Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2019/0379

 

2019 оны 07 сарын 17 өдөр           Дугаар 221/МА2019/0379                          Улаанбаатар хот

Н.О нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 115/ШШ2019/0014 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч нар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Н.О нарын нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Х.О, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Н.Б нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 115/ШШ2019/0014 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4, 28.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 6.4.8-д заасныг тус тус баримтлан Н.О, Г.Т, Г.Б, Х.А, Д.Х нарын Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Х.О, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Н.Б нарын гаргасан 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24/02-193 дугаар, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24/02-194 дүгээр актуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/305 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 5.2-т “Мэргэжлийн зэргийн нэмэгдлийг сарын үндсэн цалингаас Засгийн газрын тогтоолоор тогтоосон хувь хэмжээгээр тооцон олгоно” гэсэн байдаг ба мөн хавсралтын 5.3 дахь заалтад “Ерөнхий боловсролын сургууль, аймаг, нийслэлийн Боловсролын газар, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гаргасан шийдвэр болон мэдээлэл, хяналт шинжилгээнд тулгуурлан багшид мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгоход шаардагдах зардлыг тооцож, жил бүрийн боловсролын болон байгууллагын төсөвт тусгана” гэж заасан байдаг тул уг сургуулийн төсвийг захирагч болох захирал Г.Т, Н.О нар нь төсөвтөө төлөвлөн тусгасан багш нарынхаа мэргэжлийн зэргийн нэмэгдлийг болон ур чадварын зэргийн нэмэгдлийг төлөвлөн тооцсон байдаг тул төсвийг үр ашиггүй, хэмнэлтгүй зарцуулсан бу харин ч зөв төлөвлөж зарцуулсан нь харагдаж байна. Мөн багш нар мэргэжлийн зэргийн нэмэгдлээ бүтэн 5 жилийн дараа, харин ур чадварын нэмэгдлээ хагас жилийн ажлаа үнэлүүлэн тус бүр хийсэн ажлынхаа үр шимийг хувь тогтоолгон авдаг тул багш нарын нэмэгдлийг бүтэн олгох нь зөв зүйтэй шударга үйл явц бөгөөд энэ нэмэгдлийг хасаад явах нь багш нарын эрх ашгийг зөрчиж явааг дээрх захирлууд харин ч соргогоор олж хараад багш нарынхаа эрхийг хамгаалах үүднээс хуулийг баримтлан багш нарын эрх ашгийг боломжит аргаар хамгаалсан төдий байна.

Энэ нь акт тавигдах үндэслэл болсон 2007 оны 307/91/237 дугаар тушаалын 25 дугаар заалтад 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/376/217/366 дугаар “Журамд өөрчлөлт оруулах тухай” тушаалын 1-д дээрх заалтыг өөрчлөн найруулж, нэмэгдлүүдийг бүрэн олгодог болсноос харагдаж байна. Өөрөөр хэлбэл, багш нарын эрх ашгийг зөрчиж байсныг нотолж байна гэж үзэж байна. Тийм учраас манай нэхэмжлэлийг бүрэн хангах үндэслэл энэ болж байна.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Тийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг, эсхүл бүхэлд нь хангах” гэж заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Дорноговь аймаг дахь Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24/02-193 тоот актаар “... багш нарт суралцагчдын улирлын амралтын хугацааны мэргэжлийн зэрэг, ур чадварын нэмэгдлийг нөхөн олгохоор шийдвэрлэж, ... 4,805,477 төгрөгийг сурагчдын улирлын амралттай байх хугацаанд 3 сайдын тушаалаар батлагдсан журмыг зөрчиж илүү тооцож олгосон зөрчил” гаргасан гэж үзэн нэхэмжлэгч Н.О, Х.Анхчимэг, Д.Хишигсүрэн нараар төлүүлэхээр, мөн өдрийн 24/02-194 тоот актаар “Сайншанд сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургууль нь 2016, 2017 онд сурагчдын улирлын амралттай байх хугацаанд багш нарт Засгийн газрын 2001 оны 90 дүгээр  тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан цалингийн нэмэгдлийг дээрх тушаалыг зөрчиж ... 3,0003,871 төгрөг илүү тооцож олгосон зөрчил” гаргасан гэж үзэн нэхэмжлэгч Г.Т, Г.Б, Х.А, Н.О, Д.Х нараар нөхөн төлүүлэхээр тогтоосон байна.

1. Төрийн албаны тухай (2003 оны) хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4-д зааснаар төрийн албан хаагчийн цалин хөлс нь “үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон докторын, мэргэшлийн зэрэг, цол, ур чадварын нэмэгдэл, бусад нэмэгдлээс тус тус бүрдэнэ”, 28.9-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн нэмэгдэл, бусад нэмэгдэл хөлсний доод хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 90 дүгээр тогтоолын[1] 2 дугаар хавсралтаар аймаг, сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төвийн ажилтнуудад олгох цалингийн нэмэгдлийг баталсан байх бөгөөд уг нэмэгдлийг сурагчдын улирлын амралттай байх хугацаанд олгосныг хууль зөрчсөн гэж дүгнэх боломжгүй байна.

Учир нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д зааснаар төсвийн шууд захирагч нь (энэ тохиолдолд сургуулийн захирал) “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” бүрэн эрхтэй байхаар хуульчилсан. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/305 дугаар тушаалаар[2] баталсан “Багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын 5.2-т “Мэргэжлийн зэргийн нэмэгдлийг сарын үндсэн цалингаас Засгийн газрын тогтоолоор тогтоосон хувь хэмжээгээр тооцож олгоно” 5.3-т “Ерөнхий боловсролын сургууль, аймаг, нийсл‎‎элийн Боловсролын газар, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гаргасан шийдвэр болон мэдээлэл, хяналт-шинжилгээнд тулгуурлан багшид мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгоход шаардагдах зардлыг тооцож, жил бүрийн боловсролын болон байгууллагын төсөвт тусгана” гэж тус тус заажээ.

Дээрх хууль, журамд заасны дагуу нэмэгдлийг төсөвлөж сурагчдын улирлын амралтын хугацаанд мэргэжлийн зэрэг, ур чадварын нэмэгдлийг нөхөн олгосон байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч нар “багш нар нь ур чадварын нэмэгдэл авахдаа хагас жилд хийсэн ажлаа дүгнүүлж, авсан үнэлгээгээрээ дараа сараас нь эхлэн сар бүр ур чадварын нэмэгдэл авдаг ... сурагчдын амралтаар ч ажиллаж байдаг” гэж маргасан нь үндэслэлтэй. Тухайн байгууллагын батлагдсан төсвийг зориулалтын дагуу буюу мэргэжлийн зэрэг, ур чадварын нэмэгдлийг олгоход зарцуулсан Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8-д заасан төсвийг зохистой удирдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй, авлага, өр төлбөр үүсгээгүй, зориулалтын дагуу зарцуулсан гэж үзэхээр байна.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг тус тус үндэслэн баталсан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2007 оны 307/91/237 дугаар хамтарсан тушаалын 25-д “Сурагчийн улирлын амралт болон онцгойлон хүндэтгэх шалтгаанаар хичээллээгүй байсан хугацаанд багшид албан тушаалын үндсэн цалинг олгоно” гэж заасан байжээ. Хэдий тийм ч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2017 оны А376/217/366 дугаар тушаалаар уг заалтыг “Сурагчийн улирлын амралт болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосон боловч багш үндсэн ажлаа гүйцэтгэж байгаа тохиолдолд багшид албан тушаалын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшил олгоно” гэж өөрчлөн найруулснаас үзвэл “сурагчийн улирлын амралт болон онцгойлон хүндэтгэх шалтгаанаар хичээллээгүй байсан хугацаанд багшид албан тушаалын үндсэн цалинг олгоно” гэх зохицуулалтад албан тушаалын үндсэн цалинг олгохоор зохицуулсан боловч төсвийн шууд захирагчаас сурагчийн улирлын амралттай байх хугацаанд багш нар үндсэн ажлаа гүйцэтгэж байгаа нөхцөл байдлыг харгалзаж үзэж, эрх хэмжээнийхээ хүрээнд, батлагдсан төсвийг, зориулалтын дагуу захиран зарцуулсныг хууль зөрчсөн гэж дүгнэх боломжгүй байна.

Нэмэгдэл олгосон байдал нь энэ талаарх харилцааг зохицуулсан хуулийг зөрчөөгүй, харин хамтарсан тушаалын сурагчдын улирлын амралтын хугацаанд албан тушаалын үндсэн цалинг олгоно гэсэн зохицуулалт нь хуулиар зөвшөөрсөн нэмэгдэл олгож болох зохицуулалтын дагуу гаргасан шийдвэрийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 115/ШШ2019/0014 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8, 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.О, Г.Т, Г.Б, Х.А, Д.Х нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24/02-193, 24/02-194 тоот актуудыг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ