Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 407

 

 

 

 

 

 

 

 

   2019        03          14                                   407

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч П.Болормаа,   

Нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овогт Ц.Цт холбогдох эрүүгийн 1906 01144 0381 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ц.Ц,

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Ц нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 1 дүгээр байрны 14 тоотод оршин суух иргэн Х.Баярсайханы гэрийн хаалганы цоожийг эвдэж буюу хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нууцаар хууль бусаар нэвтэрч делли маркийн зөөврийн компьютер хулгайлан авч 354.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                       /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад шүүгдэгч Ц.Ц нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь:

 

Хохирогч Х.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Намайг гэрээ цоожлоод гарахад хүн байгаагүй. Гэртээ 22 цагт орж ирэхэд манай хажуу өрөөнд байдаг эхнэрийн эгчийн хүү Мэндбаярын Од-Эрдэнэ түүний найз Санжаа 2 ирчихсэн байсан. Миний өрөөний хаалга онгорхой байхаар нь ортол гэрт байсан “Делли” маркийн нөөтбүк алга болсон байсан. Би хэрэг гардаг өдөр гэрээсээ гарахдаа хаалгаа хятад жижиг төмөр цоожоор цоожлоод гарсан. Гэртээ ирэхэд гэрийн цоож алга болсон манай өрөөнд байсан зөөврийн компьютер алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-18-19/,

 

Иргэний нэхэмжлэгч Г.Төрбатын мөрдөн байцаалтад өгсөн:

Уг залуу манай ломбарданд орж ирээд “Дэлли ай-5” маркийн зөөврийн компьютер 100.000 төгрөгийн барьцаанд тавьж үлдээсэн гэх мэдүүлэг /хх-ийн 24/,  

 

“Дамно” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №БЗ2-19-187 дугаартай:

“Dell” брендийн I5 dual core, 2GB ram-тай зөөврийн компьютер 354.000   төгрөгийн үнэтэй гэх дүгнэлтийн тайлан /хх-ийн 34-35/,

 

Шүүгдэгч Ц.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Манай хажуу талын өрөөг түрээсэлдэг Х.Баярсайхан ахын өрөө нь цоожтой байсан. Ингээд би гэртээ байж байгаад бие засах өрөөнд орчихоод гарахдаа Х.Баярсайхан ахын өрөө рүү харсан чинь өрөөнийх нь цоож нь тохоостой байхаар нь цоожийг нь онгойлгоод өрөөнд нь орсон чинь уг өрөөний шалан дээр хар өнгийн зөөврийн компьютер байж байсан. Тухайн үед надад мөнгө хэрэгтэй байсан учраас уг зөөврийн компьютерийг нь хулгайлан авсан. Би уг компьютерийг Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянцээлийн гудамжинд үйл ажиллагаа явуулдаг “Тулга” гэх нэртэй ломбарданд аваачиж 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан гэх мэдүүлэг /хх-ийн 45/,   

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 3/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9/,

Мэдүүгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 9-12/,

“Тулга” барьцаалан зээлдүүлэх газрын 0000639 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 15/,

Нөөтбүүк хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 14/,

Ц.Цын 5954371032 тоот дипозит дансны дэлгэрэгүй хуулга /хх-ийн 16/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Ц.Цын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/, түр оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 50/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог. 

 

Баянзүрх дүүрийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Цт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Ц нь хүн байнга амьдрах зориулалт бүхий байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, тэрээр өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Цыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт гэмт хэрэг үйлдэгдэх үед 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй хүнд эрүүгийн хариуцалга оногдуулахыг журамлаж хуульчилсан байх ба уг гэмт хэрэг 2019  оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үйлдэгдсэн. Шүүгдэгч нь дээрх өдөр 19 нас 00 сар 27 хоногийн настай байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт зааснаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах хууль зүйн үндэслэлгүй болно.

Хохирогч Х.Баярсайхан, шүүгдэгч Ц.Ц болон бусад хүмүүсийн амьдарч байгаа тухайн байр нь 1 улсын бүртгэлтэй байр хэдий ч дотороо олон өрөөтэй, өрөө тус бүрийг өөр өөр хүмүүс түр хугацаагаар амьдрахаар хөлс төлж хэлцэлийн үндсэн дээр эзэмшиж амьдардаг байр байна. Хохирогч Х.Баярсайханы өөрөө амьдрахаар бусдаас тусгаарлан амьдарч байсан өрөө нь хүн байнга байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хамаарах юм.

Иймд шүүгдэгч Ц.Цын өмгөөлөгч Б.Дашдоржийн шүүх хуралдаанд гаргасан санал хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй болохоо илэрхийлсэн учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Цыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Цыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цт оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.БААСАНБАТ