| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 130/2023/00522/И |
| Дугаар | 212/МА2024/00008 |
| Огноо | 2024-01-19 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 212/МА2024/00008
2024 01 19 212/МА2024/00008
Т.А-ын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2023/00865 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч **** оршин суух Х овогт Т.А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ****оршин суух И овогт А.Ж-т холбогдох,
“Тээвэрлэлтийн гэрээний улмаас учирсан хохиролд 16.250.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Н.Айгерим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г /цахимаар/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн үндэслэл:
1.1. Нэхэмжлэгч Т.А нь 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Буянт сумаас Улаанбаатар хот хүртэл төмс 10 тонн, тарвас 7 тонн, амтат гуа 500 кг зэргийг тээвэрлүүлэхээр тохиролцож, хариуцагч А.Ж-ээр тээвэрлүүлсэн байна. Нэхэмжлэгч Т.А нь 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот руу гарахын өмнө хариуцагч А.Ж-т тээвэрлэхдээ агаар сэлгэлт хийж тээвэрлээрэй хэмээн удаа дараа сануулсан байдаг.
1.2. Гэвч ачааг Улаанбаатар хот хүртэл битүү орчинд тээвэрлэсэн бөгөөд ачааг хүлээн авахад 7 тонн тарвас, 500 кг амтат гуа нь тээвэрлэгчийн буруугаас болж гэмтэж ашиглагдах боломжгүй болсон байсан тул 10 тонн төмс хүлээн авч бусад ачааг хүлээн авалгүй үлдээсэн байдаг. Ингээд тухайн хохиролд үнэлгээ хийлгэхэд “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 01/52 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлангаар 16,250,000 төгрөгийн хохирол учирсан байдаг.
1.3. Иймд А.Ж-ээс Иргэний хуулийн 393 дүгээр зүйлийн 393.1 дэх хэсэгт зааснаар хохирол болох 16,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзал:
2.1. А.Ж- би өөрийн хувийн 20.0 тонны даацтай том оврын Больво загварын ачааны тээврийн хэрэгслээр иргэд байгууллагын захиалснаар тээвэр хийж өгдөг.
2.2. Би Фейсбүүк зараас Ховд аймгаас Улаанбаатар хот руу 20 тонн ачаа ачна, Утас: ******** гэж Т.А гэдэг хүний тавьсан зар мэдээг олж хараад 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр байх зард нийтэлсэн дугаарт холбогдсон. Утсыг Т.А өөрөө авч зарыг танилцуулсан. Т.А Улаанбаатар хот руу Ховд аймгаас 20 тонн ачаа ачиж хүргүүлнэ. Тээврийн зардалд 5,000,000 төгрөг төлнө. Ховдоос ачсан ачааг хариуцаад Ховдоос Улаанбаатар хүртэл миний итгэмжит төлөөлөгч дүү нь хувийн унаагаараа таны ачааны машиныг дагаж явах бөгөөд тэр хүн Улаанбаатарт очоод ачааг хариуцаж буулгаж авна гэж хэлснийг нь зөвшөөрч түүний 20 тонн ачааг нь ачихаар 2022 оны 8 сарын 04-ний өдөр Ховдод очсон. Т.А нь Ховд аймгийн Буянт сумаас хэд хэдэн лангуу, бөөний худалдааны цэг, тариалангийн талбайгаас түүж шийгуа, мөн төмс ачсан. Ачааг 3 хоног түүж ачсан ба 8 дугаар сарын 05-ны өдрөөс 07-ны өдрийн хооронд 3 хоног ачсан ачааг өөрсдийнхөө хэлэлцэж хохирсон хүмүүсээр ачуулсан бөгөөд би тэдний ачих ёстой гэж надтай тохирсон 20 тонн ачаа ачигдах эсэхэд л хяналт тавьж байсан.
2.3. Би машинд тэсрэх, дэлбэрэх, тэвш /кузов/ эвдэх үзүүртэй, даац, тэнцвэрийг алдагдуулдаг хүнд төмөр чулуу, өндөр ачаа гэх мэт эрсдэлтэй ачаа барааг ачуулахгүй гэж Т.А-тай тохирсон байсан. Би Т.Ат ачааг 20 тоннд хүргэ, ачаандаа өөрөө хяналт тавь, ачааны хамгаалалт зэргийг өөрөө хариуцаж ачаагаа ачиж, боож, баглаж явахад бэлдэж өгөөд шатахуунаа хүрэлцэхээр хэмжээнд тээврийн хэрэгсэлд хийж өг, хамт явдаг, ачааг харгалзаж хянаж очих газарт нь хүргэж буулгаж хүлээлцэж өгдөг таны төлөөлөх хүндээ сайн хэлж захиарай гэж сануулж хэлсэн.
2.4. Т.А нь Улаанбаатар хүргэх ачааг Ховд аймгийн барааны зах, зарим айл, Буянт сумын тариалангийн талбай зэргээс түүж бүгд, 20 тонн төмс, тарвас, амтат гуа зэрэг жимс ногоогоо бусдын тусламжаар өөрсдөө байлцаад миний Больво маркийн **** БӨТ улсын дугаартай 20 тонны даацтай машинд ачиж ачааг боож татаж бэхлээд 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн орой Улаанбаатар явахад бэлэн гэж надад хэлсэн яг тэр цаг хугацаа буюу 23:00 цагт би ачаатай машинаа жолоодож Улаанбаатарын зүг рүү шууд хөдөлсөн. Би Ховдоос гараад Улаанбаатар хот хүртэл бие засах, ганцхан газраас хоол идэх, ачааны эзэн Т.Аийн итгэмжлэгдсэн итгэлтэй бие төлөөлөгч нь зам дагуу хамт суудлын машинаар нь дагаж явахдаа ачаандаа хяналт тавьж 4 удаа зогсоосноос өөр огт зогсож сааталгүй Улаанбаатар хүрсэн. Машин эвдрээгүй замд ачаа задраагүй, унаж алга болоогүй, гээгдээгүй. Улаанбаатар хотод очсоны дараа тарвас, амтат гуа муудсан гээд хамт явсан залуу төмсийг буулгаж аваад, тарвас амтат гуаг нэг фермерт буулгасан. Тухайн үед тарвас, амтат гуа муудсан бол шинжээч томилуулж шинжилгээг нь гаргах ёстой байсан. Тухайн үед шууд хамт явсан хүмүүсийн хэлснээр нь муудсан гэж хэлж байна.
2.5. Тийм учраас тээвэрлүүлэгч нь тээвэрлүүлсэн эд бараа ногоо буюу тарвас, амтат гуаг муудсан эсэхэд чанарын шинжилгээ болон дүгнэлт гаргуулаагүй болохоор үүнд тээвэрлэгч буюу хариуцагчийг буруутгах үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2023/00865 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1-д заасныг тус тус баримтлан И овогт А.Ж-ээс 8,125,000 төгрөг гаргуулан Х овогт Т.А-т олгож, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ж-ээс улсын тэмдэгтийн хураамжид 144,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Ат олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа 7 дугаар сарын 27-ны өдрийн бичсэн тайлбартаа тодорхой тайлбарласныг эрхэм шүүх танилцана уу.
4.2. Мөн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр миний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай нэхэмжлэлийг эс зөвшөөрч тайлбар гаргасан бөгөөд энэ тайлбартай танилцахыг хүсэж байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
4.3. Нэхэмжлэгч нь надтай зөвхөн ачаагаа Улаанбаатар хүргүүлэх зорилгоор тохирсон. Харин ачааг замд харж хандаж, саатуулахгүй, арчилж явдаг, хяналт тавьдаг бие төлөөний хүн болох Х.Хыг нэхэмжлэгч Т.А нь надтай зэрэгцүүлэн өөр машинд суулгаж явуулсан бөгөөд Х.Х нь замд Ховд аймгийн Дарвин сумын замын гуанзанд, Баянхонгорын постод, мөн Сансарын замын ресторанд уулзаж ачаагаа үзээд хамт явж Улаанбаатар хотод ирээд 21 дүгээр товчоонд очиход машиныг зогсоож худалдан авах болон буулгаж авах хүмүүсээ дуудаж ачаагаа үзүүлсэн. Улмаар уг ачааг манаж хоносон ба төмсийг буулгаж авахаар тохирсон хүмүүст өгсөн. Түүнээс гадна Т.А-тай утсаар ярьж тохиролцож хотоос зайдуу газарт уг муудсан гэх шийгуа, тарвасыг буулгуулсан. Тодруулбал Ховдоос Улаанбаатар хүртэл ачааг хянах, борлуулах худалдах хүмүүст буулгах ажлыг хариуцсан бие төлөөний хүнийг нэхэмжлэгч А нь надтай хамт зэрэгцүүлэн замд явуулж доорх үүргийг уг хариуцаж явсан Х.Х-д даалгасан нь Х.Х-ы өөрийн мэдүүлгээр нотлогдож байна.
4.4. Төмс болон шийгуа тарвасыг Т.А нь миний машинд өөрөө суугаад Ховд аймгийн Буянт сумын тариаланчдын талбайгаас түүж 3 хоног ачаад дууссан шөнөдөө би хот руу шатахуун аваад 23:30 цагт гарсан. Энэ хооронд шууд талбайгаас зулгааж халуунаараа ачсан амтат гуа /шийгуа/ тарвас нь дарагдаад муудсан байж болно гэж дараа нь тариаланчид хэлж байсан.
4.5. Төмс шийгуа тарвасыг түүж ачаад шууд гарсан бөгөөд тэр үед ямар ч ногоог шинжилгээнд болон үнэлгээнд өгөөгүй. Гэтэл үнэлгээ чанарын шинжилгээ хийсэн мэтээр он сар өдөр нь зөрсөн баримт материал хэрэгт хавсаргаж хуурамч нотлох баримтыг шүүхэд өгчээ.
4.6. Шүүх нь эхийг эцээхгүй, тугалыг тураахгүй гэсэндээ “Тээвэрлэгч ачсан бол төлнө” гэсэн байдлаар 50 хувийг буюу нэхэмжлэлийн тал нь болох 8,125,000 төгрөгийг төлүүлсэн нь ямар ч хууль эрхийн үндэслэл муутай тул нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
5.1. Талууд нь 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Буянт сумаас Улаанбаатар хот хүртэл төмс 10 тонн, тарвас 7 тонн, амтат гуа 500 кг зэргийг ачуулсан. “Замдаа тэвээрэлтэд агаар салхи хийнэ шүү, ногоо муудах аюултай шүү” гэж удаа дараа сануулж хэлэхэд хариуцагч “би Казахстан Улсаас тарвас авчирдаг санаа зовох хэрэггүй” гэж хэлсэн байна. Х.Хыг хамт явуулъя гэж хэлэхэд хамт яваагүй байна. “Эстимейт” ХХК-ийн үнэлгээтэй холбоотой маргаж байгаа. Энэхүү “Эстимейт” компани нь тусгай зөвшөөрөлтэй. Тарвасыг дахин ашиглах боломжгүй тул хохиролд тооцож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье.
ХЯНАВАЛ:
6. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянаад, дараах үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэг, 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэг, 393.4 дэх хэсгийн 393.4.3 дах заалтыг баримталж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч А.Ж-т холбогдуулж тээвэрлэлтийн гэрээний улмаас учирсан хохиролд 16.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “А.Ж-тэй 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Буянт сумаас Улаанбаатар хот хүртэл 10т төмс, 7т тарвас, 500кг амтат гуа тээвэрлүүлэхээр тохиролцсон. 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот руу хөдлөхийн өмнө “тээвэрлэхдээ агаар сэлгэлт хийж тээвэрлээрэй” гэж /тээвэрлэгчид/ сануулсан. Гэтэл ачааг битүү орчинд, агаар сэлгэлт хийхгүйгээр тээвэрлэснээс ачааг хүлээн авахад 7т тарвас, 500 кг амтат гуа тээвэрлэгчийн буруугаас гэмтэж ашиглагдах боломжгүй болсон тул 10т төмсийг хүлээн авч, бусад ачааг хүлээж аваагүй” гэж тайлбарлан “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 7т тарвас, 500кг амтат гуаг нийт 16.250.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хэвлэсэн “жимс нь хар ногоог өнгөтэй, захаасаа зөөлөрч, гол руугаа орж салсжин исгэлэн амт, үнэртэй. Гаднын амт үнэргүй. Хорио цээртэй өвчин илрээгүй, Саарал илжрэл. Энэхүү шинжилгээний дүн нь зөвхөн шинжилгээ хийсэн дээжид хамаарна” гэх шинжилгээний дүн зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгчээ.
8. Хариуцагч А.Ж- нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан бөгөөд үндэслэлээ “Т.А ачааг 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 07-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумаас хэд хэдэн лангуу, бөөний худалдааны цэг, тариалангийн талбайгаас 3 хоног түүж, нийт 20т төмс, тарвас, амтат гуа зэрэг жимс, ногоог бусдын тусламжаар өөрсдөө байлцан миний 20т даацтай машинд ачиж, ачааг боож татаж бэхлээд 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн орой Улаанбаатар явахад бэлэн гэж надад хэлсэн. Яг тэр цаг хугацаанд буюу 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн орой 23:00 цагт Улаанбаатар руу шууд хөдөлсөн. Би Ховдоос гараад Улаанбаатар хот хүртэл бие засах, ганцхан газраас хоол идэх, ачааны эзэн Т.Аийн итгэмжлэгдсэн итгэлтэй бие төлөөлөгч нь зам дагуу хамт суудлын машинаар нь дагаж явахдаа ачаандаа хяналт тавьж, 4 удаа зогсоосноос өөр огт зогсож сааталгүй Улаанбаатарт хүрсэн. Машин эвдрээгүй, замд ачаа задраагүй, унаж алга болоогүй, гээгдээгүй. Улаанбаатар хотод очсоны дараа тарвас, амтат гуа муудсан гээд хамт явсан залуу төмсийг буулгаж аваад, тарвас амтат гуаг нэг фермерт буулгасан” гэж тайлбарлажээ.
9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрч Э.Аын өгсөн мэдүүлэгт “2022 оны 8 дугаар сарын 10-ны үеэр миний бие машинтай ирсэн тарвасыг хүлээж аваад худалдах ёстой байсан. Тухайн үед тарвасыг хүлээж авахаар машины тээшийг онгойлгоход бүх тарвас муудсан байсан. Тийм болохоор би тарвасыг хүлээж аваагүй” гэж,
хариуцагчийн хүсэлтээр гэрч Х.Хы өгсөн мэдүүлэгт “...надтай хамт 10 хэдэн хүн төмс, тарвас, амтат гуаг А.Ж-ийн машинд ачиж өгсөн. ... дараагийн өдөр нь буюу нэг өдрийн дараа өглөө нь би Акуа машинаар араас нь гарсан. Бид замд хамт яваагүй. Хотод 200-300км зам үлдэхэд А.Ж-ийн машинтай тааралдаж уулзсан. ... би тэр үед ачааны машинд байгаа ногоог шалгаагүй. Тухайн тарвасыг хариуцаж явсан маань үнэн, гэхдээ тарвас нь муудсан эсэхийг би мэдээгүй. Төмс, тарвас, амтат гуа тооны хувьд бүрэн бүтэн байсан, харин чанар нь муудсан байсан. ...би тарвасыг манаж машинд хоносон. ...муудсан тарвас, амтат гуаг гахайн фермд аваад явсан, харин төмсийг бүгдийг нь нэг машинаар ирж авсан” гэжээ.
10. Хэрэгт хуульд заасан журмаар цугларсан, талуудаас гаргаж өгсөн нотлох баримтууд, зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлгүүдийг харьцуулан шинжлэн судлахад, тээвэрлүүлэгч Т.А, тээвэрлэгч А.Ж- нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр А.Ж- нь Т.А-ын 10т төмс, 7т тарвас, 500кг амтат гуаг Ховд аймгийн Буянт сумаас Улаанбаатар хотод тээвэрлэж хүргэх, Т.А нь хэлэлцэн тохирсон тээврийн хөлс төлөх үүргийг тус тус хүлээжээ. Хэргийн үйл баримтаас үзвэл, ачааг тээвэрлүүлэгч болон түүний төлөөний хүмүүс тээвэрлэгчийн автомашинд ачсан ба тээвэрлүүлэгчийн заасан хугацаанд буюу ачааг ачиж дуусмагц тээвэрлэгч Ховд аймгийн Буянт сумаас Улаанбаатар хот руу тээвэрлэлтээ эхлүүлсэн, мөн тээвэрлүүлэгчээс өөрийн төлөөний хүн Х.Х-ыг томилж, тэрээр өөр тээврийн хэрэгслээр тээвэрлэгчийн араас гарсан, тээвэрлэгч тогтоосон газар хүрэхээс өмнө тээвэрлүүлэгчийн төлөөний хүн тээвэрлэгчтэй уулзсан, мөн ачааг тогтоосон газарт тээвэрлэгч хүргэсний дараа хүлээн авч, тухайн өдөр оройтсон тул ачааг манаж хонон, улмаар хүлээж авахад 7т тарвас, 500кг амтат гуа бүгд муудаж гэмтсэн буюу ашиглах боломжгүй болсон нь тогтоогдсон байна.
11. Зохигч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон ачааны тоо, хэмжээ бүрэн боловч чанар алдагдаж 7т тарвас болон 500кг амтат гуа муудаж ашиглах боломжгүй болсон талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч буюу тээвэрлүүлэгч нь хариуцагч буюу тээвэрлэгчийг “ачааг тээвэрлэхдээ агаар салхи оруулаагүй, агаар сэлгэлт хийгээгүй” гэж буруутган тээвэрлэлтийн гэрээний улмаас өөрт учирсан хохирлыг шаардсан, харин хариуцагч тээвэрлүүлэгчийн өмнө тээвэрлэлтийн гэрээний үндсэн үүргээс гадна өөр тусгай үүрэг хүлээгээгүй, тээвэрлүүлэгч нь өөрийн төлөөний хүмүүсээр ачааг ачуулж, томилон ачааг тогтоосон газарт хүргүүлсэн гэсэн агуулгатай хариу тайлбар ирүүлж, талууд тээвэрлэлтийн явцад муудаж гэмтсэн ачаатай холбоотой “тээвэрлэгч гэм буруутай эсэх” талаар маргажээ.
12. Талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан боловч хуульд зааснаар дагалдах бичиг үйлдээгүй тул тээвэрлэгч болон тээвэрлүүлэгч нар тээвэрлэлтийн гэрээний үндсэн үүргээс гадна тээвэрлэж буй ачааны онцлогоос шалтгаалах тусгай, эсхүл онцгой үүрэг тус тус хүлээсэн эсэх, тээвэрлэлттэй холбоотой шаардлагатай мэдээ, мэдээлэл болох ачааг тээвэрлэх нөхцөл, температурын хэмжээ, ачааг ямар хугацаанд тээвэрлэх, ямар хугацааны, эсхүл километрийн давтамжаар агаар, салхи оруулах, сэлгэх, энэ үүргийг тээвэрлүүлэгчийн томилсон төлөөний хүн, эсхүл тээвэрлэгчийн хэн аль нь хүлээсэн зэрэг нөхцөлүүдийг нарийвчлан тохиролцоогүйгээс; үүнээс үүссэн маргаантай холбогдуулан шүүхээс талуудын үүргийн талаар хуульд заасан урьдчилсан нөхцөлүүд хангагдсан эсэхээс өөрөөр тухайлсан дүгнэлт хийх боломжгүй байна.
13. Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт зааснаар тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцах бөгөөд нэхэмжлэгч буюу тээвэрлүүлэгч Т.А нь хуулийн уг зохицуулалтыг үндэслэж хариуцагч буюу тээвэрлэгч А.Ж-ээс тээвэрлэлтийн гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Гэвч тээвэрлэгч нь хуульд заасан нөхцөл байдлын улмаас тээвэрлэж буй ачаа муудсан, гэмтсэн бөгөөд үүнд гэм буруугүй болох нь нотлогдвол дээрх хариуцлагаас чөлөөлөгдөнө.
14. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбарууд, гэрчийн мэдүүлгүүдээс дүгнэвэл, тээвэрлэлтийн явцад муудаж, гэмтсэн буюу ашиглах боломжгүй болсон нь тогтоогдсон 7т тарвас, 500кг амтат гуаг 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 07-ны оройн 23.00 цаг хүртэл Ховд аймгийн Буянт сумын хэд хэдэн газраас тээвэрлүүлэгч болон түүний төлөөний хүмүүс тээвэрлэгчийн машинд ачсан, тухайн ачааг ямар температурт, ямар орчинд тээвэрлэх талаар талууд тохиролцоогүй, тээвэрлүүлэгчээс тээвэрлэгчид тухайн тарвас, амтат гуаг тээвэрлүүлэхдээ агаар сэлгэлт хийж тээвэрлээрэй гэж сануулсан гэх боловч тээвэрлэгч нь ийм тусгай үүрэг хүлээсэн эсэх нь нотлогдоогүй, нөгөө талаар ачааг тээвэрлүүлэгч өөрөө болон түүний төлөөний хүмүүс тээвэрлэгчийн машинд ачсан бөгөөд ямар нөхцөл-орчинд /битүү бүхээг/ тээвэрлэх талаар мэдсэн, мэдэх боломжтой байсан ба тээвэрлэлтийн турш тээвэрлүүлэгчийн төлөөний хүн Х.Хыг томилж ажиллуулсан зэргийг үндэслэж, тээвэрлэгчийг тээвэрлэлтийн гэрээний үүргийн зөрчилд буюу 7т тарвас, 500кг амтат гуа тээвэрлэлтийн явцад муудаж, гэмтсэн буюу ашиглах боломжгүй болсон үйл баримтад буруугүй буюу тээвэрлүүлэгчид учирсан хохирлыг төлөх хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж дүгнэв.
Учир нь, Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.4.3 дахь заалтад ачаа илгээгч, хүлээн авагч, эсхүл тэдгээрийг төлөөлөх гуравдагч этгээд ачаанд үзлэг хийж ачсан буюу буулгасан бөгөөд дээрх нөхцөл байдлын улмаас ачаа алдагдсан, дутсан буюу гэмтсэн бол тээвэрлэгч энэ хуулийн 393.6-393.8 дахь хэсэгт заасан хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж, 393.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 393.4-т заасан нэг буюу хэд хэдэн нөхцөлийн улмаас ачаа алдагдсан, дутсан буюу гэмтсэнд гэм буруугүй болохоо тээвэрлэгч нотолж чадвал хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж тус тус хуульчилжээ.
15. Иймд талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан, тээвэрлэсэн ачаанаас тээвэрлэлтийн явцад 7т тарвас, 500кг амтат гуа ашиглах боломжгүй болж муудсан буюу гэмтсэн нь зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч үүнд тээвэрлэгч гэм буруутай болох нь нотлогдоогүй, талуудын хооронд хуульд зааснаар дагалдах бичиг үйлдэгдээгүй учраас тээвэрлэгч нь ачааг тээвэрлэх явцад “тээврийн хэрэгслийн ачааны тэвшинд тээвэрлэлтийн явцад тодорхой давтамжаар агаар, салхи оруулах, сэлгэх” тусгайлсан үүрэг хүлээгээгүй, тээвэрлэлтийн явцад хурдан муудах, гэмтэх тарвас, амтат гуа зэргийг тээвэрлүүлэгч болон түүний төлөөний хүмүүс өөрсдөө тээвэрлэгчийн автомашинд 2-3 хоногийн турш ачихдаа тухайн ачааг тээвэрлэх орчин, нөхцөлийн талаар мэдсэн, мэдэх боломжтой байсан, тээвэрлүүлэгч нь өөрийн төлөөлөгчийг томилж, тээвэрлэлтийн явцад ажиллуулсан зэрэг хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэг, 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэг, 393.4 дэх хэсгийн 393.4.3 дах заалтыг баримталж тээвэрлэгч буюу хариуцагч А.Ж-ийг хуульд заасан нөхцөл байдал тогтоогдсон учраас түүний тээвэрлэх явцад гэмтэж, муудсан буюу ашиглах боломжгүй болсон 7т тарвас, 500кг амтат гуаны үнийг тээвэрлүүлэгчид нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлтэй.
16. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, маргаантай үйл баримтад хамаарах Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй учраас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй бөгөөд тухайлбал шүүх талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа болон нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг тогтоосон хуулийн хэм хэмжээг зөв сонгосон боловч Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын тал хувийг тээвэрлэгчид хариуцуулахаар шийдвэрлэхдээ нотлох баримтад тулгуурлахгүйгээр хуулийг буруу хэрэглэжээ.
17. Гэрч Э.А, Х.Х нарын мэдүүлгийг үндэслэвэл, тээвэрлэгч нь ачааг тогтоосон газарт хүргэсэн өдөр ачааг хүлээн авагч болон тээвэрлэгч нар 10т төмснөөс бусад тарвас, амтат гуа зэрэг ачаа муудаж, гэмтсэн буюу ашиглах боломжгүй болсон нь илэрхий тогтоогдсон, хожим энэ талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан бөгөөд талууд энэ талаар маргаагүй. Гэтэл тээвэрлүүлэгчийн томилсон хүн буюу ачааг хүлээн авагч нар гэмтэж муудсан буюу ашиглах боломжгүй болсон нь илэрхий тогтоогдсон 7т тарвас, 500кг амтат гуаны талаарх гомдлын шаардлагаа Иргэний хуулийн 394 дүгээр зүйлийн 394.2 дахь хэсэгт зааснаар ачааг хүлээн авсан өдөр тээвэрлэгчид бичгээр гаргасан нь мөн тогтоогдоогүйг тэмдэглэх нь зүйтэй.
18. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, “нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн агуулгатай хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239.000 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, А.Ж-т буцаан олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2023/00865 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэг, 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэг, 393.4 дэх хэсгийн 393.4.3 дах заалтыг баримталж нэхэмжлэгч Т.А-ын хариуцагч А.Ж-т холбогдуулан гаргасан “тээвэрлэлтийн гэрээний улмаас учирсан хохиролд 16.250.000 /арван зургаан сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч А.Ж-ийн давж заалдах гомдлыг хүлээж авсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбаатарын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239.000 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, А.Ж-т буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК