Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/ма2024/00073

 

 

 

 

 

 

 

 

2024 01 05 210/МА2024/00073

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/03370 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М ХХК-ийн хариуцагч Э ХХК-д холбогдуулан гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 09/20 дугаартай худалдах, худалдан авах гэрээний дагуу 1,410,083,500 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн МНЖ-ЭГ-01 дугаартай худалдах, худалдан авах гэрээний дагуу 36,177,000 төгрөг, нийт 1,446,260,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагчийн өмгөөлөгч С.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: М ХХК, , Э ХХК-иудын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 09/20 дугаартай худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тус гэрээгээр худалдагч М ХХК, нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй - маркийн 6 ширхэг өөрөө буулгагч машиныг /техник/ түүний өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Э ХХК нь гэрээний зүйлийн үнэ 2,250,000,000 төгрөгийг 14 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон. Худалдагч тал гэрээний үүргээ биелүүлэн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 6 ширхэг техникүүдийн эзэмшил, ашиглалтыг худалдан авагч талд хүлээлгэн өгсөн. Хариуцагч нь гэрээний дагуу нийт 179,916,500 төгрөгийн төлбөрийг төлсөн.

1.1. М ХХК, -аас гэрээний үүргийг хангуулахаар 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 20/23 тоот, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 20/161 тоот, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 20/252 тоот, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 20/261 тоот төлбөр төлөх тухай мэдэгдлүүдийг хүргүүлсэн, мөн 2020 оны 07 дугаар сарын 09, 23-ны өдрүүдэд М ХХК, , Э ХХК нар нь өглөг авлага болон техникүүдтэй холбоотой хурал хийсэн боловч гэрээний 5.2-т заасан нөхцөл бүрдсэн байсан тул гэрээг 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 20/351 тоот мэдэгдлээр цуцалсан. Гэрээ цуцалсны нийт хохирлын хэмжээ 1,722,000,000 төгрөг болсон. Үүнээс хариуцагчийн төлсөн 179,916,500 төгрөгийг хасч 1,542,083,500 төгрөг болсон, Уг төлбөрөөс ковидын хугацаа 22 хоногийг нэхэмжлэгч өөрийн санаачилгаар 132,000,000 төгрөгийг хасч 1,410,083,500 төгрөгийг хариуцагч Э ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч М ХХК, -д олгож өгнө үү.

1.2. Мөн Э ХХК нь гэрээнд заасан хугацаанд буюу 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөрт багтаан төлөх үүргийг хүлээсэн. Гэрээний 2.4-т зааснаар алданги төлнө. Иймд 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр МНЖ-ЭГ-01 дугаартай худалдах, худалдан авах гэрээний үнэ болох 24,118,000 төгрөг, алданги 12,059,000 төгрөг, нийт 36,177,000 төгрөгийг Э ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч М ХХК, -тай манай компани нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 09/20 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Э ХХК нь дээрх гэрээнд заасан техникүүдээр 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Таван толгой ХК-ийн уурхайн талбайд хөрс хуулалтын ажил гүйцэтгэсэн. Гэвч 8 улсын дугаартай техникүүдийн моторт ээлж хийх шаардлагатай болсон, техникүүдийн дугуйнууд хэт элэгдэж, шинээр солих шаардлагатай болж уурхайн ажил бүрэн зогссон. Энэ хугацаанд бид гэрээний үүргээ биелүүлэхээр нийт 115,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн.

2.1. Дараагийн төлбөр төлөх нөхцөл нь ажил зогссон, техникийн эвдрэл гэмтлийг засварласан, гэрээт ажлын төлбөр орж ирээгүй зэргээс хугацаа хэтрүүлсэн. Ингээд шаардлагатай санхүүжилтийг олж, засвар үйлчилгээ хийсний үндсэн дээр 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс үйл ажиллагааг эхлүүлсэн боловч 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс ковид-19 вирусын цар тахлын улмаас Таван Толгой ХК нь уурхайн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар бүрэн зогсоосон. Энэ хугацаанд гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар худалдагч талтай хэд хэдэн удаагийн уулзалт зохион байгуулсан бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 64,916,500 төгрөгийн өртөг бүхий 0 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг худалдагч талд шилжүүлэн өгсөн. Дээрх уулзалтаар өндөр хүүтэй зээл авч нэмэлт санхүүжилт хийсний үндсэн дээр гэрээний зүйл болох техникүүдэд сэлбэг, дугуй, аккумлятор, тос масло шинээр солих зэрэг иж бүрэн засвар үйлчилгээг хийж 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс уурхайн үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

2.2. Нэхэмжлэгч тал 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр техникүүдийг барьцаалагч банкны төлөөлөгч гэж худал хэлж, манай компанийн холбогдох албан тушаалтанд мэдэгдэлгүйгээр авч явсан. Энэ нь гэрээний 5.2-т заалтыг зөрчсөн бөгөөд гэрээг цуцалсан гэж үзэж байна. Гэрээний 5.3-т гэрээний 5.2-т заалтыг хэрэгжүүлэх бол худалдан авагч талын 3.2-т заасан хуваарийн дагуу төлсөн төлбөрийг техник түрээсийн төлбөр болгон тооцно гэж зааснаас бус гэрээний 3.2-т заасан сар бүр төлөх төлбөрийг техник түрээсийн төлбөрт тооцно гэж заагаагүй. М ХХК, -тай түрээсийн гэрээ байгуулаагүй тул манай компани тэдгээрийн үнийг төлөх үүрэг хүлээхгүй. М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь техникүүдийг түрээслэх зэргээр ашиглаж олох ёстой байсан ашиг, орлогоо хариуцагчаас гаргуулах агуулгатай байна. Гэтэл нэхэмжлэгч тал дангаараа худалдах, худалдан авах гэрээг цуцалж техникүүдээ нэгэнт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр авч явсан тул уг шаардсан хохирлыг манай компани хариуцах үндэслэлгүй.

2.3. М ХХК-ийн нэхэмжилж буй 1,410,083,500 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 179,916,500 төгрөгийг гэрээний дагуу техник түрээсийн төлбөрт тооцохыг зөвшөөрнө. Бид гэрээг байгуулах үед 6 ширхэг техникийн өмчлөгч нь Капитрон банк ХХК байсан. Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлд байхгүй эд хөрөнгийг худалдах эрхгүй байсан бөгөөд биет байдлын болон эрхийн доголдолтой эд хөрөнгө байсан. Гэрээ байгуулах эрх олгогдоогүй Ш.Жаргал гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох тул хүчин төгөлдөр бус гэрээний дагуу хохирол шаардах эрхгүй. Шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй. Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Үнэлгээний тухай хуульд зааснаар түрээсийн зүйлийг тодорхойлохдоо ямар санхүүгийн баримт, эх сурвалжуудыг заасан нь тодорхой бус байна. Энэ түрээсийн үнэлгээ зах зээлийн ханшаар гараагүй, нэхэмжлэгч нь өндөр үнэтэй барааг шахаж худалдсан. Цар тахал гарч, хил хаагдсанаас болоод сэлбэг хэрэгсэл, татан авалт хийх боломжгүй болж, үйл ажиллагаа зогсоход хүрсэн, тухайн техникийг тоноглох, техникийн ажилтнууд хөлслөх зэрэг зардлыг өөрсдөөсөө гаргасан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э ХХК-аас 1,304,282,020 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК, -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 141,978,480 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,547,267 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-аас 6,679,360 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК, -д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас гаргасан сөрөr нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсан. Иймээс талуудын хооронд байгуулагдсан гэх 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 09/20 дугаартай худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага түүний хууль зүйн үндэслэлийг тайлбарлаж мэтгэлцсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэх гэрээг хүчин төгөлдөр хэлцэлд тооцож, уг гэрээний 6.1-д заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 09/20 дугаартай худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч Э ХХК нь өөрийн өмчлөл үйл ажиллагаанд зориулж шаардлагатай техник хэрэгслийг худалдан авах хүсэл зоригтой байсан учраас худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нэр бүхий техникүүдийг Капитрон банкны өмчлөлд авах гэтэл техник хэрэгслүүдийг бусдад худалдах эрх хэмжээ олгогдоогүй болох нь тогтоогдож байна. Мөн гэрээний 3.1-д - маркийн өөрөө буулгагчийн үнэ 375,000,000 төгрөг ба 6 ширхэг өөрөө буулгагчийн нийт үнэ 2,250,000,000 төгрөг байна. Уг дүнд НӨАТ орсон гэж гэрээний 3.2-т худалдан авагчийн төлбөрийг төлөх хэмжээ, хуваар-ийг заасан байна. Энэ бүх агуулгаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь эргэлзээгүй. Гэрээний агуулга болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн удаа дараагийн уулзалт тэмдэглэлээс харахад нэг ч удаа санхүүгийн түрээсийн төлбөрийн асуудал яригдаагүй ба худалдан авсан машин техникүүдийн төлбөрийг хэрхэн яаж барагдуулах, банктай хэрхэн тохиролцох, төлбөр төлөх хугацааг дахин яаж тохирох гэх мэт асуудлуудыг ярилцсан болох нь тогтоогдож байхад шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага түүний хууль зүйн үндэслэлийг өөрийн санаачилгаар санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа болгон тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

4.1. Хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хийгдсэн шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан шинжээчийн дүгнэлтийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч, дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь хариуцагчийн зүгээс шинжээчийн дүгнэлт нь түрээсийн үнэлгээг хэрхэн яаж, ямар эх сурвалж баримтыг үндэслэсэн болохыг тодорхойлж үнэлгээний тайлан гаргасан болох нь ойлгомжгүй. Үнэлгээний тайлантай танилцахад хэзээ үйлдэгдсэн огноо байхгүй, үнэлгээний зүйлийн мэдээ мэдээллийн эх сурвалж, үнэлгээний тайлангийн хавсралт байхгүй, үнэлгээний тайлангийн 2.2-т хэсгийн 1-д нэг машины түрээсийн мэдээллүүд хэсэгт 3 түрээслэгч, утасны дугаар бичсэн байх ба энэ нь түрээсийн үнэлгээний зах зээлийн судалгааг гаргасан баримт, эх сурвалж гэж үзэхэд учир дутагдалтай.

4.2. Мөн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд хүнд машин механизм байнга түрээслэгдэх боломжтой байсан эсэх, үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдүүдийн түрээсийн төлбөрийн үнэ мэдээ, мэдээлэл байхгүй мэдээллийн эх сурвалж бодиттой биш зэргийг дурдаад Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх шаардлагатай байсан. Шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй зохигчдын мэтгэлцэх боломжийг хязгаарласан байна Иймд шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцээгүй, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэл гаргахдаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж гаргасан. Гэхдээ энэ харилцаа нь санхүүгийн түрээсийн гэрээ байна гэдэг талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан байгаа. Бидний байгуулсан худалдах, худалдан авах гэрээг санхүүгийн түрээсийн гэрээ байна гэж хуульд заасан журмын дагуу дүгнэх эрх шүүхэд байгаа. Тийм учраас худалдах, худалдан авах гэрээ биш, санхүүгийн түрээсийн гэрээ байна гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй. Гэрээний харилцааг дүгнэсэн. Төлбөрийг багасгаж шийдвэрлэсэн ч бид энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй. Шүүхийн харьяаллын талаар хүсэлт гаргасан, шүүх хүсэлтийг шийдвэрлэсэн захирамж гаргасан. Нэхэмжлэгч талаас гомдол гаргаад захирамж хүчингүй болсон. Үүний дараа дахин харьяаллын талаар хүсэлт гаргаагүй. Харьяаллын асуудал шийдэгдсэн учраас ямар нэгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй. Лэндс ХХК шинжээчийн дүгнэлтэд түрээслэгч байгууллагуудаас авсан судалгаа байгаа, түрээслэгч байгууллагуудын утасны дугаараар судалгаа хийсэн. Үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийг зөрчсөн гэх үндэслэл байхгүй. Шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлтэй гарсан учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон үнийн дүнгийн өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч М ХХК, нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 09/20 дугаартай худалдах, худалдан авах гэрээний дагуу 1,410,083,500 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн МНЖ-ЭГ-01 дугаартай худалдах, худалдан авах гэрээний дагуу 36,177,000 төгрөг, нийт 1,446,260,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. М ХХК, , Э ХХК-иудын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр №09/20 худалдах, худалдан авах гэрээ нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр М ХХК, нь - маркийн 6 ширхэг өөрөө буулгагч машиныг өмчлөлд шилжүүлэх, Э ХХК нь гэрээний 3.1, 3.2-т зааснаар техникийн үнийг төлөхөөр харилцан тохиролцжээ./хх6-9/

3.1. Уг гэрээний төлбөр төлөлттэй холбоотойгоор М ХХК, , Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-иуд хоорондоо 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр батлан даагч Э ХХК-ийн 6 ширхэг - маркийн өөрөө буулгагчийг худалдан авахад №09/10 худалдах, худалдан авах гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгчийг нийт 2,250,000,000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлнө гэдгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн байна./хх10-12/

3.2. Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, дээрх гэрээнүүдийг бичгээр үйлдэж хэн аль нь гарын үсэг зурсан байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

4. Нэхэмжлэгч М ХХК, нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр №09/20 гэрээний дагуу МТ-86 маркийн өөрөө буулгагчийг хүлээлцэх акт үйлдэж, уг актаар техникүүдийг хүлээлгэн өгснийг хариуцагч Э ХХК-аас хүлээн авч эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурсан болох нь талуудын тайлбар болон техник хүлээлцэх акт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээр тогтоогджээ./хх13-18, 19-24/

5. Хариуцагч Э ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 09/20 дугаартай худалдах, худалдан авах гэрээний төлбөрт нийт 179,916,500 төгрөг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

6. М ХХК, нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 20/23 дугаартай, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 20/161 дугаартай, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 20/252 дугаартай, 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 20/304, 20/305 дугаартай, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 20/351, 20/352 дугаартай албан бичгүүдээр тус тус Э ХХК-д төлбөр төлөхийг мэдэгдэж, талууд удаа дараа уулзалт зохион байгуулсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй, улмаар 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 20/47 дугаартай албан бичгээр ...20/351 тоот гэрээг цуцлах санал гаргасныг хүлээн авчээ./хх45-46/ Түрээсийн гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд гэрээний талуудын хүлээх үүрэг хүчинтэй тул энэ хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч тал нь хариуцагч талаас шаардах эрхтэй.

7. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Шүүх нэхэмжлэгч нь техникийг тодорхой хугацаанд шилжүүлэх, хариуцагч нь гэрээгээр тохирсон хөлсийг төлөх, төлөөгүй тохиолдолд төлсөн төлбөрийг түрээсийн төлбөрт тооцож, суутган авахаар тохирсон нь санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж хууль хэрэглээний хувьд алдаатай дүгнэсэн байна.

7.1. Учир нь санхүүгийн түрээсийн гэрээний хугацаа дуусахад лизинг авагч нь эд хөрөнгөөс үр шим гаргаж, түүнийгээ өөртөө авах эрхгүй. Түүний эрх нь эд хөрөнгө түрээслэгчийнхтэй адил байдаггүй. Түрээслэгч нь эд хөрөнгийг зөвхөн ашиглаад зогсохгүй эд хөрөнгийн үр шим, ашиглалтын давуу талыг өөртөө авч үлдэж болдог. Иймээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь санхүүгийн түрээсийн гэрээний шинжийг агуулаагүй байх тул тэдгээрийн хооронд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэхгүй.

Өөрөөр хэлбэл, түрээсийн зүйлүүдийн өмчлөгч нь өөр этгээд буюу Капитрон банк ХХК болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдээр тогтоогдож байх тул талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан байх боломжгүй.

8. Харин тухайн гэрээг авч үзвэл талууд хүсэл зоригоо илэрхийлсэн, гэрээний зүйлийг хариуцагч Э ХХК нь хүлээн авч ашигласан үйл баримт тогтоогдсон тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу аж ахуйн зориулалтаар түрээслэсэн байна. Иймд талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

8.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.2-т зааснаар хариуцагч Э ХХК нь төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулахаар тохиролцсон байх ба уг тохиролцоог үндэслэн гэрээ байгуулагдсан 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр буюу техникүүдийг буцааж авсан хугацаа хүртэл хугацаанд гэрээгээр нийт 1,420,000,000 төгрөг төлөх үүрэг үүссэн байна.

8.2. Хариуцагч Э ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох 1,420,000,000 төгрөгөөс түүний түрээсийн төлбөрт төлсөн 179,916,500 төгрөгөөс хасч тооцож 1,240,083,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

9. Худалдах, худалдах авах гэрээний тухайд.

9.1. М ХХК, , Э ХХК-иуд хоорондоо 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч нь худалдан авагчид МТ86 автомашины дагалдах хэрэгслүүдийг нийлүүлэх, худалдан авагч үнийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах үүргийг харилцан тохиролцож, тухайн техникийг хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна./2хх35-37/

9.2. Хариуцагч Э ХХК нь гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч М ХХК, нь үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

9.3. Иймд анхан шатны шүүх хариуцагчаас гэрээний төлбөр 24,118,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

9.4. Мөн гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй. Учир нь үүргийн гүйцэтгэлийг хугацаа хэтрэх нөхцөл байдалд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.4-т худалдан авагч тал барааны төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй хугацаа хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл төлбөрийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлнө. гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул хариуцагчаас нэхэмжлэгч нь алданги 12,059,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй.

9.5. Иймд анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 36,177,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журамд нийцсэн.

10. Дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг нэгтгэн, хариуцагчаас түрээсийн гэрээний төлбөрт 1,240,083,500 төгрөг, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 36,177,000 төгрөг, нийт 1,276,260,500 төгрөгийг хариуцагч Э ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч М ХХК, -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 170,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

11. Хариуцагчийн төлөөлөгч ...дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх агуулгаар гомдол гаргажээ. Шинжээч дүгнэлт гаргахдаа үнэлэгдэж буй хөрөнгийн зах зээлийн жиших аргыг харьцуулах байдлаар хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлсон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байх ба уг дүгнэлтийг эрх бүхий этгээд гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна./2хх22-23/ Иймд энэ талаарх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

12. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/03370 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 1,304,282,020 гэснийг 1,276,260,500 гэж, 141,978,480 гэснийг 170,000,000 гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 6,679,360 гэснийг 6,539,252 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,679,360 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ЦОГТСАЙХАН