 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөхөд оронд нь үндсэн багшаар шилжин ажилласан гэж Ш.Амандых шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 212/МА2022/00032 дугаартай магадлалаар А.А-ыг Баян-Өлгий аймгийн А сумын ерөнхий боловсролын сургуулийн химийн багшийн ажилд эгүүлэн тогтоосон байх ба уг хөдөлмөрийн маргаанд нэхэмжлэгч З.Б- нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцжээ. /хэргийн 32-40 дэх тал/ Ажилтныг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон давж заалдах шатны шүүхийн тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

7.4. Ажил олгогч Баян-Өлгий аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал С.А нь 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/17 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.3, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтууд, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 212/МА2022/00032 дугаартай магадлалыг тус тус үндэслэн химийн багшаар ажиллаж байсан З.Б-ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, үүрэгт  ажлаас нь 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн чөлөөлжээ. /хэргийн 8 дахь тал/   

 

8. Нэхэмжлэгч нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрийг хүлээн авч, 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасанд нийцжээ.

 

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар  зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох үндэслэлүүдийг хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 78.1.5-д “тухайн ажлын байранд өмнө нь ажиллаж байсан хүнийг энэ хуулийн 61.1-д заасны дагуу эгүүлэн авах болсон;” гэж, мөн хуулийн 61 дүгээр зүйлд урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн авах үндэслэлүүдийг хуульчилж, мөн зүйлийн 61.1.2-т “хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;” гэж тус тус хуульчилжээ.  

 

10. Хуулийн дээрх заалтууд болон Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 212/МА2023/00032 дугаартай,  хуулийн хүчин төгөлдөр магадлалыг үндэслэн Баян-Өлгий аймгийн А сумын ерөнхий боловсролын сургуулийн химийн багшийн ажилд А.А-ыг эгүүлэн тогтоосноор нэхэмжлэгч З.Б-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болжээ. Иймд ажил олгогчийн шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзнэ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, харин энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн  давж заалдах гомдлын “...ажил олгогч шүүхийн шийдвэрийг үндэслэн А.А-ыг урьд эрхэлж байсан химийн багшийн ажилд эргүүлэн томилохдоо З.Б-ыг ажлаас чөлөөлсөн нь хууль бус байсан” гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй.      

                                           

11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдлын дараагийн үндэслэлээ “...Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3-д заасан “жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах” заалтыг зөрчиж түүнийг жирэмсний болон амаржсаны амралттай байхад ажлаас чөлөөлсөн, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэсэн заалтыг ажил олгогч давхар зөрчсөн...” гэжээ.  

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч З.Б- нь 2023 оны 02 дугаар сарын 27-ноос 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд, мөн 2023 оны 4 дүгээр сарын 20-ноос 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд жирэмсний болон амаржсаны амралттай байсан нь жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас, мөн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүү С.А.А- төрүүлсэн болох нь С.А.А-ийн №390169984642 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар тус тус нотлогджээ. Үүнд талууд маргаагүй.

Харин нэхэмжлэгч З.Б-ын бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон иргэний хэрэг дэх тус шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 212/МА2023/00032 дугаартай, А.А-ыг Баян-Өлгий аймгийн А сумын ерөнхий боловсролын сургуулийн химийн багшаар томилсон магадлал хуулийн хүчин төгөлдөр болсноор хариуцагч буюу ажил олгогч А.А-ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу ажил олгогч нэхэмжлэгч З.Б-ыг ажлаас чөлөөлсөн нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3 “жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй” үед ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах тухай” заалтыг зөрчсөн гэж үзэхгүй. Нөгөө талаар З.Б-тай үүссэн хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлаагүй, харин түүнтэй үүссэн хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа хуульд зааснаар буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.5 дахь заалтаар дуусгавар болсон байна.

 

12. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,  

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2023/00824 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж,    нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакены давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.  

 

3. Иргэний   хэрэг   шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  167  дугаар  зүйлийн 167.5  дахь  хэсэг,  172  дугаар  зүйлийн  172.1,  172.2  дахь  хэсэгт  зааснаар  зохигч, тэдгээрийн  төлөөлөгч  буюу  өмгөөлөгч  давж  заалдах  шатны  шүүхийн  энэ  магадлалд “шүүхийн  хууль  хэрэглээний  зөрүүг  арилгах”, “хэрэг  хянан  шийдвэрлэх  ажиллагааны ноцтой  зөрчил  гаргасан  нь  шүүхийн  шийдвэрт  нөлөөлсөн”, “хуулийг  Улсын  дээд  шүүхийн  тогтоол,  тайлбараас  өөрөөр   хэрэглэсэн”, “эрх  зүйн  шинэ  ойлголт,  эсхүл  хууль хэрэглээг   тогтооход   зарчмын   хувьд   нийтлэг  ач  холбогдолтой”  зэрэг  үндэслэлүүдээр,

магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ