Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2016/0154

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, О.Зандраа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, Г.Ж нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 891 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 122 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Зандраагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, Б.Х нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.А, З.Ц нар манай компанийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж 2,319,513.2 мянган төгрөгийн дүн бүхий 36 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг 25 аж ахуйн нэгжид бичиж өгсөн гэх хөндлөнгийн мэдээлэл болон Ш.Э-т холбогдох эрүүгийн 201201000245 тоот хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 30 дугаар тогтоолыг үндэслэн манай компанид 231,951.3 мянган төгрөгийн нөхөн татвар, 69,585.3 мянган төгрөгийн торгууль, 52,873.3 мянган төгрөгийн алданги, нийт 354,409.9 мянган төгрөгийн татвар төлүүлэх тухай улсын байцаагчийн 263720 дугаар актыг үйлдэж, энэ талаар манай компанид 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр танилцуулан тэмдэглэл үйлдсэн.

Ш.Э-т холбогдох эрүүгийн 201201000245 дугаар хэргийг шалгах явцад “М” ХХК нь 2011-2013 оны хооронд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох аливаа үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулаагүй, түүнчлэн татварт төлөх аливаа төлбөргүй болохыг тогтоожээ. Харин уг хэргийг шалгах явцад манай компанийн бичиг баримт, тамга тэмдгийг хууль бусаар ашиглан татварын байгууллагаас их хэмжээний нэмэгдсэн өртгийн албан татварын падаан авч 25 аж ахуйн нэгжид 36 ширхэг хууль бус падаан бичиж өгсөн үйл баримт тогтоогдсон билээ.

Татварын улсын байцаагчийн акт тавих үндэслэл болсон хөндлөнгийн гэх мэдээлэл нь худал ташаа, түүнчлэн татварын улсын байцаагч нар нь хяналтын прокурорын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 30 дугаар тогтоолын хууль зүйн үндэслэлийн талаар буруу ойлгож дүгнэлт хийх замаар 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдөр манай компанид холбогдуулан 354,409.9 мянган төгрөгийн татвар төлүүлэх тухай 263720 дугаар актыг үйлдэж манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байсан тул хуульд заасны дагуу Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр тус актыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан.

Тухайн зөвлөл гомдлыг хянаад ““М” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ашиглаж төсөвт төлөх албан татвараа бууруулсан нэр бүхий 22 аж ахуйн нэгжийг татварын алба нь тодорхой хэмжээнд шалгаж, ногдох татварыг хариуцлагын хамт төлүүлэхээр акт тогтоосон, дүгнэлт үйлдэж хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар шилжүүлсэн зэрэгт нь 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 263720 дугаар актаар нөхөн татвар, торгууль, алданги тогтоосон нь нэг зөрчилд авах арга хэмжээг давхардуулсан байна” хэмээн дүгнэж татварын улсын байцаагчийн 263720 дугаар актаар 2,319,513.2 мянган төгрөгийн зөрчилд 231,951.3 мянган нөхөн татвар, 69,619.8 мянган төгрөгийн торгууль, 52,873.3 мянган төгрөгийн алданги, нийт 354,409.9 мянган төгрөгийн төлбөр ногдуулснаас 1,957,403.5 мянган төгрөгийн зөрчилд холбогдох 195,740.4 мянган төгрөгийн нөхөн татвар, 58,722.1 мянган төгрөгийн торгууль, 44,619.0 мянган төгрөгийн алданги, нийт 299,081.5 мянган төгрөгийг хасч, 362,109.7 мянган төгрөгийн зөрчилд 36,210.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 10,863.2 мянган төгрөгийн торгууль, 8,254.3 мянган төгрөгийн алданги, нийт 55,328.4 мянган төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс 1,957,403.5 мянган төгрөгийн зөрчилд холбогдох нийт 299,081.5 мянган төгрөгийг хасч шийдвэрлэсэнтэй маргахгүй байгаа бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох аливаа үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулаагүй байхад 362,109.7 мянган төгрөгийн зөрчилд нийт 55,328.4 мянган төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд дээр дурдсан татварын улсын байцаагчийн 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 263720 дугаар актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, М.Ү нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.А, З.Ц нар нь “М” ХХК-ийн 2011 оны нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хууль, журмын дагуу шалгалт хийн, шалгалтаар хөндлөнгийн мэдээллийн хуудас болон нэмэгдсэн өртгийн албан татварын падааны судалгаагаар “М” ХХК-ийн борлуулалтын орлогоор тайлагнах 25 аж ахуй нэгжид холбогдох 36 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 2,319,513,200 төгрөгийн орлогыг санхүүгийн тайлан тэнцэл болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулан төлөөгүй, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.4, 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтуудыг зөрчсөн зөрчил илэрсэн тул Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийг үндэслэн мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.1.10, 74.3 дахь заалтуудыг баримтлан 231,951,300 төгрөгийн нөхөн татвар, 69,585,300 төгрөгийн торгууль, 52,873,300 төгрөгийн алданги, нийт 354,409,900 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл нь 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 22 дугаар тогтоолоор нэр бүхий 22 аж ахуй нэгжид татварын албанаас шалгалт хийн хариуцлага тооцуулж акт, дүгнэлт үйлдсэн байх тул нэг зөрчилд арга хэмжээг давхардуулахгүй хэмээн үзэж дээрх 354,409,900 төгрөгийн төлбөрөөс 1,957,403,500 төгрөгийн зөрчилд холбогдох 185,740,400 төгрөгийн нөхөн татвар, 58,722,100 төгрөгийн торгууль, 4,461,900 төгрөгийн алданги, нийт 299,081,500 төгрөгийн төлбөрийг хасч 362,109,700 төгрөгийн зөрчилд хууль хяналтын байгууллага “М” ХХК-ийн баримт бичгийг хуурамчаар үйлдэх, баримт бичгийг бусдад ашиглуулах, бусдыг татвар төлөхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэснийг үндэслэн татварын улсын байцаагч хуулиар олгосон эрхийнхээ дагуу 36,210,000 төгрөгийн нөхөн татвар, 10,863,200 төгрөгийн торгууль, 8,254,300 төгрөгийн алданги, нийт 55,328,400 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоосон нь үндэслэлтэй юм.

Иймд “М” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 891 дүгээр шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.1.10, 34 дүгээр зүйлд зааснаар “З” ХХК, “К к” ХХК, ”Б” ХХК, “А р” ХХК-уудын 362,109.7 мянган төгрөгийн зөрчилд 36,210.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 10,863.2 мянган төгрөгийн торгууль, 8,254.3 мянган төгрөгийн алданги нийт 55,328.4 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан Баянгол дүүргийн татварын улсын байцаагч Ц.А, З.Ц нарын 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 263720 дугаар акт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 122 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 891 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, М.Ү нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасны дагуу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч “М” ХХК нь анхан шатны шүүх хуралдаан дээр татварын улсын байцаагч нарын 263720 тоот актын Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 22 дугаар тогтоолоор хасаж шийдвэрлэсэн нийт 299,081,500 төгрөгийн төлбөрт маргаагүй бөгөөд үлдэгдэл 36,210,000 төгрөгийн нөхөн татвар, 10,863,200 төгрөгийн торгууль, 8,254,300 төгрөгийн алданги, нийт 55,328,400 төгрөгийн төлбөр дээр маргаж актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4, 72.5 дахь хэсгүүдэд шүүхийн шийдвэрийн үндэслэх, тогтоох хэсгүүдийг зааж өгсөн бөгөөд анхан шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийн Үндэслэх хэсэгтээ “М” ХХК нь өөрийн тамга тэмдгийг бусдад ашиглуулан татвараас зайлсхийсэн боломж олгосон боловч өөрөө ямар нэгэн орлого олоогүй, татвар төлөх үүрэг үүсээгүй тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгэж маргаагүй бөгөөд харин бусдад тамга тэмдэг ашиглуулж, боломж олгосон хариуцлагаа хүлээж татварын улсын байцаагчийн актаар тавигдсан төлбөрийг төлөх үүрэгтэй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна гэжээ.

Шүүх “татвараас зайлсхийх хийх боломж олгосон боловч” гэж нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрч байгаа хирнээ “... М компанийг өөрийн тамга, тэмдгээ бусдад ашиглуулж татвар ногдох орлогоо нуух, татвараас зайлсхийх боломж олгосон хэдий ч ямар нэгэн орлого олоогүй бөгөөд нэгэнт орлого олоогүй Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан “татвар ногдох зүйл татвараа үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх” үүрэг үүсээгүй гэсэн нэхэмлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна, мөн Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “...татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид ... торгууль ногдуулна” гэсэн боловч Тогтоох хэсэгт “Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.1.4, 74.1.10, 34 дүгээр зүйлд зааснаар ... төлбөр ногдуулсан 263720 дугаар акт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүх хүчин төгөлдөр бус шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.5-д “Тогтоох хэсэгт захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, ... заана” гэж заасан бөгөөд шүүх тогтоох хэсэгтээ буюу шүүхийн шийдвэрийн гол баримтлах заалтаараа Татварын улсын байцаагчийн актын үндэслэл болсон заалтуудыг дурдсанаараа нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль, эрх зүйн үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.10 дахь заалтыг 74.1-д “дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид ... ногдуулна” гэснийг орлого олоогүй учир татвар төлөхгүй гэдгээр тайлбарлан үгүйсгэсэн нь үндэслэлгүй. Учир нь “орлогоос бусад зүйлийг нуух” гэдэгт тамга тэмдгээ бусдад ашиглуулснаа нуусан эс үйлдэхүйг хамааруулж ойлгоно. Энэ эс үйлдэхүйг гаргаснаараа бусдад татвар төлөхөөс зайлсхийх боломжийг олгож, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-т “Нэр, хаяг, тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, ... бусдад ашиглуулан татвараас зайлсхийх боломж олгохгүй байх” гэж заасныг зөрчсөн бөгөөд “М” ХХК нь өөрсдийн буруутай, хайхрамжгүй, хяналтгүй байдлаас болон тамга тэмдгээ бусдад ашиглуулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд заасан захиргааны хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Мөн хэргийн материалд цугларсан эрх бүхий хууль хяналтын байгууллагаас ирүүлсэн баримтуудаас харахад “М” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан тамга тэмдгийг хадгалж байх хугацаанд дээрх падаануудыг татварын албанаас авсан, өөрсдийн хариуцлагагүй үйлдлээс бусдад татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон буруутай үйлдлүүд баримтад хангалттай тусгагдсан байгаа. Мөн тамга тэмдгээ бусдад ашиглуулсан гэдгээ татвар төлөгч өөрөө хүлээн зөвшөөрсөн, нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзсэн бөгөөд энэ нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй, 74.1.10-д заасан зөрчлийг гаргасан гэдгийг нотолж байгаа хэрэг юм.

Татварын ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад татвар бий болох, тогтоох, ... татвар төлөгч болон татварын албаны эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлон тэдгээрийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино” хэмээн хуулийн зорилт, үзэл баримтлалыг тодорхойлсон.

Иймд өнөөдер татвар төлөгч нь татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх, биелүүлээгүйн улмаас үүссэн үр дагаврыг арилгах, хариуцлага хүлээх хууль эрх зүйн үндэслэл байна. Гэтэл зөвхөн орлого олоогүй, олоогүй учраас тайлагнаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч маргаж, шүүх Татварын ерөнхий хуулийн үзэл санаа, зорилтыг анхаарч тусгалгүйгээр шийдвэрийг гаргасан гэж үзэж байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна” гэж заасан бөгөөд дээрх магадлалын тогтоох хэсэгт баримталсан заалтуудыг үндэслэвэл нэхэмжлэгчийн шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэх ёстой байхад хангаж шийдвэрлэсэн нь хуульд үндэслэгдээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хуулийн агуулгыг зөв үнэлж дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 891 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 122 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хууль бус 263720 дугаар актыг хүчингүй болгож, нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих Татварын ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Тухайлбал, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид ... татварыг нөхөн төлүүлж, ... торгууль ногдуулна:”, 74.1.3-т “нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах;”, 74.1.10-т “хуулийн этгээдийн нэр, хаяг, тамга, тэмдэг, данс, улсын бүртгэлийн гэрчилгээ, зөвшөөрөл болон эд хөрөнгө, баримт бичгийг бусдад шилжүүлэх, ашиглуулах” гэж татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагын талаар заасан байхад татварын улсын байцаагч нар маргаан бүхий захиргааны акт болох 2013 оны 263720 дугаар актыг гаргахдаа уг хуулийн заалтыг үндэслэсэн нь буруу юм.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд татварын хууль тогтоомж зөрчсөний улмаас хариуцлага хүлээх этгээд нь юуны түрүүнд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр бодитой буюу татвар ногдох орлого олсон, түүнийгээ нуусан зэрэг нь эрх бүхий этгээдийн хийсэн татварын хяналт шалгалтаар илэрч, тогтоогдсон байхыг ойлгохоор байна.

Гэтэл нэхэмжлэгч “М” ХХК-ийн 36 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг нэр бүхий компаниуд ашиглаж, татвар ногдох орлогоо бууруулснаас бус тухайн аж ахуйн нэгжүүдэд “М” ХХК нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа борлуулан ажил, үйлчилгээ үзүүлж, өөрөө орлого олоогүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогджээ.

Татварын улсын байцаагч нар “М” ХХК-ийг бодитоор орлого олсон гэдгийг тогтоогоогүй хирнээ нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээрх бичиглэлийг үндэслэн орлого олсон гэж үзэж, төлбөр ногдуулсан 2013 оны 263720 дугаар акт хуулийн холбогдох заалтад нийцээгүйн дээр “М” ХХК-д Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх;” үүрэг үүсээгүй байна.

Түүнчлэн “М” ХХК-ийн захирал Ш.Э-ийг борлуулалтын орлого болох 2,319,513,000 төгрөгийг санхүү, татварын тайланд тусгалгүй нууж, онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн гэх эрүүгийн хэрэгт холбогдуулан 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс шалгасан боловч Ш.Э нь татвар ногдох онц их хэмжээний орлого, эд хөрөнгө, ажил, үйлчилгээ, бусад зүйлийг нуусан, тэдгээрийн тоо хэмжээг зориуд бууруулан мэдээлэх, байнга оршин суугаа газар, хаягаа өөрчлөх зэргээр албан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн үйлдэл тогтоогдоогүй учир түүнийг гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж, Нийслэлийн прокурорын газрын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 30 дугаар тогтоолоор 201201000245 тоот эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй;”, 208 дугаар зүйлийн 208.1.1-д “энэ хуулийн 24.1.1-24.1.6-д заасан тохиолдолд;” гэж заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Шүүхүүд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтыг ойлгох, гаргаж өгөх, цуглуулах, үнэлэхдээ энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 40-45, 47-49, 51 дүгээр зүйлд заасан журмыг баримтална”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүйн гадна хуулийн үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байна.

Мөн шүүхийн шийдвэр, магадлал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1-д “маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;”, 87 дугаар зүйлийн 87.1-д “Давж заалдах журмаар захиргааны хэрэг хянан хэлэлцсэн захиргааны хэргийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзвэл уг шийдвэрийг хэвээр үлдээнэ” гэж заасантай нийцжээ.

Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... шүүх нь тогтоох хэсэгтээ буюу шүүхийн шийдвэрийн гол баримтлах заалтаараа татварын улсын байцаагчийн актын үндэслэл болсон заалтуудыг дурдсанаараа нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй ... “М” ХХК нь тамга, тэмдгээ бусдад ашиглуулснаа нуух эс үйлдэхүйг гаргаснаараа бусдад татвар төлөхөөс зайлсхийх боломж олгож, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-т заасныг зөрчсөн...” гэх хяналтын гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хяналтын шатны шүүх хуралдааны товыг урдчилан мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 175 дугаар зүйлийн 175.2-т “Зохигч ... тэдгээрийн төлөөлөгч ... шүүх хуралдаанд ирээгүй явдал хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй” гэсний дагуу хэргийг хянан хэлэлцсэн болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 891 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 122 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                                   О.ЗАНДРАА