Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/ма2024/00293

 

 

 

 

 

 

 

 

2024 02 07 210/МА2024/00293

 

 

Т ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/03937 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т ХХК -ийн хариуцагч Л.Э т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 5,406,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г, хариуцагч Л.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Зээлдэгч Л.Э нь 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр №20/31 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 6,000,000 төгрөгийг 2.5 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд тодорхой хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй. Иймд 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 3,073,750 төгрөг, зээлийн хүү 2,298,650 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,850 төгрөг, нийт 5,406,250 төгрөгийг хариуцагч Л.Э ээс гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Би 2.5 хувьтай мөнгө зээлж байгаагүй. Т ХХК -аас зээлийн үлдэгдэл 6,000,000 төгрөг гэхээр нь бэлнээр 2,000,000 төгрөг, өөрийн шинэ бор бриллиантан ээмэгийг өгөөд нийт 6,500,000 төгрөгийн өр төлбөрийг төлж дуусгасан гэж өнөөдрийг хүртэл бодож явдаг. 6,000,000 төгрөгийг дансаар болон бэлнээр өгөөгүйд гомдолтой байна. Сүүлд надаар 2 баримтад гарын үсэг зуруулсан, тухайн үед ямар баримт гэдгийг уншаагүй. Миний ээмэгийг 1,500,000 төгрөгөөр авчихаад одоо шүүхэд нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна. Хас банк ХХК-д 80,000,000 төгрөгийн өртэй, 67 настай. М.Н нь ББСБ-ын захирал нь бөгөөд 18 настайгаасаа найзалсан бие биенээ сайн мэднэ. Би худлаа ярьж, хүнийг хуурч явахгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Э ээс 3,650,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК -д олгож, илүү нэхэмжилсэн 1,756,250 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,451 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.Э ээс улсын тэмдэгтийн хураамжид 73,350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК -д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Миний бие 2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Т ХХК -ийг хадгаламж зээлийн хоршоо байхад нь 10,000,000 төгрөгийг 4.5 хувийн хүүтэйгээр 2020 оны хүртэл цаг тухай бүрд нь зээлээ хүүтэй төлж барагдуулж байсан нь үнэн болно. Гэтэл дэлхий нийтээр ковид өвчин гарч хямралд орсон. Үүний дараа М.Н утасдаж 6,000,000 төгрөгийн үлдэгдэл байна. Уг зээлийг төл гэхэд нь 2,000,000 төгрөг бэлнээр мөн өөрийн 4,500,000 төгрөгийн бор бриллиант монетон ээмэг бөгжний хослолыг шинээр нь аваачиж өгөөд өр төлбөр барагдуулж дуусгасан. Гэтэл 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шинээр 6,000,000 төгрөгийг 9 сарын хугацаатай, 2.5 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлсэн гэсэн баримт үйлдэж шүүхэд өргөдөл нэхэмжлэл гаргасан. Бид Т ХХК -д ажиллахаа больсон. Өөр хүмүүс авсан, ямар ч хамаагүй болж байгаа энэ цаасан дээр гарын үсэг зурчих гэж гарын үсэг зуруулж байсан. Би эднийхээс мөнгө зээлэх үндэслэл байхгүй, би Хас банкнаас мөнгө зээлсэн. Одоогоор 86,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Би Т ХХК -ийг хохироосон зүйл байхгүй. 2011 оноос 2020 он хүртэл 10,000,000 төгрөгийн зөвхөн хүүгийн төлбөрт 48,600,000 төгрөг төлсөн. Би хохирол учруулсан гэж үзэхгүй байна. Гэтэл 2011 оны зээлсэн 10,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл арга замаа өөрчилж надаас нэхэж шүүхэд хандсан байна. Үүнд гомдолтой байна. би 18 настай байх үеийн танил найзууд. 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 2.5 хувийн хүүтэй 6,000,000 төгрөгийг хэзээ хэний данс руу болон бэлнээр хэнээс хэнд өгснөө хариуцагч нараас баримт нотолгоо гаргуулж өгөхийг шаардаж байна. Мөн миний үнэт эдлэлийг тооцон тодруулж өгөхийг хүсч байна. Би 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр зээлдүүлсэн гэрээнд гэрээ хийж гарын үсэг зураагүй. Энэ 6,000,000 төгрөг миний ямар дансанд хийснийг хариуцагч нараас тодруулж өгөхийг хүсч байна гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Талуудын хооронд 2011 онд байгуулагдсан зээлийн гэрээний төлбөрийг 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр, 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тус тус төлж барагдуулж, 4,000 ам.доллар болон 10,000,000 төгрөгийн зээл хаагдсан. Талууд 2020 онд зээлийн гэрээ байгуулж, хариуцагч бэлэн мөнгөөр зээл авсан. Мөн 2020 онд 6,000,000 төгрөгийн зээлийг төлж барагдуулах боломжгүй байх тул зээл төлөх хугацааг хойшлуулж өгнө үү гэдэг хүсэлтийг хариуцагч өөрийн гараар бичиж, хүсэл зоригоо илэрхийлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Л.Э т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,406,250 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.1. Т ХХК нь Л.Э тэй 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 20/31 дугаар зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 6,000,000 төгрөгийг 9 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ./хх-4/

3.2. Тус хадгаламж зээлийн хоршоо нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон бөгөөд уг үйл ажиллагаа нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 17 дугаар зүйлийн 17.8 дахь хэсэгт заасантай нийцсэн.

3.3. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээг хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв болжээ.

3.4. Зээлдүүлэгч Т ХХК нь зээлийн гэрээний дагуу бэлнээр 6,000,000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр зээлдэгч Л.Э ийн өмчлөлд шилжүүлэн өгсөн болох нь кассын зарлагын баримтаар тогтоогдсон байна./хх-46/

3.5. Хэрэгт авагдсан Л.Э ийн зээлийн картын баримтаас үзвэл хариуцагч Л.Э нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл 2,926,250 төгрөг, зээлийн хүү 273,750 төгрөг, гэрээний хугацаа дуусанаас хойш 500,000 төгрөг, нийт 3,700,000 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд төлсөн болох нь тогтоогдож байна./хх-12/

4. Хариуцагч нь сар бүр зээл, зээлийн хүүг гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үүрэг зөрчигдсөн тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээл, зээлийн хүүг шаардах эрхтэй.

5. Хариуцагч Л.Э бэлнээр 2,000,000 төгрөг мөн өөрийн 4,500,000 төгрөгийн үнэтэй шинэ ээмэг өгч төлбөрөө барагдуулж дуусгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

5.1. Түүнчлэн, анхан шатны шүүх хариуцагч Л.Э т 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, мөн өдрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлаж /хх13-15/ өгсөн байна. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох зохигчийн эрх, үүрэг болон зохигчид шүүх хуралдааны товыг мэдэгдэж, иргэний хэрэг үүсгэснээс 5 сарын дараа буюу 2023 оны 11 дугаар сарын 28-ны өдөр хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд энэ хугацаанд хариуцагч нь өөрийн татгалзлыг нотолсон баримтыг шүүхэд гаргаж, хэргийн оролцогчийн эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байжээ.

6. Зээлдэгч зээлсэн мөнгөө, тогтоосон хүүгийн хамт гэрээний хугацаа дуусах хүртэл тохиролцсон хуваарийн дагуу төлснөөр гэрээний хугацаа дуусгавар болоход төлбөр бүрэн барагдах байтал энэ үүргээ биелүүлээгүй, гэрээний хуваарь зөрчигдсөнөөс үндсэн зээлийн төлбөр хасагдаагүй, үүнээс шалтгаалж сар тутамд төлөх зээлийн хүүгийн хэмжээ буураагүй тул нэхэмжлэгч Л.Э нь үндсэн зээл 2,573,750 төгрөг, зээлийн хүү 1,076,250 төгрөг, нийт 3,650,000 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзэх үндэслэлтэй.

7. Анхан шатны шүүх хариуцагчийн зээлийн гэрээний хугацаанд зээл, зээлийн хүүд нийт 7,350,000 төгрөг төлөх үүрэгтэй байх ба уг үнийн дүнгээс төлсөн 3,700,000 төгрөгийг хасч үндсэн зээл 2,573,750 төгрөг, зээлийн хүү 1,076,250 төгрөг, нийт 3,650,000 төгрөгийг хариуцагч Л.Э ээс гаргуулан нэхэмжлэгч Т ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,756,250 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасанд нийцжээ.

8. Хариуцагч талын гаргасан ...2011 оны зээлсэн 10,000,000 төгрөгийг төлсөн, сүүлд баримт дээр гарын үсэг зурчих гэж гарын үсэг зуруулсан, мөнгө зээлэх үндэслэл байхгүй, 6,000,000 төгрөгийг надад өгөөгүй гэсэн агуулгатай гаргасан тайлбар, татгалзал нь хариуцагчийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Хариуцагч нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан тул нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн этгээдээс зээлийн гэрээний үүргийг шаардсан нь зөв байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/03937 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 73,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Д.ЦОГТСАЙХАН