Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 22

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум  дахь сум дундын шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч: В.Төгсбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр,

Шүүгдэгч: Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Гд холбогдох 1829000440023 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Н.Г нь 2012 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд эхнэр Н.Оюун-Эрдэнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /хх-ийн 5-8 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/,

Н.Оюун-Эрдэнийн хохирогчоор өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 30-наас 31-ний шилжих шөнө төрсөн эгч Сувд-Эрдэнийн гэрт унтаж байсан чинь шөнийн 03 цагийн үед манай нөхөр болох Г нь гэрийн хаалга нүдээд байсан. Тэгээд газар сууж байсан чинь Г над руу дайрч ирээд гараараа миний хоолой багалзуур боосон, хажуугаас Сувд-Эрдэнэ эгч Гантулгыг надаас салгаж болиулсан. Г намайг хэл амаар доромжилж “ална” гээд заналхийлээд байхаар нь би “намайг ал, ал” гэхэд гэрийн зүүн урд талын шкафны шургуулганаас заазуур шүүрч аваад надруу шидсэн, би нөмөрч байсан хөнжлөөрөө нүүрээ хамгаалж дээш нь өргөж хамгаалахад шидсэн заазуур нь миний ард байсан зурагтны нүүр онож зурагт хагалсан. ..Тухайн үед хоолой хөндүүртэй, зүүн гарын булчин дээр хөхөрсөн, зуун суганы доод хэсэгт урагдсан байсан. ...Би 2011 онд анх Гтай танилцаад 2012 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Манлай суманд гэр барьж тусдаа айл болсон. Ингээд 2013 онд хүүхэдтэй болсон. Хамт амьдарч байх хугацаандаа Г нь өөр эмэгтэй хүнтэй явдаг болж, намайг хуурч мэхэлдэг болсон. Үүнээс болж бид хоёр хоорондоо таарч тохирохоо больж маргалдан намайг зоддог болсон. Тэгээд 2014 оны 2 сард хүүхдээ аваад Дорноговь аймаг руу төрсөн аав дээрээ очиж амьдарсан. Үүнээс хойш Г утсаар байнга залгаж хүүхдээ санаад байна, эргэж амьдаръя гэж гуйсаар байгаад 2016 оны 9 сард Манлай суманд ирж хүүхэдтэйгээ Г бид гурав хамт амьдарсан. Тэгээд хамт амьдарч байх хугацаандаа намайг хуурч өөр эмэгтэй хүнтэй явсан байсан. Үүнээс болж маргаан болоод дахиад намайг зодож цохисон. Би хөдөө ээжийндээ очсон. Дахиад Г ирээд гуйж байгаад дараа нь “Оюу толгой” ХХК-д хамт ажилд орцгоосон. Оюу толгойд ажилд орсон дараа Г нь бусадтай хардаж сэрдэж ажил хийлгэхгүй хэрүүл маргаан болж “Оюу толгой” ХХК-ийн хашаан дотор намайг зодож Г ажлаасаа хөөгдсөн. Г намайг урьд нь хэдэн удаа зодсоныг хэлж мэдэхгүй байна, тоогоо алдсан. Гэрлэлтийн баталгаагаа салгуулмаар байна, өөр санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 дугаар хуудас/,

Н.Оюун-Эрдэнийн хохирогчоор 3 дахь удаагаа өгсөн: “...2013 оноос хойш байнга л дарамдалж, зодож, цохидог болсон. Миний гар хөл, толгой руу гараараа зодож цохидог. Одоо би сар өдрийг нь санахгүй байна. ...би Н.Гд зодуулж, цохиулсан талаараа хүмүүст яриад байдаггүй. Миний төрсөн эгч Сувд-Эрдэнэ, ээж Насантогтох нараас өөр хүн мэдэхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 208-209 дүгээр хуудас/,

Н.Сувд-Эрдэнийн гэрчээр өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө дүү Н.Оюун-Эрдэнэ манайд унтаж байсан. Шөнө 03 цагийн үед гадаа мотоцикльтой хүн ирээд хаалга нүдээд байхаар нь “хэн бэ” гэхэд “Г байна” гэхээр нь “унтаж амармаар байна” гээд хаалгаа нээгээгүй. Г хаалганы бариул эвдээд гэрт ороод ирсэн. Орж ирээд Оюун-Эрдэнийг “ална” гээд хоолойг нь боогоод дээрээс нь дараад байхаар нь салгахад хэл амаар доромжлоод ална гэхэд нь Оюун-Эрдэнэ “тэг тэг” гэхэд гэрийн зүүн урд талд байдаг гал тогооны шкафнаас заазуур аваад шидсэн. Оюун-Эрдэнийг оноогүй ард байсан зурагтын нүүр оноод хагалсан. Оюун-Эрдэнэ, Г хоёр хамт Оюу толгойд ажиллаж байгаад Г ажлаасаа хөөгдөөд ирсэн. Оюун-Эрдэнэ амрахаараа хүүхэдтэйгээ хамт манайд байдаг. Оюун-Эрдэнийг амарсны дараа Г 2 удаа манайд ирсэн. Эхний удаа ирэхдээ эрүүл байсан бөгөөд ирээд Оюун-Эрдэний гар утасыг булааж аваад гарахаар нь Оюун-Эрдэнэ хойноос нь очиход газарт боож унагаагаад утсыг нь аваад явсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Н.Сувд-Эрдэнийн гэрчээр дахин өгсөн: “...миний мэдэж байгаагаар 1 жилд зодох давтамж нь тоогоо алдчихсан, хэрүүл маргаан бол байнга тасрахгүй байдаг байсан. Оюун-Эрдэнэ зодуулж, цохиулах болгондоо манайд ирдэггүй, бүр болохоо байгаад, тэсвэр тэвчээр нь барагдах үед манайд ирдэг байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 210 дугаар хуудас/,

Ө.Түвшинбаярын гэрчээр өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө гэртээ байж байхад Г ганцаараа явган ирсэн. Эхнэрээ ажилдаа явахаас нь өмнө эвлэрмээр байна Сувд-Эрдэнийд хүргээд өг гэхээр нь мотоцикльтой хүргэж өгсөн. Г гэрт орсон, би гадаа нь байхад эмэгтэй хүн хашгирахаар нь ороод очиход Сувд-Эрдэнэ, Г 2 маргалдаад зогсож байсан. Оюун-Эрдэнэ гэрийн хойд талд орон дотроо сууж байсан, намайг гэрт орсоны дараа гэрийн хойд талд тас хийх чимээ гарахад зурагтны нүүр хагарсан байсан. Гантулгыг юу авч шидсэнийг хараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй А.Эрхсарангийн гэрчээр өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 30-ны шөнө гэртээ би ээж, дүү, Оюун-Эрдэнэ эгч хүүхэдтэйгээ хамтдаа унтаж байсан чинь гэрт аяга хагарах чимээ гарахаар нь би сэрсэн.  Гэрт Г ах, Түвшинбаяр ах 2 ирчихсэн байсан. Г ах Оюун-Эрдэнэ эгчийг муухайгаар хэлээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд ээж Г ах 2 хэрэлдээд байсан. Г ах хоолны шкафнаас заазуур аваад Оюун-Эрдэнэ эгчрүү шидсэн, заазуур нь Оюун-Эрдэнэ эгчийг оноогүй хойд талд байсан зурагтын нүүрийг хагалсан. Г ах Оюун-Эрдэнэ эгчийг “чамайг 6 сарын дотор ална” гээд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

У.Насантогтохын гэрчээр өгсөн: “...гар, хөл, гуя нь хөхөрчихсөн, Гд цохиулсан гээд үзүүлдэг, би олон удаа харсан. Биеийх нь далд хэсэгт хөхөрчихсөн байдаг, хэдэн удаа үзүүлж байсныг мэдэхгүй тоогоо алдсан. Ганц, хоёр удаа үзүүлж байсан бол сар өдөртэй нь хэлж болж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 211 дүгээр хуудас/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №47 дугаартай дүгнэлтэд “Н.Оюун-Эрдэнийн биед зүүн бугалганы зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн талын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаао эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөхгүй” гэх дүгнэлт /хх-н 32 дугаар хуудас/,

 Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Ц18-7 дугаартай дүгнэлт /хх-ийн 35-41 дугаар хуудас/,

 Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

 Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 44-52 дугаар хуудас/,

Н.Г, Н.Оюун-Эрдэнэ нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 63 дугаар хуудас/,

 Өмнөговь аймгийн Манлай сумын 1-р багийн засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 65 дугаар хуудас/,

 Шүүгдэгч Н.Гас яллагдагчаар өгсөн: “Би 2018 оны 01 дүгээр сарын 30-31-нд шилжих шөнө 03 цаг өнгөрч байсан Сувд-Эрдэнийн гэрт Ө.Түвшибаяртай хамт ява мотоциклоор хүргүүлж очсон, тэгээд Сувд-Эрдэнийн гэрийн хаалгыг тогшсон хаалгаа тайлж өгөөгүй. Би хаалгыг нь татаад гэрт орсон. Тэгээд гэрийн хойно Оюун-Эрдэнэ рүү дөхөж очих гэсэн чинь Сувд-Эрдэнэ намайг хориод Оюун-Эрдэнэ лүү явуулахгүй байсан. Тэгэхээр нь ухарч байгаад гэрийн зүүн өмнө байсан шкафны шургуулгыг татаж нээгээд Оюун-Эрдэнийг айлгах санаатай гарт таарсан зүйлийг аваад шидсэн чинь заазуур шидсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 58-60 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.Гантулгын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаар ял  шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр хуудас/,

С.Үжингийн гэрчээр өгсөн: “...Би Н.Оюун-Эрдэнэ, Н.Г хоёр ажлын бус цагаар эрчим кэмп дээр эхнэр болох Н.Оюун-Эрдэнийг зодоод байна гэсэн Бамбай нарын дуудлагаар очиж энэ хоёртой уулзсан. Тэгээд гэр бүлийн хүмүүс гэдгийг нь мэдсэн. Тэгээд Н.Г нь сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзээд хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халагдсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 206 дугаар хуудас/,

“Саппорт Сервисэс Монголиа” ХХК-ийн захирлын тушаал /хх-ийн 207 дугаар хуудас/,

“Бамбай Сэкьюрити Сервис” ХХК-ийн зөрчлийн бүртгэлийн хуудас /хх-ийн 218-228 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

            Шүүгдэгч Н.Г, хохирогч Н.Оюун-Эрдэнэ нар нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлсон гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хууль ёсны эхнэр, нөхөр болох нь тэдний гэрлэлийн баталгааны хуулбараар /хх-ийн 63 дугаар хуудас/ тогтоогдож байна.

            Шүүгдэгч нь өөрийн эхнэрийг байнга буюу гурав ба түүнээс дээш удаа зодох замаар бие махбодийн болон сэтгэцийн зовлон, шаналал учруулан хүч хэрэглэсэн, хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөнд нь халдсан болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч Н.Сувд-Эрдэнэ, А.Эрхсаран, У.Насантогтох, У.Үжин нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх баримтуудаар нотлогдож байна.

            Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газраас шүүгдэгч Н.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах тогтоол гаргажээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” бол яллагдагчаар татаж болохгүй гэж заасан.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогчид хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр халдсан байхыг шаардах бөгөөд шүүгдэгч Н.Гантулгын хувьд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон үйлдлийн сүүлийн хугацаа нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр үйлдэгдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримт, шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Эндээс дүгнэхэд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй, хуульд заасан хугацаанд мөрдөн шалгах ажиллагааг хийсэн байна гэж үзэв.   

            Иймд шүүгдэгч Н.Гантулгыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр гэр бүлийн харилцан хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэрэг үйлдэж хохирогчийн бие, эрх чөлөөнд нь халдсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

  1. Хохирол, хор уршгийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

   Хохирогч Н.Оюун-Эрдэнийн бие болон сэтгэл санаад хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №47 дугаартай дүгнэлтэд Н.Оюун-Эрдэний биед зүүн бугалганы зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн талын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөхгүй гэх дүгнэлт  /хх-ийн 58-60 дугаар хуудас/, хохирогч болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

          “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” хэдий ч энэ хэргийн хохирогч Н.Оюун-Эрдэнэ нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн болохыг дурдаж шийдвэрлэв.

           

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

            Шүүгдэгч Н.Гд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заагдсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдана.     Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, хийсэн хэрэгтээ үнэн санаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Н.Гантулгыг ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 5/15 дугаартай прокурорын зөвшөөрлөөр эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн заазуур 1 ширхэг, халив /отверка/ 1 ширхэг, 32 инчийн Элко маркийн зурагт зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар дурдвал зохино.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Долоод овогт Нямдоржийн Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Н.Гантулгыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Н.Гантулгын  иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Н.Оюун-Эрдэнэ нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 5/15 дугаартай прокурорын зөвшөөрлөөр эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн заазуур 1 ширхэг, халив /отверка/ 1 ширхэг, 32 инчийн Элко маркийн зурагт зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Н.Гд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ӨЛЗИЙ-ОТГОН