Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
Хэргийн индекс | 101/2016/01919/И |
Дугаар | 1283 |
Огноо | 2016-07-04 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 1283
“Х” ХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/03950 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Х” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “ХХ” ХХК-д холбогдох,
26 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, ХХХХХ,
Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХХХ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, ХХХХХ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХК нь “ХХ” ХХК-тай харилцан тохиролцож, 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 29/10 дугаартай "Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ" байгуулан хамтран ажиллаж байсан. Уг гэрээнд заасны дагуу “ХХХХХХХ” ХХК нь “Х” ХК болон “ХХХХХХХХХ” ХХК-ийн хооронд харилцан холболтын гэрээнээс үүссэн иргэний хэрэгт “Х” ХК-ийн өмгөөлөгчөөр оролцож, өмгөөллийн үйлчилгээний хөлс төлөхөөр харилцан тохиролцсон.
2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн гэрээнд ажлын хөлсийг нэхэмжлэлийн шаардлагыг хангуулсан үнийн дүнгийн 5 хувь байхаар тооцсон бөгөөд үйл ажиллагааны зардалд зориулж 5 000 000 төгрөг төлөхөөр тохиролцож төлсөн. “ХХХХХХХХХ” ХХК-д холбогдох иргэний хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэж 559 дугаартай шийдвэр гарч “ХХХХХХХХХ” ХХК-иас 3 449 334 төгрөгийг гаргуулж “Х” ХК-д олгож, 2 167 474,055 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэргийг 2011 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж шийдвэрлэснээс 40 орчим хоногийн дараа “Х” ХК болон “ХХХХХХХ” ХХК-тай 2011 оны 8 дугаар сарын 03-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд уг нэмэлт гэрээний “3 дугаар зүйлд... Хэрвээ давж заалдах шатны шүүхээр хэргийг “Х” ХК-ийн талд ашигтай шийдвэрлэсэн тохиолдолд Х ХК нь өмгөөлөгчид 80 000 000 төлнө" хэмээн тохиролцож, 80 000 000 төгрөгийг 2011 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өмгөөлөгч “ХХХХХХХ” ХХК-д шилжүүлсэн байна.
Нэмэлт гэрээний 4 дүгээр зүйлд “Хяналтын шатны шүүхээр үйлчлүүлэгч “Х” ХК-ийн талд ашиггүй шийдвэрлүүлсэн тохиолдолд нэмэлт гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу шилжүүлсэн 80 000 000 төгрөгийг өмгөөлөгч нь үйлчлүүлэгч “Х” ХК-д буцаан төлнө" гэж заасан. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 538 тоот тогтоолоор Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох шийдвэр гарсан. Ингээд гэрээний дагуу өмгөөлөгч “ХХХХХХХ” ХХК нь үйлчлүүлэгч “Х” ХК-д 80 000 000 төгрөгийг буцаан төлөх үүргийн дагуу 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 30 000 000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 24 000 000 төгрөг, нийт 54 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 26 000 000 төгрөгийг одоог хүртэл төлөхгүй байгууллагыг хохироож байна.
Иймд “ХХ” ХХК болон “Х” ХК-ийн хооронд байгуулсан "Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ"-ний дагуу “ХХХХХХХ” ХХК-иас 26 000 000 төгрөгийг гаргуулж, “Х” ХК болон “ХХ” ХХК-ийн хооронд 2011 оны 8 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүпэх гэрээний хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай буюу 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 29/10 тоот гэрээний хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хууран мэхэлж хийсэн хууль бус хэлцэл гэж үзэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХэ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Х” ХК болон “ХХХХХХХ” ХХК нь 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулснаар “ХХХХХХХ” ХХК нь “Х” ХК болон “ХХХХХХХХХ” ХХК-ийн харилцан холболтын гэрээнээс үүссэн иргэний хэрэгт “Х” ХК-ийн өмгөөлөгчөөр оролцсон. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасны дагуу “Х” ХК-иас 80 000 000 төгрөгийг “ХХХХХХХ” ХХК-д шилжүүлсэн боловч үүссэн нөхцөл байдлын улмаас нэмэлт гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар ажлын хөлсийг буцаан өгөхөөр болсон.
Ийнхүү дээрх мөнгийг буцаан өгөх талаар талууд 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр уулзаж, харилцан тохиролцсоны дагуу мөнгийг графикийн дагуу буцаан өгөхөөс гадна “ХХХХХХХ” ХХК нь 10 000 000 төгрөгийг хууль туслалцаа үзүүлэх хөлсөнд суутган үлдээхээр болсон. 2012 оны 3 дугаар сард “Х” ХК-ийн үйлчилгээний ажилтны сарын ажлын гүйцэтгэлийг үнэлэх түр журмын талаарх хууль зүйн дүгнэлт, уг журамд засвар оруулсан төсөл, энэхүү журамтай холбоотойгоор Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах саналыг боловсруулж хүргүүлсний ажлын хөлсөнд 1 000 000 төгрөг, Сангийн яам, “ХХХХХ” ХХК-ийн нэхэмжпэлтэй иргэний хэрэгт зөвлөгөө өгч, хууль зүйн туслалцаа үзүүлэх хөлсөнд 9 000 000 төгрөгийг үлдээсэн.
Харин 16 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2011 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардлага гаргасныг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Дээрх хэлцэл нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, хуулийн шаардлага хангаагүй хэлцэл аль ч талаараа биш бөгөөд хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Талууд гэрээ хийх болсон нөхцөл байдлыг бүрэн мэдэж танилцсан, түүний үндсэн дээр харилцан тохиролцож 2011 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх 29/10 тоот гэрээний хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл талуудын хэн аль нь гэрээний гол нөхцөлийн тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулсан тул тус гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1-т заасныг баримтлан хариуцагч “ХХХХХХХ” ХХК-иас 26 000 000 /хорин зургаан сая/ төгрөгийг гаргуулж “Х” ХК-д олгож, 2010 оны 10 сарын 28-ны өдрийн 29/10 дугаартай "Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ"-ний хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2011 оны 8 сарын 03-ны өдрийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 845 900 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “ХХХХХХХ” ХХК-иас 287 950 төгрегийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХэ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 26 000 000 төгрөгийг бүхэлд нь хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн, хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... нийт 10 000 000 төгрөгийг суутгах үндэстэй гэж мэтгэлзэж байгаа боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцох үндэслэлгүй байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрийг буцаан өгөх талаар талууд 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр болон 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр уулзаж харилцан тохиролцсоны дагуу мөнгийг графикийн дагуу буцаан өгөхөөс гадна "ХХ" ХХК нь 10 000 000 төгрөгийг хууль туслалцаа үзүүлэх хөлсөнд суутган үлдээхээр болсон тул буцаан төлөх үндэслэлгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа юм.
10 000 000 төгрөгийг хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд суутгах ёстой гэж маргаж байгаа болохоос биш нэхэмжлэгчээс энэхүү мөнгөө шаардаж байгаа зүйл огт биш юм. Гэтэл анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэх үндэслэлээр хариуцагчаас 10 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Хариуцагчийн зүгээс 10 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлохоор баримтуудыг шүүхэд хангалттай гаргаж өгсөн байтал шүүх хариуцагчийн гаргаж өгсөн аль ч нотлох баримтыг үнэлээгүй. Тодруулбал, 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр болон 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр уулзалтын тэмдэглэл, "Х" ХК-ийн "Үйлчилгээний ажилтны сарын ажлын гүйцэтгэлийг үнэлэх түр журам"-ын талаарх хууль зүйн дүгнэлт, уг журамд засвар оруулсан төсөл, энэхүү журамтай холбоотойгоор Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах санал, Сангийн яамны нэхэмжлэлтэй болон "ХХХХХ" ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргүүдэд хариуцагч /“Х ХК”/-р, зөвлөгөө өгч, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг нь хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангахуйц байдлаар авагдсан байхад анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, дүгнээгүй.
"Х" ХК-ийн нэхэмжлэлтэй "ХХ" ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн өмгөөлөгчөөр ХХХХХХ оролцож байсан юм. 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр энэхүү хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж, хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт ирүүлсэн боловч шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй нь хариуцагчийг өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг хязгаарласан.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байгаа тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т заасан "... "ХХ" ХХК-аас 26 000 000 төгрөгийг гаргуулж Х ХК-д олгож,..." гэснийг "... 16 000 000..." төгрөг болгон өөрчилж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх боловч шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
Нэхэмжлэгч “Х” ХК хариуцагч “ХХ” ХХК-д холбогдуулан өмгөөллийн хөлсөнд төлсөн 26 000 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 29/10 дугаартай “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2011 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Хариуцагч “ХХ” ХХК нь хууль зүйн туслалцаа үзүүлсэн үйлчилгээний хөлсөнд суутгаж үлдээх үндэслэлээр 10 000 000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж, нэхэмжлэлийн шаардлагаас 16 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн байна.
Нэхэмжлэгч нь Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 525 дугаар магадлал 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гарснаас хойш хууран мэхэлж, 2011 оны 8 дугаар сарын 03-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулсан тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
Талуудын хоорондын 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 29/10 дугаартай “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулах талаар 2011 оны 8 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулж ажлын хөлс нь эрх бүхий байгууллагаар хэргийг шийдвэрлүүлж, гэрээ дүгнэх үед нэхэмжлэлийн шаардлагыг хангасан дүнгийн 10 хувь байхаар зааж, хэрвээ давж заалдах шатны шүүхээр хэргийг үйлчлүүлэгчийн талд ашигтай шийдвэрлүүлсэн тохиолдолд үйлчлүүлэгч нь 80 000 000 төгрөгийг өмгөөлөгчид төлнө, хяналтын шатны шүүхээр үйлчлүүлэгчийн талд ашиггүй шийдвэрлүүлбэл тус 80 000 000 төгрөгийг өмгөөлөгч нь үйлчлүүлэгчид буцаан төлнө гэсэн болзол тавьсан агуулга бүхий тохиролцоог хийжээ.
Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан дээрх гэрээний агуулгаас үзвэл “үйлчлүүлэгчийн талд шүүхийн шийдвэрийг ашигтайгаар эсхүл ашиггүй гаргуулбал 80 000 000 төгрөгийг төлнө” гэсэн болзол бүхий байх тул Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан болзол тавьж хийсэн хэлцэлд хамаарахаар байна.
Талуудын хоорондын хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбоотой харилцаа нь агуулгаараа Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хууль зүйн туслалцаа буюу үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэгч нь тохирсон хөлсийг төлөх талаар тохиролцсон агуулга бүхий хөлсөөр ажиллах гэрээний харилцаа бөгөөд өмгөөлөгч тал үйлчлүүлэгчид хуулиар тодорхойлсон өмгөөллийн үйлчилгээг үзүүлж, үйлчлүүлэгч нь хэлэлцэн тохирсны дагуу хөлс төлөх үүрэг хүлээх боломжтой болохоос шүүхийн хараат бусаар гаргах шийдвэрийг үйлчлүүлэгч талд ашигтай, ашиггүй гэсэн шалгуур заан тодорхой үнэлгээнд оруулах болзол тавих нь хуульд нийцэхгүй юм. Учир нь Өмгөөллийн тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлээр тодорхойлсон өмгөөллийн үйл ажиллагааны төрөлд “шүүхээр ашигтай шийдвэр гаргуулах” хэлбэрийн үйлчилгээг заагаагүй байна.
Иймд давж заалдах шатны шүүхээс тодорхой шийдвэр гарснаас хойш Улсын Дээд шүүхээс үйлчлүүлэгчийн талд ашигтай шийдвэр гаргуулах агуулга бүхий болзолтойгоор гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасан болон 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдоно.
Дээрх үндэслэлээр 2011 оны 8 дугаар сарын 03-ны нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ нь хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгчийн уг гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүх гэрээний агуулга, маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг оновчтой хэрэглээгүй байгааг залруулан шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн энэ хэсгийг хангасан өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Түүнчлэн гэрээ нь хүчин төгөлдөр бус тул уг гэрээний дагуу өмгөөлөгчид төлсөн 80 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг хангасан нь зөв боловч уг маргаанд хамаарах хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
Хариуцагч “ХХ” ХХК нь дээрх төлбөрөөс 54 000 000 төгрөгийг буцаан төлсөн, маргаанд хамааралгүй байна.
Хариуцагч нэхэмжлэлээр шаардсан 26 000 000 төгрөгөөс 16 000 000 төгрөгийг төлөх ёстой гэдгээ зөвшөөрсөн, харин 10 000 000 төгрөгийг 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлсөнд үлдээнэ гэх боловч уг гэрээ нь 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 29/10 дугаартай болон 2011 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн нэмэлт гэрээний салшгүй хэсэг гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлж өгсөн мөнгөн хөрөнгөөс Өөр гэрээний ажлын хөлсний 10 000 000 төгрөгийг суутган үлдээх эрх хариуцагчид үүсэхгүй юм.
Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хэлцэл хүчин төгөлдөр бус байхыг тогтоолгох болон 26 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Мөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасантай холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 845 900 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/03950 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 29/10 дугаартай “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2011 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч “ХХ” ХХК-иас 26 000 000 төгрөгийг гаргуулж “Х” ХК-д олгосугай” гэж өөрчлөн найруулж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын “287 950 төгрөгийг” гэснийг “ 845 900 төгрөгийг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
А.ОТГОНЦЭЦЭГ