| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/0449/Э |
| Дугаар | 448 |
| Огноо | 2019-03-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 448
2019 3 22 448
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,
Нарийн бичгийн дарга М.Баярмаа,
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатиган овогт Б.Эод холбогдох эрүүгийн 1906 01013 0476 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн Хараа баг 6 дугаар хэсэгт оршин суух хаягтай боловч одоо Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт Майхантын ам 3 тоотод оршин сууж байгаа, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ЦД81022211 регистрийн дугаартай, Хатиган овогт Б.Э.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Майхантын амны задгай гэх газарт иргэн М.Нарангэрэлийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 01013 0476 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:
Хохирогч М.Нарангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Майхантын амны задгай тоотод байдаг гэртээ цагаан сарын бууз хийх гээд манай гэрт саахалт айлын хүмүүс болох Б.Э, Цогтоо, манай эхнэр бид 4 бууз хийхээр болоод нэг шил 0.75 “Хандгай” нэртэй архи хувааж уугаад би Б.Эод манай доод талд байдаг худаг хөлдсөн байна мөсийн цохиж хагалах хэрэгтэй байна гэж хэлсэн. Б.Э “өчигдөр та бид хоёр мөсийн хагалсан биз дээ дахиж хагалж яах юм” гэж хэлсэн түүнээс болж бид хоёр маргалдсан чинь Б.Э шууд цагаан өнгийн шаазан аяга аваад миний толгойны зүүн талын чихний ар хэсэгт хүчтэй цохиж хагалсан чинь миний толгойноос цус гараад тогтохгүй байхаар нь би шууд цагдаа, эмнэлэг дуудах гээд гэрээс гарч гүйгээд доод талын айлын хаалга нүдэж, хүн гарч ирэхээр нь утсаар нь цагдаа түргэн дуудсан гэх мэдүүлэг /хх-ийн 7 тал/,
Гэрч С.Бямбацогтийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр манай худ Цэнд-Аюуш бууз хийе гээд дуудахад Б.Эрдэнцогт бид хоёр ирээд М.Нарангэрэл эхнэр Цэнд-Аюушын хамт байсан. Тэгээд бид дөрөв нэг шил архи хувааж уугаад Б.Э, М.Нарангэрэл хоёр маргалдаад хэрэлдээд М.Нарангэрэл хутга хайж байгаад жоохон унтаж босч ирээд Б.Эийг өшиглөөд цохиод байсан. Тэгтэл Б.Э аягаар цохьчихсон. М.Нарангэрэл гарч яваад буцаад 3 минут орчмын дараа орж ирэхдээ бөөн цус болчихсон орж ирээд бид нарыг харж байна уу гэж хэлчихээд гараад явсан. Бид гурав араас гараад Б.Э гэр рүүгээ яваад Цэнд-Аюуш эгч бид хоёр эмнэлэг цагдаа дуудаад доор явж байхад нь олсон гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,
Шүүгдэгч Б.Эийн мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зүс таних ах болох М.Нарангэрэлийн гэрт орж цагаан сарын бууз хийхээр болоод нэг шил 0.75 “Хандгай” архи хувааж уугаад буузаа хийгээд сууж байхад М.Нарангэрэл гэнэт согтоод чи муу пизда миний болон Цогтоогийн барлаг хийж байгаа биздээ, би чамайг хутгалж ална шүү гээд гэнэт над руу дайраад агсраад, орон дээр хэвтэж байснаа гэнэт босож ирээд намайг хоёр удаа гараа цохисон тэгэхээр нь би босоод явах гэхэд М.Нарангэрэлийн эхнэр Цэнд-Аюуш уурлаад М.Нарангэрэлийг чи хүн бууз хийлгэх гэж дуудчихаад хүн рүү агсраад байх юм, унт гээд унтуулсан. Тэгэхээр нь би буцаж суугаад бууз хийж байхад гэнэт М.Нарангэрэл гэнэт л босож ирээд би чамайг ална гээд миний эрүү хэсэгт 2 удаа цохисон. Тэгэхээр нь би эргүүлж М.Нарангэрэл ахыг ор руу нь түлхчихээд нэг удаа цохиод эргээд явах гэхэд миний араас хөлөөрөө түлхсэн. Тэр үед би гал дээр байсан халуун усанд баруун гарын тохой хэсгийг түлсэн. Тэгэхээр нь би уурандаа ширээн дээр байсан цагаан өнгийн шилэн аяга авч М.Нарангэрэл ахын толгой хэсэгт нь нэг удаа хүчтэй цохиж хагалсан. М.Нарангэрэл толгойгоо бариад би чамайг цагдаад өгнө гээд л гараад явсан тэгэхээр нь би гэр рүү явсан. М.Нарангэрэлийн толгойн хэсэгт шилэн аягаар цохиж гэмтээсэн нь үнэн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаартай:
М.Нарангэрэлд зүүн чихний арын няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-21 тал/,
Хохирогч М.Нарангэрэлийн гомдол саналгүй гэх хүсэлт /хх-ийн 38 тал/,
Б.Эийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 23 тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24 тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Б.Эийн иргэн М.Нарангэрэлийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Э нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хатиган овогт Б.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эод оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ