Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 440

 

 

 

 

 

 

 

 

    2019        03          21                                   440

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Ц.Гантулгабат,   

Нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч  Т.У, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ут холбогдох эрүүгийн 1806 09760 0186 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2-р багийн Хөх толгой гэх газарт оршин суух албан ёсны хаягтай, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд түрээсийн байранд дүү, хүүхдийн хамт түр оршин суудаг, ам бүл 2, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ВГ86031808 регистрийн дугаартай, Боржигон овогт Т.У,

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Т.У нь 2018 оны  11  дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 19 дүгээр гудамжны 9 тоот хашаанд байх Ц.Өлзийжаргалын эзэмшлийн агуулах болох грашид хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг хурган дотортой дээлийг хүч хэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны салбар доторхи хувцас солих өрөөнд нэвтэрч иргэн П.Сувд-Эрдэнийн цаа бугын арьсаар хийсэн гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 472.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад шүүгдэгч Т.У нь хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ц.Өлзийжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн:

...манай нөхөр О.Ганзориг 17 цагийн үед надруу утсаар залгасан. Хашаанд байх граш онгорхой байна, грашнаас юм алдагдаагүй юм шиг байна гэж хэлсэн. Би тэгээд захын лангуугаа хаачихаад 17 цаг өнгөрөөгөөд очсон. Грашид ороод эд зүйлсээ бүртгэсэн чинь тавиур дээр байсан хоёр хурган дээл байхгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,

 

Гэрч О.Ганзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн:

...бие засах гээд дэлгүүрээсээ гарсан чинь хашаанд байрлах грашны хаалга онгорхой байхаар нь үүдээр нь шагайчихаад хаалгыг нь хаачихсан. Буцаж ороод эхнэр рүүгээ утсаар залгаж “Манай грашны хаалга онгорхой байна" гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр захаас 17 цагийн үед ирээд граш руу орж үзсэн чинь тавиур дээр байсан хоёр хурган дээл байхгүй байна гэж надад хэлсэн. Би грашны хаалга хаахдаа анзаараагүй шууд хаачихсан юм. Тэгтэл эхнэр ирээд үзсэн чинь хурган дээл байхгүй болчихсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,

 

Энх нахиа ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 292 дугаартай: 

2013 онд хийсэн торгон гадартай хурган дээл 2 ширхэг нь 800.000 төгрөг болно гэх алдагдсан эд зүйлд хохирлын магадлагаа хийсэн дүгнэлт /хх-ийн 57-58/,

 

Хохирогч П.Сувд-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:

...Манай ажил тарах гээд би хувцас солих өрөөнд хувцасаа солиод байж байсан чинь миний цааны арьсан гутал алга болчихсон юм. Тэгээд би ажлын газрын хүмүүсийг тоглоод байна гэж бодоод тэр хэд рүү уурлаж байгаад бөөндөө цуг миний гутлыг хайсан боловч олдоогүй. Би захирал руу залгаад болсон явдлын талаар хэлээд захирал ирээд хяналтын камер шүүж үзсэн чинь 17 цаг 30 минутын үед гаднаас 40 орчим настай, хар бараан өнгийн хувцастай эмэгтэй хүн орж ирээд миний гутлыг аваад гарч байгаа нь бичигдсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

 

"Дамно" ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б31-19-37 дугаартай "...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 12-р сарын 06-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 472.000 төгрөгөөр үнэлэгдэв." гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,

 

Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 7-8/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 9/,

 

камерийн бичлэгт үзлэг хийсэн "...хаалганы наад талд хар бараан өнгийн урт куртиктэй, зүс царай тодорхойгүй хүн харагдаж байлаа. Тухайн урт хар куртиктэй хүн шилэн хаалга руу шагайж, буцаж хаалгыг хаагаад хэсэг хугацааны дараа дахин орж гарч ирэхдээ баруун талынхаа суганд хар бараан өнгийн зүйл барьсан гарч ирж байгаа бичигдсэн байлаа" гэх тэмдэглэл /хх-ийн 11/,

 

Шүүгдэгч Т.Уийн мөрдөн байцаалтанд өгсөн:

...Би 2018 оны 12 сарын О6-ны өдөр хүүхдийн мөнгө авах гэж Голомт банк орсон юм. Ингээд Голомт банкнаас мөнгөө авчихаад гарах гэж байсан чинь гарах хаалганы наад талд онгорхой өрөө байсан. Өрөөний хаалга нь онгорхой байхаар нь шагайгаад харсан чинь годон гутал байхаар нь бариад гарчихсан.

Хулгай хийсэн нь үнэн. Нэвтэрсэн гэдгийг ойлгохгүй байна. Тэр дээл нь граш дотор нь ил байсан. Би гэм буруутайгаа маргах зүйл байхгүй. Надад бага ял оноож өгөхийг хүсэж байна гэх мэдүүлэг /хх-ийн 34, 73/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04, 41/,

-эд зүйл хураан авах тухай болон эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 7-8/,

-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 9-10/,

-Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хх-ийн 37/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Т.Уийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцалга хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 21-23, 27/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог.

 

Голомт банкны албан тасалгаа нь хүний ажил хэргээ гүйцэтгэдэг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр ба аливаа хүний граш нь тухайн хүний эд хөрөнгийг хадгалах, хамгаалахад зориулагдан бий болсон байгууламж учир агуулах гэх ойлголтод бүрэн хамаардаг болно.

 

Баянзүрх дүүрийн прокурорын газраас шүүгдэгч Т.Ут холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч  Т.У нь үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, тэрээр өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Уийг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоос хохирогч П.Сувд-Эрдэнэд гуталыг бүрэн хүлээлгэж өгсөн, хохирогч хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй болохоо илэрхийлсэн. 

Шүүх хуралдааныг шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс хохиролыг бүрэн төлж барагдуулахаар завсарлуулсан ба хохирогч Ц.Өлзийжаргалд учирсан хохиролыг хөрөнгийн үнэлгээгээр 800.000 төгрөгөөр тогтоосон байх ба уг хохиролыг шүүгдэгчээс төлж барагдуулсан байна.

Иймд шүүгдэгч Т.Уийг нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Т.У нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүү У.Ган-Эрдэнийг төрүүлсэн, уг хэргийг шийдвэрлэхэд 1 нас 9 хоногийн настай байна. Гэр бүлийн тухай хуульд “эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхдэд асран хамгаалагч тогтоохоор хуульчилсан байх ба уг асуудлыг Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын засаг дарга хэрэгжүүлэх нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Т.Уийг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Уийг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ут оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгаласугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн У.Ган-Эрдэнийн асран хамгаалахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын засаг дарга /Н.Мөнхжаргал/-д үүрэг болгосугай. Даалгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тооцсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.БААСАНБАТ