Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 224/МА2024/00009

 

 

 

 

 

 

 

2024       02          19                                        224/МА2024/00009

 

 

С.Т-ын нэхэмжлэлтэй,

С.Ц-д холбогдох

иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, шүүгч Л.Алтан, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, 

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 152/ШШ2024/00001 дүгээр шийдвэртэй,

хариуцагч С.Ц-д холбогдох, гэм хорын хохирол 3,183,995 төгрөг гаргуулах тухай С.Т-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч С.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Т-ын нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохирол 3,183,995 төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:  “Миний бие нь С.Ц-оор 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр зодуулан тархиндаа хүнд гэмтэл авсан бөгөөд одоо байнга эмчилгээтэй байдаг. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хурлаар намайг эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн тул шүүх хурлаас хойших зардлаа нэхэмжилж байна. Иймд С.Ц-оос 3,183,995 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү” гэжээ.

3. Хариуцагч С.Ц шүүхэд гаргасан тайлбартаа : “ С.Т-ын нэхэмжлэлтэй танилцсан. Шүүх хурлаар шийдвэрлүүлэх саналтай байна. Шүүхийн шийдвэрээр гарсан хохирлыг төлнө” гэжээ.

4. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 152/ШШ2024/00001 дүгээр шийдвэрээр:

           - Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч С.Ц-оос 3,183,995 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Тд олгож,

       - Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч С.Т улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч С.Ц-оос улсын тэмдэгтийн хураамж 65,894 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулж шийдвэрлэсэн байна.

5. Хариуцагч С.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...2023 оны 5 дугаар  сарын 03-ны өдөр С.Т-ын гэрт харилцан зодоон болсноор С.Т тархиндаа хүнд гэмтэл авсан. Уг хэрэгт намайг буруутгаж,  2 жилийн хорих ял оноосон. Шийтгэх тогтоолоор хохирогч С.Т-ыг 3 сая төгрөгөөс дээш давсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. С.Т нь гэм хорын хохирол 3,183,995 төгрөгийн хохирол гарсан гэж нэхэмжилсэн бөгөөд 3,183,995 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг хасаж 183,995 төгрөг төлөхөөр байхад анхан шатны шүүх 3,183,995 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн шийтгэх тогтоол зөрчигдөж байна. Хэрэв С.Т нь 6,183,995  төгрөгийн баримт бүрдүүлж хохирол нэхэмжилсэн  бол 3 сая төгрөгийг хасаад  3,183,995 төгрөг төлөх үүрэг ноогдоно гэж үзэж байна.

Иймд энэ төлбөрийг нарийн үндэслэлтэй тогтоож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

6. Хариуцагч С.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Шийтгэх тогтоол уншиж танилцуулахад 3,000,000 төгрөгөөс дээш гарсан гэм хорын хохирлыг намайг төлөхөөр шийдвэрлэсэн гэж ойлгосон. С.Т-ын хувьд гэм хорын хохиролд 3,183,995 төгрөг нэхэмжилсэн учир тухайн дүнгээс 3,000,000 төгрөгийг хасаж тооцох үндэслэлтэй гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргасан” гэв.

                                   ҮНДЭСЛЭХ нь:

          1. Хариуцагч  С.Цийн давж заалдсан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 152/ШШ2024/00001 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянаж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.  

          2. Нэхэмжлэгч С.Т нь хариуцагч С.Ц-д холбогдуулан өөрийн эрүүл мэндэд  учирсан гэм хорын хохиролд 3.183.995 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хариуцагч нь шүүхэд “шүүхийн шийдвэрээр тогтоосон хохирлыг төлнө” гэх тайлбар гаргажээ.

3. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч С.Ц-оос гэм хорын хохирол 3.183.995 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Т-д олгож шийдвэрлэсэн, уг шийдвэрийг  хариуцагч эс зөвшөөрч  давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

          4. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж танилцуулсан, мөн нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгөхийг танилцуулсан талаарх баримтууд хэрэгт авагдсан ба шүүхээс талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэж дүгнэв. 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгүүдэд заасныг зөрчөөгүй байна.  

          6.  Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч С.Ц-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Т-ын биед зүүн талын дагз, чамархай заадас дагасан цуурсан хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн дагз, чамархай хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа бүхий хүнд зэргийн гэмтэл  учирсан нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 11 дүгээр магадлалаар тус тус тогтоогдсон, уг шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар С.Ц-ийн гэм бурууг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх тул  уг үйл баримт, гэм бурууг нэгэнт тогтоогдсон гэж үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй бөгөөд хариуцагч нь гэм буруутай үйлдлийнхээ улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үндэслэлтэй болно.      

 7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах,

 мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар бусдын эрүүл мэндэд  гэм хор учруулсан этгээд нь  ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, эмчилгээ, оношилгоо хийлгэх, нэмэгдэл хоол хүнс өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэргээр гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүргийг тус тус хүлээхээр байна.

  Хэрэгт авагдсан баримтаар, хариуцагч С.Ц-ийн  гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Т-ын  эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан, уг  хүнд гэмтлийн үлдэц хор уршгийн улмаас хохирогч эмчилгээнд 3.183.995 төгрөгийн эм тариа хэрэглэсэн нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан төлбөрийн баримтуудаар нотлогдсон байх тул уг эмчилгээний зардлыг хариуцагч С.Ц-оос гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.  

  8. Хариуцагч С.Ц нь давж заалдах шатны шүүхэд :” Анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолд хохирогч С.Т-ыг 3 сая төгрөгөөс дээш давсан хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Хохирогч С.Т нь гэм хорын хохирол 3.183.995 төгрөг нэхэмжлсэн бөгөөд шүүх уг мөнгөнөөс 3 сая төгрөгийг хасаж 183.995 төгрөг гаргах байтал 3 сая төгрөг хасахгүйгээр шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоолтой зөрчилдөж байгаа тул төлбөрийг үндэслэлтэй тогтоож өгнө үү “ гэх агуулга бүхий гомдол гаргасан байх ба гомдлын хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 8.1.  Хариуцагч С.Ц-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолд : хохирогч С.Т-ын нэхэмжилсэн хохирлын зарим хэсэг буюу 6.376.844 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нотлох баримтаар тогтоогдсон 2.915.940 төгрөгийн хохирлыг шүүгдэгч С.Ц-оос гаргуулахаар гэм буруугийн шүүх хуралдаанаас тогтоосон, шүүгдэгч С.Ц уг хохирлыг төлөхөөр шүүхээс завсарлага авч, хохирогч С.Т-д 3.000.000 төгрөг төлсөн,  хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан, 3.0000.000 төгрөгөөс давсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй” талаар тус тус тайлбарлаж тусгасан  байна.

Тодруулбал, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш буюу анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэж, шийтгэх тогтоол гарах хүртэлх хугацаанд хохирогч С.Т-ын эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэлтэй холбоотой гарсан шинжилгээ, оношилгоо, эмчилгээ болон бусад зайлшгүй зардлуудыг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн тооцож, шүүгдэгчээс гаргуулах хохирлын хэмжээг 2.915.940 төгрөгөөр тогтоосныг шүүгдэгч С.Ц хүлээн зөвшөөрч, 3.000.000 төгрөгийг шүүхийн шатанд төлсөн нь тогтоогдсон байна.

 8.2. С.Ц-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Т-ын биед учирсан хүнд гэмтэл нь амь насанд аюултай, үлдэц, хор уршиг ихтэй гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба тус гэмтлийн улмаас хохирогч  оношилгоо, эмчилгээ, сувилгаа хийлгэсэнтэй холбоотой гарсан зардлаа  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг шүүх шийтгэх тогтоолд тусгахдаа  шүүгдэгчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу  шүүхийн шатанд хохирогчид төлсөн 3.000.000 төгрөгөөс давсан буюу илүү гарсан хохирлыг нэхэмжлэх талаар  дурдсан байна.   

          Хохирогч С.Т нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссанаас хойшхи  хугацаанд хийлгэсэн эмчилгээний зардалд 3.183.995 төгрөгийг  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжилсэн байх ба энэ нь Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолд дурдсан буюу шүүгдэгч / хариуцагч/ С.Ц-оос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид  төлсөн  3.000.000 төгрөгийн хохиролтой хамааралгүй буюу давхцаагүй байна.

           9.  Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 152/ШШ2022/00001 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

           10. Давж заалдах шатны шүүхээс гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65.894 төгрөгийг  төрийн сангийн орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 152/ШШ2022/00001 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Ц-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар хариуцагч С.Ц-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65.894 /жаран таван мянга найман зуун ерэн дөрөв/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.МӨНХЖАРГАЛ

        ШҮҮГЧ                                      Л.АЛТАН

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН