Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2019/0383

 

2019 оны 07 сарын 18 өдөр           Дугаар 221/МА2019/0383                          Улаанбаатар хот

Д.М-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 115/ШШ2019/0015 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Д.М-ын нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 115/ШШ2019/0015 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/344 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/468 дугаар захирамжийн Г.Г, Б.А нарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх ... захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлж, өөр хоорондоо харилцан зөрүүтэй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ “... хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд ... энэ нь тухайн захиргааны актыг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасныг буюу хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гэж үзэх үндэслэл болж байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарт дурдсанчлан гуравдагч этгээд Г.Г-т анх эзэмшүүлсэн 127,5 м.кв газар буюу гуравдагч этгээд Б.А-д шилжүүлсэн эзэмшүүлсэн 127,5 м.кв газар нь нэхэмжлэгчийн эзэмшиж буй 400 м.кв газартай тодорхой хэмжээгээр давхцалтай ... нь 1 дүгээр хавтаст хэргийн 75, 136-138 дугаар хуудсанд авагдсан баримтуудаар тогтоогдож байна” гэж дүгнэсэн боловч “... дээр дурдсан баримтууд /2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт”, Л.О-ын 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр үйлдсэн “Нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газарт бэхлүүлэх мэдэгдэл/-уудыг Сайншанд сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Газрын маргаан шийдвэрлэх тухай” А/305 дугаар захирамжийн 3 дахь заалтаар хүчингүй болгосон нөхцөл байдал тогтоогдож байна”, “... нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмшиж буй 400 м.кв газрын байршил, хил заагийг холбогдох захиргааны байгууллагаас тухайлан тогтоож өгсөн үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчдийн “... Д.М-ын газартай давхцуулан иргэн Г.Г болон Б.А-д газар эзэмшүүлсэн” гэх тайлбар үгүйсгэгдэж байна” гээд нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлыг буюу иргэн Н.Ц-ийн хашаалсан газрын талаар дүгнэлт хийж нотлох баримтыг буруу үнэлж, үндэслэлгүй дүгнэлтийг хийжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн гол үндэслэл бол Сайншанд сумын Засаг дарга маргаан бүхий захирамжуудыг гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан газар эзэмшүүлэхэд тавигдах хуулиар тогтоосон шаардлагыг ноцтой зөрчсөн буюу энэ талаар шүүхээр хянагдаж байхад буюу талууд маргаантай байхад захирамж гаргасан нөхцөл байдал юм.

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Г.Г нар иргэний хэргийн шүүхэд маргаантай гэдгийг хариуцагч Засаг дарга маргаан бүхий захирамжийг гаргахдаа мэдэж байсан бөгөөд энэ нь иргэний хэрэгт өгч байсан гэрч Б.Г-ийн мэдүүлэг /газар чөлөөлөх атлаа удаа дараа мэдэгдэл өгч байсан гэдэг/-ээр тогтоогддог. Иргэний хэрэг үүсэх гол нөхцөл байдал нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр газар эзэмших эрхгүй этгээд байшин барьсан тухай асуудал буюу газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай маргаан байдаг бөгөөд энэ нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад давхацсан эсэх нь тодорхойгүй байхад Засаг дарга захирамж гаргаж уг газрыг бусдад эзэмшүүлсэн нь дээр дурдсан Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн явдал юм. Нөгөө талаас маргаан бүхий захиргааны актууд гарсан цаг хугацаанд буюу 2014 онд нэхэмжлэгч Д.М-т газрын даамал Б.Г-аас 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээлгэн өгсөн акт хүчин төгөлдөр байсан бөгөөд иргэн эзэмших эрхийн гэрчилгээтэй, холбогдох газар эзэмшүүлэх гэрээг байгуулчихсан байхад Засаг дарга уг маргаан бүхий захирамжийг гаргасан байгааг анхан шатны шүүх анхааралгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ “... хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн “... Г.Г нь зөвшөөрөлгүй газар дээр байшин барьсныхаа дараа, тухайн байшингийн хэмжээгээр газар эзэмших зөвшөөрөл гаргуулж авсан” гэх тайлбар үндэслэлтэй, улмаар хариуцагчийн гаргасан маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байх тул маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтээс үзэхэд захиргааны байгууллага, албан тушаалтан хууль зөрчиж захиргааны акт гаргаж болох бөгөөд тухайн захиргааны акт нь хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тохиолдолд шүүх хүчингүй болгох эрхгүй гэж ойлгогдохоор байна. Хариуцагчийн гаргасан маргаан бүхий захирамжуудаас үүдэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

Дээр дурдсанчлан нэхэмжлэгч 2003 оноос хойш өөрийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах боломжгүй шүүхээр маргаж байгаа бөгөөд 2013 онд гуравдагч этгээд Г.Г нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчиж түүний эзэмшлийн газар дээр давхцуулан байшин барьсан талаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан /Г.Г-ын барьсан нэхэмжлэгч Д.М-ын газартай давхацсан, эсхүл давхцаагүй гэдэг тогтоогдоогүй бөгөөд Г.Г нь Газрын тухай хууль зөрчиж барилга барьсан үйл баримт тогтоогддог/ бөгөөд уг хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Засаг дарга хууль зөрчиж Г.Г-ын хууль бусаар барьсан барилгын доорх газрыг түүнд эзэмшүүлсэн явдал нь нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн явдал юм.

Учир нь нэхэмжлэгч Г.Г-ыг өөрийн эзэмшлийн газар дээр давхцуулан барилга барьсан, барилга барихдаа Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан хориглосон хэм хэмжээг зөрчсөн гэсэн үндэслэлээр өөрийн эзэмшлийн газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байтал уг захирамж гарснаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах үндсэн эрх ноцтой зөрчигдөж байгаа бөгөөд Г.Г, Б.А/ тэдгээрийн хууль бус эзэмшлийг хууль ёсны мэт болгож/ нарын эзэмшлийн газартай давхацсан эсэх маргаан болж хувирах хууль зүйн үр дагаврыг бий болгож байгаа юм.

Иймд Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 115/ШШ2019/0015 дугаар шийдвэрийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс “2013 онд иргэн Г.Г нь Д.М-ын эзэмшил газрын зарим хэсгийг оролцуулан байшин барьсан ... хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд тухайн маргаан өнөөдрийг хүртэл иргэний шүүхэд хянагдаж байгаа ... маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байх явцад ... Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр А/344 дүгээр илт хууль бус захирамж гарган Г.Г-т ... 255 м.кв газар олгосон”, “... Сайншанд сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/468 дугаар захирамжийг үндэслэн ... газрын тодорхой хэсгийг Б.А-д шилжүүлснийг мэдсэн ... Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргажээ.

Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/172 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалт, Дорноговь аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаар шийдвэрийг үндэслэн “Тус сумын 1 дүгээр баг, Дампилийн 16 дугаар хэсэгт сумын Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/128 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон иргэн Д-ын М-т холбогдолтой хэсгийн 400 м.кв газрын газар эзэмших эрхийг сэргээж 15 жилийн хугацаатайгаар” эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-д зааснаар сумын газрын даамал “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх” эрх хэмжээтэй байх бөгөөд анх Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2003 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 60 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.М-т эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 400 м.кв газрын хэмжээ зааг болон шүүхийн шийдвэрийн дагуу Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/172 дугаар захирамжаар нэхэмжлэгчид эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгээгүй байх тул нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/344 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Г.Г-т 255 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2014 оны 12 сарын 31-ний өдрийн А/468 дугаар захирамжаар уг газраас 127.5 м.кв газрыг гуравдагч этгээд Б.А-д шилжүүлэн эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газрын хэмжээ заагийг тогтоохын тулд Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/305 дугаар захирамжаар “сумын Засаг даргын 2003 оны А/60 дугаар захирамжийг үндэслэн иргэн Д.М-ын нэгж талбарын эргэлтийн цэгийн эхлэл цэгийг тогтоох” арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байх бөгөөд тус захирамжийг эс зөвшөөрч гаргасан Д.М-ын нэхэмжлэлийг Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна.

Иймд нэхэмжлэгч Д.М-ын эзэмших эрхтэй газартай давхцуулан гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэж хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 115/ШШ2019/0015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ