Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 28 өдөр
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, нарийн бичгийн дарга: Л.Ундармаа; улсын яллагч: Н.Түвшинбаяр; шүүгдэгч: Ц.Э, түүний өмгөөлөгч С.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Ц.Эд холбогдох эрүүгийн 1809032860845 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар: Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Төв аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин гоо сайханч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 29 дүгээр гудамжны 90 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, НБ90102700 регистерийн дугаартай, Бэсүд овогт Ц.Э. Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр: Яллагдагч Ц.Э нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зөгийн үүр худалдааны төвийн нэг давхарт иргэн Б.Баяржаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э мэдүүлэхдээ: Нэмж мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь хэрэгт болсон асуудлын талаар ярьсан. Яллах дүгнэлтэд миний мэдүүлгийг тусгасан байна гэв. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Баяржаргал /хх-ийн 10-11/, гэрч Г.Даваадорж /хх-ийн 24-25/, Т.Найрамдал /хх-ийн 20--21/, Б.Даваа-Очир /хх-ийн 21-23/ нарын мэдүүлэг, Ц.Эгийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 17-19, / зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Ц.Э нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зөгийн үүр худалдааны төвийн нэг давхарт Б.Баяржаргалтай маргалдан зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд: хохирогч Б.Баяржаргалын /хх-ийн 10-11/: “... 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 13 цаг өнгөрч байхад би Зөгийн үүрэнд байдаг барилгын материалын лангуун дээрээ очсон чинь манай 10 дугаар лангууг хаагаад манай хажуугийн лангууны хүн өөрийнхөө бараануудыг тавьсан байсан. Манай нөхөр тэр хүмүүст “манай лангууг хааж тавьсан бараагаа холдуул” гэсэн чинь тэр хүний охин нь гэх хүүхэн намайг шууд л цохиод авсан. Миний зүүн нүдрүү цохиж миний нүд хавдаж хөхөрсөн...” гэх мэдүүлгээр, гэрч Г.Даваадоржийн /хх-ийн 24-25/: “... Би 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Зөгийн үүр худалдааны төвийн нэг давхарт өглөөний 11-12 цагийн үед лангуун дээрээ сууж байсан чинь Б.Баяржаргалын нөхөр, бас түүний дүү болох Мөөгий гэх охин гурав Ц.Эгийн ээж рүү “хулгайч” гэж хараагаад дайраад байсан. Дараа нь Ц.Э ээжийгээ өмөөрөөд очтол Б.Баяржаргалын нөхөр Ц.Эгийн ээжийг “авгай минь чамайг би сөхрүүлнэ, хулгайч авгай” гэх мэтээр нүд рүү нь чичлээд дайраад байсан. Удалгүй Ц.Эг ээжийгээ өмөөрөөд очиход Б.Баяржаргал нь Ц.Эг үсдээд зууралдаад байсан. Тухайн үед би бусад лангууны хүмүүстэй хамт тэр хоёрыг салгасан...” гэх мэдүүлгээр, Ц.Эгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 85/: “... 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Зөгийн үүр худалдааны төвийн нэг давхарт 12 цагийн үед ажлын байран дээрээ ажлаа хийж байхад хойд лангууны зүс таних Б.Баяржаргал нөхрийнхөө хамт орж ирээд хэрүүл маргаан үүсгэсэн. Тухайн үед Б.Баяржаргал нь ээжийн лангуун дээр ирчихээд ээж рүү маань орилж хашгичиж дарамтлаад байсан. Тэгэхээр нь би лангуу руу нь нөхрийгөө “явж үзчихээд ирээч” гэж хэлээд нөхрийгөө явуулаад удаагүй би өөрөө очтол Б.Баяржаргалын нөхөр нь ээжтэй маань зууралдаад маргалдаад зогсож байсан. Б.Баяржаргал цаад талаас нь ээж рүү маань орилоод гүйгээд ирэхээр нь “ээжийг маань цохих гэж байна” гэж бодоод ээжийгээ хамгаалаад урдуур нь ороод удалгүй Б.Баяржаргалтай үсдэлцэж зууралдаж байгаад Б.Баяржаргалыг цохисон...” гэх мэдүүлгээр, “... Б.Баяржаргалын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 192 дугаартай дүгнэлт /хх-ийн 72-73/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг хохирогч, гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно. Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Ц.Эгийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Ийнхүү шүүгдэгч Ц.Эгийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй. Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв. Хохирогч М.Баяржаргал нь “гомдолтой” гэсэн гэм хорын нөхөн төлбөртэй холбоотой баримтыг хэрэгт хавсаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Ц.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна. Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1. Шүүгдэгч Бэсүд овогт Ц.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 4. Шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ