Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 409

 

                                                                                                               

 

 

 

 

 

 

   2019         03          14                                   409

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,   

Нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Черүч овогт С.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00462 0324 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хэсгийн 1-101б тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, УК93121650 регистрийн дугаартай, Черүч овогт С.А,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.А нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “Их Отор” нэртэй дэлгүүрийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Батгэрэлтэй маргалдан түүнийг зодож биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                               

/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн С.Ад холбогдох эрүүгийн 1906 00462 0324 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч С.А нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Б.Батгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “Их Отор” нэртэй дэлгүүрийн ойролцоо Болороо гэдэг эмэгтэйн гэрт хоёр шил архи уусан. Тэгсэн Амака надад хандан “чи Соёлоо эгчийн ардаас очоод дуудаад ир” гэсэн. Тэгэхээр нь би “лай, лай” гэж хэлсэн. Тэгсэн Амака намайг шанаа руу нэг удаа цохьсон. Тэгэхэд миний шанаа эвгүй болчихсон. Тэгээд эхнэрээрээ толгойгоо бариулж байсан чинь яасан бааштай гар вэ гээд дахиад зүүн шанаа руу 3 удаа цохьсон. Тэгээд манай эхнэр намайг салгаж аваад гэртээ харьж амарсан. Тэгээд өглөө нь архи гараад эрүү, шанаа өвдөөд хавдсан. Гэмтэл дээр очиж үзүүлэхэд хугарсан байна гэсэн. Хамгийн сүүлд гадаа уулзах үедээ Амака нь баруун гараа атгаж байгаад нэг удаа зүүн шанаа тус газар цохиж гэмтэл учруулсан гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1214 дугаартай:

Б.Батгэрэлийн биед эрүү ясны зүүн булангийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 8 тал/,

 

Гэрч М.Мөнхзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Б.Батгэрэл бид хоёр урьд нь муудалцаад Б.Батгэрэл намайг зодсоныг Соёлмаа эгч С.Ад хэлсэн юм шиг байна лээ. С.А миний багын найз. С.А Б.Батгэрэл рүү чи яахаараа миний найзыг зодож нүдэж дарамталдаг юм бэ гээд Б.Батгэрэлийг сууж байхад нь зүүн талаас нь гараараа шанаа руу нь нэг удаа цохьсон. Тэр үед Б.Батгэрэлийн эрүү хугараагүй. Тэгээд Соёлмаа эгч явахаар болоод гарсан чинь С.А ардаас нь Б.Батгэрэлийг хамт гараад ирье гээд аваад гарсан. Тэгтэл удаагүй гэрийн гадна түчигнээд явчихаар нь гартал нөхөр Б.Батгэрэл газар уначихсан хэвтэж байхаар нь нөхрөө оруулж ирээд жаахан сууж байгаад харьсан. Тэгтэл маргааш өглөө нь Б.Батгэрэлийн эрүү хавдчихсан, ам нь ангайхгүй байсан. Би нөхрөө дагуулаад гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхэд эрүү нь хугарчихсан байна гэсэн. Манай нөхөрийг гэрийн гадна С.А цохихдоо эрүүг нь хугалсан гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

 

Гэрч Д.Батсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би Б.Батгэрэлийг орон дээр сууж байхаар нь зүүн талын мөр рүү нь өшиглөсөн. Тэгтэл Б.Батгэрэлийн эхнэр Заяа надруу дайраад байхаар нь Донко ах намайг дагуулж яваад гэрт хүргэж өгсөн. Би Донко ахтай хамт гэртээ хоноод маргааш өглөө нь С.Аынд ирэхэд С.А гэртээ байхгүй байсан. Тэгтэл Б.Батгэрэлийн хадам эгч Нандиа над руу залгаад Б.Батгэрэлийн эрүү хугарсан байна. С.А, Донко, ах бид гурвыг ирж уулз. Уулзахгүй бол цагдаад өглөө гэж хэлсэн. Тэгэхээр нь Донко ах бид хоёр Б.Батгэрэлтэй очиж уулзсан бөгөөд Б.Батгэрэлийн эрүү нь хавдчихсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

 

Шүүгдэгч С.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Мөнхзаяа сууж байхдаа нөхөр Б.Батгэрэлийгээ намайг дарамталж зоддог гэхээр нь би Б.Батгэрэлийг чи яагаад миний найзыг дарамтлаад байдаг юм бэ гэхэд Б.Батгэрэл 10 жил дарамталлаа чи яах юм бэ гээд босоод ирсэн. Тэгэхээр нь би баруун шанаа тус газар нь 1 удаа шанаадсан, мөн 1 удаа алгадсан. Тэгээд эхнэр нь боль гээд салгасан гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/,

Зөрчлийн талаар гаргасан гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч С.Аын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 19 тал/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.А нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь дээр дурдсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч С.Аын иргэн Б.Батгэрэлийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Б.Батгэрэл нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ хохирол төлбөрт нийт 925.000 төгрөг нэхэмжилсэн байх ба хавтаст хэрэгт 105.880 төгрөгийн бичгийн нотлох баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулан олгож, хохирогч нь уг гэмт хэргийн улмаас учирсан бусад хохиролын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.   

 

Шүүгдэгч С.А нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн санал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Черүч овогт С.Аыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аыг хоёр зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Ад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.А нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлйийн 505.1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч С.Аоос 105.880 төгрөг гаргуулж хохирогч Б.Батгэрэл /НЭ91040310, Баянзүрх дүүргийн 21-р хороо, Жамсран уул 6-2227/-д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БААСАНБАТ