| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 144/2019/0023/Э |
| Дугаар | 26 |
| Огноо | 2019-02-25 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Ууганбат,
Улсын яллагч А.Амгалан,
Шүүгдэгч Б.О /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.От холбогдох эрүүгийн 1929000010013 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.О нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Хар заг багийн нутаг “Адгийн задгай” гэх газарт Дробинк маркийн буугаар ховор амьтан болох 1 тооны ооно /хар сүүлтий/-ыг тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар агнаж, хүрээлэн байгаа орчинд ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр 1 700 000 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О хуульд заасан эрхийнхээ дагуу мэдүүлэг өгөхгүй гэв.
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/,
- Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11-р хуудас/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-23, 30-31-р хуудас/,
- Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Мөнгөншагайгийн мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,
- Өмнөговь аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн 2019 оны 01 сарын 08-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-р хуудас/,
- Шүүгдэгч Б.Оийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-р хуудас/,
- Ховор амьтны жагсаалт /хх-ийн 68-70-р хуудас/,
- Ан амьтан экологи-эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 71-72-р хуудас/,
Шүүгдэгч Б.Оийн хохирол төлбөр төлсөн баримт /хх-ийн 77-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Б.О нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Хар заг багийн нутаг “Адгийн задгай” гэх газарт Дробинк маркийн буугаар ховор амьтан болох 1 тооны ооно /хар сүүлтий/-ыг тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар агнаж, хүрээлэн байгаа орчинд ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр 1 700 000 төгрөгийн шууд хохирол учруулсан болох нь:
- Хохирогч О.Мөнгөншагайн өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай сумын Хар заг багийн малчин Б.О гэх хүн хууль бусаар 1 тооны хар сүүлтий ан агнаад цагдаагийн байгууллагад шалгагдаж байгааг мэдсэн. ...Хар сүүлтий ан агнана гэж зөвшөөрөл огт өгдөггүй. Ховор амьтан учраас агнаж болохгүй. Хар сүүлт хууль бусаар агнахад экологи-Эдийн засгийн үнэлгээ нь эрийг 1 700 000 төгрөг, эмийг 2 000 000 төгрөгөөр үнэлж, үнийг 2 дахин нугалж нөхөн төлбөр тавьдаг. Би Б.Оаас хууль бусаар ан агнасан нөхөн төлбөрөө төлүүлээд авбал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,
- Өмнөговь аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн 2019 оны 01 сарын 08-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн мах нь амьтны мах мөн болно. Хар сүүлт зээрийн мах. Хүнсэнд хэрэглэж болно. Тухайн амьтан нь эр /ооно/. Хар сүүлт зээр нь ховор амьтан улаан номонд орсон.” гэх дүгнэлт /хх-ийн 42-р хуудас/ болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд энэхүү үйлдэл нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ховор амьтны жагсаалтын 1 дүгээр бүлэг Хөхтөн амьтанд хамаарч байх тул шүүгдэгч Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Хохирол төлбөрийн хувьд:
Ан амьтан экологи-эдийн засгийн үнэлгээгээр “Хар сүүлтий” эр /ооно/ нь 1 700 000 төгрөгөөр үнэлэгдэж байх /хх-71-р хуудас/ бөгөөд Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.” гэж заасны дагуу нийт 3 400 000 төгрөгийн хохирол төлбөртэй бөгөөд харин шүүгдэгч Б.О нь хохирол төлбөрт 1 700 000 төгрөг төлсөн /хх-ийн 77-р хуудас/ байна. Иймээс шүүгдэгч хохирол төлбөрт “1 700 000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн хүсэлт” байх тул түүнээс 1 700 000 төгрөгийг гаргуулан Байгаль хамгаалах санд оруулах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулав. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасан нөхцөл хангагдаж байх тул үүнийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуй мод бариул хэсэгтээ шар өнгийн лентээр ороосон, онгоц мод хэсэг нь цуурсан хэсгийг хоёр хэсэгт хар өнгийн лентээр ороосон, гол төмрийн дугаар нь Т18357, замагийн дугаар Т18357, цагаан өнгийн оосортой Дробинк маркийн 1 ширхэг буу, бууны бичиг баримт 1 ширхгийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан галт зэвсэг тул шийдвэрлүүлэхээр Цагдаагийн Ерөнхий газарт шилжүүлж, 11 кг мах, сумны хонгио 1 ширхэг, амьтны сэг зэм зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Царил овогт Болоожийн Оийг ховор амьтан болох хар сүүлтийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 4-т зааснаар шүүгдэгч Б.От тэнссэн хугацаанд хохирлоо нөхөн төлөх үүрэг хүлээлгэж, дээрх хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсгүүдэд зааснаар хохирол төлбөрт нэхэмжилсэн 1 700 000 төгрөгийг шүүгдэгч Б.Оаас гаргуулан Байгаль хамгаалах санд оруулсугай.
5. Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж хуй мод бариул хэсэгтээ шар өнгийн лентээр ороосон, онгоц мод хэсэг нь цуурсан хэсгийг хоёр хэсэгт хар өнгийн лентээр ороосон, гол төмрийн дугаар нь Т18357, замагийн дугаар нь Т18357, цагаан өнгийн оосортой Дробинк маркийн буу 1 ширхэг, бууны бичиг баримт 1 ширхгийг шийдвэрлүүлэхээр Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлж, 11 кг мах, сумны хонгио 1 ширхэг, амьтны сэг зэм зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА