| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2019/0024/Э |
| Дугаар | 25 |
| Огноо | 2019-02-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг,
Улсын яллагч А.Амгалан,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сумъяа,
Шүүгдэгч А.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Алтанцэцэгийн Бт холбогдох 1929000090011 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч А.Б Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу Зүүн суугийн 11-11 тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2018 оны 12 дугаар сарын 23-ны орой согтуугаар хүү Б.Баяндэлгэрийг гараар алгадаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: “Тухайн өдөр манай найз Эрдэнээ утасдаад “шууданд суулгаад өгөөч” гэсэн. Тэгэхэд нь би “хүүхдээ хараад гарах боломжгүй байна” гэж хэлэхэд Эрдэнээ “би нэг юм аваад хүрээд очих уу” гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд авчирсан 1 шил 0,5 литр Хараа нэртэй архийг хувааж уучихаад дахин 1 шил 0,75 литрийн архи авчирсан. Бид хоёр архиа хувааж уугаад тасарчихсан байсан. Юу болсон талаар мэдэхгүй байгаа. Сэрсэн чинь эхнэр хүүхдийн нүүр яасан юм бэ? гэхээр нь би өөр хүн ирээд шоглосон юм болов уу гэж бодоод цагдаа дуудсан гэв.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сумъяа мэдүүлэхдээ: “Байгууллагын шинэ жилээсээ тараад гэртээ ирэхэд манай нөхрийн найз Эрдэнээ нь согтуу, Б өөрөө архи уучихсан сууж байсан. Хүүхдүүд унтаж байхаар нь харсан чинь хүүгийн хацар нь сонин харагдсан. Тэгээд юу болсон юм бэ? гээд асуусан чинь манай нөхөр өөрөө ч мэдэхгүй надаас асуугаад цагдаа дуудъя гээд цагдаа дуудсан.” гэв.
Зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 7 дугаар хуудас/,
А.Бийн холбогдогчоор өгсөн: ”...сэргээд хартал эхнэр Сумъяа ирчихсэн хүүхдийн нүүр яагаад улайгаад хавдчихсан юм бэ гээд намайг загнаад байхаар нь би цагдаа дууд гэж хэлсэн. ... Манай хүү Б.Баяндэлгэр 5 настай. Хүүгийн баруун шанааны дээд хэсэгт улайж хавдсан, хүзүүний хэсэгт зулгарч улайсан байсан. Өөр гэмтэл шарх ажиглагдаагүй. ...Би архи уугаад согтчихсон байхдаа хүүхдээ алгадаж зодсон юм шиг байна лээ. Хүүхдээсээ асуусан чинь аав намайг зодсон гэж ярьж байсан. Хүүхэд худлаа хэлэхгүй, тэгэхээр би хүүгээ зодсон, миний буруу...” гэх мэдүүлэг /хх-н 8-9 дүгээр хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээний баримт /хх-н 11-12 дугаар хуудас/,
Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээний баримт /хх-н 13-14 дүгээр хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сумъяагийн: ”...Би мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч оролцуулахгүй. 2018 оны 12 дугаар сарын 23-ны орой 22 цагт гэртээ ирсэн. Би тухайн өдөр байгууллагын шинэ жилдээ ороод ирсэн байсан. Тэгсэн манай дунд хүү болох Б.Баяндэлгэр нь орон дээр унтаж байсан. Тэгсэн зүүн хацар нь хөхөрсөн байхаар нь нөхрөөсөө асуусан чинь манай нөхөр “чи зодсон юм биш үү” гээд байсан. Юу яриад байгаа юм бэ гэсэн чинь би зодоогүй гээд байсан. Тэгээд манай нөхөр цагдаа дуудъя гээд өөрөө дуудсан. Тухайн үед манай гэрт найз нь гээд Эрдэнэ гэх хүнтэй хамт архи уусан гээд согтуу байсан, тэгсэн удалгүй цагдаа нар ирээд аваад явсан. ... Миний хүүгийн уруул нь хавдсан, баруун талын шанаа хэсэгт хавдаж хөхөрсөн байсан. ... А.Б хааяа нэг уухаараа хэтрүүлэн хэрэглэж ухаанаа алддаг..” гэх мэдүүлэг /хх-н 18-19 дүгээр хуудас/,
Т.Лхагвабаатарын гэрчээр өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 23-ны орой Б гэх айлд хүүхэд орилох дуу чимээ сонссон. Сүүлд нь Б согтуу байхдаа хүүхдээ шоглосон байна гэж өөрөө хэлж байсан..” гэх мэдүүлэг /хх-н 21 дүгээр хуудас/,
Б.Эрдэнэбаатарын гэрчээр өгсөн: ”...Би 2018 оны12 дугаар сарын 23-ны өдөр 14-15 цагийн үед найз Б гэртээ дуудахаар нь би ганц шил 0.5 литрийн Ерөөл архи аваад очсон. Тэрийг бид 2 хувааж уугаад такси дуудаж 0.75 литрийн Хараа нэртэй архи авч хувааж ууж байгаад би унтаад өгсөн. Тэгээд нэг сэрэхэд авгай нь ирчихсэн цагдаа дуудна гэж байсан, яасан гэж асуухад хүүхдээ зодсон байна гэж авгай нь хэлсэн. ... Б нилээн согтуу байсан..” гэх мэдүүлэг /хх-н 22-23 дугаар хуудас/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 32 дугаартай: “1. Б.Баяндэлгэрийн биед тархины доргилт, хамар, дээд болон доод уруул, 2 хацар, шанааны цус хуралт, хүзүүний зулгаралт зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..” гэх дүгэлт /хх-н 24 дүгээр хуудас/,
А.Бийн яллагдагчаар өгсөн: “... Би 2018 оны 12 дугаар сарын 23-нд гэртээ 2 хүүхдээ хараад байж байтал манай найз Эрдэнэ утсаар залгаж аймгийн шууданд суулгаад өгөөч гэхээр нь хүүхэд хараад гарч чадахгүй байна гэж хэлэхэд такси бариад хүрээд ирээ гэхээр нь би очоогүй. Гэртээ байж байтал Эрдэнэ ганцаараа 1 шил архи аваад ирсэн. Тэгэхээр нь бид 2 юм ярьж сууж байгаад хамт уусан. Дахиад 1 шил 0.75 литрийн Хараа архи аваад хамт уусан. Тэгсэн нэг мэдэхэд согтоод тасарсан хэвтэж байсан. Манай эхнэр ирээд хүүхэд яагаад ийм болсон юм гэхээр нь би хүүхдээ харсан нүүр нь улай хөхөрсөн байсан, хамарнаас нь цус гарсан байсан. Тэгэхээр нь би цагдаа дууд гэж эхнэрт хэлж цагдаа дуудуулсан. “ гэх мэдүүлэг /хх-н 31-32 дугаар хуудас/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл, хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 50-51 дүгээр хуудас/,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2018/ЗШ/80 дугаар шийтгэврийн хуулбар /хх-н 59 дүгээр хуудас/,
Шүүгдэгч А.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 35 дугаар хуудас/,
А.Бийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 44-48 дугаар хуудас/,
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн тодорхойлолт /хх-н 53 дугаар хуудас/,
С.Баяндэлгэрийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 55 дугаар хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Хохирогч С.Баяндэлгэр нь насанд хүрээгүй буюу бага настай нь түүний төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 55 дугаар хуудас/-аар, мөн шүүгдэгч Ө.Бтэй гэр бүлийн харилцаатай хамт амьдардаг болох нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 52 дугаар хуудас/-оор тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Б нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу Зүүн суугийн 11-11 тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2018 оны 12 дугаар сарын 23-ны орой согтуугаар хүү Б.Баяндэлгэрийг гараар алгадаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч С.Баяндэлгэрийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч А.Бийн хохирогчийг алгадсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй гэж заасан ба шүүгдэгч А.Б нь өөрийн хүү С.Баяндэлгэрийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн байна.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл А.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны өөрийн хүү С.Баяндэлгэрийн эрүүл мэндэд хохирол учруулсан нь нотлогдож байна.
Иймд шүүгдэгч А.Бийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” хэдий ч энэ хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сумъяа нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шат, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох хохирогчид төлөх төлбөргүй, гэм хорыг арилгасан, хийсэн хэрэгтээ үнэн санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдал болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сумъяагийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бт 1,000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд
А.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овогт Алтанцэцэгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийг 1,000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Битйг 1,000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд тус бүр 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сумъяа нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, А.Бийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд А.Бт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжьүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН