Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 204/МА2024/00004

 

 

 

 

С.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

          Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 146/ШШ2023/00331 дугаар шийдвэртэй

          С.Б-ын нэхэмжлэлтэй О.Д, М.Д нараас “16,569,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Хонгорзул /цахим сүлжээгээр/, хариуцагч М.Д, хариуцагч нарын өмгөөлөгч Г.Гандөш /цахим сүлжээгээр/, нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2022 оны 02 дугаар сард Өвөрхангай аймгийн *** сумын *** гэх газар *** ХХК-ийн нэр дээр хэрэглээний мод бэлтгэх зорилгоор талбай хэмжүүлж ажилласан. Ингэхдээ Өвөрхангай аймгийн *** сумын иргэн О.Д-аар хариуцуулж бусад хүмүүсийг цалинжуулж ойролцоогоор 14 хоног мод бэлтгэсэн. Нийт 4 метртэй мод 205 ширхэг, 2.40 метртэй хэрэглээний мод 170 ширхгийг бэлтгэсэн Гэтэл О.Д нь 4 метртэй модоо хамаатныхаа ногоон Б гэх айлын хашаанд буулгаад үүнээс миний захиалсан 7см өргөнтэй 90 ширхэг палкийг гаргуулах нэрээр зөөж өөртөө хэрэглэсээр одоо тухайн айлын хашаанд 100 ширхэг нь үлдсэн байна. Миний захиалсан 7 сантиметрийн 90 ширхэг палканд 11 ширхэг мод орсон. Үүнийг батлах хүн Х гэж хүн батална. Ингээд 4 метртэй модноос 106 ширхэг 4 метртэй модыг О.Д хувьдаа хэрэглэсэн бөгөөд тухайн үед 4 метртэй мод ширхэг нь 30.000 төгрөгийн үнэлгээтэй байсан.

Мөн 2.4 метртэй модноос 21 ширхэг модыг би өөрөө байлцаж байгаад зүсүүлсэн. Гэхдээ энэ модоо аваагүй. Ингээд нийт 80 ширхэг мод үлдсэн байсныг би авсан бөгөөд ажил хийсэн хүмүүст тус бүрд 5 ширхэг мод нийт 35 мод өгсөн. Ингээд 55 ширхэг модыг О.Д хувьдаа хэрэглэсэн байна. 2.4 метртэй модны тухайн үеийн үнэлгээ нь 25.000 төгрөг байсан.

2022 оны 04 дүгээр сард Өвөрхангай аймгийн *** сумын *** гэх газарт О.Д-аар бэлтгүүлсэн бөгөөд тухайн газраас бэлтгэсэн 4 метртэй 90 ширхэг модыг мөн О.Д хувьдаа хэрэглэсэн байна.

Ингээд нийт 4 метртэй нийт 196ш мод х 30000=5.880.000 төгрөг 2.4 метртэй 55ш мод х 25.000=1.375.000 төгрөг, нийт О.Д-н хувьдаа авч ашиглаж, хэрэглэсэн модны үнэ 8.580.000 төгрөг болж байна.

Мөн О.Д-н эхнэр М.Д-ийн ХААН банкны *** тоот дансаар 2022.03.27-ны өдөр 500,000 төгрөг, 2022.04.14-ний өдөр 100,000 төгрөг, 2022.04.16-ны өдөр 500,000 төгрөг, 2022.04.18-ны өдөр 300,000 төгрөг, 2022.04.27-ны өдөр 500,000 төгрөг, 2022.05.07-ны өдөр 50,000 төгрөг, 2022.05.17-ны өдөр 400,000 төгрөг, 2022.05.31-ний өдөр 200,000 төгрөг, 2022.06.07-ны өдөр 500.000 төгрөг, 2022.06.27-ны өдөр 500,000 төгрөг, 2022.07.11-ны өдөр 250,000 төгрөг нийт 3,800,000 төгрөг зээлж авсан бөгөөд бэлнээр гэрийн бүрээс авахаар 255.000 төгрөг Х гэж хүний ачааны хөлс 50.000 төгрөг зээлээр 129.000 төгрөг, 30.000 төгрөг, тэмээний шир авхуулсан 30.000 төгрөг банкны зээлээ төлнө гэж 2.275.000 төгрөг, зээлээр 650.000 төгрөг, 2022 оны 03 дугаар сард портерын нум авхуулсан 200.000 төгрөг 2022.10.19-ний өдөр машин засуулахаар 600.000 төгрөг нийт 4.189.000 төгрөг нийт 7.989.000 төгрөгийг дансаар болон бэлнээр зээлсэн байна. Дээрх дансаар авсан мөнгөний банкны хуулга байгаа бөгөөд түүнийг нэхэмжлэлд хавсарган өгч байна. Бэлнээр зээлсэн мөнгөний талаар М.Д нь миний хувийн данс хөтөлдөг дэвтэрт өөрийн гараар бичдэг байсан бөгөөд энэ тэмдэглэсэн дэвтэр нь мөн байгаа. Миний бие О.Д болон түүний эхнэр М.Д нарыг мод бэлтгэх ажилд цаашид хамт ажиллах байх гэж бодож явсан учраас итгэж мөнгө зээлдэг байсан бөгөөд бэлтгүүлсэн модноос авч өөрсдийн хэрэгцээнд ашиглаж байсан нь хамт ажиллаж байсан болон мод хурааж орхисон айлын хүмүүсийн яриагаар батлагдах болсон. Миний бие О.Д, М.Д нараас модны үнэ 8.580.000 төгрөг, бэлнээр болон дансаар авсан 7.989.000 төгрөг нийт 16.569.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн О.Д нь 2022 онд миний бэлтгэсэн модноос өөрийн 4 ханатай гэрийн шал хийсэн модыг буцааж өгөөгүй тул 4-н ханатай гэрийн шалны мод модыг нэхэмжилж байна. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, намайг хохиролгүй болгож өгнө үү.

О.Д бид 2 найзын хүрээнд хамтарч ажилласан. Би мод бэлтгэхээр Өвөрхангай аймгийн *** суманд журмын дагуу гоожин мод бэлтгэхээр О.Д-д ажлаа хариуцуулаад хамтарч ажилласан. Бусад хүмүүстэй адил цалинжуулж, хашаанд нь модоо буулгасан. Энэ хугацаанд итгэл алдаж хашаанд буулгасан модноос хэрэглэсэн, надад худлаа хэлж мөнгө төгрөг авсан. Би эхлээд О.Д-тай эвлэрэх бодолтой өөртөө нь ярьж учирлаж хэлж үзсэн миний утсан дээр бичлэг байгаа. Цагдаад хандаж үзсэн, цагдаа үгүйсгээд иргэний шүүхээр шийдвэрлүүлж мөнгөө гаргуулж ав гэж хэлсэн. Тэмээний шир, мод ачуулсан 50,000 төгрөг гэх мэт энэ зуурын зүйлийг нэхэмжлэхгүй. Саяхан О.Д-тай утсаар ярихад чи намайг шүүхэд дууддаг хэн бэ гөлөг минь гэж хэлсэн. Надтай ингэж харьцаж байхад миний хувьд эвлэрэх боломжгүй. Модны үнэ 8,580,000 төгрөг, бэлнээр болон дансаар авсан 7,989,000 төгрөг. Үндсэн мөнгө болох 16 569 000 төгрөг гаргуулна гэжээ.

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй талаар мэдэгдсэн. Нэхэмжлэгч талаас нийт модны үнэ 8,580,000 төгрөг, бэлнээр болон дансаар 7,989,000 төгрөг, гэрийн шал гэсэн 3 төрлийн зүйл шаардсан гэж ойлгосон. Шалны асуудлыг тайлбарласангүй тусдаа нэхэмжлээд байгаа юм уу ойлгосонгүй. С.Б нь О.Д-тай хамтарч ажилладаг байсан. Найз нөхдийн харилцаатай байснаа хэллээ. Нэхэмжлэгч модоо тухайн үед модоо аваагүй талаар ярьдаг. Тэр модыг О.Д би хэрэглээгүй хашаанд байсан. Үлдсэн модоо өөрөө авсан гэж хэлдэг. Ийм учраас О.Д модыг хариуцахгүй. Бэлнээр болон дансаар авсан мөнгийг мод бэлтгүүлэхэд гарсан зардал гэж ярьдаг. Ийм учраас дансаар болон бэлнээр авсан мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрийн бүрээсний мөнгө авсан гэж байдаг. Тэр мөнгийг нөхөрлөлд авч хэрэглэсэн гэрийн бүрээс гэж мэдүүлсэн байдаг. Өмнөх шүүх хуралдаанд нотлох баримт гаргах хүсэлтийг гаргаад прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан 2 өргөдөл түүнд хавсаргасан баримтууд байдаг. Энэ нотлох баримт дээр гэрчээр О.Д М.Д-ийн мэдүүлэг уншсан энийг үндэслээд нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мод нэхэмжлээд байгаа юм уу, модны үнэ нэхэмжлээд байгаа юм уу тодорхойгүй. Нэхэмжлэгч тал нэг мод 30,000 төгрөг гэж үнэлсэн. Нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй өөрсдийнхөө дураар нэг мод 30,000 төгрөг өөрсдийн дураар тоо тавиад байгааг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрсдөө нотлох үүрэгтэй. Ийм учраас модны үнэлгээ, шалны үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй байна. Нэхэмжлэл дээр хамтран ажиллах гэрээгээр ажилласан юм уу эсвэл хөдөлмөрийн гэрээгээр цалинжуулж ажилласан юм уу үүнийг тодорхой болгоогүй байна. Ойн тухайн хууль болон байгаль орчны журмуудаар мод бэлтгэх эрхийг иргэнд өгдөггүй. Ойн нөхөрлөлд өгдөг. Хэдийн хугацаанд хэдэн тооны мод бэлтгэсэн, хаашаа тээвэрлэсэн бүх бүртгэл нь байх ёстой, тийм бүртгэл гаргаж өгөөгүй. Ийм учраас О.Д-г авсан гэж нэхэмжлэлдээ тусгаад явж байгаа нь үндэслэлгүй байна. Гоожин болон гарал үүслийн гэрчилгээг сум дундын ойн ангиас олгодог гэж ойлгодог. Энэ баримтуудаар та өөрөө модоо авсан гэсэн баримт байна. 2 удаа хэрэг бүртгэл нээсэн тогтоолтой өргөдөл гомдол цагдаагаар явсан. Энэ баримт дээр О.Д-г хувьдаа мод авсан гэх гэрчүүдийн мэдүүлэг, үзлэг хийсэн баримт, хохирогчийн мэдүүлэг дээр О.Д-г хувьдаа завшсан гэх нотлох баримт байхгүй. Бусдад мод цааш нь зарсан гэж ярьсан хэнд зарсан, хэдэн төгрөгөөр зарсан эсэх нь нотлогдохгүй байна. Ийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Д, М.Д нараас 16,569,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын 4 ханатай гэрийн шалны модыг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгохоор, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 240,795 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 240,795 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Энэхүү шийдвэрийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г би эс зөвшөөрч байгаа ба анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэх үзэж байна. Учир нь: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: нэхэмжлэгч нь зохих журмын дагуу хэрэглээний мод бэлтгэж О.Д-тай хамтран ажилласан, 4,189,000 төгрөгийг бэлнээр, 3,800,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн боловч тэдний хамтран ажиллах хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болж чадаагүй, нэхэмжлэгч мөнгө шилжүүлснийг хамтран ажилласан гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч О.Д, М.Д нартай гэрээ байгуулж тэдний хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, аливаа байдлаар төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

... бэлтгэсэн модноос өөрсдийн хэрэгцээнд ашиглаж байсан нь нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна...

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд 2,4 метртэй модны үнэлгээ ширхгийг нь 25,000 төгрөг, 4 метртэй модны үнэлгээ ширхгийг нь 40,000 төгрөгөөр тооцож нийт 8,580,000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан боловч энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй.

Иймд О.Д, М.Д нараас 16,569,000 төгрөг гаргуулан С.Б-т олгож, үлдэх 4 ханатай гэрийн шалны мод гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй ...” гэж дүгнэсэн байна.

Гэтэл хэргийг шийдвэрлэхдээ үндэслэл болгож байгаа нотлох баримтууд нь зөвхөн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн дансны хуулга, шүүх хуралдаанд хэлсэн тайлбар хоёр байгаа ба дээрх дансны хуулгаар хариуцагчийн дансанд шилжиж ирсэн мөнгийг М.Д нь С.Б-ын модыг бэлтгэх тээвэрлэх явцад гарсан зардалд шилжүүлсэн, бэлтгэсэн модоо С.Б нь өөрөө бусдад зарсан өөрөө ачиж явсан зэрэг нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол бүхий гомдолд авагдсан хууль сануулж авсан гэрчийн мэдүүлэг бусад баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж үзэж байна.

Мөн дээр дурдсанаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үнэлгээг хүлээн зөвшөөрсөн буюу маргаагүй мэтээр огт үндэслэлгүй худал дүгнэлтийг хийсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч миний бие шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч талын нэхэмжлэлдээ дурдсан үнэлгээ хэт өндөр байгаа тухай, утсаар асууж үнэлгээг нь бичсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлгүй тухай, энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тухай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч өөрөө шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийнхээ дагуу хөрөнгийн үнэлгээний байгууллагаар зах зээлийн үнэлгээ тогтоолгож үнийг нотлох ёстой байсан талаар, энэ үнэ нь бодитой бус талаар маргаж мэтгэлцэж тайлбар хэлсэн.

Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны дүрс бичлэгт байгаа ба давж заалдах шатны шүүхээс мөн хянан үзэх нь зүйтэй байх гэж үзэж байна.

Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолд дурдсанаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах үндэслэл болсон хамтран ажиллах гэрээний шижтэй байгаа тухай дүгнэлт, нэхэмжлэгч талын хамтран ажиллахаар тохиролцсон тайлбар зэргийг шүүхийн шийдвэрт хэрхэн үгүйсгэж дүгнэсэн нь тодорхойгүй байдлаар "... нэхэмжлэгч нь зохих журмын дагуу хэрэглээний мод бэлтгэж О.Д-тай хамтран ажилласан, 4 189 000 төгрөгийг бэлнээр, 3 800 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн боловч тэдний хамтран ажиллах хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болж чадаагүй, нэхэмжлэгч мөнгө шилжүүлснийг хамтран ажилласан гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзлээ....” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдсан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол бүхий материалд авагдсан М.Д, О.Д нарын мэдүүлгээр шүүх хуралдааны явцад тайлбарласан “... С.Б нь тухайн үед 4-5 хүнээр их хэмжээний мод бэлтгүүлж тухайн модоо өөрөө авсан, энэ модноос бид хувьдаа 1 ширхгийг ч аваагүй бөгөөд банкаар шилжүүлсэн мөнгө нь мод бэлтгүүлэх болон бусад зардалд өөрийнх нь зарцуулсан мөнгө учир бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй. Өөрөө зардал гаргаж өчнөөн мод бэлтгүүлж авч явчихаад тэр мод болон зардлаа бэлтгэж өгөлцсөн тусалсан хүнээс авсан мэт нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Харин О.Д, М.Д нар банкны зээлээ төлөх гээд 2 750 000 төгрөгийг авсан тул энэ мөнгийг л төлөх үндэслэлтэй ...” гэх тайлбар нотлогдож байгаа атал шүүхээс энэ талаар анхаарч үзэлгүйгээр шийдвэрлэсэн гэж харагдаж байна.

Үүнээс үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байгаа төдийгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх буюу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр. эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана гэсэн зарчим ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 15-ны өдрийн 146/ШШ2023/00331 дугаартай шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар бүхэлд нь хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч С.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн өмгөөлөгч, хариуцагч нар худлаа яриад байна. Намайг ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй гэж байна. Би мод авсан баримтаа бүгдийг нь хавсаргасан байгаа. Би хариуцагч нартай эвлэрэх гээд ярилцаад болохгүй болохоор нь утсандаа баримтжуулаад, цагдаад хандсан. Цагдаад хандахдаа бүх нотлох баримтаа хэвлээд СD дээр хуулаад өгсөн. Мод бэлтгэсэн *** компани дээр гэрээ хийгээд модны гоожин, мөнгө тушаасан баримт нь байгаа. Машины нум мод бэлтгэхээс өмнө эвдэрсэн. 600000 төгрөг машины засварын мөнгө. Модтой ямар ч хамаагүй. Аймагт ирсэн хойноо танайд очно гээд 1000000 төгрөг зээлээд таньдаг засварын газар хэлүүлж байгаад машинаа засуулсан. Хүмүүс надад чиний модыг зараад байна гэхээр нь хаана зарсныг нь олоод бичлэг хийж авсан. М.Д-ийн аавд нь хэлээд шүүхэд хандлаа шүү гэхэд тэгэлгүй яахав гэж хэлж байсан. Би *** компанитай гэрээ хийгээд бүх зүйлийг хуулийн дагуу хийсэн. Нөхөрлөлд гарахад би 5-н ханатай гэр барьж гарсан. Энэ хүмүүс зусландаа гарах үед би гэрийн бүрээс болон яндан гээд бусад зүйлийг бэлдэж өгөхөд нөхөрлөлийн гэрт хэрэглэсэн гэж буруу яриад байна. Анх би энэ хүмүүсийг цалинжуулаад ажилласан. М.Д гар бичмэлээр дэвтэр дээр бичиж байсан. Нөхөрлөлийн мөнгө гэж М.Д-ийн дансанд 5-н сая төгрөг байршуулж байсан. Надад хэлэлгүй эмчээс зээлэв гээд 2750000 төгрөг авсан байсан. О.Д, М.Д нартай найз нөхдийн хүрээнд цалинжуулаад явсан. Хөрөө рам нь дараалал үүссэн байхаар нь модоо О.Д-н хашаанд буулгачихаад цалин мөнгийг нь өгөөд явж байсан гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Хонгорзул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой бүх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгч хэрэгт хавсаргасан. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг боловч энэ талаар нотлох баримтаа анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд тайлбар татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй байдаг. М.Д-ийн дансанд шилжүүлсэн мөнгийг хариуцагчийн зүгээс мод бэлтгэх, тээвэрлэх явцад гаргасан зардалд хэрэглэсэн гэж маргадаг боловч дансаар шилжүүлсэн цаг хугацааны хувьд мод бэлтгэсэн хугацаа буюу 03 дугаар сарын 20-ноос хойших хугацаанд буюу 04, 05, 07 дугаар сард шилжүүлсэн байдаг. Үүгээр мод бэлтгэх, тээвэрлэх зардал биш гэдэг нь нотлогддог. Модны үнэлгээг мэргэжлийн байгууллага болон шинжээчээр дүгнэлт гаргаагүй гэж маргадаг. Нэхэмжлэгч өөрт олгогдсон эрхийн дагуу нэхэмжлэлийн үнийг өөрөө тодорхойлсон. Тухайн тодорхойлсон үнийг хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй бол өөрсдөө шинжээч томилох хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй байсан. Гэтэл хариуцагч нарын зүгээс ямар ч хүсэлт гаргаагүй учраас шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнг зах зээлийн үнэ ханшнаас хэт давуулж үнэлээгүй байна. Хариуцагч нар нэхэмжлэлийг гардаж аваад хуулийн хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй байдаг. Тухайн үед мод бэлтгэх гоожингийн тэдэн ширхэг модыг 03 дугаар сарын 08-ны өдрөөс 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл бэлтгэнэ гэсэн бүх гоожингоо хавтаст хэрэгт хавсаргасан. Хэрэглэсэн модныхоо тоо ширхэг дээр маргаж байгаа. Хариуцагч нар маргаж байгаа үндэслэлээ ямар нэгэн баримтаар нотлоогүй. Тайлбар татгалзлаа хуулийн хугацаанд гаргах үүргээ биелүүлээгүй. Прокуророос гаргаж өгсөн хэрэг бүртгэлтийн ажиллагаа нээсэн хоёр материал байгаа. Эдгээр материалаар О.Д С.Б-т мод бэлтгээд О.Д-н таньдаг айлын хашаанд буулгасан гэдгийг аль аль тал нь зөвшөөрдөг. Буулгасан, авсан, өгсөн асуудал нь иргэний эрх зүйн маргаан байгаа учраас эрүүгийн хэргээр шийдэх боломжгүй гэсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Маргаж байгаа үнийн дүн болон модны тоо ширхгийн хувьд хариуцагчийн зүгээс ямар ч нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Анх нэхэмжлэл гаргахдаа дэвтрийг өгөөгүй харин шаардлагатай бол гаргаж өгнө гэж байгаад анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тухайн үед мод авч өгөхдөө тэмдэглэл үйлддэг 2 дэвтэр С.Б-т байгаа гэхээр нь манай зүгээс тэр дэвтрийг гаргаж өгсөн. Анхан шатны шүүхэд М.Д нь би энэ дэвтэр дээр тэмдэглэгээ хийдэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

7. Хариуцагч М.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. Анхан шатны шүүх хуралдаан болох үед манай талд ажил явдал гараад очиж чадаагүй. С.Б нь бид хоёроор мод бэлдүүлээд 2 метрийн урттай мод нь манай хашаанд байсан. 4 метртэй мод нь манай ахын хашаанд байсан. 2 метрийн урттай модоо биднийг эзгүй байхад манай хажуу айлд хэлээд 3-н хоног манай хашаанаас ачаад явсан байсан. Манай их хэмжээний түлээний модыг хүртэл аваад явсан. Айлын хашаанд байсан 4 метртэй модноос 250 ширхэг палк, 200 гаруй ширхэг банз авч явчихаад бид хоёрыг авсан гэж гүтгээд байгаа гэв.

8. Хариуцагч нарын өмгөөлөгч Г.Гандөш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хуралдаанд миний бие хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан. Давж заалдах шатны шүүх хуралдаанд итгэмжлэлээсээ татгалзаад өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч талаас модны үнэ, шилжүүлсэн мөнгө зэргийг нэхэмжилсэн байгаа. Манай зүгээс модны үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэг ширхэг мод 300000 төгрөгөөс 400000 төгрөг гэж модыг үнэлсэн боловч үүнийг нотолсон баримт байхгүй. Үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үүргийнхээ дагуу нотлоогүй. Ойгоос мод бэлтгэгдэж байгаа газарт 1 ширхэг мод яагаад ч 300000, 400000 төгрөгийн үнэ хүрэх үндэслэл байхгүй. Модны асуудал дээр анхнаасаа О.Д, М.Д нар нь хэрэглээгүй юм байна нотлогдохгүй гэдэг нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас хэрэг бүртгэлтийн ажиллагаа нээхээс татгалзсан материалд авагдсан баримт мэдүүлгүүдээр нотлогдож байна. 100 ширхэг мод үлдсэн байсныг О.Д авсан байсан гэдэг зүйл ярьдаг. Гэвч 100 ширхэг мод байсан юм уу?, 80 ширхэг мод байсан юм уу? гэдгийг нотолсон хуулийн байгууллагын албан ёсны шийдвэр байхгүй. О.Д тухайн модыг хэрэглэсэн, бусдын итгэмжлэгдэн хариуцуулсан эд хөрөнгийг авсан, завшсан зүйл байхгүй гэж үзэж байна. Дээрх асуудал нь хамтран ажиллах гэрээ байгуулсан гэх үндэслэл болохгүй. Яагаад гэвэл мөнгө шилжүүлсэн асуудал нь хамтран ажилласан гэж үзэх боломжгүй гэж анхан шатны шүүхийн шийдвэр гарсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иргэний хуулийн 476 дугаар зүйлд хамтран ажиллах гэрээг 2 буюу түүнээс дээш этгээд, хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэглэхээр хамтран ажиллах үүрэг хүлээнэ. Хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэж заасан байдаг. Прокурорын тогтоолд энэ үйлдлийг хамтран ажиллах гэрээний шинжтэй байна гэж дүгнэсэн байсан. Нэг талаар мөнгө санхүүгийн асуудлаар зохицуулаад нөгөө талаар тухайн газарт нь мод бэлтгэх асуудлыг хариуцаад хамтарч ажиллаж ашгаа хувааж авах зорилготой байсан нь хэрэгт авагдсан баримтаар илт харагдаж байна. Нэхэмжлэгч талаас 200 ширхэг, 100 ширхэг мод бэлтгэсэн гэж яриад байдаг. Анхан шатны шүүх дээр хэдэн мод бэлтгэсэн талаар ямар ч баримт гаргаж өгөөгүй. Тухайн үед нөхөрлөлийн үндсэн дээр мод бэлтгэж байгаа бол сумын ойн ангитай гэрээ байгуулаад нийт гаргасан, бэлдсэн модны тоо, ширхэг хэмжээ зэргийн тайлан байх ёстой. Гэтэл ямар ч баримт нотлох баримтаар гаргаж өгөөгүй, амаараа тэдэн ширхэг мод байсан тэдэн ширхэг мод бэлдсэн гэж нотлох баримтгүйгээр хэлээд байдаг. Хариуцагч 2750000 төгрөг банкны мөнгө төлөх гээд авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Нийт 16000000 төгрөг нэхэмжилж байгаагаас манай талаас 2750000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлгож болно. Бусад асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд үнэлгээтэй холбоотой асуудлууд яригдсан. Нэхэмжлэгч талаас үнэлгээгээ яаж тогтоосон бэ? гэхэд би хүмүүсээс утсаар асуусан гэж хэлсэн. Үнэлгээг утсаар асуугаад тогтоох ямар ч боломжгүй. Тусгай мэргэшсэн хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ тогтоох асуудал яригдах байсан. Гэрийн бүрээс, болон машины нум авахад гарсан зардлууд нь мод бэлтгэхэд гарсан зардал гэж хариуцагч нараас тайлбарладаг. Энэ нь прокурорт өгсөн мэдүүлэг, хууль сануулж авсан мэдүүлэг зэргээр нотлогдож байдаг. Нэхэмжлэгч талаас та баримтаа гаргаж өгөөч гэж хэлэхэд утсан дээр баримтууд байгаа гэсэн зүйлийг ярьдаг. Ийм байдлаар хэргийг шийдвэрлэсэнд манай зүгээс гомдолтой байгаа.

Нэхэмжлэгч талаас хариуцагч нарт цалинг нь тухай тухай үед нь өгч ажиллаж байсан гэж байна. Хэрэгт авагдсан баримтаар О.Д, М.Д нарт хэдэн төгрөгийн цалин өгсөн гэдэг талаар байдаггүй. М.Д-ийн зүгээс үнэхээр цалин авч ажиллаж байсан бол цалингаа нэхэмжилнэ гэсэн зүйл ярьдаг. Дансны хуулгатай холбоотой асуудалд Б гэж шилжүүлсэн болохоос О.Д-д өгсөн юм уу?, өөр хүн лүү Б гэж бичээд шилжүүлчихсэн ч юм уу?, үүнийг баталсан зүйл байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрсдөө нотлох үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй учир анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч 4-н метрийн модны үнэлгээг ширхгийг 400000 төгрөгөөр тооцож 8500000 төгрөг гаргуулж гэж тайлбарласныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй гэж бичсэн байна. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл болон хурлын бичлэг дээр байгаа. Манай зүгээс үнэлгээний асуудлыг огт хүлээн зөвшөөрөөгүй байхад анхан шатны шүүхийн шийдвэрт зохиомол байдлаар бичиж байгаа нь үндэслэлгүй. Хамтран ажиллах гэрээний шинжтэй байгаа нь прокурорын тогтоол болон бусад баримтаар тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

10. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв. 

11. Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч О.Д, М.Д нараас 16,569,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

12. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Д, М.Д нараас 16,569,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын 4-н ханатай гэрийн шалны модыг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.”, 38.7.Нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө.” гэж заасан байдаг.

Хариуцагч талаас анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болох хүртэл нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбар ирүүлээгүй, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг няцаасан, өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй, мөн маргаж байгаа эд хөрөнгөнд үнэлгээ хийлгэх талаарх хүсэлтийг гаргаагүй байна. Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын архиваас нотлох баримтуудыг гаргуулан авсан боловч энэ нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шууд нотлох баримт болохгүй.

Эсрэг талын гаргасан тайлбарт бүрэн хэмжээгээр хариу тайлбар гаргаагүй, эсхүл хангалттай хэмжээнд нотлох баримтад үндэслэн эсэргүүцээгүй бол татгалзлаа нотлоогүй гэж үзэх үндэслэл болно.

“Шүүхийн шийдвэрийн тухай” Улсын Дээд шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолын 2.2.3 дахь заалтад шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэсэн ойлголтыг тодорхой тайлбарласан байна.

Хүчин төгөлдөр болсон эрүүгийн хэргийн шийтгэх болон цагаатгах тогтоолын гэмт хэрэг гарсан эсэх, холбогдох этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэсэн хэсэг нь иргэний хэрэг хянан шийдвэрлэж буй шүүхэд дахин нотлох шаардлагагүй зүйлд хамаарна.  

Энэ нь зөвхөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон үйл баримт байх бөгөөд прокурорын болон цагдаагийн байгууллагын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэргийн зарим баримтыг дахин нотлох шаардлагагүй нотлох баримт гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгохгүй.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолд хамтран ажиллах гэрээний буюу иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн хэдий ч шүүх тухайн харилцааны төрлийг тогтоож, уг харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтын  дагуу маргааныг хянан шийдвэрлэнэ.  

Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-ийн “...зөвхөн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтат үндэслэн хэргийг шийдвэрлэсэн, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолд дурдсанаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах үндэслэл болсон хамтран ажиллах гэрээний шижтэй байгаа тухай дүгнэлт, нэхэмжлэгч талын хамтран ажиллахаар тохиролцсон тайлбар зэргийг шүүхийн шийдвэрт хэрхэн үгүйсгэж дүгнэсэн нь тодорхойгүй, гэрээний дагуу ажиллаж байх явцад гарсан зардлыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэгч нь модны үнэлгээг эрх бүхий этгээдээр үнэлүүлээгүй  тул нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй...” гэсэн агуулгатай гомдлыг хангах үндэслэлгүй.

14. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт байгаа нотлох баримтад үндэслэсэн, маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.  

15. Гомдлыг хангахгүй орхисон тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-өөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 240795 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 146/ШШ2023/00331 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч нарын өмгөөлөгч Г.Г-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240795 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.