Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/ма2024/00225

 

 

 

 

 

 

 

 

2024 01 29 210/МА2024/00225

 

 

Э.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2023/03173 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.С-гийн хариуцагч М ХХК -д холбогдуулан гаргасан С дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан оффис үйлчилгээний зориулалттай М-2 блокийн 14 давхрын 0 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: М ХХК болон Э.С нар нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 066/2021/OF-MLS тоот үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээг байгуулсан ба энэхүү гэрээгээр гүйцэтгэгч нь Хан-Уул дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй оффис, үйлчилгээний зориулалттай М-2 блокийн 14 дүгээр давхрын 0 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг м.кв талбайн үнийг 4,150,000 төгрөгөөр тооцож, нийт 442,016,500 төгрөгт тооцон 2022 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулах, захиалагч Э.С-ыг төлбөр тооцоог бүрэн төлөгдсөнөөр буюу уг гэрээний хавсралт 1-д заасны дагуу Д ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлбөр төлөгдсөн гэж харилцан тохиролцсон. Гэтэл дээрх гэрээний төлбөр болох 442,016,500 төгрөгийг Д ХХК К нь Х ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт тооцон Э.С д шилжүүлсэн. Гэвч Д ХХК К нь М ХХК-д гаргасан Хүсэлт гаргах тухай 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 22/209 тоот албан бичигт Манай компанийн зүгээс иргэн Э.С той аливаа төлбөр тооцоогүй байгаа учраас 066/2021-OF-MLS тоот үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээг цуцалж, М.Х, Н.Д н нарын нэр дээр дээрх оффисын талбайг шилжүүлнэ үү гэсэн. Уг албан бичгийн хариуг М ХХК -ийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 153 тоотоор ...талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болсонтой холбоотойгоор манай компанийн зүгээс Д ХХК К-д бартерт илүү шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг буцаан авсан бөгөөд Д ХХК К-аас Э.С той төлбөр тооцооны асуудал байхгүй гэж мэдэгдсэн тул 066/2021-OF-MLS тоот гэрээг цуцалсан. Иймд уг гэрээг цуцалсантай холбоотой аливаа асуудлаар Д ХХК К-д хандана уу гэж гэрээ цуцалсныг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээний 11.1-д заасны дагуу гуравдагч этгээд Д ХХК К болон М ХХК -иудын хоорондын асуудал энэхүү гэрээнд хамааралгүй. Иймд С дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт баригдсан оффис үйлчилгээний зориулалттай М-2 блокийн 14 дүгээр давхрын 1 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг захиалагчид шилжүүлэн өгөхийг хариуцагч М ХХК -д даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: М ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Д ХХК К-тай 04/2020-MLS тоот, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 2021/31 тоот барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч Д ХХК К-д тодорхой бартер буюу арилжааны зүйлийг шилжүүлэхээр тохиролцсон. Ажил гүйцэтгэх явцад Д ХХК К төлбөрт авахаар тохирсон хөрөнгөө Э.С д шилжүүлэх хүсэлтийг бидэнд ирүүлснээр үл хөдлөх хөрөнгийн захиалгын эрхийг Э.С д шилжүүлсэн боловч 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Д ХХК -аас ...Манай компанийн зүгээс Э.С той аливаа төлбөр тооцоогүй байгаа учраас 066/2021/OF-MLS тоот үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээг цуцалж уг хөрөнгийг М.Х, Н.Д нарын нэр дээр 21/02 тоот хэлцлийн 3-т дурдсан М2 блокийн 14 давхрын 1 м.кв оффисын талбайг шилжүүлж өгнө үү гэсэн албан бичгийг ирүүлсэн. Энэ дагуу үл хөдлөх хөрөнгийн захиалан бариулах гэрээг М.Х, Н.Д нарын нэр дээр шилжүүлсэн. Нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгө нь М ХХК болон Д ХХК К-иудын хооронд байгуулсан дээрх гэрээнүүдийн төлбөрийн хэрэгсэл бөгөөд уг хөрөнгийг зөвхөн Д ХХК К захиран зарцуулах эрхтэй. Иймээс хөрөнгүүдийг Д ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр шилжүүлэх, борлуулах, арилжаалах эрхгүй. Д ХХК К болон Э.С нарын хооронд ямар төрлийн гэрээ хийгдсэн, төлбөр тооцооны ямар асуудалтай байгааг бид мэдэх боломжгүй, энэ талаарх мэдээллийг шаардах эрхгүй ба тус компани нь Д ХХК К-аас ирүүлсэн албан бичигт үндэслэн үл хөдлөх хөрөнгийн захиалгаар бариулах гэрээг шилжүүлсэн. Иймд М ХХК нь хариуцах үндэслэлгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.С-гийн хариуцагч М ХХК -д холбогдуулан гаргасан гэрээний үүргээ биелүүлж, С дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан оффис үйлчилгээний зориулалттай М-2 блокийн 14 давхарын 0 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.С-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,368,032 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч М ХХК болон Э.С нар нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 066/2021/ОР-МБ8 тоот үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээг байгуулж, уг гэрээний төлбөр болох 442,016,500 төгрөгийг Д ХХК К нь Х ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт тооцон Э.С д шилжүүлсэн боловч Д ХХК К нь М ХХК -д гаргасан хүсэлт гаргах тухай 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 22/209 тоот албан бичигт үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээг цуцалж, М.Х, Н.Д н нарын нэр дээр 21/02 тоот хэлцлийн 3-т дурдсан М2 блокийн 14 давхрын 0 м.кв оффисын талбайг шилжүүлж өгнө үү гэсэн байдаг. Уг албан бичгийн дагуу М ХХК нь ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болсонтой холбоотойгоор Д ХХК К-д бартерт илүү шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг буцаан авсан бөгөөд Д ХХК-ийн зүгээс 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 22/209 тоот албан хүсэлтээр Э.С той төлбөр тооцооны асуудал байхгүй гэж мэдэгдсэн тул үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээг цуцлах болсон. Иймд уг гэрээг цуцалсантай холбоотой аливаа асуудлаар Д ХХК К-д хандана уу гээд гэрээ цуцласныг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь гэрээний 11.1-д заасны дагуу гуравдагч этгээд Д ХХК болон М ХХК -иудын хоорондын асуудал энэхүү гэрээнд хамааралгүй. Мөн Д ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 033 дугаартай тодорхойлолт хүргүүлэх албан бичгээр ...манай байгуулпага нь Хэв хашмал ХХК-аас авсан бараа бүтээгдэхүүний төлбөр болох 442,016,500 төгрөгийн оронд М ХХК -ийн М3 блокын 14 давхар 0 м.кв оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг төлбөрт тооцуулахаар тохирч, уг үл хөдлөх хөрөнгийн захиалгын гэрээг М ХХК -тай Э.С-гийн нэр дээр байгуулахыг зөвшөөрсөн нь үнэн болно гэсэн нь өр төлбөртөө өгсөн хэлцэл нь хүчин төгөлдөр байгааг хүлээн зөвшөөрсөн байгааг анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэсэн. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар мэдэгдсэн, ...гэрээнээс татгалзаж, гэрээнд цуцалснаар үүргийн харилцаа дуусгавар болох тул үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх дуусгавар болох бөгөөд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр шаардсан нь үндэслэлгүй байна гэж тус тус дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Э.С нь хариуцагч М ХХК -д холбогдуулан С дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан оффис үйлчилгээний зориулалттай М-2 блокийн 14 давхрын 0 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт М ХХК , Д ХХК К-иудын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ авагджээ./хх57-69/ Уг гэрээгээр ажлын хөлсний 25 хувийн төлбөр болох 923,544,475 төгрөгийн төлбөрийг арилжаа буюу бартераар тооцож олгохдоо Мишээл лайф стайл төслийн оффис үйлчилгээний барилгын оффиссын зориулалттай талбайг өгнө гэсэн байна.

3.1. Д ХХК К, Хэв хашмал ХХК-иудын хооронд байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрүүдэд барилгын туслах материал түрээслэх түрээсийн гэрээнүүд, мөн Хэв хашмал ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 03/31 тоот эрх олгох тухай албан бичиг, Э.С , М ХХК -тай 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ, Д ХХК К-аас М ХХК -д 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 22/209 тоот гэрээ цуцалсан албан бичиг, М ХХК -ийн Э.С д 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 153 тоот гэрээ цуцлах албан бичиг, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 5/2803 албан бичиг зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна. /хх5-8,11, 12, 29-31, 32-34, 51, 110/

3.2. Талуудын тайлбар болон хэргийн баримтуудаас үзвэл Д ХХК К, Э.С нарын хооронд гэрээний харилцаа үүссэн эсэх, Э.С нь маргааны зүйл болох оффисын талбайн үнийг Д ХХК К-д төлсөн эсэх нөхцөл байдлууд тодорхой бус байгаагаас хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогдоогүй гэж үзнэ.

4. Түүнчлэн, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн, өөр бусад этгээдийн эзэмшил, өмчлөлд шилжсэн эсэх, мөн гэрээг цуцалсан эсэх, хэрэв цуцалсан бол ямар үндэслэлээр цуцалсаныг тодруулах нь маргааныг хянан шийдвэрлэхдээ хуулийг тайлбарлан хэрэглэхэд ач холбогдолтой байна.

4. Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2023/03173 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 2,369,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Д.ЦОГТСАЙХАН