Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 410

 

 

 

 

 

 

 

 

   2019        03          14                                     410      

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Ц.Гантулгабат,

Хохирогч Л.Эрдэнэбаяр,   

Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Од холбогдох эрүүгийн 1806 06756 0361 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д.О,

 

Үйлдсэн хэргийн талаар:

Д.О нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул захын бөс барааны лангуугаар үйлчлүүлж байсан иргэн Л.Эрдэнэбаярын цүнхийг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч завшсаны улмаас 3.585.800 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Од холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад Д.О нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Л.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...би гялгар тор, цүнх хоёроо гартаа давхар бариад явлаа гэж бодоод явахдаа цүнхээ орхиод явсан юм шиг байна лээ. Би анхныхаа лангуун дээр очиход нөгөө залуу "Өө би таныг эргэж ирэхгүй явчихлаа гэж бодлоо. Тэгээд ч таны авах гэж байгаа туузнаас 200 м байхгүй байна, 100 гаран метр байна" гэхээр нь би "Тэгвэл надад хэрэггүй болчихлоо" гээд буцах гэтэл цүнхээ байхгүй байгааг мэдсэн. ...Би тэр цагдаатай хамт жаахан хүлээж байтал нөгөө эмэгтэй хүрээд ирсэн. Би тэр эмэгтэйд хандаж цүнхээ орхисон байна гэдгээ хэлсэн. Тэгтэл "Үгүй. Таны хажууд байсан хүмүүс авч явсан байх, би хараагүй, би таныг санаж байна, таны хажууд байсан хүн ремен авсан гэж хэлсэн. Тэгэхэд нь би ч тэр үйл явцыг санаж байсан тул “тийм тэр эмэгтэй ремен авч байсан” гэж хэлчихээд буцаад цагдаатай хэсэг дээр очиж, явсан газараа зааж өгөөд дахин камер шүүсэн. Дахин өөр цагдаа дагуулж өөрийнхөө явсан газруудаа зааж дагуулж яваад болсон асуудлаа тайлбарлаж өгсөн. ...Миний бодлоор тэр лангуун дээр байсан эмэгтэйг бас холбоотой байх гэж бодож байна. Цүнхээ орхисон байна. Энд сууж байсан эмэгтэйтэй яриад асуучихъя гэхэд утсыг нь өгөөгүй. Тэрнээс зүгээр гэмгүй байсан бол өө тийм үү утсаар яриад асуу гээд утасны дугаарыг нь өгөх байсан гэж бодож байгаа. Мөн энэ эмэгтэйг сэжиглэх бас нэг зүйл нь эхлээд тааралдахад би 00 ороод ирлээ гэж хэлсэн. Дараа нь цагдаа дээр ирээд манай дарга хоолонд явуулсан би хоолонд яваад ирсэн гэж хэлсэн. Мөн цүнхийг чинь хараагүй мэдэхгүй гээд байсан байж сүүлд нь цагдаа камер шүүгээд энэ эмэгтэйг авч байгаа нь камерын бичлэгт авагдсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

 

Гэрч Д.Чулуундамбын мөрдөн байцаалтанд өгсөн:

...Тухайн үед Д.О бид 2 лангуун дээр байж байхад Д.О надад "нэг хүн жижиг цүнхээ мартаад явчихлаа" гэж хэлэхээр нь би "за тэгээд цааш нь тавиад хадгалж бай, эзэн нь ирээд алт мөнгө байсан гэж хэлээд хэл ам болоод байдаг шүү" гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

 

Гэрч Ц.Батбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн:

...ингээд би хяналтын камер дээр ажиллаж байсан учир шүүж үзэхэд Нарантуул захын бэлэн бөс барааны хэсгийн камер дээр уг өргөдөл гаргасан эмэгтэй хүн цагаан тортой зүйл барьсан Д.О гэх эмэгтэй хүний лангуун дээр очиж үйлчлүүлж байгаад явдаг. Хэдэн секундын дараа лангууны худалдагч эмэгтэйн гар нь лангууны дээрээс эд зүйл авч байгаа нь маш бүдэг холоос дүрслэгдсэн бичлэг байсан гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

 

Гэрч Ж.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

...үүрэг гүйцэтгэж байхад "эд зүйлээ мартсан" гэсэн эмэгтэй хүн хэсэг дотор орж ирэхээр нь явсан газраар нь дагуулаад захын баруун саравчны бөс барааны хэсгийн лангуунуудаар явсан. Эргэж хэсэг дээр ирээд баруун саравчны баруун урд талын хяналтын камерийг шүүж шалгахад уг иргэн нь тухайн Д.О лангуун дээр эд зүйлээ орхин явсан нь харагдсан ба уг лангуун дээр сууж байсан хүн цаашаа авч эд зүйлийг тавьж байсан нь харагдсан гэх мэдүүлэг /хх-ийн 69/,

 

"Дамно" ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б31-18-1303 дугаартай:

...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 08-р сарын 13-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 3.585.800 төгрөгөөр үнэлэгдэв гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 24-25/,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн “...тус хяналтын систем нь Улаанбаатарын цагтай таарч байна. Дүрс бичлэгүүдийг системийн цагийг хойшлуулж 2018 оны 08 сарын 12-ны өдрийн 11 цагаас хойш ухрааж үзхэд Нарантуул захын бүс барааны хэсгийн хяналтын камерт хохирогч гэх эмэгтэй хүн лангууны цаагуур харагдаж нэг лангуун дээр юм үзэж зогсож байгаа нь дүрслэгдэнэ. 11 цаг 24 минутад камерт дүрслэгдэх ба хохирогч лангуун дээр юм үзэж байгаад цаашаа явсаны дараа худалдагч Д.О лангуун дээрээсээ жижиг цүнхтэй зүйл авч байгаа нь 11 цаг 25 минут 37 секундэд камерт дүрслэгдэв” гэх тэмдэглэл /хх-ийн 12-13/

 

Шүүгдэгч Д.Д.О мөрдөн байцаалтанд өгсөн:

Би энэ хүний 3.500.000 төгрөгийг аваагүй учир  хүлээн зөвшөөрөхгүй. Цүнхийг лангуун дээрээсээ аваад хажуу талынхаа лангуун дээр тавиад Чулуундамба захиралд цүнхийг орхиод явлаа гэж хэлээд агуулах руу бараа авч ирэхээр явсан. Эргэж ирэхэд хохирогч гэх эмэгтэй ирчихсэн “энд миний орхиод явсан цүнх хаана байна” гэж асуухаар нь “би лангуун дээр орхиод явсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэр цүнхийг хажуу талын лангуунд тавьсан гэх мэдүүлэг /хх-ийн 85/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалын тухай: Д.Д.О хувийн байдлын талаархи иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 35-46/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй байх ба тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.О нь гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Д.Д.О гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Д.О нь уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Хохирогч Л.Эрдэнэбаяр нь 3.585.800 төгрөг нэхэмжилсэн. Уг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхлэлтийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.О гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхэгийг хэрэгт хадгаласугай.

 

6. Шүүгдэгч Д.О нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлйийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оэс 3.585.800 төгрөг гаргуулж хохирогч Л.Эрдэнэбаяр /ДВ77100902/-т олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БААСАНБАТ