Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/ма2024/00292

 

 

 

 

 

 

 

 

2024 02 07 210/МА2024/00292

 

 

Б.Э ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2023/03783 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Э ийн хариуцагч Н т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/00073 дугаар шийдвэрээр С ХХК -аас 2.080.134 ам.доллар гаргуулж Ч ХХК -д олгохоор шийдвэрлэсэн. Тус хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох - дүүрэг, - дугаар хороо , 1 дүгээр хороолол, 29 дүгээр байрны 0 тоот хаягт байршилтай, 41 м.кв талбайтай Ү- дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 1 м.кв талбайн үнийг 3,647,560 төгрөг, нийт 157,755,000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл 1 м.кв талбайн үнэ 4,200,000 төгрөг, нийт 172,200,000 төгрөгийн бодит үнэлгээтэй байхад Ашид билгүүн ХХК-ийн үнэлсэн хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн ханшид нийцэхгүй, үндэслэлгүй. Учир нь миний орон сууц нь элэгдэл, дулаан алдалт бага, наран талдаа цонхтой, үзэгдэх орчин чөлөөтэй, барилгын хийцийн хувьд угсармал, вакум цонх, паркетан шал зэрэг барилгын дотор засал сайн, гадна орчин тохижилт сайтай үл хөдлөх юм. Түүнчлэн байршлын хувьд томоохон худалдааны төв, сургууль. цэцэрлэг нийгэм соёлын үйлчилгээ авах бүрэн боломжтой. Гэтэл хөрөнгийн үнэлгээг хийхдээ дээрх нөхцөл, хүчин зүйлсийг тооцож бодитой үнэлгээ хийгээгүй, миний үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг бууруулсан. Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний олон улсын стандартад хөрөнгийн үнэлгээг 3 хандлагаар гүйцэтгэх тухай заасан байхад зөвхөн зах зээлийн ханшид үндэслэж үнэлгээ хийсэн нь учир дутагдалтай байна. Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2.3-т заасан шаардлагуудыг хангаагүй бодит байдалд нийцээгүй байна. Иймд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 73 дугаар шийдвэрээр С ХХК -аас 2,080,134.02 ам долларыг, улсын тэмдэгийн хураамж 25,623,050 төгрөгийн хамт гаргуулж Ч ХХК -д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч С ХХК -д шүүхийн шийдвэр биелүүлэх тухай удаа дараа мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд хангуулахаар заасан гуравдагч этгээд Б.Э ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай - дүүргийн - дугаар хороо , 1 дүгээр хороолол, 29 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах орон сууцыг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 22420095/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 22420095/09 тоот тогтоолоор хураасан. Талууд хөрөнгийн үнэлгээнд үнийн санал тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 5/193 тоот тогтоолоор шинжээчийг томилж, үнэлгээ тогтоолгоход дээрх барьцаа хөрөнгийн үнэлгээг 157,755,000 төгрөгөөр тогтоосон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж дурдсан боловч баримтаар нотлоогүй. Албадан дуудлага худалдаанд анхны удаа үнэлгээгээр тогтоогдсон үнийн 70 хувиар ордог. Гэхдээ өссөн дүнгээр үнэ хаялцуулж үнийг тогтоодог. Нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн зүйл байхгүй. 2023 оны 06 дугаар сараас хойш шинжээчээр үнэлгээг тогтоолгож хэрэгт хавсаргах ёстой байсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 73 дугаар шийдвэрт С ХХК -аас 2,080,134.02 ам.доллар, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,623,050 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч ХХК -д олгохоор заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч С ХХК болон Б.Э нар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, - дүүрэг, - дугаар хороо , 1 дүгээр хороолол, 29 байр, 0 тоот хаягт байрлах, 41 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Н т даалгаж шийдвэрлэсний дагуу дээр дурдсан төлбөр төлөгчийн барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд 157,755,000 төгрөгийн үнэ цэнэтэй болохыг тогтоосон талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн. Гэтэл барьцаа хөрөнгийн өмчлөгч этгээдээс хөрөнгийн үнэлгээг хуульд заасан стандарт аргачлалыг баримталж, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ, зах зээлийн ханштай дүйцүүлж үнэлгээ хийгээгүй, хэт доогуур үнээр үнэлсэн гэж гомдол гаргасан боловч гомдлоо нотолсон баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй. Хэрэгт үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт хуульд нийцсэн байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Н т холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, - дүүрэг, - дугаар хороо , 1 дүгээр хороолол, 29 дүгээр байр 0 тоот хаягт байрлах, 41 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №ТХҮ-423-6826 тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.Э ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

5.1. Ашид билгүүн ХХК нь хөрөнгийн үнэлгээг хийхдээ 3 төрлийн үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулсан ба харьцуулж буй нэг үл хөдлөх хөрөнгө нь 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулсан нөхцөлийг шүүх харгалзан үзээгүй. Тус хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд үнэлгээг тогтоохдоо 3 төрлийн үл хөдлөх хөрөнгийг харьцуулж тус бүрийн 1 м.кв талбайн үнийн дүнгээс тооцоолон нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийн 1 м.кв талбайн үнэлгээг тогтоосон нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй биет байдал, зориулалтын хувьд ижил төрлийн үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулан жиших замаар үнэлгээ тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байна. Зах зээлд худалдан борлогдож байгаа 3 өрөө орон сууц болон 2 өрөө орон сууцны үнэ ханш, талбайн хэмжээ ялгаатай байх атал 2 өрөө орон сууцтай харьцуулах замаар нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн 1 м.кв талбайн үнийг тогтоож байгаа нь үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг илтэд бууруулсан, нэхэмжлэгчийн өмлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн, тус хөрөнгийн үнэлгээг хийхдээ үнэлгээ тогтоож буй үл хөдлөх эд хөрөнгөтэй биет байдал, зориулалт, талбайн хэмжээний хувьд зөрүүтэй үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулсан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2.3-т заасан шаардлага бодит байдалд нийцээгүй байхад шүүх дээрх нөхцөлийг харгалзаж үзээгүй нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

5.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тус шүүх хуралдаанд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өмгөөлөгчтэй оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд албан ёсоор гаргасан боловч шүүхээс хэргийн оролцогчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хязгаарласан. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т заасны дагуу хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэсэн.

5.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахгүй орхиж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэргийн оролцогчид хуулиар олгосон эрхийг хязгаарласан. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан бөгөөд дээрх хуулийн зохицуулалтын дагуу зохигчоос хүсэлт гаргасан тохиолдолд шүүх үнэлгээг бодит байдалд ямар үнэлгээтэй болохыг нотлох баримтаар тогтоох үүрэгтэй. Ийнхүү шинжээч томилж тусгай мэдлэгийн хүрээнд үнэлгээ тогтоох нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоох, Ашид билгүүн ХХК-ийн тогтоосон үнэлгээ нь үндэслэлгүй болохыг нотлох баримт болох ёстой атал шүүх дээрх нөхцөлийг орхигдуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-т тус тус заасны дагуу хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна. Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоох зайлшгүй шаардлагатай бөгөөд үүнийг энгийн хүн тогтоох боломжгүй буюу зөвхөн тусгай мэдлэг, тоо, тооцооллын үндсэн дээр тогтоох шаардлагатай тул шүүхийн журмаар хийгдсэн бодит үнэлгээний дагуу худалдан борлогдох ажиллагаа явагдах нь нэхэмжлэгчийн зөрчигдөөд буй эрх сэргэх бүрэн боломжтой юм. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөлийг харгалзаагүй, хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хязгаарлаж хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинээр нотлох баримт гаргуулахаар гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогч гомдол гаргах эрхтэй талаар тодорхой хуульчилсан атал шүүхээс хэргийн оролцогчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Хэргийн оролцогчдод хуулиар олгосон хүсэлт, гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан гэж үзэхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд дахин буцааж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр шинжээч томилж 157,755,000 төгрөгийн үнэлгээ тогтоосон гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасны дагуу давж заалдах гомдол гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг баримталж, анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд үнэлгээтэй холбоотой хүсэлт гаргана гэж тусгасан боловч нэхэмжлэгчийн зүгээс хүсэлт гаргаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс хүсэлт гаргасан тохиолдолд уг хүсэлтэд холбогдох нотлох баримтуудаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй. Тухайн үнэлгээг хэрэгт цугларсан нотлох баримтын дагуу үнэлсэн гэж үзэж байна. Хэргийн материалаас харахад 3 үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй харьцуулан үнэлсэн. Тухайн үнэлгээний дүгнэлт өнөөдрийн зах зээлийн үнэлгээний ханшнаас өндөр үнэлгээгээр үнэлэгдсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг баримталж анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхээр хангаагүй гэх гомдол үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь анхан шатны шүүх хуралдааны товыг мэдэж байсан атлаа сураггүй алга болсон. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн нотлох баримт, хүсэлт зэрэг гаргаагүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй учраас шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй нь зөв. Учир нь өмнөх хүчин төгөлдөр үнэлгээг хүчингүй болгох эсхүл хүчинтэй эсэхэд анхан шатны шүүхээс дүгнэлт хийх ёстой тул дахин шинжээч томилуулах боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан зохицуулалт шүүхийн хүсэлт шийдвэрлэх бүрэн эрхэд хамаарч байна. Хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоохын тулд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт шаардлагатай тохиолдолд шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулах боломжтой. Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааныг заавал хойшлуулах ёстой гэх гомдол гаргасан нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Н т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2020/00073 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 499 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2021/01429 дугаар тогтоолоор С ХХК -аас 2,080,134.02 ам.долларыг гаргуулж, нэхэмжлэгч Ч ХХК -д олгож шийдвэрлэжээ./хх64-88, 89-112, 113-125/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх учиртай.

4. Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Н 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна./хх-63, 126, 127-128/

4.1. Мөн шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгө болох - дүүрэг, - дугаар хороо , 1 дүгээр хороолол, 29 дүгээр байр, 0 тоот хаягт байрлах 41 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 22420095 дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 22420095/09 дугаар тогтоолоор хураажээ. /хх138-142, 143-146/

4.2. Барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

5. Талууд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийн талаар тохиролцоогүй тул хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч Ашид билгүүн ХХК нь төлбөрт хураагдсан Б.Э ийн өмчлөлийн - дүүрэг, - дугаар хороо , 1 дүгээр хороолол, 29 дүгээр байр, 0 тоот хаягт байрлах 41 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 157,755,000 төгрөгөөр үнэлж, Н т ирүүлжээ./хх150, 155-171/

6. Ашид билгүүн ХХК үнэлгээг тогтоохдоо хөрөнгийн үнэлгээний орлогын, зах зээлийн, өртгийн хандлагын аргыг ашиглан ойролцоо байршилд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг харьцуулан үнэлгээ хийсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасантай нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.

7. Хариуцагч Н нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар шинжээчийн үнэлгээг нэхэмжлэгч Б.Э д 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр танилцуулсан болох нь хэрэгт авагдсан мөн өдрийн 4-239/11208 дугаар мэдэгдлээр /хх-177/тогтоогдож байна.

8. Нэхэмжлэгчийн ...барьцаа хөрөнгө нь 3 өрөө орон сууц байхад үнэлгээний компаниас үнэлгээ хийхдээ 3 төрлийн үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулсанаас 1 үл хөдлөх хөрөнгө нь 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулсан, мөн тус бүрийн 1 м.кв талбайн үнийн дүнгээс нэхэмжлэгчийн хөрөнгийн үнийг тогтоосон гэх агуулгаар гомдол гаргажээ. Шинжээч дүгнэлт гаргахдаа үнэлэгдэж буй үл хөдлөх хөрөнгийн байршил, зориулалт зэргийг харгалзан зах зээлд худалдан борлогдож байгаа бусад ижил төсөөтэй хөрөнгүүдтэй харьцуулах байдлаар орон сууцыг 157,755,000 төгрөгийн үнэ цэнэтэй хөрөнгө болохыг тодорхойлж, холбогдох сайтын зургуудыг тайландаа хавсаргасан /хх155-171/ байна. Энэ үйл баримтыг нэхэмжлэгч нь няцаах буюу тухайн үл хөдлөх хөрөнгөтэй биет байдал, зориулалт, талбайн хэмжээний хувьд зөрүүтэй , хөрөнгийн үнэ цэнийг илтэд бууруулсан, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл түүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

8.1. Мөн нэхэмжлэгч нь дахин үнэлгээ хийлгүүлэхээр хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн хэргийн оролцогчид хуулиар олгосон эрхийг хязгаарласан гэх агуулгаар гомдол гаргасан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинжээч томилуулах хүсэлтийг шүүх эрх хэмжээний хүрээнд хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасантай нийцжээ. Уг захирамжид мөн хуулийн 170 дугаар зүйлд зааснаар гомдол гаргах эрхгүй байх тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэснийг буруутгахгүй. Иймд хэргийн оролцогчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.

8.2. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулаагүй гэх гомдол үндэслэлгүй. Учир нь шүүх уг хуулийн зохицуулалтыг өөрийн эрх хэмжээний хүрээнд авч хэрэгжүүлдэг бөгөөд шүүхээс хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

8.3. Нэхэмжлэгч нь ...хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй гэх гомдол үндэслэлгүй. Учир нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хонгорзул шүүх хуралдаанд оролцож, хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 181/ШЗ2023/19635 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зурсан боловч товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хурлыг хойшлуулах үндэслэл тогтоогдоогүй гэх үндэслэлээр шүүх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2023/03783 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Д.ЦОГТСАЙХАН