Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/ма2024/00250

 

 

 

 

 

 

 

 

2024 02 02 210/МА2024/00250

 

 

М.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2023/03403 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Б-ийн хариуцагч М нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээ болон тээвэрлэлтийн гэрээний хохиролд 31,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагчГ.Д-ын өмгөөлөгч Г.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: М.Б нь өөрийн өмчлөлийн 0 маркийн 0 улсын дугаартай чирэгч, 0 маркийн 0 улсын дугаартай й тусгай зориулалтын хөргүүртэй чиргүүлийн хамт нийт 125,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Ингээд уг үнийн дүнд Тоёота приус-30 маркийн 0 улсын дугаартай автомашиныг 22,000,000 төгрөгт тооцон М.Б-ийн өмчлөлд шилжүүлэхээр аман хэлцэл хийсэн. Тухайн үед Тоёота приус-30 маркийн автомашин нь ББСБ-ын 9,294,350 төгрөгийн барьцаанд байсан тул Г.Д-аас 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр автомашины төлбөрт шилжүүлсэн 40,000,000 төгрөгөөс М.Б-ийн дансаар шилжүүлж зээлийг хаасны дараа автомашиныг М.Б-ийн өмчлөлд шилжүүлэн авсан. Үүний дараа М.Б нь 0 улсын дугаартай чирэгчийг 0 улсын дугаартай й чиргүүлийн хамтГ.Д-ын ашиглалтад шилжүүлсэн. 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөрГ.Д нь дахин М.Б тэй холбогдож худалдан авч байгаа автомашины төлбөрийн 75 хувийг төлбөрийг гүйцээн шилжүүлж, үлдэгдэл төлбөрөө 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор гүйцээн төлөхөөр санал тавьсаныг М.Б хүлээн зөвшөөрсөн боловч үлдэгдэл төлбөр 33,000,000 төгрөгийг төлөөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2,000,000 төгрөг төлсөн мөнгийг хасч үлдэгдэл 31,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч М ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр WMA24XZZ6BW147756 арлын дугаартай, Б маркийн йн чирэгч автомашин, WSMS7480000448243 арлын дугаартай, SCHMITZ SK027 загварын хагас чиргүүлийн гаалийн бичиг нь иргэн М.Б-ийн нэр дээр байсан бөгөөд гэрээний нөхцөлийг урьдчилан танилцуулж өөрсдийн хүсэлтээр тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг манай компанийн нэр дээр шилжүүлэн өгч тээвэрлэлт гүйцэтгэхээр зөвшөөрч, тэр өдрөө MLTR-23/22 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг М.Б ,Г.Д нартай хоёулантай нь байгуулж, холбогдох тээврийн зөвшөөрлийн бичгийг олгон, тээвэрлэлтийг эхлүүлсэн. Манай компанийн хувьд дээрх 0 улсын дугаартай чирэгч, 0 улсын дугаартай й чиргүүлийн өмчлөгч нь хэн байх нь ач холбогдолтой биш, мөн М.Б ,Г.Д нар хоорондоо төлбөр мөнгөний асуудлаа хэрхэн тохирсон нь манай компанид хамааралгүй. Ингээд ажил гүйцэтгэх гэрээний 5.3-т заасны дагуу тээврийн хөлсний үлдэгдэл төлбөрийнГ.Д-ын данс руу төлж дуусгасан байхад яагаад дахин 33,000,000 төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Манай компанитай байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болоогүй тул түүнд шаардах эрх үүсэхгүй. Мөн иргэн М.Б ,Г.Д нарын хооронд 125,000,000 төгрөгөөр автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байхад худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үүргээ дутуу гүйцэтгэснийг манай байгууллагад хамаатуулж, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа, батлан даалт гаргасан юм шиг шаардах эрхгүй. Мөн манай компанийг зориуд энэхүү автомашин худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа ашиглах зорилгоор татан оролцуулж, ажил гүйцэтгэх гэрээгээр халхавчилсан. Мөн энэхүү хэргийн жинхэнэ хариуцагч нь манай байгууллага биш тул Г.Д-аас нэхэмжлэх нь зүйтэй. Учир нь тээврийн хэрэгслийн үнийгГ.Д төлж дуусаагүй тул нэрийн шилжүүлэхгүй байх талаар манайд мэдэгдээгүй учирГ.Д 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр автомашины худалдан авсан төлбөрөө М.Б д төлсөн тул бичиг хийж өгөөч гэсний дагуу тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлэх бичгийг Автотээврийн Үндэсний төвд хийж өгсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Г.Д-ын тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие MAN маркийн 0 улсын дугаартай чирэгч 0 маркийн 0 улсын дугаартай тусгай зориулалтын чиргүүлийг хууль бусаар шилжүүлж авсан зүйл байхгүй. Уг чиргүүл болон чирэгч тээврийн хэрэгслийг худалдах-худалдан авах гэрээгГ.Д , М.Б нар нь амаар байгуулан 100,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохирч, худалдан авагчГ.Д 100,000,000 төгрөгийг бүрэн төлсөн учир эзэмших эрхээ шилжүүлсэн гэж тайлбарладаг. 125,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан талаар нотлох баримт хэрэгт байхгүй, энэ талаарх нөхцөл байдлаа нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй. ХариуцагчГ.Д 100,000,000 төгрөгөө төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 380 дугаар зүйлийн 380.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг Г.Д , М ХХК -иудаас 450,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 30,550,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Б эс 322,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчГ.Д , М ХХК -иудаас улсын тэмдэгтийн хураамжид 14,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасныг тус тус зөрчин даргалагч шүүгч дангаар буюу хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасан хэрэг маргаан байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

5.1. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчээс шүүхэд гаргаагүй нэхэмжлэлийн шаардлагыг өөрийн санаачилгаар нэмж, маргааны зүйлийг зөв тодорхойлохгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Г.Д-ыг хамтран хариуцагчаар тус хэрэгт татан оролцуулах хүсэлт гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрч, маргаагүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 181\ШЗ202З\06593 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-гийн Г.Д-ыг хамтран хариуцагчаар татан оролцуулах тухай хүсэлтийг хангасан. Шүүгчийн захирамжийн дагуу Г.Д нь 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гардан авч ... чирэгч ...чиргүүлийг хууль бусаар шилжүүлэн авсан зүйл байхгүй гэсэн хариу тайлбарыг өгсөн. Гэтэл анхан шатны шүүхийн 181\ШЗ2022\129З6 дугаар шийдвэрт худалдах худалдан авах гэрээний үүрэгт болон тээвэрлэлтийн гэрээний хохиролд 31,000,000 төгрөгийг гаргуулах хэргийг хянан хэлэлцсэн хэмээн зааж, улмаар үндэслэх нь хэсгийн 5.3-т Хариуцагч Г.Д нь тээврийн хэрэгслийг 100,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний төлбөрөө бүрэн төлсөн гэж маргаж байх ба талууд гэрээний зүйлийг хэдэн төгрөгөөр худалдах худалдан авахаар тохиролцсон, үнийг бүрэн болсон эсэх, уг үүргээ биелүүлээгуйгээс нэхэмжлэгчид хохирол учирсан эсэх маргааны зүйл болжээ хэмээн үндэслэлгүй дүгнэсэн.

5.2. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс үүссэн хохиролд 33,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, шүүх 181/ШЗ2022/129З6 дугаар захирамжаар тээврийн хэрэгсэл, чиргүүлийг бусдад хууль бусаар шилжүүлснээс учирсан хохирол болох 33,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байдаг. Худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учраас хариуцагч Г.Д тай 125,000,000 төгрөгөөр тээврийн хэрэгслүүдийг худалдах аман гэрээ байгуулсан гэдгээ нотлох шаардлага байгаагүй учраас энэ талаар шүүхэд нотлох баримт бүрдүүлж өгөөгүй, мөн мэтгэлцээгүй. Гэтэл анхан шатны шүүх 181\ШЗ2022\129З6 дугаар шийдвэрийнхээ үндэслэх нь хэсгийн 5.6 болон 5.8, 5.10-д худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой эрх зүйн дүгнэлтүүдийг хийж улмаар 5.10-д ..тээврийн хэрэгслүүдийг 125,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэх нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж 5,13-т ..тээврийн хэрэгслүүдийг 125,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Нэхэмжлэлийн шаардлага, маргааны зүйл, зохигч талуудын тайлбар болон нотлох баримтуудыг зөв үнэлж, тодорхойлж чадаагүй түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчин үндэслэлгүй шийдвэр гарган нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтойгоор хохироосонд гомдолтой байна. Мөн анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлж шийдвэрээ гаргаагүйд гомдолтой байна.

5.3. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заасан өмчлөгч өмчлөлийн зүйлээ аливаа халдлагаас хамгаалах эрхийг мөн хуулийн 497 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүргийн талаар шүүх анхаарч үзээгүй өөрөөр хэлбэл шүүх өмчлөгчийн зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслүүдийг бусдад шилжүүлэхгүй байхаар харилцан тохиролцсон MLTR-24/22 дугаар ажил гүйцэтгэх гэрээний 6.1-д заасныг анхаарч үзээгүй. Түүнчлэн, Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн нотлох баримтуудад тээврийн хэрэгслүүдийн өмчлөгч хэн байгааг, хэрхэн өөрчлөгдөж байгааг анхаарч үзээгүй, мөн хариуцагч М ХХК-ийн ...Г.Дашлхагва утсаар ярьсан бөгөөд ...тээврийн хэрэгслүүдийг өөрийнх нь эзэмшлийнх болсноо мэдэгдсэн \хх-З2х\ гэсэн хариу тайлбар, мөн хавтаст хэргийн 44 хуудас, 45 хуудас дахь М.Б эс өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслүүдийг захиран зарцуулах эрхийг аливаа бусад этгээдэд олгоогүй байхад зөвшөөрөлгүй бусдын өмчлөлд хууль бусаар шилжүүлж нэхэмжлэгчид хохирол учруулсан хариуцагчийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлж шийдвэрээ гаргаагүйд гомдолтой байна. Түүнчлэн, шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 5.12-т заасан хуулийн заалтыг ойлгох боломжгүй байна. Иргэний хуулийн зүйл заалтуудыг хооронд нь хольж, хутган шийдвэрийн дүгнэлт болгосон байгааг зөвтгөн ойлгох боломжгүй байгааг дурдах нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч М ХХК-ийн тайлбарын агуулга: Шүүгч хэргийг дангаар хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй. Хариуцагч М ХХК -аас хамтран хариуцагч оролцуулах тухай хүсэлт гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй байх, хамтран хариуцагчаар Г.Д-ыг оролцуулахгүй байх эрх нь байсан. Хамтран хариуцагчаар татахад нь татгалзахгүй гэж хэлчихээд Мон ложистик тракинг ХХК-ийг буруутай мэтээр ярьж байна. Автомашиныг М ХХК өөрийнхөө өмчлөлд шилжүүлж авах шаардлага байхгүй. Худалдах, худалдан авах гэрээний харилцаа 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр үүссэн. Хоорондоо тохиролцоод мөнгөө шилжүүлсэн.Г.Д 25,000,000 төгрөг үлдчихсэн, өөрөө төлнө гэж хэлдэг. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Г.Д-ын тайлбарын агуулга: Нэхэмжлэгчээс ямар хохирол нэхэмжилж байгаа эсэхийг тодруулахад гэрээний үүрэгтэй холбоотой гэм хорын хохирол нэхэмжилсэн гэж хариулсан. Өөрөөр хэлбэл, Мон ложистик тракинг ХХК-тай байгуулсан гэрээний зөрчил, түүний улмаас учирсан гэм хорын хохирол нэхэмжилж байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 82 дугаар зүйлийн 82.1.1-т заасан асуудлыг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэнэ гэж тайлбарлаж гомдол гаргасан нь үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г.Д-ыг хариуцагчийн хүсэлтээр татан оролцуулсан нь буруу гэж гомдол гаргасан. Нэхэмжлэгч хэнийг хариуцагчаар татах нь нэхэмжлэгчийн өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Анхан шатны шүүх хуралдаанд миний зүгээс болон хариуцагч, шүүгчийн зүгээс удаа дараа асуулт асуусан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан. 2 хариуцагчийн хэнээс нь хэдэн төгрөг шаардаж байгаа вэ, Г.Д-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэг шаардаж байгаа юм уу, Мон ложистик тракинг ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу гэм хорын хохирол шаардаж байгаа юм уу гэхэд нэхэмжлэгч үүнийгээ тодорхойлж чаддаггүй. Хамгийн сүүлд худалдах, худалдан авах гэрээний үүрэг, үлдэгдэл мөнгөө Г.Д-аас авах ёстой байсан, гэтэл авах боломжгүй болсон тул гэм хорын хохирол шаардаж байна гэж эргэлзээтэй талаас нь тайлбарласан. Шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн тул төлбөр тооцоо зохих журмын дагуу төлөгдөөд үлдэгдэл 450,000 төгрөг дутуу байгаа тул үүнийг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Хоёр дахь гомдлын агуулгад шүүх буруу дүгнэсэн, гэм хорын хохирлыг худалдах, худалдан авах гэрээний үүрэг гэж дүгнэсэн гэж тайлбарлаж байгаа бол нэн тэргүүнд нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ёстой байсан. Гэрээний үүрэг зөрчсөний улмаас гэм хорын хохирол үүссэн гэж үзэж байгаа бол хэдэн төгрөгийн гэм хорын хохирол үүссэн эсэхийг тодорхойлох ёстой. Давж заалдах шатны шүүхээр хэлэлцүүлж байгаа гомдолдоо бид худалдах, худалдан авах гэрээний үүрэг шаардаагүй учраас 125,000,000 төгрөгөөр гэрээ байгуулснаа нотлох шаардлагагүй, тэр талаар мэтгэлцээгүй гэж бичсэн байна. Гэтэл анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд бид нар худалдах, худалдан авах гэрээ 125,000,000 төгрөгөөр байгуулсан тул энэ мөнгөө авах ёстой, энэ мөнгөө авч чадаагүй тул гэм хорын хохирол шаардаж байна гэж шалтгаант холбоотой уялдуулж тайлбарладаг. Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бол хэдэн төгрөгөөр гэрээ байгуулсан бэ, түүнийгээ нотлоод үлдэгдэл хэдэн төгрөг байх вэ гэдгийг нотлох ёстой. Худалдах, худалдан авах гэрээ ч бай, гэм хорын хохирол ч бай аль ч үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотолж чадаагүй тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлгүй. Хавтаст хэргийн 32 дугаар талд хариуцагч Мон ложистик тракинг ХХК-ийн хариу тайлбарт шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул гомдол үндэслэлгүй. Мөн хавтаст хэргийн 44-45 дугаар талд авагдсан баримтыг үнэлээгүй гэж тайлбарлаж байна. Уг баримтыг харахаар итгэмжлэл авагдсан байсан. Уг баримтыг буруу үнэлсэн, тайлбарласан гэж үзэх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсэг үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2. Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч М нарт холбогдуулан гэрээний улмаас учирсан хохиролд 33,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Д-ын зүгээс 2,000,000 төгрөг төлсөн уг мөнгөн хөрөнгийг хасч үлдэх 31,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт дансаар 77,550,000 төгрөг, тоёота приус-30 маркийн автомашиныг 22,000,000 төгрөг, нийт 99,500,000 төгрөг төлсөн, үлдэх 31,000,000 төгрөгийг хариуцагч нар төлөх үүрэгтэй гэж тайлбарлаж нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 181/ШЗ2022/12936 дугаар захирамжаар хариуцагч М ХХК -д холбогдуулан иргэний хэрэг үүсгэжээ./хх-19/

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хамтран хариуцагчаар Г.Д-ыг оролцуулах тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШЗ2023/06593 дугаар захиарамжаар хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байна.

4.1. Хэрэгт авагдсан 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б ...Г.Д-ыг хамтран хариуцагчаар татахад татгалзах зүйлгүй бөгөөд хамтран хариуцагчаар татах шаардлагатай гэж үзэж байна. Хариуцагч солих асуудлыг зөвшөөрөх боломжгүй гэж тайлбарласан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах эрхтэй ба мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагчийг тодорхойлох эрхийн хүрээнд нэхэмжлэгч талыг хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэхгүй юм.

4.2. Учир нь хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл ...нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч М ХХК , Г.Д нарын хэнд холбогдуулан ямар шаардлага гаргасан эсэх талаар байр суурь тодорхой илэрхийлээгүй байна. Иймд хариуцагч нар ямар хамааралтай эсэх үйл баримтыг тодруулснаар талуудын маргаж байгаа мөнгөн хөрөнгийг хэн хариуцах нь тодорхой болох, хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлоход ач холбогдолтой байна.

5. Харин хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэх гомдлыг хангахгүй. Учир нь талуудын хооронд гэрээний харилцаа үүссэнтэй холбоотойгоор хохирол нэхэмжилсэн агуулгатай шаардлага гаргасан байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчсөн гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул материаллаг эрх зүйн дүгнэлт өгөхгүй тул үүнтэй холбоотой нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дүгнэлт өгөөгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2023/03403 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 322,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ЦОГТСАЙХАН