Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Улсын яллагч: А.Амгалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,

Хохирогч: Б.Зоригтбаатар,

Шүүгдэгч: Ц.Х /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалангаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хасар овогт Цэнд-Аюушийн Хт холбогдох 1929000000003 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар агуулга /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 Шүүгдэгч Ц.Х нь 2018 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө согтуугаар, Өмнөговь аймгийн Ханбогд сумын 1 дүгээр багийн Гоёотын 2-5 тоотод бусадтай маргаж, улмаар нийгмийн хэв журам сахиулах үүргээ хэрэгжүүлэхээр очсон цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Зоригтбаатарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, мөн түүнийг гараар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Х мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...“гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Зоригтбаатар мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Цагдаагийн ахмад Ганбаатарт дуудлага ирсэн. Тэгээд хамт дуудлага өгсөн газар очиход тухайн байрны жижүүртэй зууралдсан байдалтай байсан. Х тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Эхнэртэйгээ муудаж байгаад эхнэр нь 2-3 удаа гар хүрсэн. Хэрэг даамжрахаас өмнө цагдаагийн байгууллага дээрээ авчрахаар болж авч явах гэсэн боловч машинд орж суухгүй байхаар нь би араас нь түлхэж машинд суулгасан. Миний утас дуугарахаар нь авах гэсэн чинь намайг налаад байхаар нь цааш нь түрхсэн чинь миний толгой хэсэг рүү цохиж авсан. Миний зүгээс гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу хариуцлагыг нь оногдуулж өгнө үү. Залуу хүн учир цаашид алдаа гаргахгүй ухаарах байх гэж ойлгож байна нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...“  гэв.

Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 06-р хуудас/ 

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Хаас холбогдогчоор өгсөн: “...тэгээд цагдаагийн машинд суугаад цагдаагийн тасгийн ажлын байр орох замдаа машин дотор хажууд сууж явсан цагдаагийн алба хаагчтай маргалдсан эхлээд намайг цохисон юм. Тэгээд би сандраад буцаагаад цохисон...”    /хх-ийн 9-10-р хуудас/

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Зоригтбаатараас хохирогчоор өгсөн: “...заналхийлээд түлхээд байсан тэгэхээр нь тохойгоороо цааш нь ширүүхэн түлхсэн. Тэгсэн чинь зөрүүлээд нүүр рүү цохисон. Тэгээд би яаж байна аа гээд бариад авсан. Тэгсэн миний куртикний захнаас заамдаж аван түлхсэн...” /хх-ийн 11-13-р хуудас/

Хохирогч Б.Зоригтбаатарын өгсөн: “...би Хын хамт гараад машинд суулгах гээд хойд талын хаалгыг онгойлгож чи цаашаа суу гэхэд би суухгүй пиздаа минь гэсэн. Тэгээд ахмад Ганбаатар байрнаас гарч ирээд машины цаад талын хаалгаар  ороод татаж суулгаад би хажууд нь суугаад ахмад Ганбаатар машинаа жолоодоод цагдаагийн тасаг орохоор явсан. Х машинд явж байх үедээ “Эрхэм ах руу ярь би та нарыг ажилгүй болгоно, хачин болгоно, чи амжихгүй, май чи” гээд салаавч гаргаад орилж хашхичаад байсан. Тэгээд би дэд ахлагч Дүүрэнбаяраас гав авахаар залгах гээд утсаа карманаасаа гаргах гэхэд над руу налаад байсан учир цааш нь тохойгоороо хүчтэй түлхэхэд Х буцаагаад нүүр рүү цохисон. Би яаж байна гээд бариад авахад миний куртикны захнаас заамдаад аван түлхсэн. Тэгэхээр нь би өөрийгөө ахиж цохиулахгүйн тулд гарыг нь нугалж өөррүүгээ ойртуулж татсан. Тэгээд ахмад Ц.Ганбаатар машинаас бууж ирээд Хыг цааш нь татаж буулгаад гавласан. ...Миний бие, эрүүл мэндэд хохирол учирсан, одоо бол гомдол байхгүй. Надад нэхэмжилж байгаа зүйл байхгүй...” /хх-ийн 18-21-р хуудас/

Гэрч Ж.Бэхбатын өгсөн: “...6 номерын өрөөнд байдаг Х гэх залуу эхнэртэйгээ маргалдаж байсан. Эхнэр нь орилоод Хыг загнаад байсан. ...цагдаа ирээд Хыг хувцсаа өмсөөд хамт яв гэхэд Х кармандаа гараа хийгээд байсан, уурлаад байгаа байдалтай байсан. Тэгээд би гараад яваад өгсөн, тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна...” /хх-ийн 22-23-р хуудас/

Гэрч Ц.Ганбаатарын өгсөн: “ ...муу томдсон куртик өмссөн арчаагүй банди нар гэх мэтээр хашхичиж байсан. Хыг чи дуугуй яв гэсэн шаардлагыг олон удаа тавьсан боловч “Эрхэм ахтайгаа утсаар яримаар байна та нар яриулчих, би та нарыг ажилгүй болгоно, май чи муу томдсон куртик өмссөн бандиа гээд салаавч гарган, Зоригтбаатарын нүүр рүү хэд хэдэн удаа тулган, чамайг хэн гэдэг юм, би чамайг маргааш хачин болгоно оо” гэх мэтээр хашхичиж байсан. ...Зоригтбаатар утсаа халааснаасаа гаргаж байтал Х босоод Зоригтбаатарын нүүр лүү цохиод дээрээс нь дараад авсан. Би машинаа зогсоогоод бууж, Хыг араас нь татаад машинаас буулгаж доош нь дарж байгаад Дүүрэнбаярыг гарч ирэхээр нь гав авч, Хыг гавласан. ...намайг эхнэртэй нь уулзчихаад байрнаас гараад ирэхэд Х машины хаалган дээр суучхаад Зоригтбаатарыг цаашаа суу гэхэд тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй, өөдөөс нь хэрэлдээд сууж байсан. Би машины нөгөө талын хаалгыг нь онгойлгож, Хын араас нь татаж Зоригтбаатарыг хажууд нь суулгасан...” /хх-ийн 24-26-р хуудас/

Гэрч О.Ганчимэгийн өгсөн: “...байрны жижүүрийн нэрийг мэдэхгүй. Х байрны жижүүртэй маргалдсан. Тухайн өдрөөс өмнө нь манай өрөөнөөс миний үнэртэй ус алга болчихсон байсан. Мөн манай өрөөний хаалгыг эвдэлсэн байсан. Тэгээд түүнээс болж маргалдаад байж байхад цагдаагийн албан хаагч орж ирсэн...” /хх-ийн 27-29-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 41 дугаартай хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн

1. Б.Зоригтбаатарын баруун нүдний алимны салстад цус харвалт, доод зовхинд цус хуралт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 31-р хуудас/

Ц.Хын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө найзуудтайгаа 2 ширхэг сэрүүн нэртэй том пиво уугаад байж байхад эхнэр ирсэн тэгээд найз Төгсбаяртай маргалдсан тэгээд манай эхнэр цагдаад дуудлага өгсөн. Цагдаагийн алба хаагч ирэхээс өмнө манай найзууд явсан байсан тэгээд цагдаагийн 2 албан хаагч ирсэн. Юу болсон талаар асуухад болсон зүйлийг нь хэлсэн тэгээд би өөрөө явъя гэсэн. Тэгээд цагдаагийн байгууллага руу явж байх замдаа Зоригтбаатартай машины хойд талын суудал дээр сууж байгаад маргалдсан. Тэгээд намайг цохисон би буцаагаад цохисон. Тэгээд цохих үедээ нүүр рүү нь цохисон. Цагдаагийн тасгийн байранд орж ирээд нүд рүү нь цохисон байснаа мэдсэн гэв.

Шүүгдэгч Ц.Хын хувийн байдлын талаар

Шүүгдэгч Ц.Хын арилжааны банкуудад харилцах болон зээлийн данстай эсэх лавлагаа /хх-ийн 48-56-р хуудас/

Шүүгдэгч Ц.Хын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45-р хуудас/

Шүүгдэгч Ц.Хын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

Шүүгдэгч Ц.Х нь 2018 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө согтуугаар, Өмнөговь аймгийн Ханбогд сумын 1 дүгээр багийн Гоёотын 2-5 тоотод бусадтай маргаж, улмаар нийгмийн хэв журам сахиулах үүргээ хэрэгжүүлэхээр очсон цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Зоригтбаатарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, мөн түүнийг гараар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 06-р хуудас/, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Хаас холбогдогчоор өгсөн: “...тэгээд цагдаагийн машинд суугаад цагдаагийн тасгийн ажлын байр орох замдаа машин дотор хажууд сууж явсан цагдаагийн алба хаагчтай маргалдсан эхлээд намайг цохисон юм. Тэгээд би сандраад буцаагаад цохисон...”    /хх-ийн 9-10-р хуудас/, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Зоригтбаатараас хохирогчоор өгсөн: “...заналхийлээд түлхээд байсан тэгэхээр нь тохойгоороо цааш нь ширүүхэн түлхсэн. Тэгсэн чинь зөрүүлээд нүүр рүү цохисон. Тэгээд би яаж байна аа гээд бариад авсан. Тэгсэн миний куртикний захнаас заамдаж аван түлхсэн...” /хх-ийн 11-13-р хуудас/, Хохирогч Б.Зоригтбаатарын өгсөн: “...над руу налаад байсан учир цааш нь тохойгоороо хүчтэй түлхэхэд Х буцаагаад нүүр рүү цохисон...” /хх-ийн 18-21-р хуудас/, Гэрч Ц.Ганбаатарын өгсөн: “ ... Х босоод Зоригтбаатарын нүүр лүү цохиод дээрээс нь дараад авсан. ...” /хх-ийн 24-26-р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 41 дугаартай хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт /хх-ийн 31-р хуудас/ Ц.Хын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Тэгээд цагдаагийн байгууллага руу явж байх замдаа Зоригтбаатартай машины хойд талын суудал дээр сууж байгаад маргалдсан. Тэгээд намайг цохисон би буцаагаад цохисон. Тэгээд цохих үедээ нүүр рүү нь цохисон. Цагдаагийн тасгийн байранд орж ирээд нүд рүү нь цохисон байснаа мэдсэн...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.   

Ц.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Хохирогч Б.Зоригтбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь Ц.Хаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Хт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.  

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хасар овогт Цэнд-Аюушийн Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Хыг 500 /таван зуу/-н нэгж буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 /хоёр мянга долоон зуу/-н нэгж буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Хт оногдуулсан 500 /таван зуу/-н нэгж буюу 500,000 /таван зуун мянга/-н  төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 /хоёр мянга долоон зуу/-н нэгж буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 3,200 /гурав мянга хоёр зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 /гурван сая хоёр зуун мянга/-н төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 

5. Шүүгдэгч Ц.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Ц.Хын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.БАТТУЛГА