Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 212/МА2024/00002

 

      2024           01            05                                           212/МА2024/00002                                 

 

 

 

Е.С-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,      

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2023/00864 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч **** оршин суух, И овогт Е.С-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Б  сумын *** дүгээр багт оршин суух, Ш овогт Ш.Д-, Ш овогт М.Т- нарт тус тус холбогдох,  

 

“Хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Е.С-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч Ш.Д, М.Т , хариуцагч М.Т-гийн өмгөөлөгч Я.Сьезд, орчуулагч Б.Жанерке, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Айгерим нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Миний бие Е.С- 2012 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Д.А-тэй гэр бүл болж, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн юм. Е.С- миний бие 2012 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нөхөр Д.А-тэй гэр бүл болсон мөчөөс эхлэн хадам аав Ш.Д-, хадам ээж М.Т- нартай хамтран амьдарч ирсэн. Нөхөр Д.А-тэй гэр бүл болж хамтран амьдарсан хугацаанд бид хоёрын дундаас 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүү А.Н-, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний хүү А.А-, 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүү А.М-, 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр охин А.А-нар төрсөн бөгөөд одоо хүүхдүүд маань миний асрамжид байгаа болно.

1.2. Гэтэл нөхөр Д.А- нь 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр зуурдаар нас барж, би нөхрөө алдаж, төрүүлсэн 4 хүүхэд маань эцгээ алдаж, хагас өнчрөн үлдэж, бидний гэр бүлд нөхөж барагдашгүй уй гашуудал тохиолдсон юм.

1.3. Миний бие 2012 онд нөхөр Д.А-тэй гэр бүл болсон мөчөөс эхлэн хадам эцэг Ш.Д- хадам ээж М.Т- нарын хамт нэг гэр бүлд өөрөөсөө гарсан хүү А.Н-, А.А-, А.М-, охин А.А-нарын хамт хамтран амьдарч ирсэн учир Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт зааснаар хадам эцэг Ш.Д-, хадам ээж М.Т-, хүү А.Н-, А.А-, А.М-, охин А.А-, нэхэмжлэгч миний бие бид бүгд нэг гэр бүлийн гишүүд болох юм.

1.4. Нөхөр Д.А- нь 2021 оны 8 дугаар сард нас барсан мөчөөс эхлэн хадам эцэг Ш.Д- нь намайг ад үзэж, удаа дараа хөөж туугаад улмаар надаар хонь малыг явганаар маллуулж зарц хэлбэрээр ашигласан. Тэр ч байтугай төрүүлсэн 4 хүүхдээ орхиод надад хоёр дахь нөхөрт гарч зайл гэж шаардаж, өөрийнхөө байр суурийг охиноороо дамжуулан хэлж байгаа юм. Энэхүү нөхцөл байдлаас болж би 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж сургуулийн насны хүү А.Н-, А.А- нарыг Бугат сумын ерөнхий боловсролын сургуульд сургах үүднээс Бугат сумын төвд нүүж ирээд хадам эцэг Ш.Д-ын өмчлөлд байгаа 64 м.кв модон байшин хашаанд амьдарсан. Цаашдаа хадам аав Ш.Д-, хадам ээж М.Т- нартай хамт амьдрах боломжгүй болсон учраас гэр бүлийн бүрэлдэхүүнээс бага насны дөрвөн хүүхдийн хамт гараад явсан учир Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Ш.Д-ээс хамтран өмчлөх дундын хөрөнгийн ногдох хэсгийг нэхэмжлэгч Е.С- надад болон бага насны хүүхэд А.Н-, А.А-, А.М-, охин А.А-бидэнд хувааж өгөхийг хүсье.

 

2. Хариуцагч Ш.Д-ын тайлбар, татгалзал:

2.1. Миний хүү Д.А- нь Е.С-тэй 2012 онд гэр бүл болсон. Тэдний дундаас А.Н-, А.А-, А.М-, А.А-нар төрсөн. Д.А- нь 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр зуурдаар нас барсан. Ингээд бэр Е.С- нь 4 хүүхдийн хамт бид нартай хамт амьдарч байсан. Е.С- хүүхдүүдээ сургана гэж Бугат сумын төвд байсан миний хувийн сууцад амьдарч байсан. Харин одоо Е.С- уг байшингаа орхиод өөрийн төрхөм рүү нүүж явж одоо тэнд амьдарч байгаа.

2.2. Ш.Д-ын гэх өрх 2022 оны жилийн эцсээр адуу 23, үхэр 9, хонь 140, ямаа 300, нийт 472 толгой мал тоолуулсан юм. Би эхнэртэйгээ зөвлөлдөж байгаад Е.С- нь манай хүүтэй арваад жил хамт амьдарсан, одоо 4 өнчин хүүхэдтэй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан адуу 5, үхэр 3, хонь 20, ямаа 100-г ямар нэгэн маргаангүй өгье гэж шийдвэрлэсэн.

2.3. Иймд Е.С-ийн нэхэмжлэлийг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

 

3. Хариуцагч М.Т-гийн тайлбар, татгалзал:

3.1. Нөхөр Ш.Д- бид хоёрын хүү Д.А- нь Е.С-тэй 2012 онд сайн дурын үндсэн дээр гэр бүл болсон. Д.А-, Е.С- нарын дундаас өнгөрсөн хугацаанд Н, А, М-, Ай нар төрсөн.

3.2. Хүү Д.А- нь 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр зуурдаар нас барсан. Ингээд Е.С- нь 4 хүүхдийн хамт манайд нэг хэсэг хугацаанд хамт амьдарч байгаад хүүхдүүдийг сургана, сумын төвд амьдарна гэж Бугат сумын төвд байдаг манай хувийн сууцанд амьдарч байсан. Харин одоо Е.С- бидний байшингаас нүүж өөрийн төрхөм Ерланы гэрт нүүж, одоо тэнд хүүхдүүдийн хамт амьдарч байна.

3.3. Е.С-ийн нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2023/00864 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.3-д заасныг баримтлан хариуцагч Ш.Д-, хамтран хариуцагч М.Т- нараас гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөнөөс 28,080,530 гаргуулан нэхэмжлэгч Е.С-, гэр бүлийн гишүүд А.Н-, А.А-, А.М-, А.А-нарт олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Е.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Е.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 228,153 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар гаргуулан улсын орлого болгож, хариуцагч Ш.Д-, хамтран хариуцагч М.Т- нараас 298,353 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Е.С-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар эд хөрөнгөнд үнэлгээ хийлгэсэн шинжээчийн ажлын хөлс 500,000 төгрөгийг тэнцүү хувааж нэхэмжлэгч Е.С-ээс 250,000 төгрөг, хариуцагч М.Д-, хамтран хариуцагч Ш.Т- нараас 250,000 төгрөгийг тус тус гаргуулан Шүүхийн тамгын газарт олгож шийдвэрлэжээ.  

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Нэхэмжлэгч Е.С- миний бие Д.А-тэй 2012 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болж, хадам эцэг Ш.Д-, хадам эх М.Т- нарын хамт нэг өрхөд хамтран амьдарч, 2022 оныг хүртэл нэг гэр бүлийн гишүүний хувиар амьдарч байна. Гэрлэлтийг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хууль ёсоор бүртгүүлсэн бөгөөд 2013 онд хүү Н, 2016 онд хүү А, 2017 онд хүү М-, 2020 онд охин Ай нар төрсөн юм. Нөхөр А- нь 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр ослын улмаас зуурдаар нас барсан болно.

5.2. Бид гэр бүл болсон 2012 оны 11 дугаар сараас эхлэн 2022 оны 9 дүгээр сард хичээл эхэлтэл хадам эцэг Ш.Д-, хадам эх Т-, нөхөр хүүхдүүдийн хамт Бугат сумын Хатуугийн гол, Харганат зэрэг газарт оршин сууж, мал аж ахуй эрхэлж амьдарч байсан ба хадам эцэг, хадам ээж нар настай буурал хүмүүс учир нөхөр Д.А- бид хоёр байнга мал аж ахуйг эрхлэн явуулж, зун намрын цагаар хадам эцэг эхээс салж, отрын гэр, Хатуугийн голын эхэнд уулын хярд барьсан жижиг чулуун байшин /амбаар/-д амьдарч 4 төрлийн хувийн малыг отрын аргаар маллаж өсгөсөн, унтаж амрах завгүй зүтгэж, уйгагүй хөдөлмөрлөн зүтгэсний ачаар малын зүй бус хорогдолгүй өсгөж, түүний ачаар хамтран амьдарсан 11 жилийн дотор малын тоо толгойг 472 толгойд хүргэн өсгөж, малын ашиг шим түүхий эд болон зарим малыг зарж, борлуулж эргэлтэд оруулан,  түүний орлогоор 2015 онд “Харгант” гэх газраас иж бүрэн малын саравчтай хашаа хороо,өвлийн байшин, махны амбаарын хамт Ш.Х, Б нараас 8 000.000 /найман сая/ төгрөгөөр худалдаж авсан. Мөн “Хатуугийн гол” гэдэг газар байршилтай хадам эцгийн хуучин өвлийн байшинг буулгаж, манай хүүхдүүдийг сургахад зориулж нөхөр А- нь Бугат сумын төвд зөөвөрлөн ирж, 2020 онд хүн хөлслөн бариулж, хашаа татаж, худаг гаргаж тохижуулсан юм.

5.3. Малыг эргэлтэд оруулж, мөн малын ашиг шим, түүхий эд (ноос, ноолуур гэх мэт) зэргийн орлогоор Вонго Пронтер загварын ачааны тээврийн хэрэгсэл, Shinеггу-150 маркийн мотоцикл, Согollа маркийн суудлын тээврийн хэрэгслүүдийг хамтран амьдарсан хугацаанд худалдан авсан тул хамтран өмчлөх дундын хөрөнгө болох юм.

5.4. Бугат       сумын “Харганат” гэх газраас 2015 онд худалдан авсан өвлийн байшин, саравчтай хашаа хороо,иж бүрэн төлийн пүнз амбаар зэрэг бүрэн тохижсон үл хөдлөх эд хөрөнгийг дундын хөрөнгөд тооцуулах нэхэмжлэл гаргаагүй байгаа учир нь  одоо тэнд хариуцагч Ш.Д, М.Т  нар амьдарч байна.

5.5. Шүүгчийн            захирамжаар томилогдсон “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлангийн Дүгнэлтэд: Малын төрөл ,нас, хүйсийг тус тусад нь ялгаж, мал тооллогын 2022 онд тоологдсон малын төрөл, тоо толгойгоор нь тооцож нэг бүрийн үнэлгээ болон бүх малын үнэлгээг гаргасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх Шинжээчийн тогтоосон үнийг баримтлалгүй, хуульд заагдаагүй үндэслэлээр өөрийн үзэмжээр “Дундаж үнэ’' гэгч томьёолол гаргаж, шүүхийн байгууллага үнэ тогтоож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж гомдол гаргаж байна.

5.6. Мөн Е.С- миний бие 2012 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Д.А-тэй гэр бүл болж, 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр анхны хүү А.Н-ыг төрүүлсэн, Гэрлэлтийг 2013 оны 12-р сарын 12-ны өдөр хууль ёсоор бүртгүүлсэн байтал, бид гэр бүл болсноос хойш нэг жил өнгөрсний дараах 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тасалбар болсон “жилийн эцсийн мал тооллогын “А” картыг үндэслэж 2013 онд тоологдсон мал зөвхөн Ш.Д, М.Т  нарын хуваарьт хөрөнгө” гэж, үнийн дүнгээр 2022 онд бэлэн тоологдсон малын тооноос хасаж, шийдвэрлэсэн 2013 онд тоологдсон малыг /гэр бүл болсноос хойш нэг жил өнгөрсөн/ хариуцагч Ш.Д, М.Т  нарын хуваарьт хөрөнгө гэж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсгийн 127.1.1-д заасан “Гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө, мөнгөн хуримтлал хуваарьт өмч байна” гэснийг зөрчсөн байна

5.7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ НЬ” хэсгийн 12.4 дэх заалтын 1, 2, 3 дахь хэсэгт Тээврийн хэрэгслийн үнийг “Ашид Билгүүн” ХХК-ны 2023 оны ТХҮ-323-6315 дугаартай Дүгнэлт-ийн тогтоосон үнийг баримталж шийдвэрлэсэн атлаа, малын үнийг шүүхийн санаачилгаар үнэлж шийдвэрлэсэн нь шүүх нотлох баримтыг буруу дүгнэсэн, нэг төрлийн нотлох баримтыг хоёр өөр аргаар үнэлсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй байна.

5.8. Мөн анхан шатны шүүх 2023 онд тоологдсон малын үнэ өртгийг Д-, Т- нарын хуваарьт хөрөнгө гэж хасаж тооцохдоо “Ашид Билгүүн” ХХК-ийн (Үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй) гаргасан 2023 оны малын ханшийг баримталсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзнэ. Учир нь 2013 оны малын орон нутгийн ханшийг тогтоолгож шийдвэрлэх байсан.

5.9. Бугат сумын 5 дугаар баг буюу сумын төвд байгаа 2020 онд барьж ашиглалтад оруулсан 64 м.кв байшин буюу үнэлгээ 35,376,478 төгрөгийн үнэ бүхий худаг гараж, иж бүрэн хашааны хамт 3,743,750 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ бичиг баримтгүй, зохиогчид амьдарч байгаагүй, гэр бүлийн гишүүдийн хөрөнгөөр баригдсан эсэх тодорхойгүй гэж шийдвэрлээгүй орхисон нь холбогдох хуулийг ноцтой зөрчсөн байна Тэр байшин,хашаа хороо зохигчдын хөрөнгө биш бол хэний өмч гэж үзэх юм бэ? Эзэнгүй хөрөнгө гэж байх учиргүй. Тухайн байшинд нэхэмжлэгч Е.С- би 2021-2022 онуудад амьдарч, 4 хүүхдийн хамт байж, хүүхэд сургаж байсан үйл баримт нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байхад шүүхийн шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ НЬ” хэсгийн 14 дүгээр заалтаар буруу дүгнэлт хийсэн болно. Тухайн байшинг “Хатуугийн гол”-д байсан газраас 2020 онд нүүлгэж ирээд, сумын төвд манай хүүхдүүдийг сургах зорилгоор дахин шинэчлэн томсгон барьж, худаг гаргаж, шинээр хашаа тавьсан болно.

5.10. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2023/00864 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр зөвтгөн шийдвэрлүүлж өгнө үү.

 

6. Хариуцагч Ш.Д-ын давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.

 

7. Хариуцагч М.Т-гийн давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

7.1.  Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргасан байна. Тус аймгийн Бугат сумын төвд байгаа байшинг авна гэж байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

8. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Е.С-ийн хариуцагч Ш.Д, М.Т  нарт холбогдуулан гаргасан хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг хангаагүй тул дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр хууль ёсны байна гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин үндэслэл бүхий байна гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

 

10. Нэхэмжлэгч Е.С- нэхэмжлэлийн үндэслэлээ “...2012 онд нөхөр Д.А-тэй гэр бүл болсон мөчөөс эхлэн хадам эцэг Ш.Д- хадам ээж М.Т- нарын хамт нэг гэр бүлд өөрөөсөө гарсан хүү А.Н-, А.А-, А.М-, охин А.А-нарын хамт хамтран амьдарч ирсэн учир Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт зааснаар хадам эцэг Ш.Д-, хадам ээж М.Т-, хүү А.Н-, А.А-, А.М-, охин А.А-, нэхэмжлэгч миний бие бид бүгд нэг гэр бүлийн гишүүд тул Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагч нараас гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн ногдох хэсгийг нэхэмжлэгч Е.С- надад болон бага насны хүүхэд А.Н-, А.А-, А.М-, охин А.А-бидэнд хувааж өгөхийг хүсэж байна” гэж тайлбарласныг хариуцагч Ш.Д, М.Т  нар “...Е.С- нь манай хүүтэй арваад жил хамт амьдарсан, одоо 4 өнчин хүүхэдтэй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан адуу 5, үхэр 3, хонь 20, ямаа 100-г ямар нэгэн маргаангүй өгье, харин Бугат сумын төвд байдаг үл хөдлөх хөрөнгө миний хуваарьm хөрөнгө” гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

11. Нэхэмжлэгч Е.С- болон Ш.А- нар 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүү А.Н-, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүү А.А-, 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүү А.М-, 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр охин А.А-нар төрсөн, Ш.А- нь 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр нас барсан болох нь хэргийн баримтаар нотлогдож байна.

 

12. Нэхэмжлэгч Е.С- болон түүний нөхөр талийгаач Ш.А-тэй 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрлэсний дараа хүү А.Н-, А.А-, А.М-, охин А.А-, хадам эцэг нь болох хариуцагч Ш.Д-, хадам эх нь болох хариуцагч М.Т- нарын хамт нэг гэр бүлд амьдарч байгаад, 2022 оны 9 дүгээр сард хүү А.Н-, А.А-, А.М-, охин А.А-нарын хамт гэр бүлийн гишүүнээс гарч, тусдаа амьдрах болсон нь зохигчийн тайлбараар тогтоогджээ.

 

13. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад, анхан шатны шүүх 7,000,000 төгрөгийн үнэ бүхий **** БӨТ улсын дугаартай Bongo Frontier маркийн тээврийн хэрэгсэл, 1,600,000 төгрөгийн үнэ бүхий **** БӨЗ улсын дугаартай Shineray XY-150 маркийн мотоцикл, 6,000,000 төгрөгийн үнэ бүхий **** БӨА улсын дугаартай Toyota Corolla маркийн тээврийн хэрэгсэл зэрэг эд хөрөнгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

14. Харин шүүх нэхэмжлэгчийн 2022 оны мал тооллогод тоологдсон нийт 67,090,000 төгрөгийн үнэ бүхий 472 толгой малаас өөрт нь болон 4 хүүхдэд оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Е.С-, Ш.А- нар гэр бүл болохоос өмнө буюу Ш.Д-ын 2013 онд тоолуулсан бүгд 319 тооны малыг хасаж тооцсон нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт нийцээгүй байх тул нэхэмжлэгчийн “...бид гэр бүл болсноос хойш нэг жил өнгөрсний дараах 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тасалбар болсон жилийн эцсийн мал тооллогын “А” картыг үндэслэж 2013 онд тоологдсон мал зөвхөн Ш.Д, М.Т  нарын хуваарьт хөрөнгө гэж, үнийн дүнгээр 2022 онд бэлэн тоологдсон малын тооноос хасаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийг зөрчсөн” гэх гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авч шийдвэрлэлээ.

 

            Түүнчлэн шүүх хариуцагч Ш.Д-ын мал сүргээс хорогдсон нийт 48 тооны малын үнийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчөөс хасаж тооцохдоо “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн БӨА-23-0602 дугаар үнэлгээний тайлангийн Хүснэгт 6-аар гаргасан үнэлгээний дунджаар тооцсон нь учир дутагдалтай болжээ.  

 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн энэхүү тооцооллын алдааг залруулж, 2023 онд хорогдсон 48 тооны малын үнийг Баян-Өлгий аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 182 дугаар албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, Бугат сумын төрийн сангийн мэргэжилтэн Ш.Ерикийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны тодорхойлолтод зааснаар буюу нас гүйцсэн адуу, үхэр, хонь, ямааны нийлбэр үнэ 9600000 төгрөг /2 тооны адуу нэг бүрийг 1400000 төгрөгөөр нийт 2800000 төгрөг, 1 тооны үхрийг 800000 төгрөг, 20 тооны хонийг нэг бүрийг 200000 төгрөгөөр нийт 4000000 төгрөг, 25 тооны ямааг нэг бүрийг 80000 төгрөгөөр нийт 2000000 төгрөг/-ийг 2022 оны мал тооллогоор тоологдсон нийт 472 тооны малын үнэ 67090000 төгрөгөөс хасаж тооцоход гэр бүлийн гишүүдийн хамран өмчлөх дундын өмчид тооцогдох нийт малын үнэ 57490000 төгрөг байна.

 

15. Баян-Өлгий аймгийн Бугат сумын 5 дугаар багт байрлах 4 өрөө бүхий хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгүй хувийн сууц /байшин/, хашаа, газрын хамт Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1-т зааснаар хариуцагч Ш.Д-ын хуваарьт хөрөнгө мөн болох нь зохигчийн тайлбар, Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 117 дугаар захирамж, түүний хавсралтаар тогтоогдсон тул  нэхэмжлэгч Е.С-ийн “...Бугат сумын 5 дугаар баг буюу сумын төвд байгаа 2020 онд барьж ашиглалтад оруулсан 64 м.кв байшин, худаг гараж, иж бүрэн хашааны хамт 39,120,228 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ бичиг баримтгүй, зохиогчид амьдарч байгаагүй, гэр бүлийн гишүүдийн хөрөнгөөр баригдсан эсэх тодорхойгүй гэж шийдвэрлээгүй орхисон нь холбогдох хуулийг ноцтой зөрчсөн байна” гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.  

 

16. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчийн нийт хэмжээ 72,090,000 төгрөг /малын нийт үнэ 57,490,000 төгрөг + **** БӨТ улсын дугаартай Bongo Frontier маркийн тээврийн хэрэгслийн үнэ 7,000,000 төгрөг + **** БӨЗ улсын дугаартай Shineray XY-150 маркийн мотоциклийн үнэ 1,600,000 төгрөг + **** БӨА улсын дугаартай Toyota Corolla маркийн тээврийн хэрэгслийн үнэ 6,000,000 төгрөг/ байна. Иймд гэр бүлийн 7 гишүүний тус бүрд 10,298,571 төгрөгийн хөрөнгө оногдож байх тул нэхэмжлэгч Е.С- болон түүний хүүхдүүд болох А.Н-, А.А-, А.М-, А.А-нарт гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчөөс 51,492,855 төгрөгийн хөрөнгө оногдож байна. Үүнээс нэхэмжлэгч Е.С-ийн зарж борлуулсан **** БӨА улсын дугаартай Toyota Corolla маркийн тээврийн хэрэгслийн үнэ 6000000 төгрөгийг хасаж, хариуцагч Ш.Д, М.Т  нараас 45,492,855 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь хууль ёсны зарчимд нийцнэ.

 

17. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэлээ.

 

18. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хуульд зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2023/00864 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “28,080,530 төгрөг” гэснийг “45,492,855 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж нэхэмжлэгч Е.С-д буцаан олгосугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА                     

 

ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ