| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2019/0019/Э |
| Дугаар | 16 |
| Огноо | 2019-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг,
Улсын яллагч А.Амгалан,
Шүүгдэгч Ж.А /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шар тайж овогт Жаргалсайханы Аод холбогдох 1929000000012 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.А нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд буюу Цэций Уулын 7-703 тоотод согтуугаар иргэн Б.Мөнхцэцэгтэй маргаж, улмаар нүүр орчимд нь гараар алгадсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 01 дүгээр сарын 14-нд Мөнхцэцэгийн нөхөр болох Даваахүү гэдэг найз маань гэрт ирээд, бид хоёр аймаг явах болоод хамт гэрээс гарсан. Тэгээд Даваахүү замаараа нэг айлд орчихоод гараад ирье гээд айлын гадаа очсон. Тэр айлд ороод гарч ирэхдээ эхнэртэйгээ муудалцчихсан гарч ирсэн. Тэгэхээр нь би машинаасаа буугаад дундуур нь ороод Даваахүүг “явъя” гэхэд нэг хүн ирээд намайг самардаад байхаар нь би алгадсан. Өөр зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 06 дугаар хуудаст/,
Б.Мөнгөнцэцэгийн хохирогчоор өгсөн: “...манай эгч Даваахүүг бариад байж байтал машинаас А гэж хүн манай ахынх руу орох гээд байхаар нь манай эгч Цэцэгмаа нь “чи гэрт орж яах гэж байгаа юм бэ, хоёр хүүхэд айгаад байна” гэсэн, тэгээд би хажуунаас нь “чи Даваахүүтэй хамт ирсэн юм бол энэ хүнийг аваад яв” гэсэн чинь хажуунаас ирээд миний толгой хэсэг рүү цохиж авсан. Би тухайн үед толгой манараад сууж байсан, тэгсэн манай эгч Цэцэгмаа ирээд “чи эмэгтэй хүн цохиод унагаачихлаа, яаж байгаа юм бэ” гэж хэлж байх шиг байсан, удалгүй цагдаагийн хүмүүс ирээд аваад явсан ийм л зүйл болсон. ...А намайг нэг удаа толгой хэсэгт цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудаст/,
Т.Даваахүүгийн гэрчээр өгсөн: “...маргалдаад байж байтал манай найз охин Мөнхцэцэгийг толгой хэсэгт нь цохиод авсан. Тэгээд би Аыг “яаж байгаа юм бэ” гээд маргалдаад байж байтал цагдаа нар ирээд бид нарыг саатуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудаст/,
Б.Цэцэгмаагийн гэрчээр өгсөн: “...чи энэ Даваахүүгээ аваад яв гэсэн чинь танихгүй залуу миний дүү охин Мөнхцэцэгийн баруун нүд хэсэгт нь цохиод авсан. Манай дүү газарт унасан, тэгээд би “яаж байгаа юм” гээд хэрэлдэж маргалдаж байгаад цагдаа дуудсан, ийм л юм болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудаст/,
Өмнөговь амйгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 67 дугаартай: “1. Б.Мөнхцэцэгийн биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21 дүгээр хуудаст/,
Ж.Аын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ”...Би 2019 оны 01 дүгээр сарын 15-ны орой 22 цагийн үед би Даваахүүтэй хамт Улаанбаатар нэртэй 0.75 литрийн архи юм ярьж байгаад ууж дуусгасан. Тэгсэн Даваахүү хоёулаа хамт айлд ороод гаръя гэсэн. Тэгээд нэг айлруу ороод эхнэртэйгээ муудалцаж байгаад хэрэлдээд гараад ирэхээр нь би Даваахүүг авч явах гэсэн чинь Даваахүүгийн эхнэр нь “чи хамт ирсэн биздээ, хамт авч яв” гээд Мөнхцэцэг намайг түлхээд авахаар нь би зөрүүлээд нүүр хэсэгт нь алгадчихсан чинь Мөнхцэцэг хажуу тийшээ газар унасан. Хэсэг хугацааны дараа цагдаа нар ирээд намайг авч явж саатуулсан.” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 28-29 дүгээр хуудас/,
Ж.Аын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн бадалтай холбогдох баримт /хавтаст хэргийн 34, 39-43 дугаар хуудас/,
Хохирогч Б.Мөнхцэцэгийн тодорхойлолт /хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Ж.А нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд буюу Цэций Уулын 7-703 тоотод согтуугаар иргэн Б.Мөнхцэцэгтэй маргаж, улмаар нүүр орчимд нь гараар алгадсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Б.Мөнхцэцэгийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Ж.Аын хохирогчийн нүүр орчимд нь гараар алгадсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Иймд шүүгдэгч Ж.Аыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч Б.Мөнхцэцэгийн биед хохирол учирсан болох нь Өмнөговь амйгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 67 дугаартай “1. Б.Мөнхцэцэгийн биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 21 дүгээр хуудаст/ гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” хэдий ч энэ хэргийн хохирогч Б.Мөнхцэцэг нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа мөрдөн шалгах болон прокурорын хяналтын шатанд илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох хохирогчид төлөх төлбөргүй, хийсэн хэрэгтээ үнэн санаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох саналын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шар тайж овогт Жаргалсайханы Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аыг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ж.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Мөнхцэцэг нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Ж.Аын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ж.Аод урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН