| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/0360/Э |
| Дугаар | 401 |
| Огноо | 2019-03-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 401
2019 03 14 401
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Ганбулган,
хохирогч Б.Уянга,
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Б.Год холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 01018 0411 дүгээр хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.Г,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн гүүрний худгийн орчимд иргэн Б.Уянгыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Б.Г нь хохирогч Б.Уянгын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Б.Уянгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 01 цаг 10 минутын үед Хан-Уул дүүргийн кофе шопоос гараад Барсаа гэдэг найзаараа Баянзүрх дүүргийн автобусны буудал дээр хүргүүлсэн тэр буудал дээрээс такси барих гээд гараа өргөхөд жижиг цагаан өнгийн машин ирээд зогссон. Би жолоочийн хажуу талыг харж байгаад суусан. Хүн харагдаагүй машинд ороод суутал хойд талын суудал дээр нэг залуу, урд талын жолоочийн хажууд нэг залуу доошоо атиралдаад хэвтчихсэн нийт 3 залуу байсан. Тэндээсээ Шархадны 2-ын буудал хүргүүлнэ гэж хэлээд суусан. Шар хадруу явж байхдаа хажуу талын залуу надаас шинэлж яваа юм уу, танилцъя гээд байсан. Бүгдээрээ чимээгүй явж байгаад Эрдэнэтолгойн уулзвараар урагшаа эргээд явчихаар нь би “хаашаа яваад байгаа юм бэ би бууя одоо наанаа зогс” гээд хэлсэн машины хаалга онгойлгосон чинь хурдаа хасахаар нь машинаас буугаад гүйх гэтэл жолооч бууж ирээд араас барьж аваад миний нүүр рүү 2-3 удаа цохиод, “яадаг гичий вэ” гэж байсан. Миний толгой эргээд манараад унасан. Намайг чирээд машиндаа суулгах гэхээр би орилоод туслаарай гээд машин руу жийгээд хөлөөрөө тулаад хүмүүсээс тусламж гуйсан. Тэгж байж байтал цагаан өнгийн машин зогсоод танихгүй залуу бууж ирээд та нар боль цагдаа дуудлаа гээд дуудлага өгсөн. Тэгсэн чинь тэр залуу худлаа яриад “наад гичий чинь мөнгөө өгөхгүй зугтаах гээд байна” гэхээр нь би айгаад хэтэвчнээсээ 3000-4000 төгрөг аваад өгсөн. Тэгсэн чинь гэнэт яваад өгсөн. Тухайн үед машин барьж явсан жолооч болох Б.Г гэдэг залуу учруулсан. Тухайн үед Б.Гоос өөр намайг цохиж зодсон хүн байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/,
Гэрч Х.Амарбаясгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
01 цаг 52 минутын үед манай найз охин Б.Батсуурийн утасруу залгасан. Би таксины жолоочид зодуулчихлаа, одоо яах вэ, гээд уйлаад байсан тэгэхээр нь бид шөнө ажил дээрээсээ офицерт такси бариад очсон чинь Б.Уянгын нүүр нь битүү цус хувцас нь бас цус болчихсон байж байсан. Б.Уянгаад тусалсан офицер дээр хүргэж ирсэн эхнэр, нөхөр хоёр цагдаад дуудлага өгсөн гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/;
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шижээчийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2132 дугаартай:
Б.Уянгын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун гарын эрхий хуруунд шарх, баруун зовхинд цус хуралт, дагзны хуйханд зулгаралт, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх шинжээч эмч О.Болороогийн дүгнэлт /хх- ийн 18 тал/,
Шүүгдэгч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр би өөрийн эзэмшлийн Т.Королла маркийн машинаар таксинд явж байхад манай найзууд болох Анхбаяр, Болд хоёр согтуу байна, гэрт хүргээд өгөөч гэхээр нь би Монелиос очиж аваад гэрт нь хүргэж өгөх гээд шархад чиглээд явж байтал цайз 16-н автобусны буудал дээр нэг эмэгтэй гараа өргөөд зогсож байхаар нь очиж зогсоод авч явсан. Тэр эмэгтэйгээс хаана очихыг нь асуухад хангамж орно гэж хэлэхээр нь би Эрдэнэтолгойгоос доошоо цагдаагийн академи рүү эргээд толиндоо хартал тэр эмэгтэйгийн сууж явсан талын хаалга онгойчихсон байсан. Тэгэхээр нь би машинаа зогсоотол тэр эмэгтэй буугаад цаашаа алхаад явчихсан. Тэр үед би тэр эмэгтэйг таксиныхаа мөнгийг өгөхгүй зугтаах гэж байна гэж бодоод араас нь гүйж очоод баруун гарных бугалганаас татаад эргээд харахаар нь нүүр рүү нь гараараа нэг удаа цохиход тэр эмэгтэй нүүрээ гараараа дараад доошоо суусан. Тэгтэл цагаан өнгийн машины жолооч машинаасаа бууж ирээд намайг чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ гэж хэлэхээр нь би тэр жолоочид би яасан юм таксиныхаа мөнгийг авах гэж байна гэж хэлээд Б.Уянга руу эргэж хараад таксиныхаа мөнгийг авъя гэж хэлэхэд Б.Уянга надад мөнгө өгөхөөр нь би өгсөн мөнгийг аваад л тэндээс явсан гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,
Цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 2 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Гын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 40 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Б.Гын иргэн Б.Уянгын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь хохирогчид 2.035.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт, хохирогчийн хохирлоо барагдуулж авсан, тухайн хэрэгт гомдол саналгүй гэх хүсэлт хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, гэмт хэрэг үйлдэгдсэн орчин нөхцөл, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн санал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ