| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2019/0017/Э |
| Дугаар | 17 |
| Огноо | 2019-02-15 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.БатТ даргалж,
Нарийн бичгийн дарга: Х.Ууганбат,
Улсын яллагч: А.Амгалан,
Шүүгдэгч: З.Т /өөрөө өөрийгөө өмгөөлсөн /нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Бэсүд овогт Зундуйн Тд холбогдох 1829002980006 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч З.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шунахайн зорилгоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт буюу Ухаа худгийн уурхайгаас 6 дахь км-т “Хероесвин” ХХК-ийн нүүрсний тээвэрлэлт хийлгэхээр итгэмжлэн хариуцуулсан 80-05 ГЧ улсын дугаартай, чиргүүл бүхий, 84-52 ӨМА улсын дугаартай, Фотон маркийн тээврийн хэрэгслийг жолооч Ц.Энхболдоор зуучлуулан хүлээн авч, 3.100.000 /гурван сая нэг зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий эд ангиудыг тонож завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Т нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-14-р хуудас
Хууль ёсны төлөөлөгч Э.Энхманлайн өгсөн: ...Манай компанийн эзэмшлийн 84-52 ӨМА улсын дугаартай фотон маркийн автомашин, 80-05 ГЧ улсын дугаартай чиргүүлийн хамт 2018 оны 11-р сарын 13-аас хойш хаана байгаа нь тодорхойгүй болчихсон учир хайгаад явж байтал Ухаа худаг уурхайгаас урагш 6 дахь километрт чиргүүлийн 6 дугуй болон запас 1 дугуй, банкинд байсан түлш, аккумлятор зэрэг зүйл нь тоногдчихсон олдсон. Ингээд би 2018 оны 12-р сарын 04-ний өдөр Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. ... Буруутай этгээдээс манай компанид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тохиолдолд компаниас гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21-р хуудас/
Гэрч Д.Батбаярын өгсөн: “... Энхболдын найз гэх Т гэж залууд машинаа хүлээлгэж өгсөн. ...Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаад 3 хоногийн дараа Энхболд над руу утасаар залгаад чиний машиныг Та тоноод үлдээсэн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/
Гэрч Ц.Энхболдын өгсөн: “...би өөрөө Хэнтий аймаг дөнгөж ороод буцаад Цогтцэций сум руу яваад ирээд тухайн машиныг хайгаад явж байхад 6 дахь километрт 7 ширхэг дугуй, хоёр ширхэг аккумлятор зэргийг тоноод эзэнгүй үлдээгээд алга болсон байсан. ...Тухайн автомашины чиргүүлийн 6 ширхэг дугуй, запас 1 ширхэг дугуй, нийтдээ 7 ширхэг дугуй, 2 ширхэг аккумлятор, банкинд нь байсан 200 орчим литр дизель түлш зэрэг эд зүйл байхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/
Гэрч Э.Болдбаатарын өгсөн: “... би хэдээр зарах юм, хулгайн юм биш үү, би авахгүй, сүүлд нь хэрэгт орно” гэхэд тэр залуу “үгүй, миний өөрийн машин байгаа юм, хэд хоног архидаад мөнгөгүй болчихлоо зүгээрээ ямар ч асуудалгүй” гээд байсан учир би тэр машины чиргүүлээс 2 ширхэг дугуйг нь тайлж аваад өөрийн машины запас хоёр дугуйг оронд нь тавьж өгсөн ба тэр хүнээс 1 дугуйг 220.000 төгрөгөөр бодож, 440.000 төгрөгийг бэлнээр нь өгсөн тэр өдрөө ачаанд орж чадалгүй машиндаа өнжсөн. ...дугуйны үнэ 440.000 төгрөгийг мөн нөгөө залууд бэлнээр нь өгсөн. Түүнээс хойш тэр хүнтэй уулзаагүй. Цагдаа дуудахаар нь энд ирээд байна. ... Би худалдаж авсан дугуйны үнэ нийт 860.000 төгрөгийг хохирогчид өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд З.Т гэрчээр өгсөн: “...найз Энхболд гэгчтэй утсаар холбогдож байгаад надад нүүрс тээврийн машин олж өгөөч гэж гуйсан. Тэгсэн Энхболд намайг Улаанбаатар хотоос унаанд суугаад Цогтцэций суманд яваад ир, би хүнтэй ярьчихсан байгаа гэж хэлсэн. Би Цогтцэций суманд ирээд Гашуун сухайт авто замын 6 дахь километрт ирээд найз Энхболдтой уулзсан. Улмаар Энхболдын машинд суугаад Эрдэнэс Таван Толгойн уурхай руу очсон боловч нүүрс ачихгүй зогсчихсон байсан. ... Батбаяртай уулзсан чинь надад 84-52 ӨМА улсын дугаартай Фотон маркийн, 80-05 ГЧ чиргүүлтэй улсын дугаартай тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн хүлээлгэж өгөөд Цогтцэций сум руу яваад өгсөн. ...тухайн авто машиныхаа чиргүүлийн гурван тэнхлэгийн хамгийн арын тэнхлэгийн дугуйг Болдоо гэх хүнд 440000 төгрөгөөр бодож зарсан. ...Банкинд байсан түлш болон 3 дугуйг архи ууж байх үедээ хулгайд алдсан байсан. Гэхдээ би машиныг хариуцаж байсан учир бүрэн хариуцна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31-р хуудас/
Хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 01/04 дугаартай : “...нийт дүн 3.100.000...” гэх дүгнэлт /хх-ийн 33-р хуудас/
Яллагдагч З.Тулгын мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн: ...Би 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хотод гэртээ ажилгүй байж байхаар нүүрсний машин жолоодохоор найз Энхболд руу ярьж “машин олоод өгөөч” гэж гуйсан Энхболд “за би олоод өгье” гэсэн түүний маргааш нь Энхболд “машин байна хүрээд ир” гэсэн би 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ирж Энхболд руу утсаар ярьсан Энхболд намайг Цогтцэций сумын төвөөс урагш нүүрс тээвэрлэлт явагдаж байгаа засмал замын 6 дахь километрт хүрээд ир гэсэн би тийшээ таксигаар очиж Энхболдтой уулзан машины нь кабинд хамт хоноод маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн үдээс хойш Энхболдын найз Батбаяр гэх залуугийн Цагаан хаднаас жолоодож ирсэн 8452өма улсын дугаартай тээврийн хэрэгслийг 8005гч улсын дугаартай чиргүүлийн хамт хүлээж авсан. ...би зөвшөөрч тэр хүнээс 660.000 төгрөг авч “3 дугуй ав” гэсэн тэр хүн дугуйг тайлж аваад үлдсэн. Би тэр мөнгөөр дахин нэг шил архи авч буудал руу орж архиа ууж тэндээ хоноод маргааш нь нөгөө мөнгөөр дахин архидаад 3 хоносон байх нэг өглөө босоод мөн танихгүй жолоочид машины банкинд байсан түлшийг 1500 төгрөгөөр бодож зарсан. 300.000 орчим төгрөг болсон байх бас 2 ширхэг аккумляторыг нийт 300.000 төгрөгөөр зарсан түүний маргааш нь өглөө буюу 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө дугуй авах хүн хайж яваад машиндаа унтаж байсан нэг жолооч ахыг гуйж байгаад чиргүүлийн 2 ширхэг дугуйг нэг бүрийг нь 220.000 төгрөг нийт 440.000 төгрөгөөр зарж мөнгийг бэлнээр нь авсан. Тэгээд буудалдаа ирж унтаж байгаад орой дахин дэлгүүрээс архи авахаар явж байгаад өглөө дугуй авсан жолооч ахтай таарч тэр хүнээс “дахин дугуй авах уу” гэж гуйж байгаад мөн машины чиргүүлээс 2 ширхэг дугуйг 440.000 төгрөгөөр зарж мөнгийг аваад Цогтцэций сум руу ирж буудалд ганцаараа архи ууж хоночхоод өглөө нь Улаанбаатар хот руу явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41-р хуудас/
Шүүгдэгч З.Тулгын хувийн байдлын талаар:
Шүүгдэгч З.Тулгын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-р хуудас/,
Шүүгдэгч З.Тулгын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, жолоочийн лавлагаа мэдээлэл, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, /хх-ийн 43-47-р хуудас/,
Шүүгдэгч З.Тулгыг гурван талаас нь харуулсан гэрэл зураг, гарын дардас /хх-ийн 47-48-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч З.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шунахайн зорилгоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт буюу Ухаа худгийн уурхайгаас 6 дахь км-т “Хероесвин” ХХК-ийн нүүрсний тээвэрлэлт хийлгэхээр итгэмжлэн хариуцуулсан 80-05 ГЧ улсын дугаартай, чиргүүл бүхий, 84-52 ӨМА улсын дугаартай, Фотон маркийн тээврийн хэрэгслийг жолооч Ц.Энхболдоор зуучлуулан хүлээн авч, 3.100.000 /гурван сая нэг зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий эд ангиудыг тонож завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-14-р хуудас, Хууль ёсны төлөөлөгч Э.Энхманлайн өгсөн: ...Манай компанийн эзэмшлийн 84-52 ӨМА улсын дугаартай фотон маркийн автомашин, 80-05 ГЧ улсын дугаартай чиргүүлийн хамт 2018 оны 11-р сарын 13-аас хойш хаана байгаа нь тодорхойгүй болчихсон учир хайгаад явж байтал Ухаа худаг уурхайгаас урагш 6 дахь километрт чиргүүлийн 6 дугуй болон запас 1 дугуй, банкинд байсан түлш, аккумлятор зэрэг зүйл нь тоногдчихсон олдсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21-р хуудас/, Гэрч Д.Батбаярын өгсөн: “... Энхболдын найз гэх Т гэж залууд машинаа хүлээлгэж өгсөн. ...Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаад 3 хоногийн дараа Энхболд над руу утасдаад чиний машиныг Та тоноод үлдээсэн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/, Гэрч Ц.Энхболдын өгсөн: “ ...Тухайн автомашины чиргүүлийн 6 ширхэг дугуй, запас 1 ширхэг дугуй, нийтдээ 7 ширхэг дугуй, 2 ширхэг аккумлятор, банкинд нь байсан 200 орчим литр дизель түлш зэрэг эд зүйл байхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/, Гэрч Э.Болдбаатарын өгсөн: “... Цагдаа дуудахаар нь энд ирээд байна. ... Би худалдаж авсан дугуйны үнэ нийт 860.000 төгрөгийг хохирогчид өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/, Мөрдөн байцаалтын шатанд З.Т гэрчээр өгсөн: “...найз ... Батбаяртай уулзсан чинь надад 84-52 ӨМА улсын дугаартай Фотон маркийн, 80-05 ГЧ чиргүүлтэй улсын дугаартай тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн хүлээлгэж өгөөд Цогтцэций сум руу яваад өгсөн. ...тухайн авто машиныхаа чиргүүлийн гурван тэнхлэгийн хамгийн арын тэнхлэгийн дугуйг Болдоо гэх хүнд 440000 төгрөгөөр бодож зарсан. ...Банкинд байсан түлш болон 3 дугуйг архи ууж байх үедээ хулгайд алдсан байсан. Гэхдээ би машиныг хариуцаж байсан учир бүрэн хариуцна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31-р хуудас/, Хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 01/04 дугаартай : “...нийт дүн 3.100.000...” гэх дүгнэлт /хх-ийн 33-р хуудас/ шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.
Шүүгдэгч З.Т нь гэм буруугаа хүлээж зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч З.Тулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Энхманлай нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бэсүд овогт Зундуйн Тулгыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Тулгыг хорих ял оногдуулахгүйгээр 1 / нэг / жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 5, 6, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 4-т зааснаар шүүгдэгч З.Тд тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ авч, дээрх хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч З.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, З.Тулгын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох буюу гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд З.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА