Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Ууганбат,

Улсын яллагч А.Амгалан,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Сумъяа,

Шүүгдэгч Б.О /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баатарцэндийн От холбогдох 1829002950007 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 29-62 ӨМҮ улсын дугаартай Тоёота Хариер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9, 11.3 дахь хэсгүүдэд заасныг зөрчиж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ-Од” хүнсний дэлгүүрийн зүүн талын замд Г.Пүрэвийн жолоодож явсан мотоциклыг мөргөж иргэн А.Энхбаатар, Г.Пүрэв нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Сумъяа мэдүүлэхдээ: “...Миний хүүгийн хөлийн савхан яс хугарсан, одоогоор эмчилгээ хийлгэж байгаа, шүүгдэгчээс эмчилгээний төлбөр гэж 23,140 төгрөгийг авсан. Хүүхдээ эмчлүүлэх гэж ажлаасаа 4 хоног чөлөө авсан, мөн замын зардал зэрэг нийт 147,000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч баримтаа бүрдүүлээгүй учир дараа шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэв.

Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 11-21 дүгээр хуудас/,

Г.Пүрэвийн хохирогчоор өгсөн: ”...2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 13 цаг 40 минут орчимд ач хүү Энхбаатарыг сундлаад ява маркийн мотоциклоор гэрээс гараад “Эрдэнэ-Од” дэлгүүрийн зүүн талын засмалаар урагшаа сургууль орох гээд явж байхад урдаас цагаан өнгийн машин зам голлоод гарч ирсэн. Тэгээд миний өмнө хөндөлдөөд зогссон, би тойрч зөрж гарах гэхэд боломж байхгүй байсан учраас тоормос гишгээд зөв тал руугаа дарсан. Тэгээд миний мотоцикл шарваад хажуугаараа унаад машины урд талаас мөргөлдсөн. Тэр машин надаас өмнө зам гарах гээд амжаагүй байх. Би хурдтай яваагүй 35 километр цаг орчим хурдтай явж байсан. Миний хөл мотоцикл дор дарагдаад босч чадахгүй байсан. Тэгээд 2 залуу ирээд мотоцикл босгоод яваад өгсөн. Тэр эмэгтэй эмнэлэг цагдаа дуудсан. Миний ард сундалж явсан Энхбаатарын хөлний савхан яс нь гэмтсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй  А.Энхбаатарын гэрчээр өгсөн: “...гэрээсээ гараад өвөөтэй хамт сургууль орохоор явж байсан. Тэгсэн урдаас нэг машин гараад ирсэн, тэгээд өвөө бид хоёр мотоциклтойгоо унасан. Нэг нэрийг нь мэдэхгүй эмэгтэй хүн ирээд “Эрдэнэ Од” дэлгүүрт оруулсан. Тэгээд эмч, цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг. /хх-ийн 52 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Сумъяагийн: “...Би ажлаасаа 5 хоногийн чөлөө аваад Ханбогд сумын төвөөс ээж Эрдэнэчимэг, аав Пүрэв, хүү Энхбаатар нарын хамт Өмнөговь аймгийн эмнэлэг рүү явсан. Тэгээд 2 хоног хүүхдээ эмчлүүлж байгаад ирсэн. ...Манай хүүгийн баруун хөлийн савхан яс хугарсан гэсэн. Өмнөговь аймгийн эмнэлэгт очоод рентген зураг авахуулсан. Мөн эход харуулсан, тэгээд хөлийг нь шохойдуулсан. Би хүү Энхбаатарын биед эмчилгээ хийлгэхтэй холбогдсон гарсан зардлыг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 568 дугаартай: “...1.А.Энхбаатарын биед баруун тавхайн 2,3 дугаар хурууны угийн шивнүүрийн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. 3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 62 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 569 дугаартай: “...1.Г.Пүрэвийн биед баруун шаантны далд хугарал, тахилзуур ясны мултрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. 3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт. / хх-ийн 67 дугаар хуудас/,

Замын цагдаагийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн: “...Ослын үед “Хариер“ маркийн 29-62 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Баатарцэнд овогтой О нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” , 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байна. Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл бүрдсэн байна.” гэх дүгнэлт /хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

Б.Оийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би тухайн өдөр гэрээсээ гараад Ханбогд сумын ЕБС орж хүүхэд хүргэж өгөөд “Говь” зочид буудлын хажуугаар гараад асфалтан замаар хойшоо явж байсан. Манай хүүхэд дэлгүүр оръё гэхээр нь “Эрдэнэ-Од” дэлгүүр рүү эргэх дохио өгөөд зогсож байсан юм. Урдаас мотоциклтой хүн гараад ирсэн тэгээд урдаас гуйвагнаад 2 метр орчмын цаанаас ойчоод хажуугаараа гулгаад миний машины хамар доогуур гулгаж орж ирсэн. Би машинаас буухад 1 эрэгтэй хүн миний машины дор хэвтэж байсан. “Та зүгээр үү” гэж асуухад “хөл өвдөөд байна, мотоцикл босгоод өг” гээд хэвтэж байсан. Хүүхэд нь хажууд нь орилоод байж байсан. Тэгээд миний ард “Оюу толгой” ХХК-ийн автобус байсан ба автобуснаас 2 хүн буугаад ирсэн. Би цагдаа эмнэлэг дуудсан. Тэгээд автобуснаас бууж ирсэн 2 хүн мотоциклыг нь босгосон. Тэр хүний хөл нь мотоцикл дороо дарагдсан байсан учраас цагдаа эмнэлэг ирэхээс өмнө мотоциклыг нь босгоод холдуулсан юм. Тэгээд цагдаа ирж хэмжилт хийсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 78-80 дугаар хуудас/,

Б.Оийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 85-106 дугаар хуудас/,

Хохирол төлбөр төлсөн талаарх баримт /хх-ийн 125, 126,129, 139 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 29-62 ӨМҮ улсын дугаартай Тоёота Хариер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9, 11.3 дахь хэсгүүдэд заасныг зөрчиж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ-Од” хүнсний дэлгүүрийн зүүн талын замд Г.Пүрэвийн жолоодож явсан мотоциклыг мөргөж иргэн А.Энхбаатар, Г.Пүрэв нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь

- Замын цагдаагийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтэд: Ослын үед “Хариер“ маркийн 29-62 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Баатарцэнд овогтой О нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан: “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” , 11.3-т заасан: “ Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байна. Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл бүрдсэн байна. ” гэх дүгнэлт,

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 568 дугаартай, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 569 дугаартай дүгнэлдүүд,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтосон акт, гэрэл зургийн үзүүлэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Оийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

  1. Хохирол төлбөрийн тухайд:

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Энэ хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч А.Энхбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан болох нь:  Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 568 дугаартай “...А.Энхбаатарын биед баруун тавхайн 2, 3 дугаар хурууны угийн шивнүүрийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэл,

Хохирогч Г.Пүрэвийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан болох: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 569 дугаартай “..Г.Пүрэвийн биед баруун шаантны далд хугарал, тахилзуур ясны мултрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгчээс хохирогч нарын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон гарсан зардалд Г.Пүрэвт 750,000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Сумъяад 23,140 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Б.Оийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Сумъяа нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан гэм хорыг арилгахтай холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох саналыг хөнгөрүүлж шүүгдэгч Б.От 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Баатарцэндийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Оийг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оээс хохирогч Г.Пүрэвт 750,000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Сумъяад 23,140 төгрөг төлж хохирол төлбөрийг барагдуулсан болохыг дурдаж, Х.Сумъяа нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн шаардлагыг зохих баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Б.Оийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.От урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН