Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1284

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/03568 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХ” ХХК,

Хариуцагч ХХХд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 707 593 639.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХ,

Хариуцагч “ХХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ,

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үеийн нэрээр, “ХХХХХХХ” ХХК нь манай банктай 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдөр, 1 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 500 000 ам.долларыг сарын 1 хувийн, жилийн 12 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар манай банкнаас зээлдэж авсан юм. Зээлдэгч нь удаа дараа зээл болон зээлийн хүүг төлөх хуваарийг зөрчиж байсан ба 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нь 350 210.67 ам.доллар болж хуримтлагдсан. Зээлийн гэрээний ерөнхий хугацаа 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр дууссан. Зээлийн гэрээний хугацааг 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 304 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр 3 сарын хугацаагаар сунгасан Мөн 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 906 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчөлт оруулах тухай гэрээгээр ерөнхий хугацааг 4 сараар буюу 2014 оны дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгасан. Зээлдэгч нь зээл, зээлийн хүүг төлүүлөх шаардлагыг биелүүлээгүйн улмаас, зээлдэгчтэй удаа дараа уулзаж, зээлийн төлбөрийг төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд шүүхэд хандах талаар хугацаатай мэдэгдлүүдийг өгсөн ба 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр уг зээл нь тусгай активын хэлтэст шилжиж ирсэн юм. Иймд төлөх ёстой үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 350 210.67 ам.долларыг нэхэмжлэл гаргах өдрийн валютын ханшаар тооцож, мөн 10 500 төгрөгийг нотариатын зардлын хамт нийт 707 593 639.88 төгрөгийг хариуцагч “ХХ” ХХК-иас бүхэлд нь шаардаж байна гэжээ.

Хариуцагч “ХХ” ХХК шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ, өмгөөлөгч ХХХХ нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Хнаас 500 000 ам.долларыг жилийн 12 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэж авсан. Зээл болон зээлийн хүүд нийт 304 771.07 ам.долларыг буцаан төлсөн. Зээл авсан үеэс нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэлх долларын ханшийн өсөлт 622.55 төгрөг байна. “Х” ХХК нь үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 350 210.67 ам.долларын нэхэмжлэл гаргасан байна. Энэ үнийн дүн дээр маргахгүй. Харин Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар энэ дүнг зээлийн гэрээ байгуулсан өдрийн валютын ханш буюу 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ам.долларын ханшаар тооцох ёстой. 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ам.долларын ханш 1398.55 төгрөгөөр тооцвол манай компани 489 787 034 төгрөг төлөх ёстой ба энэ хэмжээнд нэхэмжлэлийг зөвшөөрч бусад хэсгийг хүлээн зөвшеөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ХХ ХХК-иас 707 583 148 төгрөгийг гаргуулан Х ХХК-д олгож, нэхзмжлэлээс 10 491 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар, нэхэмжлэгч нь хариуцагч ХХХд холбогдох шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 695 866 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ХХ ХХК-иас 3 695 865 төгрөгийг гаргуулан Х ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч “Х” ХХК нь 2016 оны 02 дугаар сарыы 16-ны өдөр шүүхэд хүсэлт гаргахдаа "ХХХХХХХ" ХХК, ХХХын хамтаар татан оролцуулсан байна.

Үүрэг гүйцэтгэгч “ХХ” ХХК нь хүлээсэн үүргээ зөрчсөн хэдий ч гэрээ байгуулагдсаны дараа нөхцөл байдал өөрчлөгдсөн болон Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1, 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасныг буруу хэрэглэж 707 583 148 төгрөгийг “ХХ” ХХК-иас гаргуулан “Х” ХХК-д олгуулах шийдвэр гаргасныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд валютын ханшийн зөрүү 330 906 850.45 төгрөгийг  зөвшөөрөхгүй болно.

Мөн нэхэмжлэгч нь ХХХыг хамтарсан хариуцагчаар татаж дараа нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан нь ХХХд анх хэдэн төгрөгт холбогдуулан татсан, ямар үндэслэлээр татгалзаж буй тодорхой бус мэтгэлцээний зарчмаар хариуцагчийн тайлбар гаргах боломжгүй болгосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн хүсэлтэйгээр давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй.

            Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “ХХ” ХХК-иас 2013 оны 3 дугаар 11-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг зөрчсөнөөс үүссэн зээлийн төлбөрт 350 210,67 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ам.долларыг монгол төгрөгт шилжих ханшаар тооцон нийт 707 593 639 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж хариуцагчаар “ХХХХХХХ” ХХК-иас гадна иргэн ХХХыг тодорхойлжээ. 

Шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШЗ2016/07202 дугаар захирамжаар “ХХХХХХХ” ХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн /хх-21/, ба ХХХд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрхсэн нь тодорхойгүй, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн талаар болон хариуцагчийн эрх зүйн байдлыг тодруулсан, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан талаарх баримтгүй байна.

Иймд нэхэмжлэгчээс өөрийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй ямар үндэслэлээр ХХХыг хариуцагчаар татсаныг тодруулж, хуульд заасан ажиллагааг хийгээгүй атлаа түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээр хэрэг үүсгээгүй нь  Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, хэрэг үүсгэх ажиллагааг мөн хуулийн 65, 66 дугаар зүйлд заасны дагуу явуулсан гэж үзэх боломжгүй болно.

Түүнчлэн, ХХХд холбогдуулан хэрэг үүсгээгүй байхад 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн хувийг түүнд гардуулсан нь /хх-25/ Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2, шүүгчийн 102/ШЗ2016/07202 дугаар захирамжийн 2 дахь заалтыг зөрчжээ. 

Мөн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь хариуцагч ХХХд холбогдох шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасанд нийцэхгүй байна.

Дээрх байдлаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад хууль хэрэглээний талаар дүгнэлт өгөх боломжгүй учраас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/03568 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 877 484 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

                                                                        А.ОТГОНЦЭЦЭГ