Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/ма2024/00071

 

 

 

 

 

 

 

 

2024 01 05 210/МА2024/00071

 

 

Г.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/03709 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Г-ийн хариуцагч М-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин олговорт 25,627,297 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/03086 дугаартай шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан дэд захирал албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 54,547,423 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч гомдол гаргаснаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 114 дугаартай магадлалаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 54,547,423 гэснийг 15,211,636 гэж, мөн хэсгийн 3 дахь заалтын 430,687 гэснийг 234,009 гэж өөрчлөн бусад заалтуудыг хэвээр үлдээсэн. Мөн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 001/ШХТ2022/00249 дугаартай тогтоолоор гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн.

1.1. Хариуцагч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, томилохгүй байсан тул 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 5 сарын 27 хоног өнгөрсөн байх тул уг хугацааны олговор 2,390,400 х 5 сар, 27 хоног=14,953,887 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд ийнхүү нэхэмжлэл гаргаснаас хойш 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 4 сар 10 хоног өнгөрсөн байх тул ажилгүй байсан энэ хугацааны олговор 2,390,400 х 4 сар, 10 хоног=10,673,410 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. Иймд ажилгүй байсан хугацааны олговорт нийт 25,627,297 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэгдүгээрт энэ хэрэг нь иргэний хэргийн харьяаллын маргаан биш юм. Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 болон Захиргааны Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т зааснаар Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн эрх барих дээд байгууллага нь Үндэсний зөвлөл бөгөөд захиргааны байгууллага юм. Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6, 24.1.10-д зааснаар бүтэц орон тоог батлах эрх хэмжээ нь Үндэсний зөвлөлд байх ба орон тоо бүтцийн дээд хязгаарыг батлахдаа дэд захиралтай байхаар баталсан. Гэтэл Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаартай тогтоолоор дэд захиралтай байх тогтоолыг хүчингүй болгосон. Үүний дараа 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 41 дугаартай тогтоолоор байгууллагын бүтцийн орон тооны дээд хязгаарыг 799 байхаар тогтоосон бөгөөд үүнд дэд захирлын албан тушаал байхгүй. Иймд Үндэсний зөвлөлийг хамтран хариуцагчаар татан оролцуулах ёстой. Үндэсний зөвлөл нь хууль зөрчсөн эсэх асуудлаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан гэж үзэж байна.

2.1. Г.Г нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэж, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр Б дүүргийн Цагдаагийн газарт гомдол гарган шалгагдаж байгаа бөгөөд эцэслэн шийдвэрлээгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 болон Захиргааны Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу хэргийн харьяалал зөрчиж нэхэмжлэл гаргасан. Мөн байгууллагын эсрэг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан эрүүгийн гэмт хэргийн шинжтэй хэд хэдэн удаагийн үйлдэл нь хянан шалгагдаж байгаатай холбоотойгоор нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М-ээс ажилгүй байсан хугацааны цалин олговор 24,131,657 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,495,640 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар Г.Г-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч М-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С-ын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 болон Захиргааны Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т зааснаар Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн эрх барих дээд байгууллага нь Үндэсний зөвлөл бөгөөд Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу зөвлөлийн гишүүдийг Улсын Их хурлаас томилдог. Мөн Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6 болон 24.1.10-д зааснаас үзвэл бүтэц орон тоог батлах эрх хэмжээ нь Үндэсний зөвлөлд байна. Уг зөвлөл нь 2021 онд бүтэц орон тооны дээд хязгаарыг батлах тухай тогтоолын дагуу Ерөнхий захирлын орон тоотой байхаар баталж, дэд захирлын орон тоог хасаж шинэчлэн баталсан. Ингээд 2021 оны 05 дугаар сард бүтэц орон тоо шинэчлэн батлагдсантай холбоотойгоор нэхэмжлэгч Г.Г ийг дэд захирлын орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж журамд зааснаар 3 сарын цалин хөлстэй адилтгах хэмжээний тэтгэмжид 10,814,436 төгрөгийг Г.Г-ийн Төрийн банкны 104100018347 тоот дансанд шилжүүлсэн. Энэ тэтгэмж нь ажлаас халагдсантай холбоотойгоор Г.Г-д олгосон бөгөөд шүүхэд энэ талаар баримтыг гаргаж өгсөн хэдий ч хэргийг нотлох баримтын хүрээнд авч хэлэлцээгүйд гомдолтой байна.

4.1. Мөн Г.Г нь ажиллаж байх хугацаандаа эрх мэдлээ урвуулан ашиглаж зар сурталчилгааны багтай 100,000,000 тегрөгийн гэрээ байгуулан өөрийн хууль бусаар баталсан журмын дагуу өөртөө урамшуулал бодож 2021 оны 03 дугаар сарын цалингаар 17,166,036 төгрөгийг авсан. Энэ цалин дээрх 10,000,000 төгрөг өөрийнх нь баталсан журамд тусгасан урамшуулал бөгөөд эрх мэдлээ урвуулан ашиглан байгууллагад хохирол учруулсан. Г.Г ийг ерөнхий захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь ерөнхий захирлын үүргийг орлон гүйцэтгэх хэдий ч тушаал, журамд өөрчлөлт оруулах эрхийг олгоогүй.

4.2. Г.Г нь Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирлын үүргийн орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Үндэсний телевизийн захирлаар ажиллаж байсан Ч.Батцэнгэлийг ажлаасаа чөлөөлөгдөөгүй байхад чөлөөлөгдсөн гэсэн хуурамч тушаалыг гаргасан байдаг. Учир нь Тухайн үед Ч.Б нь Үндэсний телевизийн захирлаар ажиллаж байхдаа Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшихийн тулд ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаалыг хуурамчаар гаргуулсан. Уг ажлаас чөлөөлсөн тушаалд Г.Г нь өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэж гарын үсэг зурж, тамга дарсан үйлдэл байдаг. Дээрх хэрэгтэй холбоотойгоор Баянгол дүүрэг Цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Мөн Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн дэд захирлаар томилогдохын тулд Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн "31.6.5-д зааснаар сонгон шалгаруулалт зарлах бөгөөд шалгаруулалт зарлаагүй тохиолдолд буцаан томилох үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Энэхүү маргаан нь Г.Г-ийн нэхэмжлэлтэй, М-д холбогдох 3 дахь маргаан юм. 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шийдвэрээр Г.Г ийг ажил эгүүлэн томилсон. Үүнээс хойш ажилд эгүүлэн томилохгүй байсан учир нэхэмжлэл гаргаж, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны цалинг гаргуулж шийдвэрлэсэн. Энэхүү маргаанаар 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд буюу 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлсөнд 24,131,657 төгрөгийг гаргуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон. Ажилд эгүүлэн томилох хүртэлх хугацааны цалин олговрыг ажил олгогч төлөх үүрэгтэй. Ажил олгогч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байгаа учир нэхэмжлэл гаргасан. Ажлаас үндэслэлгүй халагдсан, цалингийн хэмжээ, ажилд эгүүлэн тогтоох үүргийг хариуцагчид хүлээлгэсэн байгаа учир нэхэмжлэгч нь цалин хөлсөө нэхэмжлэх эрхтэй. Эрүүгийн хэрэгтэй холбоотой асуудалд гомдолдоо дурдсан байх боловч энэхүү хэрэг маргаанд хамааралгүй, ач холбогдолгүй юм. Энэ талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй, хэрэгсэхгүй болгосон байдаг гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сумъяабазарын гаргасан гомдлын хүрээнд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч М-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин олговорт 25,627,297 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажилт хийлгэхийг даалгахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/03086 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 114 дүгээр магадлалаар Г.Г ийг М-ийн дэд захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 15,211,636 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн ба Улсын Дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ2022/00249 дугаар тогтоолоор хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж, дээрх шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болжээ./хх98-108/

3.1. Дээр дурдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан дахин нотлох шаардлагагүй үйл баримт болно.

4. Хариуцагч М нь дээрх шийдвэрийг биелүүлээгүй, нэхэмжлэгчийн эрхийн зөрчил арилаагүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4.1. Учир нь нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч М-ийг г шийдвэр биелүүлээгүйтэй холбоотойгоор дахин ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/04390 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2023/00474 дугаар магадлалаар 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны буюу 12 сарын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 29,026,284 төгрөгийг хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээс гаргуулж нэхэмжлэгч Г.Г-д олгохоор шийдвэрлэжээ./хх4-7, 8-10/

4.2. Түүнчлэн, ажил олгогч нь тухайн байгууллагын дэд захирлын орон тоо хасагдсан гэх үндэслэлээр дээрх албан тушаалд эгүүлэн томилоогүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, хэрэв орон тоо байхгүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.6-д зааснаар ажилтантай өөртэй нь тохиролцон адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүргээ биелүүлээгүй байна.

5. Иймд нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр биелэгдээгүй байх тул нэхэмжлэгч Г.Г нь ажлаас чөлөөлсөнөөс хойш ажилд эгүүлэн томилогдох хүртэл хугацааны олговрыг хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээс шаардах эрхтэй.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчид олгох олговрын хугацааг 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх 10 сар 2 хоног гэж тодорхойлж, нэг сарын дундаж цалин олговор 2,390,400 төгрөгөөр тооцож нийт 24,131,657 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

7. Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн зорилго нь ард түмэнд үйлчлэх олон нийтийн радио, телевизийг үүсгэн байгуулж, түүний зорилго, зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоож, хөтөлбөрийн бодлогын үндсийг тодорхойлоход оршино гэж заасан нь хөдөлмөрийн эрхийн маргаанд хамаарахгүй. Учир нь М нь ашгийн төлөө бус хуулийн этгээд юм. Иймд ажил олгогчоос ажилтантай холбоотой эрхийн зөрчлийг арилгах үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Түүнчлэн, өмнө нь нэхэмжлэгч Г.Г-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбоотой маргааныг иргэний шүүх хянан шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүх хэргийн харьяалал зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

8. Мөн шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, үндсэн нэхэмжлэлийн шаардлагад харилцан тооцогдох боломжгүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгахгүй. Учир нь хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаар дахин нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй. Иймд эдгээр мөнгийг хасч тооцуулах талаар давж заалдах гомдлыг хангахгүй.

9. Нэхэмжлэгч Г.Г ийг байгууллагын эсрэг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үндэслэлээр эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэж тайлбарласан боловч энэ нь хөдөлмөрийн эрхийн маргаан буюу цалин хөлстэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд саад болохгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/03709 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сумъяабазарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278,608 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Д.ЦОГТСАЙХАН