Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/ма2024/00227

 

 

 

 

 

 

 

 

2024 01 29 210/МА2024/00227

 

 

К ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/04168 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч К ХХК -ийн хариуцагч А ХХК-д холбогдуулан гаргасан 16,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн төлөөлөгч Ц.Г, хариуцагчийн өмгөөлөгч О.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: К ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр А ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 0 тоот шийдвэрээр нэгж талбарын 1863308590659, гэрчилгээний 00321876 дугаартай Б дүүргийн 0 дугаар хороо, Сонсголонд байрлалтай аж ахуйн нэгжийн зориулалттай 0 м.кв газрыг түрээслэхээр тохиролцсон. 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Б.Энхжаргалын Хаан банкны 5039529580 тоот данснаас 5063300958 тоот А ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн данс руу 16,000,000 төгрөгийг К ХХК газар болон цахилгааны төлбөр гэсэн утгатайгаар шилжүүлсэн.

1.1. А ХХК нь урьд П ХХК-тай 2021 онд байгуулсан газрын түрээстэй ба тухайн газрыг чөлөөлж өгөөгүй. Энэ талаар А ХХК-д хэлэхэд манай асуудал биш, мөнгөө эргүүлж авья гэхэд эргүүлж өгөхгүй гэдэг хариуг хэлдэг. Тухайн үед мөнгөө шилжүүлсэний дараа түрээсийн гэрээ байгуулна гэхээр нь итгээд мөнгөө шилжүүлсэн. Иймд газрын түрээсийн төлбөрт шилжүүлсэн 16,000,000 төгрөгийг А ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани нь Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 18630308590659 дугаартай 01 м.кв талбайтай бетон зуурмагийн үйлдвэрлэл явуулах зориулалт бүхий талбайн зүүн урагшаа 14000 м.кв талбайг Кибер зуурмаг ХХК-д 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 21/01 тоот түрээсийн гэрээгээр сарын 2,000,000 төгрөгөөр тооцон нэг жилийн хугацаатай түрээслүүлэхээр гэрээ байгуулсан. Уг гэрээний хугацаа дуусаж, талууд харилцан тохиролцож гэрээг 2024 он хүртэл сунгасан боловч гэрээний үүргээ К ХХК нь удаа дараа биелүүлэхгүй, газар болон эрчим хүчний төлбөр зэргийг цаг хугацаанд нь төлөхгүй байсан тул гэрээг 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр цуцлах мэдэгдэл хүргүүлсэн. Гэтэл түрээсийн төлбөр төлөөгүй, газрыг чөлөөлж өгөөгүй.

2.1. К ХХК-ийн захирал А.Э нь ...худалдах, худалдан авах гэрээ байгуулж үйлдвэрээ худалдаж, газрын түрээсийн төлбөр болон цахилгааны төлбөр төлнө гэсэн хүсэлт гаргассны дагуу К ХХК -ийн захирал Б.О болон А.Э нар тооцоо нийлж, А.Э-ын төлөх ёстой 32,000,000 төгрөгийг К ХХК төлөхөөр харилцан тохиролцсон. Улмаар 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр газрын түрээсийн төлбөр, цахилгааны төлбөр болох 16,000,000 төгрөгийг манайд шилжүүлсэн. Үлдэгдэл 18,000,000 төгрөгийг удахгүй шилжүүлнэ гэсэн боловч одоог хүртэл шилжүүлээгүй.

2.2. Нэхэмжлэгчийн шаардсан 16,000,000 төгрөгийг буцаан олгох боломжгүй. Учир нь бүгд харилцан тохиролцсон төлөх ёстой төлбөрийн урьдчилгаа төлбөр болно. Харин үлдэгдэл төлбөр болох 18,000,000 төгрөгийг нэхэмжлэн авах ёстой. Бид К ХХК -аас удаа дараа түрээсийн гэрээг бичгээр хийхийг, мөн түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөр төлөхийг шаардаж байсан. К ХХК болон К ХХК -иудын хоорондо төлбөр тооцооны асуудал манай компанид ямар ч хамааралгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ХХК-аас 16,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К ХХК -д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-аас 237,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Хариуцагч талаас дээрх газар түрээслүүлэх гэрээ гэсэн бичгийн баримтын талаар нэхэмжлэгчээс бичгээр гэрээ байгуулахыг шаардаж байсан талаар тайлбарлаж, мэтгэлцсэн байтал яагаад уг баримтыг үгүйсгээгүй гэж шүүх дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Зохигчдын хооронд аливаа гэрээний харилцаа бий болоогүй байдаг ба хариуцагч нь өөрийн эзэмшлийн газрын зарим хэсгийг Кибер зуурмаг ХХК-д түрээсийн гэрээний дагуу эзэмшүүлж, ашиглуулж байсан ба тус К ХХК нь Агдир интернейшнл ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний төлбөрийн үүргээ зөрчиж, хариуцагчид нийт 32,000,000 төгрөгийн өр төлбөртэй байсан.

4.1. Харин энэ үед нэхэмжлэгч компани нь К ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрийг худалдан авч, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхээр болсон талаар бидэнд мэдэгдэж, Кибер зуурмаг" ХХК-аас манай А ХХК-д төлбөл зохих дээр дурдсан 32,000,000 төгрөгийг түүний нэрийн өмнөөс төлөхөөр тохиролцсон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч К ХХК нь К ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрийг худалдан авах нийт төлбөрөөс 32,000,000 төгрөгийг Кибер зуурмаг ХХК-аас манай компанид гүйцэтгэх 32,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд тооцуулахаар Агдир интернейшнл ХХК, Кибер зуурмаг ХХК, К ХХК -иудын төлөөллүүд ярилцаж, харилцан тохиролцсон нь хэрэгт хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн зурвас бичвэрүүдээр хангалттай нотлогддог.

4.2. Гэтэл анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу үнэлж дүгнэж, талуудын хооронд 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн №23/006 тоот газар түрээслүүлэх гэрээ гэсэн бичгийн баримтын агуулгаар эд хөрөнгө хөлслөх гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан гэж үнэлж, дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэргийг тал бүрээс нь бодитой үнэлж дүгнэж чадаагүйд гомдолтой байна. Гэтэл шүүх шийдвэртээ талуудаас гаргасан нотлох баримтуудыг тодорхой дурдсан атлаа тэдгээрийг хэрхэн яаж үнэлж байгааг дурдаагүй зөвхөн 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн №23/006 тоот газар түрээслүүлэх гэрээ гэсэн бичгийн баримтыг үнэлж шийдвэрлэсэн нь хуульд заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нэг үндэслэл болж байна.

4.3. Түүнчлэн, К ХХК-ийн захирал А.Э-ыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан боловч уг мэдүүлгийг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байна. Гэрч А.Э-ын мэдүүлэг нь хариуцагчийн татгалзлыг нотлох баримт байхад шүүхийн шийдвэрт дүгнээгүй орхисон нь хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг болон талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тогтоож, дүгнэж чадаагүй, нөгөө талаас хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Манай компани 1 сар барилгын засвар хийж байгаад А.Э-т хөөгдөж гарсан болох нь хэргийн 18-20 дугаар талд авагдсан газар түрээслэх гэрээгээр тогтоогдоно. Талууд харилцан тохиролцож 2024 он хүртэл гэрээг сунгахаар талууд тохиролцож, гэрээний төсөлд гарын үсэг зурсан. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг зөв тогтоосон. Манай талаас 50- тоот А ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн данс руу 16,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэргийн 7 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдоно. Гэтэл хариуцагч гэрээний зүйл болох газрыг бусдад түрээслэн, гэрээний зүйлийг бусдын эзэмшилд шилжсэн байсан учир манайх гэрээний зүйлийг эзэмшиж, ашиглах боломжгүй болсон. Иймд Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 болон Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу урьдчилан төлсөн 16,000,000 төгрөгийг хариуцагч талаас шаардах эрхтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 16,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...түрээсийн гэрээний зүйлийг ашиглах боломжгүй нөхцөл байдал бий болсон тул гэрээнээс татгалзаж, төлсөн мөнгөө буцаан гаргуулна гэж, хариуцагч нь татгалзлаа ...К ХХК нь зуурмагийн үйлдвэрээ нэхэмжлэгчид худалдсан, үүнийг худалдсантай холбоотойгоор нэхэмжлэгч нь К ХХК-ийн бусдад буюу хариуцагчид төлөх ёстой төлбөрийг өмнөөс 16,000,000 төгрөг төлсөн, гэрээний харилцаа үүсээгүй гэж тус тус тайлбарлажээ.

4. С дүүргийн нутаг дэвсгэрт нэгж талбарын 8- дугаар бүхий 0 м.кв газрыг А ХХК эзэмшдэг болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна.

 

4.1. Хариуцагч А ХХК нь нэхэмжлэгч К ХХК -д 15000 м.кв газрыг зуурмагийн үйлдвэрлэл явуулах зорилгоор 3 жилийн хугацаатай түрээслэхээр газар түрээслүүлэх гэрээ гэх баримт хүргүүлснийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулах санал гэж дүгнэсэн нь зөв байна.

 

4.2. Дээрх саналыг К ХХК нь хүлээн авч, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гэрээний төлбөрт 16,000,000 төгрөгийг А ХХК-ийн төлсөн үйл баримт хэргийн 7 дугаар тал дах Х ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогджээ.

 

5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь талуудын гэрээгээр хүлээх эрх, үүрэг гэрээний шинжээс үзвэл Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангав.

 

6. Хариуцагч А ХХК нь маргааны зүйл болох газрыг нэхэмжлэгч К ХХК -ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Хэргийн 18-20 дугаар талд авагдсан газар түрээслүүлэх, түрээслэх гэрээнээс үзвэл А ХХК нь П ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээний хугацааг 2024 он хүртэл сунгасан байсантай холбоотойгоор А ХХК, К ХХК -иудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хэрэгжээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

6.1. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээний зүйл болох газрыг бусдад түрээслүүлсэн нөхцөл байдлын улмаас тухайн эд хөрөнгийг ашиглах боломжгүй байгааг гэрээний үүргийн зөрчилд хамааруулан гэрээнээс нэхэмжлэгч К ХХК нь Агдир интернэшнл ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзах эрхтэй.

6.2. Ийнхүү нэхэмжлэгч К ХХК нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан тул хариуцагч А ХХК-аас гэрээний төлбөрт шилжүүлсэн 16,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй тул анхан шатны шүүх хариуцагч А ХХК-аас 16,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К ХХК -д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

7. Хэрэгт талуудын хооронд цахимаар харилцсан баримт авагдсан боловч зохигчид эдгээр баримтыг нотлох баримтын шаардлага хангуулахаар үзлэг хийлгүүлэх хүсэлт гаргаагүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй учир шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Иймд хариуцагчийн төлөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7.1. Мөн хариуцагчийн ...гэрч А.Э-ын мэдүүлгийг үнэлээгүй гэх гомдол үндэслэлгүй. Учир нь гэрч А.Э-ын мэдүүлэг нь өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй тул эргэлзээгүй баримт гэж үзэхгүй. Энэ тохиолдолд гэрчийн мэдүүлэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/04168 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Д.ЦОГТСАЙХАН