Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 439

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

     2019          3         21                                   439

 

                                                                                          

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС        

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,   

Нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч Ц.Я нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Ц.Яд холбогдох эрүүгийн 1906 00942 0474 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ц.Я.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ц.Я 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанхуарангийн 1-46 тоотод иргэн С.Доржготовыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

         ТОДОРХОЙЛОХ нь :

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Яг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 00942 0474 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 

Хохирогч С.Доржготовын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Онон хатан ээж” ХХК-ны талхны цех болох ажлын байран дээр манай эхнэр В.Нямжав, Ц.Я нар талхны зуурмагнаас болоод маргалдсан. Манай эхнэр Ц.Я хоёр хэрүүл маргаан хийгээд байхаар нь би дундуур нь ороод Ц.Яд хандаж “чи ажлаа гүйцэт хийчихэд яадаг юм, заагаад өгчихөд яадаг юм” гэж хэлэхэд Ц.Я миний нүүрний зүүн талд буюу уруулны зүүн дээд хэсэгт баруун гараараа 1 удаа цохьсон. Тэгээд миний зүүн дээд уруулнаас цус гоожсон гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,

 

Гэрч В.Нямжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хамт ажилладаг Ц.Я ажилдаа ирээд намайг талханд гурван удаа варень хийх ёстой байсан чинь хоёр удаа хийсэн байна гэхээр нь өчигдөр хоёр дахин асуусан биздээ гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр хажуунаас өчигдөр тоглож байхаар өөрийн биеэр ирээд заагаад өгөх нь яасан юм гэхэд Ц.Я манай нөхрийг цохиод эхэлсэн. Манай ажлын ээлжний эгч Төмөртогоо, борлуулагч Ишжамц нар салгасан гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,

 

            Шүүгдэгч Ц.Ягийн мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 08.00 цагийн орчим би ажил дээрээ ирсэн. Тухайн үед манай захирал хөдөө явчихсан, С.Доржготов бид хоёрын дунд ажлаас болж хэрүүл маргаан үүссэн. С.Доржготовын эхнэр уурлаж, намайг хэл амаар доромжилсон. Тэгтэл С.Доржготов намайг доромжилж, намайг шаавал шаа гээд над руу шанаагаа өгөөд байхаар нь баруун гараараа нүүрнийх нь зүүн талд нь 1 удаа цохьсон гэх мэдүүлэг /хх-ийн 39 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 547 дугаартай:

С.Доржготовын биед дээд уруулд шарх, зүүн дээд 3-р шүдний буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээийн дүгнэлт /хх-ийн 20 тал/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

Хохирол нөхөн төлүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 42 тал/,

Хохирогч С.Доржготовын гомдол саналгүй гэх хүсэлт /хх-ийн 43 тал/,

Ц.Ягийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 25 тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24 тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Яг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

   Шүүгдэгч Ц.Я нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Иймд шүүгдэгч Ц.Ягийн иргэн С.Доржготовын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.Я нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролыг төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Ц.Яг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Яг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Яд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Яд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Яд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.БААСАНБАТ