Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 191

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг  баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа би нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Баатаржаргал, Т.Золбоо нарт холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 6210929 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүний үлдэгдэл 4352712,46 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 851737,87 төгрөг, нийт 11415379,33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2016  оны 07 сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад         

                                                                    Т О Д О Р Х О Й Л О Х нь:

           Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хадгаламж банкинд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А153 дугаар тушаалаар банкны эрх хүлээн авагч томилж, банкны удирдлага хяналт шилжсэн бөгөөд Хадгаламж банкны чанаргүй зээлүүдийг төлүүлж, Төрд учирсан хохирлыг богино хугацаанд барагдуулахаар ажиллаж байгаа ба Банкны тухай хуулийн 62-р зүйлийн 62.1.8-д банкны эрх хүлээн авагч нь банкны нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд банкийг төлөөлөн оролцох гэж заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.

Зээлдэгч Ц.Баатаржаргал, Т.Золбоо нар нь Хадгаламж банкны Хэнтий аймаг Бор-Өндөр сум дахь Бор-Өндөр салбартай 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 11/177 тоот Цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 12.000.000 /арван хоёр сая/ төгрөг, 2011 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 2.000.000 /хоёр сая/ төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 37 тоот Цалингийн барьцаат зээлийн гэрээ-г байгуулан 2.143.000 /хоёр сая нэг зуун дөчин гурван/ төгрөгийг сарын 2.4 хувь, жилийн 28.8 хувийн хүүтэй, 36

сар буюу 3 жилийн хугацаатайгаар тус тус зээлэн авч ашигласан.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Улсын бүртгэлийн Y-1804000780 дугаартай, гэрчилгээ 000144224 дугаартай, Хэнтий аймаг Бор-Өндөр сумын 1 дүгээр хэсэг Бумбатын 1 дүгээр гудамжны 11 тоот хаягт байрлах Дэмчиг овгийн Цоодолын Баатаржаргалын / нэг хүний/ өмчлөлийн хувийн сууцны зориулалттай 36 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн Г-1804000182 дугаартай, нэгж талбарын 221000252 дугаартай, гэрчилгээ 000112219 дугаартай, Хэнтий аймаг Бор-Өндөр сумын 1 дүгээр хэсэг Бумбатын 1 дүгээр гудамжны 09 тоот хаягт орших Дэмчиг овгийн Цоодолын Баатаржаргалын /нэг хүний/ өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 342 м.кв талбай бүхий газрын хамт барьцаалуулсан.

Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дууссан.

Зээлдэгч Ц.Баатаржаргал, Т.Золбоо нар нь зээл авсан өдрөөс хойш 2014 оны 02 сарын 18-ныг хүртэл хугацаанд зээлийн төлбөрт зөвхөн үндсэн зээлд 9.932.071 /есөн сая есөн зуун гучин хоёр мянга далан нэг/ төгрөг, зээлийн хүүнд 7427279.16 /долоон сая дөрвөн зуун хорин долоон мянга хоёр зуун далан есөн төгрөг арван зургаан мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 261.755.36 /хоёр зуун жаран нэгэн мянга долоон зуун тавин таван төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөг, нийт 17621105.52 /арван долоон сая зургаан зуун хорин нэгэн мянга нэг зуун таван төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөг төлсөн.

Үүнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд зээлдэгч Ц.Баатаржаргал, Т.Золбоо нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлэхгүй, зээлийн гэрээний хугацаа дуусаад 1 жил 5 сарын хугацаа өнгөрсөн байхад огт төлөлт хийхгүй байх бөгөөд Хадгаламж банкны эрх хүлээн авагчид чанаргүй зээл бүртгэлтэйгээр шилжин ирснээс хойш зээлийн өр төлбөрийг бүрэн барагдуулахыг удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийн байдлаар зээлийн өр төлбөрт огт төлөлт хийгээгүй байгаа нь банкийг илт хохироож байх тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Зээлдэгч Ц.Баатаржаргал, Т.Золбоо нарын зээлийн нийт өр төлбөр нь 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд:

Үндсэн зээлийн үлдэгдэл 6.210.929 / зургаан сая хоёр зуун арван мянга есөн зуун хорин ес/ төгрөг,

Зээлийн хуримтлагдсан хүүний үлдэгдэл 4352712.46 / дөрвөн сая гурван зуун тавин хоёр мянга долоон зуун арван хоёр төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөг,

Зээлийн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 851737.87 /найман зуун тавин нэгэн

мянга долоон зуун гучин долоон төгрөг наян долоон мөнгө/ төгрөг,

Нийт 11.415.379.33 /арван нэгэн сая дөрвөн зуун арван таван мянга гурван зуун далан есөн төгрөг гучин гурван мөнгө/ төгрөг.

Нэхэмжлэлийн шаардлага:

1.Хариуцагч Ц.Баатаржаргал, Т.Золбоо нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 11.415.379.33 /арван нэгэн сая дөрвөн зуун арван таван мянга гурван зуун далан есөн төгрөг гучин гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хэрэв хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулсан /нэхэмжлэлд дурдсан/ үл хөдлөх хөрөнгө болон хариуцагч нарын хөдлөх хөрөнгө, тэдгээрийн эрхүүд, бусад санхүүгийн эх үүсвэрүүдээс хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 1-р баг Холбоо 8-9 тоотод оршин суух, /РД:СК81082211/ Дэмчиг овогт Цоодолын Баатаржаргал шүүхэд гаргасан тайлбартаа: “Ц.Баатаржаргал миний бие нь  Хадгаламж банкинд төлөх ёстой 11415379,33 төгрөгийг төлж дуусгана. Т.Золбоогоор төлүүлэхгүйгээр ганцаараа бие даан төлнө. Үүнийг хялбаршуулсан журмаар байдлаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 1-р баг Бор-Өндөр 8-9 тоотод оршин суух, /РД:СК87062919/ Боржигон овогт Тунгалагийн Золбоо шүүхэд гаргасан тайлбартаа: “Т.Золбоо миний бие нь ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. УБҮ-ийн уулын цехэд гагнуурчин хийдэг. Миний сарын цалин гар дээр 450000 авдаг үүнээс Хаан банкны цалингийн зээлэнд 386000 төгрөг өгдөг. Иймд би Баатаржаргалын зээлийг төлөх боломжгүй.” гэжээ.

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхтунгалаг шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Т.Золбоогоос 11415379,33 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч Ц.Баатаржаргалаас “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 6210929 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүний үлдэгдэл 4352712,46 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 851737,87 төгрөг, нийт 11415379,33 төгрөгийг төлүүлэх саналтай байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг зөвшөөрч байна. Маргах зүйлгүй” гэжээ.

                                                                                   

                                                                       Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Ц.Баатаржаргал, Т.Золбоо нарт холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 6210929 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүний үлдэгдэл 4352712,46 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 851737,87 төгрөг, нийт 11415379,33 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

Хариуцагч Ц.Баатаржаргал, Т.Золбоо нар нь Хадгаламж банкны Хэнтий аймаг, Бор-Өндөр сум дахь Бор-Өндөр тооцооны төвтэй 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 11/177 тоот Цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 12.000.000 /арван хоёр сая/ төгрөг, 2011 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 2.000.000 /хоёр сая/ төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 37 тоот Цалингийн барьцаат зээлийн гэрээ-г байгуулан 2.143.000 /хоёр сая нэг зуун дөчин гурван/ төгрөгийг сарын 2.4 хувь, жилийн 28.8 хувийн хүүтэй, 36 сар буюу 3 жилийн хугацаатайгаар тус тус нэмж авсан болох нь зээлийн гэрээний хуулбар,  нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч Ц.Баатаржаргалын хариу тайлбараар тус тус нотлогдож байна.

Хариуцагч Ц.Баатаржаргал нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 11415379,33 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй бөгөөд хариуцагч тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн байна.   

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхтунгалаг нь хариуцагч Т.Золбоогоос 11415379,33 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч Ц.Баатаржаргалаар “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 6210929 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүний үлдэгдэл 4352712,46 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 851737,87 төгрөг, нийт 11415379,33 төгрөгийг төлүүлэхийг зөвшөөрч, маргаагүй бөгөөд тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд хариуцагч Ц.Баатаржаргал нь 11415379,33 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,

123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага

болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1. Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл 6210929 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүний үлдэгдэл 4352712,46 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 851737,87 төгрөг, нийт 11415379,33 төгрөгийг хариуцагч Ц.Баатаржаргал төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

            2. Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь эрх хүлээн авагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг  дурдсугай. 

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 11415379,33 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 197596 төгрөгний тал хувь болох 98798 төгрөгийг хариуцагч Ц.Баатаржаргалаас гаргуулж төрийн сангийн нэгдсэн дансанд оруулж, улсын орлого болгосугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ц.Баатаржаргал нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж, зээлийн барьцаа хөрөнгийн жагсаалтад дурдсан хариуцагчийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, тэдгээрийн эрхүүд, бусад санхүүгийн эх үүсвэрээс хангуулахыг дурдсугай.

            5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                         С.БАЙГАЛЬМАА