Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 126

 

 

 

 

 

 

 

 

 

   Д.Ганхуягт холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Анхцэцэг,

ялтан Д.Ганхуяг /Цагдан хорих 461 дүгээр ангиас цахимаар оролцов/,

ялтан Д.Ганхуягийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Ганхуяг, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Ганхуягт холбогдох 201626011580 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Их тугчин овгийн Дашиймаагийн Ганхуяг, 1990 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний орчуулагч мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эмээ, эх, эгч нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, “Өнөр” хорооллын 8-187 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11-3 тоотод түр оршин сууж байсан,

2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 cap 17 хоногийн хорих ялаас өршөөн хэлтэрч, суллагдсан. /регистрийн дугаар: УМ90091536/

Д.Ганхуяг нь урьд танхайн гэмт хэрэгт ял шийтгүүлэн ялтай байхдаа 2016 оны 6 дугаар сарын 19-ний шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтуугаар М.Энхтүвшинг ямар ч шалтаг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь цохиж хөнгөн гэмтэл учруулан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Д.Ганхуягийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Ганхуягийг урьд нь танхайрах гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, цагдан хоригдсон 24 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хохирогч М.Энхтүвшин нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Ялтан Д.Ганхуяг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хонг Конг зочид буудлын урдуур өнгөрч явахад үл таних, том биетэй залуу шууд миний нүүр рүү алгадаж, “би энэ хавийн атаман” гэж хэлсэн. Би сандарсандаа зүүн нүүрэн тус газар нь цохиход намайг зөрүүлээд зүүн талын хавирган тус газар цохиод, эргэхдээ газар унасан...

Хохирогч М.Энхтүвшин Гэмтэл согог судлалын үндэсний төвд очсон гэж худал мэдүүлэг өгсөн төдийгүй 27 оёо хийсэн гэх баримт байхгүй.

Мөн би ганцаар явж байсан байхад хориод тооны хүмүүстэй явж байсан, гэрч Д.Балжинням нь маргалдсан байдалтай зогсч байхаар нь цагдаад дуудлага өгсөн... М.Энхтүвшин цохиулаад унасны дараа очиход, зүүн уруулнаас нь цус гарч байхаар нь дуудлага өгсөн гэж зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн байдаг тул хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтын явцад өгсөн удаа дараагийн худал мэдүүлгүүдийг шалгуулах,

Миний 1 удаагийн цохилтоос хохирогчийн уруулын зүүн талд язралт үүссэн байх магадлалтай байтал яагаад баруун шанаа, эрүү болон аман дотор 27 оёдол хийлгэхээр гэмтэл учрах болов. Хохирогчид нэг удаа гар хүрснийг хохирогч, гэрч нар баталдаг. Иймээс М.Энхтүвшингийн биед байгаа оёдол болон шарх, гэмтлүүд хэзээ, яаж үүссэн болохыг үнэн зөвөөр тогтоолгох хүсэлтэй байна... Энэ олон тооны шарх, оёдол нь уг хэргээс өмнө буюу 2 өдрийн өмнө үүссэн байх магадлалтай. Учир нь хохирогч М.Энхтүвшингийн шүүх эмнэлэгт үзүүлсэн өдөр 2016 оны 2 дугаар сарын 17-нд гэсэн байдаг.

М.Энхтүвшин, Д.Балжинням нар өөр хүмүүстэй эсхүл хоорондоо маргалдсан байх магадлалтай. М.Энхтүвшингийн нуруу нь өвдөөд үлдэхэд хамт явж байсан Д.Балжинням яагаад хаяж явах болсон... Д.Балжинням юу болсныг нь мэдэхгүй байж ямар дуудлага өгөв... М.Энхтүвшин Д.Балжиннямтай намайг андуурч цохьсон байх гэж би таамаглаж байна. Энэ бүхнийг нарийвчлан шалгуулмаар байна. М.Энхтүвшин нь намайг мэсээр 3 цохиж, нүүрэнд гэмтэл учруулсан гэж мэдүүлдэг. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү.” гэв.

 

            Ялтан Д.Ганхуягийн өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотлоогүй гэж үзэж байна. Хохирогч М.Энхтүвшингийн биед учирсан гэмтэл нь хэзээ учирсныг нарийвчлан магадлах шаардлагатай. Учир нь хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй. Хохирогч тайлбартаа 20 гаруй залуучууд байсан талаар хэлсэн байдаг. Энэ нь өөр бусад хүмүүстэй маргалдан цохиулсан байх үндэслэлтэй байх тул эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байна.

2. Хэргийг шийдвэрлэх явцад Д.Ганхуяг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдан Нийслэлийн прокурорын газарт хянагдаж байсан. Эдгээр хэргүүдийг нэг шийтгэх тогтоолоор эцэслэн шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх ач холбогдолтой. Иймд дээрх бүхий л байдлыг анхааран үзэж, Д.Ганхуягт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.

 

Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу хэрэг гарсан цаг хугацааг тогтоогоогүй гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, үүний дагуу нэмэлт ажиллагаа хийгдсэн. Гэрч Д.Балжинням “М.Энхтүвшин, Д.Ганхуягт гар хүрээгүй, түүнтэй зууралдаагүй” болохыг нотолсон мэдүүлэг өгсөн. Мөн хохирогч нь тухайн үед Д.Балжиннямтай хамт Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлж оёдол хийлгэн, буцаж ирж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байдаг. Тухайн өдөр дуудлагын дагуу очсон цагдаагийн алба хаагч Будсүрэн, Мөнх нарт М.Энхтүвшин “цагаан өнгийн футболк, цэнхэр жинсэн өмд өмссөн халзан залуу ирээд энэ хавийн атаман байна. Миний эзэмшил дэх газраас яв гээд намайг нэг цохиод, Цамбагаравын тийш  явчихлаа” гэдгээ хэлсэн байдаг. М.Энхтүвшин анх хориод хүн байсан гэж цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлдөө бичсэн байдаг ч “намайг цохьсон хүн нь Д.Ганхуяг” гэж тодорхой дурьдсан. Хохирогч хэрэг гарсан 2016 оны 6 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнөөс өмнө бусдад зодуулсан, ямар нэгэн гэмтэл шархгүй явж байсан нь тогтоогдсон. Д.Ганхуягт нэг удаа цохиулсны улмаас уруулд язралт бүхий гэмтэл учирсан гэдэг нь дуудлагаар очсон цагдаагийн ажилтан, гэрч Д.Балжинням, хохирогчийн өөрийнх нь мэдүүлгүүдээр нотлогддог. Хохирогч М.Энхтүвшингийн шүүх эмнэлэгт үзүүлсэн өдөр нь 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр гэж давж заалдах гомдолд дурдсан байна. Хохирогч М.Энхтүвшингийн шүүх эмнэлэгт үзүүлсэн тасалбар дээр шүүх эмнэлгийн дүгнэлтийн 8439 гэсэн дугаар байгаа. 8439 дугаартай дүгнэлтэд “2016 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн мөрдөн байцаагч Хатанзоригтын тогтоолоор 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр бусдад зодуулсан” гэсэн байдаг. Хавтаст хэрэгт М.Энхтүвшин, Д.Балжинням нар хоорондоо маргалдсан тухай ямар ч баримт байхгүй. М.Энхтүвшин, Д.Балжинням нараас хууль сануулж мэдүүлэг авсан. Д.Ганхуяг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр мансууруулах бодисыг хууль бусаар олж авсан гэх хэрэгт холбогдсон байна. Харин танхайрах гэмт хэрэг нь 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн шалгагдсан. 10 дугаар сард шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан хугацаанд яллагдагч өөр гэмт хэрэгт шалгагдаж байгаа тухайгаа мэдэгдээгүй. Хэрэг шүүхэд очсоны дараа шүүх хуралдаан гурван удаа хойшлоход Д.Ганхуяг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр цагдан хоригдсон. Үүний дараа шүүх хуралдаанд энэ асуудлыг гаргаж ирсэн. Шүүх хянаж үзээд хүсэлтийг хангахаас татгалзсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийг хавтаст хэргийн хүрээнд буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн. Өнөөдрийн гаргаж ирж буй Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолыг уншихад энэ гэмт хэрэгт Д.Ганхуягийн гэм буруутайд эргэлзсэн байдлаар шүүх нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Өнөөдрийн хэлэлцэж буй хэргийг заавал нэмэлт мөрдөн байцаалтад буцааж энэ асуудлыг нэгтгэн шалгаснаар шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэнэ, дордоно гэсэн ойлголт байж болохгүй. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах талаар зохицуулалт байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Д.Ганхуягт холбогдох хэргийн талаар шүүх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой, нөхцөл байдлыг мөрдөн байцаалтын шатанд шалгаж тодруулаагүй, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна. 

            Хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээс үзэхэд Д.Ганхуяг нь хохирогч М.Энхтүвшинг нэг удаа цохьсон ба хохирогч цохиулан газарт унасан байдал тогтоогдсон. Тухайн үед хохирогчийн уруулнаас цус гарч байснаас өөр шарх, гэмтэл гэрчүүдэд ажиглагдаагүй талаар мэдүүлцгээжээ.

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8597 дугаар дүгнэлтэд “... Хэсэг газрын үзлэгт: Баруун шанаанд мэс заслын оёдол бүхий 2,5 см, эрүүний баруун урд, доод хэсэгт мэс заслын оёдол бүхий 1,5 см, доод уруулын зүүн хэсэгт 3 см урт мэс заслын оёдол бүхий, доод уруулын дотор талын салстад мэс заслын оёдол бүхий 3 см шархтай. Эрүүний зүүн тал болон доод уруул овойж хавдсан. Баруун чихний ар хэсэгт 0,5х0,2 см, баруун чихний дэлбээний дунд ирмэг хэсэгт 0,5х0,3 см хүрэн өнгийн тав тогтсон зулгаралтай байв.” гэжээ. /хх 18/

 

Дээрх нотлох баримтуудыг харьцуулан үзвэл Д.Ганхуягийн нэг удаагийн цохилтын улмаас хохирогч М.Энхтүвшинд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон олон тооны шарх гэмтлүүд, тэр дундаа эрүүний баруун урд, доод хэсэгт гэмтэл учирсан гэж дүгнэхэд эргэлзээтэй байх тул шүүхээс хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүй байдалд хүргэв.

 

Иймээс нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан хохирогчийн мэс заслын оёдол бүхий шархнууд ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн болохыг, цохиулан газарт унах үед үүсч болох эсэхийг шалгаж, хэргийн газрын үзлэгийг нөхөн гүйцэтгэх, шинжилгээгээр тогтоогдоод байгаа шархнуудад цэгцлэлт хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэнтэй холбоотой өвчний түүхийг хэрэгт хавсаргах, дахин бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэх замаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтын дагуу гэмт хэрэг гарсан байдлыг эргэлзээгүй нотлох шаардлагатай. Энэ талаар ялтан, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй гэж үзэв.  

 

Мөн Д.Ганхуяг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 134 дүгээр шүүгчийн захирамжаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байх тул энэ хэрэгтэй нэгтгэн шалгаж, шийдвэрлүүлэх шаардлагатай.

 

Иймд ялтан Д.Ганхуяг, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон Д.Ганхуягт холбогдох хэргийг энэ магадлалд заасан үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Ганхуягт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр тухайн шүүхээр дамжуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар буцаасугай.

 

            2. Хэрэг прокурорт очтол Д.Ганхуягт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.     

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЮУНЧУЛУУН

 

ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

М.ПҮРЭВСҮРЭН