| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/0406/Э |
| Дугаар | 411 |
| Огноо | 2019-03-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 411
2019 03 14 411
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч А.Сайнбаяр,
шүүгдэгч Х.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Дориг овогт Х.Аад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 09874 0445 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 1 дүгээр багийн Наранд оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, СР96042818 регистрийн дугаартай, Дориг овогт Х.А.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Х.А нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Батлан Хамгаалах Их Сургуулийн орчим хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Г.Шижир-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Х.А нь хохирогч Г.Шижир-Эрдэнийн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Г.Шижир-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед сургуульд ороод энгэрээсээ утсаа гаргах гээд энгэрээ задгайлсан байхад манай сургуулийн 3 дугаар курсын оюутан Хадхүү овогтой Х.А нь намайг энгэрийнхээ цахилгааныг хаагаач гэхээр нь би утсаа авах гээд л онгойлголоо шд гэсэн чинь танай хоёрынхон чинь яасан том болчихсон юм бэ гээд намайг дагуулаад хоёр давхарт гаргасан. Тэр үед би найз охины хамт явж байсан чинь манай найз охиныг чи зүгээр яв яв би танай найз залууг яах ч үгүй гэж хэлээд явуулсан. Тэгээд манай найз охиныг явуулчихаад анги руу намайг дагуулж ороод Х.А нь миний нүүр рүү, чих рүү 3 удаа л цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,
Гэрч М.Номууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Өөрийн найз залуу Г.Шижир-Эрдэнэ бид хоёр нэг ангид сурдаг юм. 1 давхрын коридорт 3-4 залуу зогсож байсан. Х.А нь чи наад энгэр заамаа товчилооч гэж хэлэхэд Г.Шижир-Эрдэнэ би энгэрээсээ гар утсаа гаргасан юм гэхэд чи яасан олон үгтэй юм бэ гээд тэд нар хоорондоо маргалдаад үлдсэн, би түрүүлээд явсан. 20 орчим минутын дараа Г.Шижир-Эрдэнэ ангидаа орж ирэхдээ зүүн нүд нь хавдчихсан, зүүн талын чихнээс нь цус гарчихсан, гар нь шалбарчихсан орж ирэхээр нь би юу болсон талаар асуухад ямар нэгэн зүйл хэлэхгүй, нуугаад байсан. Тэгээд манай найз залуу маргааш нь цагдаагийн байгаууллагад хандсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шижээчийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 194 дугаартай:
Г.Шижир-Эрдэнийн биед баруун нүд, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 23 тал/,
Шүүгдэгч Х.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би сургууль дээрээ байж байсан чинь манай доод курсын оюутан Г.Шижир-Эрдэнэ энгэрээ задгайлчихаад яваад байхаар нь би энгэр заамаа хаагаад яваач гээд шаардлага тавьсан чинь Г.Шижир-Эрдэнэ өөдөөс яасан гэнээ гээд миний урдаас томроод байхаар нь би чи үзэх гээд байгаа юм уу яах гээд байгаа юм гэсэн чинь өөдөөс Г.Шижир-Эрдэнэ тэгье гээд бид хоёр хамт бие засах өрөө рүү ороход хүмүүс байхаар нь эргэж гараад анги руу ороход хүн байхгүй байсан. Тэгээд би Г.Шижир-Эрдэнийг хавираад унагасан чинь босч ирээд намайг цохих гээд дайрахаар нь би нүүр рүү нь нэг удаа гараараа цохьсон гэх мэдүүлэг /хх-ийн 39 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/,
Цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 6 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Х.Аын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 26 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Х.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Х.Аын иргэн Г.Шижир-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд хавтас хэрэгт гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй /хх-ийн 33 тал/ гэх хүсэлт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дориг овогт Х.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Аад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ