Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 20

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч А.Амгалан,

Иргэний хариуцагч Б.Амарсанаа,

Шүүгдэгч О.П,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Уураг овогт Оотойн Пд холбогдох эрүүгийн 1829000000130 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.П нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө “Хероесвин” ХХК-ийн эзэмшлийн 91-09 БЧ улсын дугаартай чиргүүл бүхий 19-43 ӨМҮ улсын дугаартай Норт бенз маркийн чирэгч тээврийн хэрэгслийг жолоодож, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасныг зөрчсөнөөс Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт буюу Цагаан хад гэх газарт “Таван толгой транс” ХХК-ийн гаалийн хяналтын бүсийн гадна зогсоол дээр зам тээврийн осол гаргаж, иргэн Д.Балжиннямын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, “Авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ”ашиглалтын журам” зөрчих гэмт хэрэг үйлдсэний дараа, тухайн цаг хугацаанд гэмт хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдэд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.П мэдүүлэхдээ: “...2018 оны 08 дугаар 09-ний өдөр Хятадаас 16 цагийн үед гарч ирсэн. Далан дайрч гараад 2 цагийн үед тавьсан. Жолоочтой машин байвал өглөө урдуур чинь оръё гэж хэлэх гээд явж байгаад гэрэлтэй машин дээр очиход Д.Балжинням унтаж байсан. Тэгээд би очоод яриа өдөөд өглөө урдуур нь орчих санаатай  гэрлээ тусгаад та гадаа унтдаг нь яаж байгаа юм бэ? машиндаа орж унтаач гэсэн чинь гэрлээ унтраач гэсэн. Тэгэхээр нь машинаа урагшаа тавьчхаад яваад өгсөн. Маргааш нь 12 цагийн үед  хөтөч надруу залгаад чамайг цагдаа хайгаад байна очооч чи яасан юм бэ? гээд байхаар нь намайг урагшаа Санхэйгийн уулзвар дээр яваад очсон чинь машин маань байхгүй байсан. Тэгээд машин алга гээд цагдаа дээр очсон чинь кэмп дээр яваад оч гэсэн тэгээд очиход гурван шар дээр оч гэсэн тэгээд очоод Бат-Эрдэнэ байцаагчтай уулзаж анхныхаа мэдүүлгийг өгсөн...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Балжинням мэдүүлэхдээ: “...Тухайн үед би очерт  байж байгаад гарч ирсэн. Орой таталт байхгүй байсан. Тэгээд кабенд унтах гэсэн халуун байсан болохоор гадаа гарч унтсан. Миний ард цагаан өнгөтэй Норд бенз байсан. Урд талд цэнхэр чиргүүлтэй цагаан өнгийн норд бенз байсан. Шөнө  над дээр ирээд юм ярьсан гэж байна. Тийм зүйл болоогүй. Машинаараа миний хөл дээгүүр гараад яваад өгсөн. Би гэрэл тусгаж харсан. Миний машинаас 2 машины өмнө зогссон. Тэгээд би босож чадахгүй байсан болохоор маргааш нь цагдаа дуудаж мэдүүлэг өгсөн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Б.Амарсанаа мэдүүлэхдээ: “...хэрэв О.П хэрэг хийсэн нь тогтоогдож, хохирол төлбөрийг нь шүүхээс тогтоовол манай компани хохирол төлбөрийг төлж барагдуулна гэв.

 Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 17-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-23-р хуудас/

Хохирогч Д.Балжиннямын өгсөн: “...2018.08.09-ний 02 цагийн үед нүүрс тээврийн хүнд даацын автомашин чиргүүлийн арын дугуйгаар баруун хөлийг дайрч, хөлөн дээр зогссон. Би ухраач гэж хашхирахад бууж ирж хараад буцаж автомашиндаа сууж урагшаа хөдлөөд яваад өгсөн.

...Би асаагуурны гэрэл тусгаж харахад 91-09 БЧ дугаартай чиргүүлтэй машин тэр чигээрээ яваад өгсөн. Тэгээд би босох гээд үзсэн чинь босч чадахгүй байсан. Хөл маш их өвдөж байсан. Би хэвтэж байгаад өглөө болгосон. Тэр хавьд ямар нэг хүн байхгүй байсан. Би хашхирсан боловч хүн гарч ирээгүй юм. ...Осол гарахаас өмнөх өдөр Норд бенз маркийн 19-43 ӨМҮ улсын дугаартай, чиргүүл нь 91-09 БЧ улсын дугаартай автомашин очерын далангийн хажуугаар яваад байсан. Тэгээд шөнө очер дайрч орж ирсэн. Норд бенз маркийн 19-43 ӨМҮ улсын дугаартай, чиргүүл нь 91-09 БЧ улсын дугаартай автомашиныг манай найз жолооддог байсан учир би гаднаас хараад шууд таньсан. ...Би энэ хугацаанд эмнэлэгт, эмчилгээний зардалд, бусад зардалд 1,700,000 төгрөг зарцуулсан, түүнийг нэхэмжилнэ. Би энэ хугацаанд нүүрсэнд явсан бол хамгийн багадаа 2,500,000 төгрөг олох байсан. Нийт 4,000,000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30, 36-38-р хуудас/

Зөрчлийн хэрэг бүртгэлтэд О.Пгийн холбогдогчоор өгсөн: “... нэгийн цуваанд  орсон автомашинуудын хажуугаар урагшаа чиглэлдээ хөдөлгөөнд оролцоод явж байхдаа автомашин дотроо жолоочтой автомашин хайгаад явж байтал нэг хүн очер хажуу талаар урсгалд гадаа унтаж байсан. Тухайн үед би тэр унтаж байсан хүн дээр автомашинаасаа бууж очоод яриа өдсөн. Тухайн үед тэр хүний хажууд архины шил хоол унд байсан. Би тэр залууг босооч автомашиндаа орж унт гэж хэлсэнд намайг орж унтуулж яахнуу чи гэрлээ битгий тусгаад бай гээд яваач гээд уурлаад байсан. тэгээд би автомашинаа жолоодоод хөдлөөд яваад өгсөн. ...Миний жолоодож явсан автомашины чирэгч толгой унтаж байсан хүний харалдаа зогссон. Тэгээд би автомашинаасаа бууж очсон. ...Өөр хүн байгаагүй тэр хүн ганцаараа байсан. ...Би юу ч мэдээгүй автомашинаа урагшлуулж тавьчхаад нэлээн хойно байсан автомашин руу очиж унтсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33-р хуудас/

Гэрч С. Бямбасүрэнгийн өгсөн: “...2018.08.08-ны оройн 22 цагийн үед намайг автомашинруугаа явахад хоосон автомашин очерын таталт зогссон байсан. Хоосон автомашины очерын хажуугаар шороон далантай учир очерын хажуугаар автомашин яваагүй байсан, ганцхан Норд  бенз маркийн 19-43 ӨМҮ улсын дугаартай, чиргүүл нь 91-09 БЧ улсын дугаартай автомашин даланг дайрч орж ирсэн байсан.

...Өөр ямар нэг машин байгаагүй, 19-43 ӨМҮ дугаартай машин очерын зүүн талаас далан давж орж ирээд Балжиннямын машины хажуугаар яваад урд нь байсан машины урд тогтсон үерийн усыг туулаад очерын баруун талд гарч хашаа руу шахаж зогссон мөр нь тод харагдаж байсан. Өөр ямар нэг машин явсан мөр байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40, 44-р хуудас/

Гэрч Б.Батдоржийн өгсөн: “...өөрийн жолоодож байсан 94-36 өма улсын дугаартай нүүрс тээврийн автомашин дотор сууж байх үед нэг цагдаа ирээд энд нэг осол гарчихлаа би хэргийн газрын үзлэг хийх гэж байна та хөндлөнгийн гэрчээр оролцох уу гэж надаас асуусан. Тухайн үед би тэгье гэж хэлээд тухайн цагдаагийн хамтаар хэргийн газарт очсон. Намайг хэргийн газарт очих үед нүүрс тээврийн автомашинууд нүүрс ачуулах гээд ар араасаа цуваад зогссон байсан, нэг цуваа очерын дунд хэсэгт цувааны зүүн талд шороон дээр хүн дайруулсан гэж байсан. Харин тухайн хүн нь дайрагдсан газрынхаа баруун талд очерт зогсож байсан нүүрс тээврийн автомашины кабин дотор биедээ гэмтэл авсан байдалтай цагаан өнгийн даавуугаар хөлөө ороочихсон сууж байсан. Миний болон тухайн үед хэргийн газрын үзлэг хийж байсан байцаагчийн харснаар хэрэг гарсан газар буюу хүн дайрагдсан гэх цэг дээгүүр нүүрс тээврийн автомашин хойноос урагш чигтэй гарсан дугуйны мөр байсан. Тухайн мөрийн дагууд урагш явахад тухайн талбай баруун гар талруугаа дугуйрдаг хэсэг дээр зогсож байсан нэг нүүрс тээврийн автомашин дээр очсон. Тухайн байцаагч үзлэгээ хийж дуусаад надаар гарын үсэг зуруулсан. Тэгээд би тэр чигээрээ яваад өгсөн. ...Тухайн хүн дайрагдсан цэг дээгүүр хойноос урагш чиглэсэн ганц мөр дайрч гарсан байсан, өөр ямар нэгэн тээврийн хэрэгслийн мөр тухайн газарт үүсээгүй байсан. ...Тухайн мөр нь цуваад зогссон байсан автомашинуудаас нэлээд ойрхон зайтай явж өнгөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/

 Гэрч З.Батжаргалын өгсөн: “...Би цагдаа нартай хамт хэргийн газарт мөр харахад очерт байсан машинуудын зүүн талд байсан далан давж орж ирсэн машины мөр Д.Балжиннямын унтаж байсан гэх газраар буюу очерын зүүн талаар яваад нэг машины урдуур баруун тал руу нь гараад хашаа руу шахаад машин тавьсан 19-43 өмү дугаартай машин дээр очсон. Уг 19-43 өмү дугаартай машин цоожтой, жолооч нь байхгүй байсан. Цагдаагийн хүмүүс намайг энэ машины жолоочийг олж ир гээд байсан. Би тэр жолоочийг нь хайгаад Цагаан хад хавиар зөндөө яваад олдохгүй болохоор нь өөр жолооч гуйж байгаад хаалгыг нь онгойлгуулж бичиг баримтыг нь үзэхэд Оотой овогтой П гэдэг жолоочийн үнэмлэх, бичиг баримт байсан. Тэгээд би О.Пгийн бичиг баримтыг цагдаа нарт өгсөн. ...Өөр ямар нэг машин далан давж орж ирсэн машины мөр байгаагүй. Ганц тэр 19-43 өмү дугаартай машины мөр байсан. Мөр нь тодорхой харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/

Гэрч Ш.Жанчивын өгсөн: “...Намайг 19-43 өмү дугаартай машиныг жолоодож байхад манай найз Балжинням нь надтай байнга хамт нүүрс тээвэрт явдаг байсан болохоор мэдэж байгаа. ...Би маргааш өглөө нь мэдээд очиход Д.Балжинням машиндаа хөл нь хавдчихсан байж байсан. Дайрсан машин нь миний урд нь жолоодож байсан 19-43 ӨМҮ улсын дугаартай машин очерт байсан машинуудын баруун талд хашааны хажууд зогсож байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 123-р хуудас/

Иргэний хариуцагч Э.Хатанбаатарын өгсөн: “...Манайд 19-43 ӨМҮ, 56-07 ӨМА улсын дугаартай чирэгч тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа. ...Осол болох үед компанийн ХАБ-ын ажилтан Батжаргал хэргийн газар дээр очиж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 135-136-р хуудас/

Гэрч О. Цэвээний өгсөн: “...Би ганцаараа машиндаа унтаж байхад шөнө дунд 02 цаг 30 минутын үед байх П миний машинд орж ирсэн. Чи яаж яваа юм гэхэд Цэвээн ах аа би далан дайрч ороод машинаа очерт тавьчхаад ирлээ гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 131-138-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №9967 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний :

  1. Д.Балжиннямын биед баруун шагайн гадна хашлага ясны хугарал, баруун өгзөг, гуя, шилбэ, тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 48-р хуудас/

    Замын цагдаагийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн : “...А. Норд бенз маркийн 19-43 ӨМҮ улсын дугаартай, 91-09 БЧ улсын дугаартай автомашины жолооч Оотой овогтой Пүрэвсүрэн нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 49-р хуудас/

О.Пгийн яллагдагчаар өгсөн: ”...даланг даваад цувраад зогсож байгаа машинуудын хажуугаар урагшаа явж байсан чинь кабин нь гэрэлтэй машины хажууд зогсоод өглөө таталт эхлэхээр урдуур нь орьё гэж гуйх санаатай буугаад очиход жолооч нь машиныхаа урд талд өмнөх машины хойд талын зайд хөнжлөө нөмөрчихсөн хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/

Шүүгдэгч О.Пгийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч О.Пгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56-р хуудас/

Шүүгдэгч О.Пгийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа,  /хх-ийн 104-108-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч О.П нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө “Хероесвин” ХХК-ийн эзэмшлийн 91-09 БЧ улсын дугаартай чиргүүл бүхий 19-43 ӨМҮ улсын дугаартай Норт бенз маркийн чирэгч тээврийн хэрэгслийг жолоодож, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасныг зөрчсөнөөс Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт буюу Цагаан хад гэх газарт “Таван толгой транс” ХХК-ийн гаалийн хяналтын бүсийн гадна зогсоол дээр зам тээврийн осол гаргаж, иргэн Д.Балжиннямын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, “Авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ”ашиглалтын журам” зөрчих гэмт хэрэг үйлдсэний дараа, тухайн цаг хугацаанд гэмт хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь:  Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 17-р хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-23-р хуудас, Хохирогч Д.Балжиннямын өгсөн: “...2018.08.09-ний 02 цагийн үед нүүрс тээврийн хүнд даацын автомашин чиргүүлийн арын дугуйгаар баруун хөлийг дайрч, хөлөн дээр зогссон. Би ухраач гэж хашхирахад бууж ирж хараад буцаж автомашиндаа сууж урагшаа хөдлөөд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30, 36-38-р хуудас/, Зөрчлийн хэрэг бүртгэлтэд О.Пгийн холбогдогчоор өгсөн: “...Тэгээд би автомашинаасаа бууж очсон. ...Өөр хүн байгаагүй тэр хүн ганцаараа байсан. ...Би юу ч мэдээгүй автомашинаа урагшлуулж тавьчхаад нэлээн хойно байсан автомашин руу очиж унтсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33-р хуудас/, Гэрч С. Бямбасүрэнгийн өгсөн: “...Өөр ямар нэг машин байгаагүй, 19-43 ӨМҮ дугаартай машин очерын зүүн талаас далан давж орж ирээд Балжиннямын машины хажуугаар яваад урд нь байсан машины урд тогтсон үерийн усыг туулаад очерын баруун талд гарч хашаа руу шахаж зогссон мөр нь тод харагдаж байсан. Өөр ямар нэг машин явсан мөр байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40, 44-р хуудас/, Гэрч Б.Батдоржийн өгсөн: “ ...Тухайн хүн дайрагдсан цэг дээгүүр хойноос урагш чиглэсэн ганц мөр дайрч гарсан байсан, өөр ямар нэгэн тээврийн хэрэгслийн мөр тухайн газарт үүсээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/, Гэрч З.Батжаргалын өгсөн: “ ...Өөр ямар нэг машин далан давж орж ирсэн машины мөр байгаагүй. Ганц тэр 19-43 өмү дугаартай машины мөр байсан. Мөр нь тодорхой харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/, Гэрч Ш.Жанчивын өгсөн: “...Дайрсан машин нь миний урд нь жолоодож байсан 19-43 ӨМҮ улсын дугаартай машин очерт байсан машинуудын баруун талд хашааны хажууд зогсож байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 123-р хуудас/, Иргэний хариуцагч Э.Хатанбаатарын өгсөн: “...Манайд 19-43 ӨМҮ, 56-07 ӨМА улсын дугаартай чирэгч тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа. ...Осол болох үед компанийн ХАБ-ын ажилтан Батжаргал хэргийн газар дээр очиж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 135-136-р хуудас/, Гэрч О. Цэвээний өгсөн: “...Би ганцаараа машиндаа унтаж байхад шөнө дунд 02 цаг 30 минутын үед байх П миний машинд орж ирсэн. Чи яаж яваа юм гэхэд Цэвээн ах аа би далан дайрч ороод машинаа очерт тавьчхаад ирлээ гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 131-138-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №9967 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээнийн дүгнэлт /хх-ийн 48-р хуудас/,  Замын цагдаагийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлт /хх-ийн 49-р хуудас/ зэргээр тогтоогдож  байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч О.Пг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч нь эмчилгээний төлбөр, мөн ажилгүй байсан хугацааны цалин, орлоготой тэнцэх хэмжээний мөнгийг буюу 4,000,000 төгрөгийг  шүүгдэгч О.Пгээс нэхэмжилсэн боловч хохирогчоос ирүүлсэн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хохирлыг тооцох боломжгүй байна.

Иймд хохирогч нь шүүхээр хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийг, гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шийдвэрт дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч О.П нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тус тус тооцож, түүний хувийн байдал, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал зэргийг харгалзан үзэв.

Шүүгдэгч О.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, О.Пгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Уураг овогт Оотойн Пг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Пг 600 /зургаан зуу/-н нэгж буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгж буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Пд оногдуулсан 600 /зургаан зуу/-н нэгж буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгж буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 1,200 /нэг мянга хоёр зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/-н төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Пд оногдуулсан 1,200 /нэг мянга хоёр зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.П нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч О.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, О.Пгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.БАТТУЛГА