Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 220

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар Л.С-Эийн нэхэмжлэлтэй, Үндэсний хөгжлийн газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г-Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нарангэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.С-Э шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: 

Л овогтой С-Э миний бие 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх Төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж, төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгэгдэн улмаар 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар тус яамны Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүртгэлийн газарт мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөн 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 367 дугаар тогтоолоор тус чиг үүргийг хариуцан ажиллахаар шинээр байгуулагдсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газарт тус газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/02 тушаалаар Сурталчилгаа, зөвлөх үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан.

Гэтэл Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн бүдүүвчийг шинэчлэн баталсантай холбогдуулан Засгийн газраас 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалтын газрыг татан буулгаж, чиг үүргийг нь шинээр байгуулагдсан Засгийн газрын тохируулагч агентлаг-Үндэсний хөгжлийн газарт шилжүүлсэн. 

Энэхүү тогтоолыг үндэслэн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Ж 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Б/030 дугаар тушаал гаргаж, Хөрөнгө оруулалтын газрын нэр бүхий 31 ажилтан, албан хаагчдыг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон ажил албан тушаалаас нь чөлөөлж, шинээр байгуулагдсан Үндэсний хөгжлийн газар шилжүүлсэн. 

Гэтэл 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “Албан хаагчдыг мэдэлд авах тухай” 01/28 тоот албан бичгийг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Б аас Хөрөнгө оруулалтын газрыг татан буулгах ажлын хэсэг /комисс/-т явуулахдаа “Хөрөнгө оруулалтын газраас шилжиж ирсэн 31 албан хаагчаас нэр бүхий 22 албан хаагчийг томилсон, үлдсэн нэр бүхий 9 албан хаагчийг шилжүүлэн авах боломжгүй тухай дурьдаж тус 9-н албан хаагчийн тэтгэмжтэй холбоотой асуудлаар холбогдох арга хэмжээ авахыг хүссэн байна. 

Татан буулгах комисст явуулсан албан бичигт дурьдсан шилжүүлэн авах боломжгүй 9-н албан хаагчийн нэрс дотор нэхэмжлэгч миний нэр орсон байсныг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн П.Б надад мэдэгдэж тус албан бичгийн хуулбарыг өгсөн. 

Хөрөнгө оруулалтын газраас Үндэсний хөгжлийн газарт шилжин очсон Л.С-Э намайг ямар үндэслэлээр ажилд авах боломжгүй болсон тухай үндэслэлийг тодруулахаар Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Б д хандаж 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гомдол гаргасан боловч хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй тул дээд шатны байгууллага болох Төрийн албаны зөвлөлд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гомдол гаргасан. 

Тус гомдлын дагуу Төрийн албаны зөвлөлөөс Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Б д хандаж “Өргөдөл хянан шалгуулах тухай” албан бичгийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр албан бичгээр хүргүүлсэн ба уг албан бичигт “албан бичгийн хариуг гомдол гаргасан Л.С-Э д өгч, дүнг Төрийн албаны зөвлөлд ирүүлнэ үү” гэсэн байна.

Гэвч албан бичгийн хариуг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Б нь өнөөдрийг хүртэл надад ирүүлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Б Л.С-Э намайг өмнө нь ажиллаж байсан чиг үүргийн дагуу ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйгээс болж 2016 оны 07 дугаар сарын 27-ний өдрөөс хойш миний бие ажилд томилох эс томилох тухай ямар нэг тушаал, шийдвэр, мэдэгдэл аваагүйгээс шалтгаалан цалингүй, ажлаа хийх бололцоогүй, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлөөгүйгээс болж торгууль тооцуулах, нийгмийн даатгалын тухай хуульд заасан ажилгүйдлийн тэтгэмж, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтийг тус тус эдлэх боломжгүй болж хохироод байна.

Иймд Л.С-Э намайг өмнө нь ажиллаж байсан чиг үүргийн дагуу ажилд томилохгүй байгаа Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Б ы эс үйлдэхүйг хууль бусад тооцуулах, өмнө эрхэлж байсан чиг үүргийн дагуу Үндэсний хөгжлийн газрын бүртгэл, мэдээлэл, сурталчилгааны хэлтэст мэргэжилтнээр томилох шийдвэр гаргахыг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Б д даалгах, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалинг зохих журмын дагуу тооцож олгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг хийлгэж, нөхөн төлүүлэх шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г-Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.С-Э нь Үндэсний хөгжлийн газрын даргын хууль бус эс үйлдэхүйд гомдол гаргасан байгаа. Нэхэмжлэлийн үндэслэл нь Хөрөнгө оруулалтын агентлагийн бүртгэл, мэдээлэл, сурталчилгааны хэлтэст ажиллаж байсан. Тэгээд 2016 оны сонгуулийн дараа Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж Улсын Их Хурлын тогтоолын дагуу зарим агентлагуудыг татан буулгасан бөгөөд үүнд нэхэмжлэгчийн ажиллаж байсан агентлагийг татан буулгах тухай шийдвэр гарсан. Түүнийг дагаж Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоол гарч бүтцийн өөрчлөлт орсонтой холбоотойгоор Хөрөнгө оруулалтын газрыг татан буулгаж, чиг үүргийг нь Үндэсний хөгжлийн газарт орон тоо, цалингийн сан болон албан хаагчдын хамт шилжүүлэхийг ажлын хэсэгт даалгасан ба тэр өдөр нь Хөрөнгө оруулалтын газрын дарга н.Ж , тушаал гаргаж татан буугдаж байгаа агентлагийн 31 хүнийг Үндэсний хөгжлийн газарт шилжүүлсэн байгаа. Аж үйлдвэрийн яамнаас 10 гаруй хүн шилжсэн байдаг. Засгийн газраас орон тоог 55 хүний орон тоотойгоор баталсны дагуу нийт 52 хүнийг Үндэсний хөгжлийн газарт шилжүүлсэн. 

Тус тогтоолын дагуу Сангийн яаманд татан буугдах ажлын хэсэг байгуулсан. Үндэсний хөгжлийн газар бүтэц орон тоог 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 55 хүний орон тоотой баталсан байдаг. Зарим хэлтэс албадуудын чиг үүргийг нь хэвээр үлдээж, нэрийг нь өөрчилж шинэ ажилчдыг авсан байгаа. Тэгээд Хөрөнгө оруулалтын газарт шилжиж очсон 31 хүмүүсээс 9 хүнийг аваагүй байсан ба түүнд Л.С-Э хамаарч байгаа юм. 

Сангийн яаманд Үндэсний хөгжлийн газраас 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр явуулсан албан бичгийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгчид өгснөөр анх ажлаас халагдсан тухайгаа мэдсэн. Улмаар 09 дүгээр сарын 23-ны өдөр Үндэсний хөгжлийн газрын дарга н.Б д хандаж ямар шалтгаанаар, яагаад авахгүй байгаа талаар гомдол гаргасан. Гэтэл тус гомдлын албан ёсны хариу нь өнөөдрийг хүртэл ирээгүй байгаа. Улмаар 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасан байдаг ба тус зөвлөлөөс Үндэсний хөгжлийн газарт Л.С-Эийг яагаад ажил албан тушаалд нь авахгүй байгаа талаар тайлбар ирүүл гэхэд мөн өнөөдрийг хүртэл хариу ирээгүй байгаа. 

Тэгээд хуульд заасан эрхийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан ба үндэслэл нь Л.С-Э 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтад тэнцэж, Эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болсон байгаа. 

Эдийн засгийн яамны Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах бүртгэлийн газарт мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан тус яам нь татан буугдаад 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 366 дугаар тогтоолоор шинээр байгуулагдсан Хөрөнгө оруулалтын газарт чиг үүрэг нь шилжиж очсон. 

2016 оны 07 дугаар сарын 27-нд бүтцийн өөрчлөлт болсон. Энэ хугацаанд буюу 3-4 жил төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байгаа. Төрийн жинхэнэ албан хаагч нь хуульд зааснаар 2 үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөх юм. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтад байгууллага татан буугдаж, чиг үүрэг нь шилжсэн тохиолдолд, сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр ажилтан, албан хаагч авах ёстой. 

Мөн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хуульд зааснаар эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд тухайн шийдвэрийг гаргахаас өмнө сануулж, тайлбар авах, оролцуулах үйл ажиллагаа явагдаагүй. Мөн сонгон шалгаруулалт явуулах ёстой ба Улсын Дээд шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 08 дугаар тогтоолын 15 дахь хэсэгт “шалгаруулж авна” гэдэгт “Эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтанг сонгохыг хэлнэ” гэж тайлбарласан байдаг. Гэтэл сонгох шалгаруулах ажиллагаа явагдаагүй. 

Хуулийн үндэслэлээ тайлбарлаагүй, ажилд аваагүй эс үйлдэл гаргаж байгаа нь дээр дурдсан болон холбогдох эрх зүйн зохицуулалтыг зөрчиж байгаа юм.

Засгийн газрын 4 дүгээр тогтоолын утга нь ойлгомжтой юм. Татан буугдаж байгаатай холбоотой хөрөнгө оруулалтын албан хаагчдын цалингийн сан, эд хөрөнгө, орон тоо, бүтэц чиг үүргийн хамт шилжүүлж, холбогдох арга хэмжээ авахыг Сангийн сайд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нарт даалгасан бөгөөд тэдгээрийн хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Үндэсний хөгжлийн газрын даргын явуулсан  албан бичигт Хөрөнгө оруулалтын газрын дарга Н гэдэг хүнээр ахлуулсан ажлын хэсгээс “9 албан хаагчийг  буцааж ажилд нь авах тухай” 2 удаагийн хариу өгсөн байдаг. Тэгэхээр Засгийн газар аль ч түвшинд 9 албан хаагч болон түүнд хамаарах Л.С-Эийг ажилд шууд авах үүргийг хүлээсэн болохоос Үндэсний хөгжлийн газрын дарга дураараа Засгийн газрын шийдвэрийг зөрчөөд гэдгээр хүмүүсийг ажилд авахгүй байх шийдвэр гаргах эрхтэй этгээд биш юм.  

Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтад холбогдох хууль тогтоомж, ерөнхийлөгчийн захирамж, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх, зохион байгуулах, биелэлтийг хангах гэж байдаг. Тэгэхээр агентлагийн дарга Засгийн газраас гарсан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй болохоос тэнд ямар нэгэн цензур тогтоож, өөрийн үзэмжээр шийдэх эрх, үүрэг байхгүй юм. Түүнийг дагаж гарсан Хөрөнгө оруулалтын газрын даргын тушаал  маш ойлгомжтой буюу чөлөөлөөд, шилжүүлсэн байдаг. Шилжүүлсэн албан хаагч 55 хүний орон тооноос хэтэрсэн бол өөр асуудал юм. Гэтэл тус орон тоонд хангалттай хамаарагдах бололцоотой байсан ба тэдгээр дотор хүүхэд асрах чөлөөтэй, гадаадад суралцаж байгаа хүмүүсээ хасаад үндсэндээ 40 гаруй хүний орон тоо  байсан. Сүүлд хариуцагч талаас гаргаж өгсөн хүний жагсаалтад 12 хүний орон тоо байсан ба газрын дарга нар гаднаас томилогдсон бөгөөд нийтдээ 20-оод хүнийг жинхэнэ албан хаагчийг халаад 20-оод ямар ч тангараг өргөөгүй, төрийн албанд 1 өдөр, нэг хоног ч ажиллаж үзээгүй хүмүүсийг оронд нь ажилд авсан байдаг ба энэ нь төрийн албанд хамааралтай хууль, дүрэм, журмын холбогдох бүх зарчмыг зөрчсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөд, олон жил ажилласан хүмүүсийг халаад оронд нь ямар ч туршлагагүй хүмүүсийг авсан байгаа нь байж боломгүй асуудал юм. Эдийн засаг, хөгжлийн яам татан буугдсан ч гэсэн албан хаагчдыг чиг үүргийнх нь дагуу Хөрөнгө оруулалтын газар луу шилжүүлж байхад Засгийн газрын тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлээд агентлагийн бүх хүмүүсийг авч байсан ба хууль нь мөн тийм байсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

Л.С-Эийн нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг  гаргаж байна. Үүнд:

1. Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батласан. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай 4 дүгээр тогтоолоор Хөрөнгө оруулалтын газар татан буугдсан. Мөн 2 дугаар хавсралтаар Үндэсний хөгжлийн газрын орон тооны хязгаарыг 55 байхаар баталсан. Ерөнхий сайдын 2016 оны 08 дугаар сарын 12-ний өдрийн Үндэсний хөгжлийн газрын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай 38 дугаар тогтоолоор Үндэсний хөгжлийн газрын бүтцийг 5 хэлтэстэй буюу үүний 1 хэлтэс нь бүртгэл, мэдээлэл, сурталчилгааны хэлтэстэй байна гэж заасан. Мөн уг захирамжийн 3-р зүйлд агентлагийн үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийг боловсруулан батлуулахыг дарга Б.Б д даалгасан. Үүний дагуу Үндэсний хөгжлийн газрын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/01 тушаалаар бүтэц орон тоо батласан. 2016 оны 07 дугаар сарын 27-ний өдөр Хөрөнгө оруулалтын газрын даргын ажил, албан тушаалаас чөлөөлж, шилжүүлэх тухай Б/030 тоот тушаал гарсан. Энэхүү тушаалд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар албан ёсоор татан буугдсан болохыг тодорхойлж байна.

Дээрх эрх зүйн актууд буюу Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 4-р тоггоол, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайдын хамтарсан 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 163/292 тоот тушаал, Хөрөнгө оруулалтын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/030 дугаар тушаал болон Хөрөнгө оруулалтын газрыг “Татан буулгах комисс”-ыг албан ёсоор байгуулсан зэргээс харахад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан өөрчлөн байгуулагдсан гэдэг ойлголт аль ч эрх зүйн акгад дурдагдаагүй харин Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт буюу татан буугдсан гэх ойлголт юм.

2. 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хөрөнгө оруулалтын газрын дарга “Ажил, албан тушаалаас чөлөөлж, шилжүүлэх тухай” Б/030 тоот тушаал гаргасан. Энэхүү тушаалд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар татан буугдаж, чиг үүрэг нь Үндэсний хөгжлийн газарт шилжсэнтэй холбогдуулан тус байгууллагад ажиллаж байсан тушаалын хавсралтад дурдагдсан ажилтан, албан хаагчдыг 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажил, албан тушаалаас чөлөөлж Үндэсний хөгжлийн газарт шилжүүлсүгэй гэсэн нь Л.С-Э нь тус дурдсан хугацаагаар Хөрөнгө оруулалтын газраас албан ёсоор Хөдөлмөрийн харилцаагаа дуусган чөлөөлөгдсөн байна. Мөн өдрөөр Хөрөнгө оруулалтын газраас Үндэсний хөгжлийн газарт 01/410 албан бичгийг явуулсан бөгөөд энэ нь Нэрс хүргүүлэх тухай албан тоот буюу манай газарт эдгээр хүмүүс чиг үүргийн дагуу ажиллаж байсан гэхийг Үндэсний хөгжлийн газрын даргад санал болгосон байна. 

Монгол Улсын Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т Агентлагийн даргын бүрэн эрх, 8.3.4-т батлагдсан төсөв, сайдын баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан агентлагийн орон тоо цалингийн санг тогтоох эрх, 8.3.5-д албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнах урамшуулах, сахилгын шийтгэл ноогдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах эрхтэй гэж заасан байдаг. 

Иймд агентлагийн дарга Б.Б нь хуулиар олгосон өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлж, санал болгосон албан хаагчдаас 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Албан хаагчдыг мэдэлд авах тухай” 01/28 тоот албан бичгээр Хөрөнгө оруулалтын газраас шилжиж ирсэн 31 албан хаагчаас 17 албан хаагчийг ажилд томилж албан хаагчийн ажлын байрыг хадгалан, үлдсэн 9 албан хаагчийг шилжүүлэн авах боломжгүй байгаа тул тус албан хаагчидтай холбогдох арга хэмжээг авахыг хүсье Тэднийг албан ёсоор Хөрөнгө оруулалтын газрыг татан буулгах ажлын хэсэгт хүргүүлсэн болно.

Иймд Л.С-Э нь Хөрөнгө оруулалтын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/030 тоот тушаалаар ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Үндэсний хөгжлийн газартай хөдөлмөрийн ямар нэгэн харилцаа огт эхлээгүй, дахин түүнийг ажил албан тушаалаас чөлөөлөх тухай ойлголт, хууль зүйн үндэслэл байхгүй болно.

3. Байгууллага татан буугдсан, албан хаагчид нь албан ёсоор чөлөөлөгдсөн тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу “...3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно...” гэсний дагуу тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэхээр Үндэсний хөгжлийн газраас Хөрөнгө оруулалтын газрыг татан буулгах комисст 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 01/28 тоот албан бичиг, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр албан хаагчдын тэтгэмжийн асуудлыг шийдвэрлүүлэх тухай 01/157 тоот албан бичиг, мөн 2016 оны 10 дугаар сарын 28-нд 76 тоот албан бичгийг тус тус Хөрөнгө оруулалтын газрыг татан буулгах комисст хүргүүлсэн болно.

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайдын хамтарсан 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 163/292 дугаар Ажлын хэсэг байгуулах тухай тушаалын хавсралт Ажлын хэсгийн удирдамжийн 1-д чиг үүрэг шилжиж байгаа нэгжийн ажиллагсдтай хийх аливаа тооцоог барагдуулах ажлыг хийж гүйцэтгэх үүргийг ажлын хэсэг хүлээсэн байна.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу нэр бүхий албан хаагч нарт тэтгэмжийг олгох болон бусад холбогдох арга хэмжээг авна уу гэдгийг удаа дараа мэдэгдсэн.

Үндэсний хөгжлийн газрын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/157, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/176 тоот албан бичгүүдийн хариу хүргүүлж Сангийн яамны 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 11-1/7381 тоот албан бичигт “Чөлөөлөгдсөнөөс олгох нэг удаагийн тэтгэмжийн зардал нэмж тусгагдах боломжгүй байна. Хэрэв танай байгууллагын ажлын байрны орон тоо давхардсан болон цөөрсөнтэй холбоотойгоор албан хаагчдыг ажиллуулах боломжгүй болсон бол өөрийн батлагдсан төсөвтэй багтаан тэтгэмжийг олгох асуудлыг шийдвэрлэж ажиллана уу” гэсэн байна. 

Ийнхүү нэг удаагийн тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэхээр зөвшилцөж байх үед Л.С-Э нэхэмжлэл гарган шүүхэд хэрэг үүссэн учир нэг удаагийн тэтгэмжийн асуудлыг шүүхийн шийдвэр гартал тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байна. 

Иймд нэхэмжлэгч Л.С-Эийг Үндэсний хөгжлийн газрын Бүртгэл, мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн мэргэжилтнээр томилох хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалт үндэслэлгүй бөгөөд 27.2.4 дэх заалт нь үндэслэлтэй гэж үзэж байна. Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн төрийн байгууллагын тогтолцоо, ерөнхий бүдүүвчийг баталсан ба үүнтэй холбоотойгоор  Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 04 дүгээр тогтоолоор  Хөрөнгө оруулалтын газрыг татан буулгасан. Мөн тус тогтоолын 2 дугаар хавсралтаар Үндэсний хөгжлийн газрын орон тооны хязгаарыг 55 байхаар баталсан. Ерөнхий сайдын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Үндэсний хөгжлийн газрын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” 38 дугаар тогтоолоор тус газрыг 5 хэлтэстэй байхаар баталсан ба түүний  нэг нь бүртгэл, мэдээлэл, сурталчилгааны хэлтэс гэж зааж өгсөн байдаг. Мөн уг захирамжийн 3 дугаар зүйлээр агентлагийн үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийг боловсруулан батлуулахыг дарга н.Б д даалгаж, түүний дагуу Үндэсний хөгжлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/01 тушаалаар өөрийн байгууллагын бүтэц орон тоог баталсан байгаа. 

2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Хөрөнгө оруулалтын газрын даргын “Ажил, албан тушаалаас чөлөөлж, шилжүүлэх тухай” Б/030 дугаар тушаал гарсан ба тус тушаалд Үндэсний хөгжлийн газрыг татан буугдсан тухай дурдсан байдаг. Тэгэхээр эдгээр эрх зүйн актуудыг үндэслэж, Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолын 15 дугаар заалтад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалт болон 27.2.4 дэх заалтыг ялгамжтай хэрэглэх талаар зааж өгсөн байдаг. Эдгээрээс харахад өөрчлөгдөн байгуулагдсан талаар аль ч эрх зүйн актад дурдагдаагүй буюу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт зааснаар татан буугдсан гэдэг ойлголт гарч ирж байгаа юм. 

2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Хөрөнгө оруулалтын газрын даргын “Ажил, албан тушаалаас чөлөөлж, шилжүүлэх тухай” Б/030 дугаар тушаалын хавсралтад дурдсан ажилтан, албан хаагчдыг 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон, ажил, албан тушаалаас чөлөөлж, Үндэсний хөгжлийн газарт шилжүүлэх тухай дурдсан байдаг. 

Л.С-Э 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хөрөнгө оруулалтын газраас албан ёсны дагуу хөдөлмөрийн харилцаагаа дуусгавар болгон чөлөөлөгдсөн гэсэн үг юм. Мөн Хөрөнгө оруулалтын газраас Үндэсний хөгжлийн газрын даргад 01/410 дугаартай албан бичгийг явуулсан байгаа. Тус албан бичгээр нэрс хүргүүлсэн нь Үндэсний хөгжлийн газрын даргад санал болгож байгаа хэлбэр юм.

Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4 дахь хэсэгт “Сайдын баталсан зохион байгуулалтын бүтэц орон тооны дээд хязгаарт багтаан агентлагийн цалингийн санг тогтоох эрхтэй” гэж заасан. Мөн 8.3.5 дахь заалтад албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнал урамшуулал олгох, сахилгын шийтгэл оногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах эрхийг олгосон байгаа. Иймд агентлагийн дарга н.Б нь өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлж санал болгосон албан хаагчдаас 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Албан хаагчийг мэдэлд авах тухай” 01/28 тоот албан бичгээр Хөрөнгө оруулалтын газраас шилжиж ирсэн 31 албан хаагчдаас 11 албан хаагчийг ажилд томилж, 5 албан хаагчийн ажлын байрыг хадгалж, үлдсэн 9 албан хаагчийг шилжүүлэн авах боломжгүй байгаа учраас холбогдох арга хэмжээ авахыг Хөрөнгө оруулалтын газрыг татан буулгаж байгаа комисст албан ёсоор хүргүүлсэн байгаа. 

Иймд  Л.С-Э  Хөрөнгө оруулалтын газрын даргын тушаалаар буюу 07 дугаар сарын 27-ны өдрөөр ажил албан тушаалаас чөлөөлөгдсөн байгаа. Тиймээс манай байгууллагатай ямар нэгэн эрх зүйн харилцаа байхгүй бөгөөд санал болгосон албан тушаалтнуудаас дарга нь эрх хэмжээнийхээ хүрээнд сонгож авч ажиллуулсан. 

Хүмүүсийг шилжүүлж аваагүйтэй холбоотой Хөрөнгө оруулалтын газрыг татан буулгах комисс болон Сангийн яам зэрэг энэ асуудал болон тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэхээр багагүй албан бичгээр хоорондоо харилцсан байгаа. Үүнээс харахад хамгийн сүүлд буюу Үндэсний хөгжлийн газрын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/157 дугаартай албан бичиг болон 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/176 дугаартай албан бичгүүдийн хариу болгож Сангийн яамнаас 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 11-1/7381 тоот албан бичгийг манай газарт хүргүүлсэн байдаг. Тус албан бичигт “Хэрэв танай байгууллагын ажлын байрны орон тоо давхардсан болон цөөрсөнтэй холбоотойгоор албан хаагчдыг ажиллуулах боломжгүй болсон бол өөрийн батлагдсан төсөвт багтаан тэтгэмжийн асуудлыг шийдье” гэсэн байдаг. 

Бүртгэл, мэдээлэл, сурталчилгааны хэлтэс нь Хөрөнгө оруулалтын газарт байхдаа 7 албан хаагч хэлтсийн даргагүй байсан юм шиг байна лээ. Манай газарт шилжиж ирэхдээ хэлтэс нь 6 хүний бүрэлдэхүүнтэй 1 дарга, 2 ахлах, 3 мэргэжилтэнтэй гэж ирсэн. Өөрөөр хэлбэл орон тоо цөөрсөн гэдэг ойлголт нь Улсын Дээд шүүхийн тайлбарт “Хуулийн этгээд, зохион байгуулалтын бүтцийн адил ажил албан тушаалыг хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоо хассаныг ойлгоно” гэж байдаг. Тийм болохоор байгууллагын дарга 6 мэргэжилтэн шилжиж ирсэн ба үүний дотроос бүтэц орон тоо баталсан тушаалдаа тааруулж 3 мэргэжилтэнг авч ажиллуулсан байгаа.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.С-Э нь Үндэсний хөгжлийн газарт холбогдуулан “Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Б нь Л.С-Э намайг өмнө нь ажиллаж байсан чиг үүргийн дагуу ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцуулах, өмнө эрхэлж байсан чиг үүргийн дагуу Үндэсний хөгжлийн газрын бүртгэл, мэдээлэл, сурталчилгааны хэлтэст мэргэжилтнээр томилох шийдвэр гаргахыг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Б д даалгах, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалинг зохих журмын дагуу тооцож олгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг хийлгэж, нөхөн төлүүлэх” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэжээ. 

Маргааны үйл баримтын талаар:

1.Нэхэмжлэгч Л.С-Э нь анх Эдийн засгийн хөгжлийн яаманд гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүртгэлийн газарт ТЗ-7-2 зэрэглэлтэйгээр мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс томилогджээ /хх 50/. 

Шинээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар байгуулагдаж, нэхэмжлэгч Л.С-Эийг тус агентлагийн сурталчилгаа, зөвлөх үйлчилгээний хэлтэст ТЗ-6-3 зэрэглэлтэйгээр мэргэжилтнээр 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шилжүүлэн томилжээ /хх 72-74/. 

Дүгнэлт:Нэхэмжлэгч нь эрх зүйн байдлын хувьд төрийн захиргааны албан тушаал буюу төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсан. 

2.Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, ерөнхий бүдүүвч батлагджээ.

Уг тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Үндэсний хөгжлийн газрыг 55 орон тоотой байгуулж, Засгийн газрын агентлаг-Хөрөнгө оруулалтын газрыг татан буулгаж, татан буугдаж байгаа уг байгууллагын албан хаагчдыг, орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа Засгийн газрын агентлагт шилжүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгажээ. 

Мөн уг тогтоолыг үндэслэн Хөрөнгө оруулалтын газрын даргаас 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/030 дугаар тушаал /хх 31/  гаргаж,  Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг үндэслэн тус байгууллагад ажиллаж байсан 31 төрийн албан хаагчдыг ажил, албан тушаалаас чөлөөлж, шилжүүлэх, мөн газрын даргын  2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 01/410 албан бичиг /хх 67-70/-ээр эдгээр албан хаагчдын нэрсийг хавсарган Үндэсний хөгжлийн газарт шилжүүлэхээр хүргүүлсэн бөгөөд уг нэрсэд нэхэмжлэгч Л.С-Э багтжээ. 

Мөн Аж үйлдвэрийн яам татан буугдсантай холбогдуулан Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 180 дугаар тушаал /хх 232-233/-аар 22 төрийн албан хаагчийг Үндэсний хөгжлийн газарт шилжүүлжээ. Ийнхүү Засгийн газраас баталсан 55 орон тоонд татан буугдсан Хөрөнгө оруулалтын газраас 31, Аж үйлдвэрийн яамнаас 22, нийт 53 төрийн албан хаагчийг шилжүүлсэн байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайдын хамтарсан 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 163/292 дугаар тушаал /хх 199-201/-аар Хөрөнгө оруулалтын газрыг татан буулгах, Үндэсний хөгжлийн газрыг шинээр байгуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Ерөнхий сайдын зөвлөх Б.Нг томилж, ажлын удирдамжийг баталжээ. 

Улмаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 38 дугаар захирамжаар /хх 198/ Үндэсний хөгжлийн газрын зохион байгуулалтын бүтцийг баталжээ.

Энэ захирамжийг үндэслэн Үндэсний хөгжлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 1-ний өдрийн Б-01 дүгээр тушаал /хх 54-55/-аар Үндэсний хөгжлийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг 55 байхаар тогтоож, бүртгэл, мэдээлэл, сурталчилгааны хэлтэстэй байхаар, уг хэлтэст 6 орон тоотой байхаар заажээ. 

Үндэсний хөгжлийн газраас “...нэр бүхий 9 албан хаагчийг Үндэсний хөгжлийн газарт шилжүүлэн авах боломжгүй тул холбогдох арга хэмжээ авахыг хүссэн” агуулга бүхий “Албан хаагчдыг мэдэлд авах тухай” 01/28 тоот 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн албан бичиг /хх 71, 216/-ээр Хөрөнгө оруулалтын газрыг татан буулгах комисст хүргүүлжээ. 

Дээрх албан бичигт “...Хөрөнгө оруулалтын газрын хэрэгжүүлж байсан чиг үүрэг дээр нэмж хуучин нэрээр Аж үйлдвэрийн яамны зарим чиг үүрэг, орон тооны хамт шилжиж очсон тул бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөнөөс олгох нэг удаагийн тэтгэмжийн зардал тусгагдаагүй, ... өмнөх ажиллаж байсан болон шилжиж ирсэн орон тоог чиг үүргийн дагуу байршуулан ажиллуулах нь зүйтэй.” гэсэн хариуг Ажлын хэсгийн ахлагч бөгөөд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нгаас 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 11-1/5784 албан бичиг /хх 58, 211/-ээр Үндэсний хөгжлийн газарт хүргүүлжээ. 

Дээр дурдсан албан бичигт “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасны дагуу ...Л.С-Э ... нарт тэтгэмж олгох болон бусад холбогдох арга хэмжээ авна уу.” гэсэн хариуг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/157 дугаар албан бичиг /хх 56-57/-ээр Хөрөнгө оруулалтын газрыг татан буулгах комисст хүргүүлсэн байна. 

Энэхүү албан бичигт “...өөрийн батлагдсан төсөвт багтаан тэтгэмжийг олгох асуудлыг шийдвэрлэж ажиллана уу.” гэсэн хариуг Ажлын хэсгийн ахлагч, Төрийн нарийн бичгийн дарга Б.Нгаас 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 11-1/7381 албан бичгээр Үндэсний хөгжлийн газарт хүргүүлжээ. 

Үндэсний хөгжлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний Б/07 дугаар тушаал /хх 172-174/-аар бүртгэл, мэдээлэл, сурталчилгааны хэлтэст өмнө нь Хөрөнгө оруулалтын газарт ажиллаж байгаад Үндэсний хөгжлийн газарт шилжүүлсэн албан хаагчид  болох Д.Ц ахлах мэргэжилтэн, З.М , Б.У , Ж.У зэрэг 3 мэргэжилтнийг томилжээ /хх 68, 70/. 

Дүгнэхэд: Татан буугдсан Хөрөнгө оруулалтын газар 31, Аж үйлдвэрийн яамны  22 албан хаагчид буюу нийт 53 албан хаагчдыг  Засгийн газрын шийдвэрээр шинээр 55 орон тоотой байгуулагдсан Үндэсний хөгжлийн газарт шилжүүлжээ. Хөрөнгө оруулалтын газраас Үндэсний хөгжлийн газарт алба хаагчдыг орон тоо, цалингийн сантай нь шилжүүлсэн, нэхэмжлэгчийн өмнө ажиллаж байсан хөрөнгө оруулалтын сурталчилгаа, зөвлөх үйлчилгээний чиг үүрэг шинэ бүтцээр бүртгэл, мэдээлэл, сурталчилгааны чиг үүрэг болон нэр нь өөрчлөгдсөн боловч агуулгын хувьд өөрчлөгдөөгүй хэвээр хадгалагдаж байна. 

3.Үндэсний хөгжлийн газрын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн албан бичигт дурдсанаар нэхэмжлэгчийг ажил, албан тушаалд шилжүүлэн авах боломжгүй талаар хариуцагчаас 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгчид мэдэгджээ /хх 2/.

Нэхэмжлэгчээс өөрийг нь томилоогүй, ажилд авах боломжгүй болсон үндэслэлийг тодруулахаар Үндэсний хөгжлийн газрын даргад 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гомдол гаргасан боловч хариу ирүүлээгүй тул, хариуцагчийн эс үйлдэхүйн талаар Төрийн албаны зөвлөлд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гомдол гаргажээ. Төрийн албаны зөвлөлөөс “албан бичгийн хариуг гомдол гаргасан Л.С-Э д өгч, дүнг Төрийн албаны зөвлөлд ирүүлнэ үү” гэсэн агуулга бүхий албан бичгийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Үндэсний хөгжлийн газрын даргад хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй.

Улмаар нэхэмжлэгчээс Хүний эрхийн үндэсний комисст 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зөвлөмж гаргуулах өргөдөл гаргаж, үүний хариуг Хүний эрхийн үндэсний комиссоос харьяаллын дагуу тус шүүхэд шилжүүлсэн агуулга бүхий албан бичгийг 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүргүүлжээ.

Нэхэмжлэгч нь тус шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 23-нд нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлийг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоон хүргүүлж, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ханган  ирүүлж, шүүхээс 2017 оны өдрийн 01 дүгээр сарын 13-ны өдөр захиргааны хэрэг үүсгэжээ.

Маргаж байгаа зүйлийн талаар:

Дээр дурдсан маргааны үйл баримтуудаас нэхэмжлэгч тал “байгууллагын зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор өмнө нь эрхэлж байсан албан тушаал хэвээр хадгалагдаж байхад эргүүлэн томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус, ямар нэгэн шалгаруулалтгүйгээр шилжүүлсэн албан хаагчдаас зармыг томилоод зармыг томилоогүй гэдэг нь ойлгомжгүй” гэж маргажээ. 

Хариуцагч талаас “нэхэмжлэгч нь Хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Үндэсний хөгжлийн газартай хөдөлмөрийн ямар нэгэн харилцаа огт эхлээгүй, дахин түүнийг албан тушаалаас чөлөөлөх тухай ойлголт, хууль зүйн үндэслэл байхгүй, ямар нэгэн эрх зүйн акт гаргах боломжгүй, хуучин хэлтсийн дарга нараас хувь хүний зан чанар, ажлын  чадвар, ёс зүйг лавлаж асуусны дагуу зарим хүмүүсийг нь ажилд томилоогүй.” гэж маргасан.  

Харин нэхэмжлэгч талаас байгууллагын зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байдалтай маргаагүй, хариуцагч талаас нэхэмжлэгчийн эрх зүйн байдал, төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүрэг бүхий дээд шатны байгууллагын гомдлын хариуг өгсөн байдал зэрэгтэй маргаагүй байна. 

Хууль зүйн үндэслэлийн талаар:

Нэхэмжлэгчээс төрийн жинхэнэ албан хаагч буюу төрийн захиргааны албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотойгоор тэр дундаа төрийн албан хаагчийн баталгааг хариуцагч захиргааны байгууллага зөрчиж, өөрчлөгдөн зохион байгуулагдсан бүтэц, орон тоонд нийцүүлэн албан тушаалд буцаан томилоогүй эс үйлдэхүй гаргасан гэж маргасан. 

Хариуцагч Үндэсний хөгжлийн газар нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийг өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Улсын Их Хурлаас зөвшөөрсөн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн дагуу Засгийн газар шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу Засгийн газрын 2016 оны 04 дүгээр тогтоолын дагуу татан буугдсан Хөрөнгө оруулалтын газрын эрх, үүргийг шилжүүлэн авсан буюу эрх залгамжлагч этгээд байна. Түүнчлэн татан буугдсан байгууллагын эрх, үүргийг шилжүүлэн авах үйл ажиллагааны хүрээнд албан хаагчдыг нь шинэчлэн батлагдсан орон тоонд нийцүүлэн шилжүүлэн авахыг Засгийн газрын шийдвэр, Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 38 дугаар тэмдэглэлд заасан. Иймээс нэхэмжлэгч Л.С-Эийн ажил олгогчын буюу түүнийг ажил албан тушаалд хуульд нийцүүлэн томилох үүргийг Үндэсний хөгжлийн газрын дарга хүлээнэ. Иймд хариуцагчаас “нэхэмжлэгч нь Хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Үндэсний хөгжлийн газартай хөдөлмөрийн ямар нэгэн харилцаа огт эхлээгүй, дахин түүнийг албан тушаалаас чөлөөлөх тухай ойлголт, хууль зүйн үндэслэл байхгүй, ямар нэгэн эрх зүйн акт гаргах боломжгүй” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. 

Төрийн албаны тухай хуулийн зорилтыг тодорхойлсон 1 дүгээр зүйл, Төрийн албан хаагчийн баталгааг зохицуулсан 27 дугаар зүйлд төрийн захиргааны /төрийн жинхэнэ/ албан хаагчийн баталгаа, нэмэлт баталгаа буюу төрийн захиргааны албан хаагчид төрийн албыг хэрэгжүүлсний төлөө олгогдож байгаа боломж, нөхцөлүүдийг заасан.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэлт баталгаагаар хангагдана: 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ны орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна;” гэжээ. 

Харин мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно;” гэжээ. 

Маргааны үйл баримтаас  нэхэмжлэгчийн ажиллаж байсан байгууллага нь татан буугдаж, чиг үүрэг нь өөр байгууллагад шилжих үед Төрийн албаны тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан орон тоо хасагдсан нөхцөл байдал бий болоогүй гэдэг нь тогтоогдсон. Тухайлан хэлбэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр  Хөрөнгө оруулалтын газар татан буугдсан боловч 31 албан хаагчдыг бүхэлд нь орон тоо, цалингийн сантай нь шинээр байгуулагдсан Үндэсний хөгжлийн газарт шилжүүлж, Үндэсний хөгжлийн газар нь эдгээр албан хаагчдыг авч ажиллуулах хангалттай орон тоотойгоор бүтэц, орон тоо нь батлагдсан, нэхэмжлэгчийн ажиллаж байсан хэлтсийн нэр өөрчлөгдсөн боловч эрхэлж байсан чиг үүргийн агуулга хэвээр  үлдсэн нь тогтоогдсон.

Иймээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан “...чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...” гэсэн нь агуулгын хувьд төрийн албан хаагчид олгож байгаа нэмэлт баталгаагаар хангагдах эрх, харин ажил олгогч төрийн байгууллагын хувьд түүнд хуулиар хүлээлгэсэн үүрэг гэж үзэхээр байна. Энэ нь шинээр болон өөрчлөгдсөн аливаа Засгийн газрын болон бусад байгууллагын бүтэцтэй холбоотойгоор төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөхгүй байх, төрийн албан хаагч албан тушаалдаа үргэжлүүлэн ажиллах баталгаа юм. 

Иймээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн өмнө нь ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн учир шинээр зохион байгуулагдсан бүтцийн хүрээнд тодруулбал, бүртгэл, мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн мэргэжилтний албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах баталгаагаар хангагдах эрхтэй бөгөөд хариуцагч /ажил олгогч/ захиргааны байгууллага түүнийг маргаан бүхий албан тушаалд үргэжлүүлэн ажиллуулах үүрэгтэй байна.

Хариуцагч захиргааны байгууллага өөрт нь хуулиар олгогдсон энэхүү үүргийг  өөрт хамааралгүй мэтээр тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгчийн өмнө нь ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байтал өөрчлөгдөн батлагдсан зохион байгуулалтын бүтэц, орон тоонд нийцүүлэн албан тушаалд томилоогүй, нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд үргэжлүүлэн ажиллуулах хуульд  заасан үүргээ биелүүлээгүй нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасантай нийцээгүй бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим, 4.2.6-д заасан төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл баталгааг төр хангах төрийн албанд баримтлах зарчмыг зөрчсөн хууль бус эс үйлдэхүй байна.

Түүнчлэн “...хөрөнгө оруулалтын газрын дарга, хуучин хэлтсийн дарга нартай ярилцаж хувь хүний зан чанар, ажлын чадвар, төрийн албан хаагчийн ёс зүйг ажилдаа хэрхэн баримталж ажилладаг зэргийг нь харгалзаж, 6 албан хаагчыг сонгосон. Албан ёсоор бол шалгаруулалт явуулаагүй... “ гэж хариуцагч тайлбарлажээ.

Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөний улмаас албан тушаал (ажлын байр)-ны орон тоо цөөрсөн бол Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авахаар заажээ.

Гэтэл хариуцагчаас өмнөх Хөрөнгө оруулалтын газрын бүтцээр сурталчилгаа, зөвлөх үйлчилгээний хэлтэс нь 5 мэргэжилтний орон тоотой байсан бол шинэ бүтцийн өөрчлөлтөөр бүртгэл, мэдээлэл, сурталчилгааны хэлтэс болж нэр өөрчлөгдөж, 3 мэргэжилтний орон тоотой байхаар батлагджээ. 

Мэргэжилтний тоо цөөрсөн байдлаар батлагдсан учир дээр дурдсан хуулийн дагуу шилжин ирсэн мэргэжилтнүүдийг албан тушаалд томилохдоо уг ажлын байранд өмнө нь ажиллаж байсан албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг үнэлж, дүгнэж сонгон шалгаруулалт явуулаагүй атлаа 3 мэргэжилтэнг томилж харин нэхэмжлэгчийг ажилд томилоогүй байна. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “...шалгаруулж авах...” гэдгийг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг ойлгоно. Харин хариуцагчаас ажлын хэсгийн бүрэлдхүүн томилж албан ёсны шалгаруулалтыг хийгээгүй байна. 

Дээрхээс гадна хариуцагч захиргааны байгууллагаас төрийн захиргааны албан хаагчдын хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн шийдвэр гаргаж, үйл ажиллагаа хэрэгжүүлэхдээ Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн хувьд Засгийн газар болон харьяалах дээд шатны албан тушаалтан болох Ерөнхий сайдын шийвэрийг биелүүлэх  үүрэгтэй. 

Гэтэл хариуцагчаас Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8-д “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй.”, Засгийн газрын агентлагийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Агентлаг нь дараахь нийтлэг асуудал эрхэлнэ:, 7.1.1. хууль тогтоомж, ..., Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах” гэсэн заалтыг зөрчсөн. Тодруулбал, “татан буугдсан байгууллагын албан хаагчдыг цалин, орон тоотой нь шилжүүлэн авах” Засгийн газрын үүрэг болгосон шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй байна.

Дүгнэхэд, нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэвч өөрчлөгдөн батлагдсан зохион байгуулалтын бүтэц, орон тоонд нийцүүлэн нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн ажиллуулах, томилох хуульд  заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй. Энэ хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч Л.С-Эийн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасан төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, ... авах, 27.1.2-т заасан албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах, 27.2.3-д заасан “зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол уг албан тушаалд нь үргэлжлэн ажиллах”, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хариуцагч зөрчсөн гэдэг нь тогтоогдож байна. 

Үүний учир төрийн захиргааны албан хаагч Л.С-Эийн төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, ... авах, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах, хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаалдаа үргэжлэн ажиллах эрх, төрийн албанаас үндэслэлгүйгээр халагдахгүй байх эрх, хууль ёсны сонирхлыг шүүхээс сэргээн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгчийг урьд ажиллаж байсан ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэж байгаа учир Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаа буюу ажлын 171 өдрийн хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговроор тооцон олгохыг хариуцагчид даалгахаар шийдвэрлэв.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд заасны дагуу хариуцагчаас ажилгүй байсан хугацааны 5,094,090 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох, түүнчлэн тухайн олговрыг Үндэсний хөгжлийн газрын төсвөөс гаргуулах нь зүйтэй гэж үзэв. 

Нэхэмжлэгчийн сүүлийн 3 сард авч байсан 1 сарын үндсэн цалин нь  613,669 төгрөг бөгөөд аливаа төрлийн нэмэгдэлгүй, нэмэгдэл хөлс аваагүй гэдэг нь Хөрөнгө оруулалтын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн гуравдугаар хавсралтад дурдсан Хөрөнгө оруулалтын газрын албан хаагчдын цалингийн тодорхойлолт /хх 70/, Үндэсний хөгжлийн газрын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 06/145 албан бичгээр ирүүлсэн Цалингийн тодорхойлолт /хх 66/ зэргээр тогтоогдож байна.  

Түүнчлэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалд заасан үндсэн цалин, нэмэгдлийг тодорхойлох, ажилтны ажилласан сүүлийн 3 сарын дунджаар тодорхойлохоор заажээ.

Иймээс нэхэмжлэгч талаас нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалингийн дунджаар тооцолно гэж, нэхэмжлэгчийн авч байсан цалинг 812,382 төгрөг нийт 5,686,674 төгрөг гаргуулна гэж тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нийгмийн даатгалын дэвтэрт /хх 230/ бичигдсэн цалинг аль нь үндсэн цалин, аль нэмэгдэл, аль нь журамд заасан цалин хөлсний бүрэлдэхүүнд орохгүй тэтгэмж, нөхөх олговор болох нь тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй. 

Тооцооллын задаргаа:

613,669  төгрөг буюу бүтэн ажилласан сүүлийн 3 сарын 1 сарын дундаж цалин : 20,6 өдөр буюу сүүлийн бүтэн ажилласан 3 сарын ажлын өдрийн дундаж тоо (5 сард 23 өдөр, 6 сард 20 өдөр, 7 сард 19 өдөр) = 29,790 төгрөг (сүүлийн бүтэн ажилласан 3 сарын 1 өдрийн дундаж цалин). 

29,790 төгрөг х 171 өдөр (ажлаас чөлөөлсөн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх ажлын өдрийн тоо) = 5,094,090 ажилгүй байсан хугацааны цалин. 

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2-т заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулсантай холбоотойгоор Үндэсний хөгжлийн газрын төсөвт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэхээр нэхэмжлэх, мөн Үндэсний хөгжлийн газрын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж төсөвт учирсан хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар төлүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.6, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.2.1, 27.2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.С-Эийн Үндэсний хөгжлийн газарт холбогдуулан “Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Б нь Л.С-Э намайг өмнө нь ажиллаж байсан чиг үүргийн дагуу ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцуулах, өмнө эрхэлж байсан чиг үүргийн дагуу Үндэсний хөгжлийн газрын бүртгэл, мэдээлэл, сурталчилгааны хэлтэст мэргэжилтнээр томилох шийдвэр гаргахыг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Б д даалгах, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалинг зохих журмын дагуу тооцож олгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг хийлгэж, нөхөн төлүүлэх” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай. 

2.Нэхэмжлэгч Л.С-Эийг Үндэсний хөгжлийн газрын бүртгэл, мэдээлэл, сурталчилгааны хэлтэст мэргэжилтнээр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 5,094,090 төгрөгийг Үндэсний хөгжлийн газрын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг хийж, нөхөн төлөхийг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Б д даалгасугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

ШҮҮГЧ                                  А.САРАНГЭРЭЛ