Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2016/0142

 

П.Н, “С ц” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, О.Зандраа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч П.Н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, өмгөөлөгч Ц.Г, “С ц” ХХК-ийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 637 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 126 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч П.Н-гийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор П.Н, “С ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Зандраагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч П.Н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Н нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэхийн цагаан хаалганы баруун хойд талд байрлах 250 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэщээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон. Тухайн үед дүүргийн Засаг даргын 399 дүгээр захирамжаар 60 иргэнд шинээр газар эзэмшүүлсэн бөгөөд П.Н нь тэдгээрийн нэгэн адил холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн кадастрын зураг, газрын төлбөрөө хийсний дагуу газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон.

Гэтэл газар эзэмших эрхээ эдлэх тал дээр асуудал гарч холбогдох эрх бүхий албан тушаалтны 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хуулбарлан өгсөн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 286 тоот хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх тухай захирамжийн дагуу “Буянт Ухаа” орон сууцны хороолол баригдах газартай давхацсан гэх маргаан үүслээ. П.Н нь холбогдох хууль тогтоомжийн дагуу газар эзэмших эрх олж авсан, тухайн үед маргаж буй газар нь ямар нэг давхцал байхгүй байсан зэрэг нь 250 м.кв газраа эзэмших эрхтэй болохыг нотолж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2007 оны 286 тоот захирамж нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2007 оны 286 тоот захирамжийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 тоот захирамжаар П.Н-гийн эзэмшиж буй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч П.Н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “... Нэхэмжлэгч талаас Нийслэлийн Засаг даргын 2007 оны 286 дугаар захирамжийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 399 дүгээр захирамжаар П.Н-гийн эзэмшиж буй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах шаардлагаа Нийслэлийн Засаг даргын 2007 оны 286 дугаар захирамжийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 399 дүгээр захирамжаар П.Н-гийн эзэмшиж буй газартай давхацсан хэсэг нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрөх гэж өөрчилж байна.

Учир нь маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2007 оны 286 дугаар захирамжаар олгогдсон гэх 90 га газар хаана байгаа нь мэдэгдэхгүй гэсэн нотолгоо гарч ирсэн. Энэ нь 286 дугаар захирамж илэрхий алдаатай, агуулга нь ойлгомжгүй, бодит байдал дээр хэрэгжүүлэх ямар ч аргагүй нөхцөл байдалтай гарсан болохыг харуулж байна.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 747 дугаар захирамжаар “С ц” ХХК-д олгосон газрын Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 399 дүгээр захирамжаар П.Н-гийн эзэмшиж буй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Нийслэлийн Засаг дарга 2010 оны 747 дугаар захирамжаараа “С ц” ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа өөрийнхөө 2007 оны 286 дугаар захирамжийн Хан-Уул дүүргийн 8, 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт эзэмшүүлсэн гэх 90 га газарт багтаан олгосон гэдэг. Маргаж буй 2007 оны 286 дугаар захирамжийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрөх үндэслэл тогтоогдож байгаа тул түүнд үндэслэн гарсан 2010 оны 747 дугаар захирамж хүчингүй болох ёстой” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т, Д.Ц нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Нийслэлийн Засаг даргын 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 286 дугаар захирамжаар “40000 орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 267 дугаар тогтоолоор батлагдсан орон сууцны “Буянт Ухаа” хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн 8, 9,10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх төлөвлөлтийн 90,0 га газрыг Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 747 дугаар захирамжаар “С ц” ХХК нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд орон сууцны зориулалтаар 20 га газрыг Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас 5 жилийн хугацаатай, мөн “Д Б А” ХХК-аас 20 га газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрхийг шилжүүлэн авсан байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь хэсэгт зааснаар “инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар”-ыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах эрх нь Нийслэлийн Засаг даргад олгогдсон байдаг. Тус маргаан бүхий газарт Нийслэлийн Засаг дарга өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд 2007 оны 286 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн бөгөөд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 дүгээр захирамжаар иргэн П.Н-д газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчиж, бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцуулан олгосон байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

Нэхэмжлэгч “С ц” ХХК-ийн захирал Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 267 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 286 дугаар захирамжаар Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт олгогдсон эрхийн хүрээнд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Буянт Ухаа” хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх төсөлд хамтран ажиллахаар 2008 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулан тус нутаг дэвсгэрт 4 га газар гэрээгээр эзэмшиж эхэлсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 747 дугаар захирамжаар манай компани дээр газар эзэмших эрх үүсч, нэгж талбарын дугаар бүхий газар эзэмших гэрчилгээ олгосон.

Өнгөрсөн хугацаанд буюу 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл дээрх газарт газрын төлбөр болон газрын дуудлага худалдааны анхны үнийн төлбөрт 132 сая төгрөгийг Газрын албанд тушааж ямар нэг төлбөрийн зөрчил гаргалгүй явж ирсэн ба Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газартай 2013 оны 6 дугаар сар хүртэл хамтран ажиллах гэрээгээ сунгаж, 2010, 2011 онд тухайн газарт хэрэгжүүлэх орон сууцны барилгын зураг төслөө батлуулж ирсэн.

... Хан-Уул дүүргийн Засаг дарга нь 2008 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 399 дүгээр захирамжаар иргэн П.Н-д тус дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх эрх олгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчиж Нийслэлийн Засаг даргын 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 286 дугаар захирамжаар олгосон эзэмшил газартай давхцуулан олгосон байна. Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 тоот захирамжийн иргэн П.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү“ гэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Г шүүхэд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 дүгээр захирамжаар иргэн П.Н-д тус дүүргийн 9 дүгээр хороо, Нисэхийн цагаан хаалганы баруун хойд талд 250 м.кв газрыг 15 жилийн хугацаатай гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Дээрх захиргааны акт нь “С ц” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй бөгөөд иргэн П.Н нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “... Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана.” гэж заасны дагуу эзэмшиж байгаа. Иймд “С ц” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 637 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 286 дугаар захирамжийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 399 дүгээр захирамжаар П.Н-гийн эзэмшиж буй газартай давхацсан хэсэг нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрөх, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 747 дугаар захирамжаар “С ц” ХХК-д олгосон газрын Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 399 дүгээр захирамжаар П.Н-гийн эзэмшиж буй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, 32 дугаар зүйлийн 32.2, 33 дугаар зүйлийн 33.1.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “С ц” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 дүгээр захирамжийн П.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.

Нэхэмжлэгч П.Н-гийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 126 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 637 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргад холбогдох “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 286 дугаар захирамжийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 дүгээр захирамжаар П.Н-гийн эзэмшиж буй газартай давхацсан хэсэг нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 747 дугаар захирамжаар “С ц” ХХК-д олгосон газрын П.Н-гийн эзэмшиж буй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэгч П.Н-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох “С ц” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 дүгээр захирамжийн иргэн П.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, 2 дахь хэсгийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч П.Н-гийн өмгөөлөгч Ц.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 126 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5, 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.

... Нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

1. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн талаар.

Магадлалын Хянавал хэсэгт “Дээрх захиргааны акт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасан илт хууль бус байх үндэслэлд хамаарахгүй байна. Тодруулбал Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ... 267 дугаар ... тогтоолд үндэслэн Нийслэлийн Засаг дарга 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 286 дугаар захирамжаар ... 90 га газрыг ... эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д ... заасан Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд нийцжээ” гэжээ.

Маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2007 оны 286 дугаар захирамжийн Нэг гэсэн хэсэгт “... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 267 дугаар тогтоолоор батлагдсан орон сууцны Буянт Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн 8, 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх төлөвлөлтийн 90.0 га газрыг Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт эзэмшүүлсүгэй” гэж байдаг. Харин хэрэгт авагдсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 267 дугаар тогтоолын 1-д зааснаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны шинэ хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 60 га газарт баталсан болох нь тогтоогддог.

Өөрөөр хэлбэл хариуцагч Нийслэлийн Засаг дарга Хан-Уул дүүргийн 8, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 30 га газрыг дур мэдэн хууль бусаар эзэмшүүлсэн гэж үзэж байна. Энэхүү үйлдэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь хэсэгт заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт хамаарна. Энэ талаар Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 37 тоот тогтоолын 6-д “захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргахыг захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж ойлгохоор тайлбарласан байдаг.

Давж заалдах шатны шүүх Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсгийг үндэслэн 30 га газрыг нэмж эзэмшүүлсэн үйлдлийг зөвтгөснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь маргаж буй 286 дугаар захирамж Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсгийг үндэслэн гарсан, мөн Нийслэлийн Засаг дарга Хот байгуулалтын тухай хуулийг хэрэгжүүлэхдээ хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баримтлах ёстой байсан.

2. Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн талаар.

Магадлалын Хянавал хэсэгт “... Нийслэлийн Засаг даргын шийдвэрлэх бүрэн эрхэд хамаарах хуулийн зохицуулалтыг зөрчиж Хан-Уул дүүргийн Засаг дарга нь 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 дүгээр захирамжаар иргэн П.Н-д 250 м.кв газрыг, 15 жилийн хугацаатай, амины орон сууцны зориулалтаар эзэмших эрх олгосон байна” гэжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэхэмжлэгч П.Н-д эзэмшүүлсэн газар нь инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй. Өөрөөр хэлбэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар биш болно. Гэтэл шат шатны шүүх Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

3. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар.

Магадлалын Хянавал хэсэгт “Өөрөөр хэлбэл “С ц” ХХК-д газар эзэмших эрхийг шинээр эзэмшүүлэх шийдвэр гаргаж байгаа бус, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 286 дугаар захирамжаар Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт анх олгогдсон газрын эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхэд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2-т заасан шаардлага хамаарахгүй болно” гэжээ.

Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт Хан-Уул дүүргийн 8, 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамруулан 90 га газар эзэмшүүлэх хууль, эрх зүйн үндэслэл огт байхгүй. Учир нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд 90 га газар эзэмших зайлшгүй хэрэгцээтэй гэсэн үндэслэл тогтоогдохгүй.

Хэрэгт авагдсан баримтаас харахад энэхүү газрын дуудлага худалдааны анхны үнэ болох 44,000,000 төгрөгийг “С ц” ХХК 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр төлсөн байдаг. Харин дуудлага худалдаа явуулсан эсэх, “С ц” ХХК шалгарсан эсэх, уг газар хэдэн төгрөгөөр зарагдсан, үлдэгдэл төлбөрөө “С ц” ХХК хийсэн эсэх талаар баримт байхгүй. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт зааснаар газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэх ёстой. Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар үнийг төлөөгүй бол дахин дуудлага худалдаанд оруулахаар зохицуулсан.

4. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар.

Магадлалын Хянавал хэсэгт “Нөгөөтэйгүүр захиргааны хэргийн шүүхийн мөн чанар, зорилго нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч нийтийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан хууль бус актын улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2007 оны 286 дугаар захирамж нь нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамж гарахаас өмнө баталгаажин гарч, хэрэгжиж эхэлсэн байх тул уг захирамжийн улмаас П.Н-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй юм” гэжээ.

П.Н-гийн нэхэмжлэлийн шаардлага нь “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 286 дугаар захирамжийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 399 дүгээр захирамжаар П.Н-гийн эзэмшиж буй газартай давхацсан хэсэг нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” болно. Аливаа захиргааны акт нь илт хууль бус буюу илэрхий алдаатай байгаа тохиолдолд түүнийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргадаг. Онолын болон хууль зүйн талаасаа илт хууль бус захиргааны акт нь ямар нэг эрх зүйн үр дагаварт хүргэдэггүй тул гарсан үеэсээ хүчин төгөлдөр бус байна. Тиймээс маргаж буй 286 дугаар захирамжийг Хан-Уул дүүргийн Засаг даргын 399 дүгээр захирамжаас өмнө баталгаажин гарч, хэрэгжиж эхэлсэн гэх үндэслэлгүй дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хийсэн гэж үзэж байна.

5. Магадлалын Хянавал хэсэгт “... Учир нь Хан-Уул дүүргийн Засаг дарга 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 дүгээр захирамжаар иргэн П.Н-д газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан хуулийн шаардлага хангагдсан эсэхийг шалгаагүй, төрийн байгууллагуудын хамтын уялдаа холбоогүй, ажлын хариуцлагагүй, буруутай үйл ажиллагааны улмаас иргэдийг чирэгдүүлж, маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмшиж буй хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гарах болсон байна” гэжээ.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 399 дүгээр захирамжийн Нэгд “Монгол Улсын Засгийн газраас гаргасан 40000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд Буянт-Ухаа орон сууцны цогцолбор барих хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан тус дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны барилга барих зориулалтаар газар шинээр эзэмшүүлсүгэй” гэж бичсэн байгаа. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхийн үнэлж дүгнэсэн шиг төрийн байгууллагуудын хамтын уялдаа холбоогүй, ажлын хариуцлагагүй, буруутай үйл ажиллагаа байхгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/1604 тоот дүгнэлт гарсан нь хавтаст хэрэгт авагдсан. Агуулга нь “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 286 дугаар захирамжаар Хан-Уул дүургийн 8, 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн барилга, хот бапгуулалт, төлөвлөлтийн газарт эзэмшуулсэн гэх 90 га газар нь Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгуй тул нэгж талбарын 18632304851239 дугаартай “С ц” ХХК-ийн эзэмшлийн 20000 м.кв газартай давхцуулан харуулах боломжгүй. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 267 дугаар тогтоолоор Хан-Уул дүургийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны шинэ хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан 60 га газрын эргэлтийн цэгүүдийн солбилцол тус газарт байхгуй тул “С ц” ХХК-ийн эзэмшлийн гэх 20000 м.кв болон П.Н-гийн эзэмшлийн гэх 250 м.кв газруудтай давхцуулах боломжгүй” гэсэн.

“С ц” ХХК маргаж буй газрыг 2010 оны 747 дугаар захирамжаар эзэмших эрхтэй болсон, мөн илт хууль бус 286 дугаар захирамжийг үндэслэн гарсан зэрэг нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 399 дүгээр захирамжаар П.Н-гийн эзэмшиж буй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгох үндэслэл болно гэж үзэж байна.

6. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар.

Магадлалын Хянавал хэсэгт “Мөн Засгийн газрын 2005 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 144 дүгээр тогтоол нь маргааны үйл баримтад хамаарах нотлох баримт биш, эрх зүйн актад хамаарах учир хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргах шаардлагагүй” гэжээ.

Засгийн газрын 144 дүгээр тогтоол нь нотлох баримт биш, эрх зүйн актад хамаарна гэсэн үндэслэлгүй тайлбарыг давж заалдах шатны шүүх хийсэн. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн холбогдох заалтаас харахад 144 дүгээр тогтоол нотлох баримтад хамаарахаар байгаа. Маргаж буй асуудлаар Монгол улсын Засгийн газрын 2005 оны 40000 орон сууц хөтөлбөр батлах тухай 144 дүгээр тогтоол., 2006 оны 40000 орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх мастер төлөвлөгөө батлах тухай 200 дугаар тогтоолыг тус тус баталсан. Эдгээр нь хэрэгт ач холбогдол бүхий захиргааны акт байсан боловч анхан шатны шүүх нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон хирнээ шийдвэр гаргахдаа үнэлж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх нотлох баримт биш эрх зүйн акт хэмээн үндэслэлгүй тайлбар хийсэн гэж нэхэмжлэгч тал үзэж байна.

Хан-Уул дүүргийн Засаг дарга 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 дүгээр захирамжийн холбогдох хэсгээрээ нэхэмжлэгч П.Н-д гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 250 м.кв газрыг тус дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт эзэмшүүлэхдээ холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн.

Эдгээрийг харгалзан үзэж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж П.Н-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “С ц” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үүгэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т заасан журмын дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т “Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хууль буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар захиргааны хэрэг хянан хэлэлцсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь өөрчлөх эрхтэй” гэж заасантай нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэргийн оролцогчдын тайлбар, тэдгээрийн гаргасан болон шүүхээс хэргийг нотлох үүргийн хүрээнд бүрдүүлсэн нотлох баримтуудыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, болж өнгөрсөн үйл баримт, маргаан бүхий захиргааны актуудын талаар хуулийн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “40,000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 267 дугаар тогтоолоор батлагдсан орон сууцны “Буянт-Ухаа” хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн 8, 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх төлөвлөлтийн 90.0 га газрыг Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх тухай” 286 дугаар захирамж гарсан байхад Хан-Уул дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчиж, 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 дүгээр захирамжаар мөн дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нисэхийн цагаан хаалганы баруун хойд талд амины орон сууцны барилга барих зориулалтаар 250 м.кв газрыг энэ хэргийн нэхэмжлэгч П.Н-д эзэмшүүлсэн байна.

Түүнчлэн П.Н-д эзэмшүүлсэн гэх 250 м.кв газрын байршил, хил заагийг газар дээр нь урьдчилсан байдлаар солбицлыг тогтоож, тэмдэгжүүлээгүй, кадастрын болон нэгж талбарын тойм зураг байхгүй, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан бүрдүүлбэр бүрэн гүйцэд хийгдээгүй, тухайн газар нь бусдын эзэмшил газартай, мөн инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын бүстэй давхцаж буй эсэхийг төрийн захиргааны эрх бүхий албан тушаалтан нягтлан шалгалгүй, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 дүгээр захирамж гарсны дараа П.Н-гийн газар эзэмших тухай 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нөхөн гаргасан хүсэлтээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь буруу болжээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна;”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана;” гэж заасныг үндэслэсэн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 286 дугаар захирамж утга агуулгын илэрхий алдаагүй, уг захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, холбогдох хуулийн заалтыг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий захирамжийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргах боломжгүй юм.

2007 оны 286 дугаар захирамжийн 2 дахь заалтын биелэлтийг хангаж, Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас “С ц” ХХК-тай 2008 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 2008/17, 2008/23 дугаар хамтран ажиллах гэрээ байгуулсан, улмаар 286 дугаар захирамжаар дээрх газарт эзэмшүүлсэн газраас 20,000 м.кв, “Д Б А” ХХК-ийн эзэмшлийн 20,000 м.кв газрыг орон сууны зориулалтаар 5 жилийн хугацаатай “С ц” ХХК-д шилжүүлж эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 747 дугаар захирамж Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд  бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж заасантай нийцсэн, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчөөгүйн гадна түүний эзэмшил газартай давхцуулан “С ц” ХХК-д газар олгосон гэж үзэхээргүй байна.

Хан-Уул дүүргийн Засаг дарга урьд Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт олгосон газартай давхцуулан иргэн П.Н-д газар эзэмшүүлж, захирамж гаргасан нь нэгэнт нотлогдсон учраас Нийслэлийн Засаг даргын 2007 оны 286 дугаар захирамжийн үргэлжлэл болж гарсан 2010 оны 747 дугаар захирамжаар “С ц” ХХК-д олгосон нэгж талбарын газрыг иргэн П.Н-д эзэмшүүлсэн гэх 250 м.кв газартай давхцалтай гэж Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар 2010 оны 747 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Дээрх нөхцөл байдлуудыг анхан болон давж заалдах шатны шүүх нэгтгэн дүгнээд Газрын тухай хуулийн хэрэглэвэл зохих заалтуудыг баримтлан “С ц” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 349 дүгээр захирамжийн П.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь зөв байна.

Иймээс ­­“шүүхүүд хуулийг буруу тайлбарлаж, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан П.Н-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “С ц” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 126 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                                   О.ЗАНДРАА