Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1285

 

 МАГАДЛАЛ

 

2016.07.04                                               № - 1285                                        Улаанбаатар хот

 

ХХХ-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/03610 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХ” ХХК-д холбогдох,

 

Зээлийн төлбөр 45 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч Хийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "ХХ" ХХК нь манай байгууллагатай 2008 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2008/05 дугаар барьцаат зээлийн гэрээгээр сүүний төслийн 35 000 000 төгрөгийн зээлийг хүүгүйгээр зээлж авсан бөгөөд төлбөрийн 50 хувь буюу 17 500 000 төгрөгийг 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдөр, үлдэх 17 500 000 төгрөгийг 2010 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дотор төлж барагдуулахаар гэрээ байгуулсан. Зээлдэгч нь 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 2 000 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 3 000 000 төгрөг төлөөд үлдэх 30 000 000 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй байна.

Иймд хариуцагчаас гэрээний үндсэн төлбөр болох 30 000 000 төгрөг, гэрээний 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар анз 15 000 000 төгрөг нийт 45 000 000 төгрөгийг гаргуулж, 2008 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2008/05 дугаартай барьцаат зээлийн гэрээний барьцаанд тавьсан ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ дугаар хороолол, ХХ байр, ХХ тоотод байрлалтай 26 м.кв 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Зээлдэгч нь зээлээс 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 2 000 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 3 000 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөгийг тус тус төлсөн. Иймээс хариуцагчаас үндсэн төлбөр болон анз нийт 45 000 000 төгрөг нэхэмжилсэн анхны нэхэмжлэлийн шаардлагаасаа түүний 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 5 000 000 төгрөгийг үндсэн төлбөрийн үлдэгдэл 30 000 000 төгрөгөөс хасаж, үлдэх 25 000 000 төгрөгт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийм 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар аданги тооцож 12 500 000 төгрөг нийт 37 500 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулж өгнө үү. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байна. Манайх зээлдэгчид төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, албан бичиг хүргүүлж байсан. Зээлдэгч нь 2013 онд дахин график гаргаж зээлээ төлнө гэж хүсэлт гаргаж өгсөн. Ийнхүү 2013 оноос 2015 он хүртэл ирж уулзаж, тус тусдаа хүсэлт бичиж өгөөд хүнээс өр төлбөр авна, төлнө гэж амлалт өгөөд явдаг байсан.

Хариуцагч нь өр зээлээ хүлээн зөвшөөрч 3 удаагийн төлөлт хийсэн. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар энэ үед хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тул хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн гэж үзэхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний төлөөлөгч Х, өмгөөлөгч ХХХХХ нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь ХХХгаас 2008 онд 35 000 000 төгрөгийн зээл авч үүнээс 5 000 000 төгрөгийн төлбөр хийж үлдэх 30 000 000 төгрөгийг төлөөгүй байсан нь үнэн. ХХХ нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба үүнээс хойш манайх 5 000 000 төгрөгийг төлсөн. Манай компани нь 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, ямарч орлогогүй, санхүүгийн чадваргүй байгаа учраас нэхэмжилж буй алданги болох 12 500 000 төгрөгийг төлөх боломжгүй байна.

Бид 3 удаагийн төлбөр хийсэн үнийн дүнгийн хувьд маргахгүй. ХХХ нь 2011 оноос эхлэн төлбөрөө төлөхийг манайхаас шаардаж эхэлсэн. Манайх 2013-2015 онд очиж, төлбөрийн талаар хүсэлт өгч байсан. Би дуудах бүрт нь очдог. Манай барьцаа хөрөнгийг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Иймд үндсэн төлбөр болох 25 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар "ХХ" ХХК-иас 31 250 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХХд олгож, нэхэмжлэлээс 13 750 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийэн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "ХХ" ХХК-иас 314 200 төгрөгийг гаргуулж, улсын орлогд оруулж,

Иргэний хуулийн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь энэ шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох Улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн ХХХХХХХ дугаар гэрчилгээтэй, ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дугаар хороолол, ХХ байрны ХХ тоот 2 өрөө, 26 м.кв орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж  шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч "ХХ" ХХК-ий 2011 оны 3 дугаар сарын 04-ний өдөр болон 2015 оны 7 дугаар сард гаргасан хүсэлтүүдийг үндэслэж хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж шүүгч үзсэн байна. "ХХ" ХХК нь дээрх саналыг гаргаж байсан нь үнэн боловч ХХХгаас тухайн саналыг хүлээн авч зөвшөөрсөн эсэх талаар хариу албан бичиг өгөөгүй, шүүх хуралдаанд энэхүү хүсэлтийг хүлээн авсан баримтыг л нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. Мөн ХХХгаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ямар нэгэн шаардлага гаргаж байсан талаарх нотлох баримт байхгүй зөвхөн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шаардаж байсан тухай тайлбарт үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзжээ.

Шүүгч зээлийн гэрээний алдангийг 6 250 000 төгрөг байхаар тогтоосон бөгөөд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байсан хэдий ч хугацаа хэтрүүлсэн хэмээн үзэж 12 500 000 төгрөгийн алдангийн 50 хувь болох 6 250 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь хэсэгт заасныг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шүүгчийн 6 250 000 төгрөгийг "ХХ" ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч ХХХ нь “ХХ” ХХК-д холбогдуулан зээлийн төлбөрт 45 000 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлсөн 5 000 000 төгрөг төлснийг үндсэн төлбөр 30 000 000 төгрөгөөс хасч үндсэн зээл 25 000 000 төгрөг, алданги 12 500 000 төгрөг, нийт 37 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан байна.

Хариуцагч  “ХХ” ХХК нь нэхэмжлэгч ХХХтай “Сүү” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2008 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 2008/05 дугаар “Барьцаат зээлийн гэрээ”-г байгуулж, 35 000 000 төгрөгийг хүүгүйгээр 2 жилийн хугацаатай зээлж, 50 хувь буюу 17 500 000 төгрөгийг 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдөр, үлдэх 50 хувь буюу 17 500 000 төгрөгийг 2010 оны 8 дугаар сарын 18-ны өдөр төлөх үүрэг хүлээн, зээлийн барьцаанд ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дугаар хороолол, ХХ дугаар байрны ХХ тоот 26 м.кв талбайтай 2 өрөө байрыг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаангүй.

Мөн хариуцагч нь үндсэн зээлийг төлөхийг зөвшөөрч, харин алдангийг төлөх боломжгүй гэж тайлбарлажээ.

Талуудад Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн харилцаа үүссэн тул зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь зээлдэгч буюу хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй. Мөн талуудын хоорондын гэрээний 6.4-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хоног тутамд 0.1 хувийн алданги тооцох талаар тохиролцсон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах шаардлагад нийцсэн байх тул алданги шаардах эрхтэй.

Хариуцагч нь гэрээний үүргийг гүйцэтгэх тухай баталгаа гаргаж байснаас гадна 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 2 000 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 3 000 000 төгрөгийг тус тус төлснөөс үзвэл өрийг хүлээн зөвшөөрч, төлж байжээ. Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн  79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх бөгөөд 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс хойш мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул энэ талаарх хөөн хэлэлцэх хугацааны талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хариуцагч компани нь зээлийн төлбөрийг гэрээгээр тохиролцсон хугацаандаа төлөөгүй байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд ийнхүү хугацаа хэтрүүлэхэд нөлөөлсөн нөхцөл байдалд хариуцагч компанийг буруугүй гэж үзэх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Иймд хариуцагч “ХХ” ХХК нь үйл ажиллагаа явуулаагүй, орлогогүй, санхүүгийн чадваргүй тул алданги төлөх боломжгүй гэх тайлбарыг хүлээн авч анз төлөх үүргээс чөлөөлөх боломжгүй юм.

Харин шүүх үүрэг гүйцэтгүүлэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах, биелүүлээгүй тохиолдолд шүүхэд хандах боломжтой байхад тодорхой шалтгаангүйгээр хугацаа алдсан хэргийн нөхцөл байдлыг үнэлж уг хугацаагаар алдангийн хэмжээг багасган шийдвэрлэсэн нь  Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байх тул буруутгах үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр үндсэн зээл 25 000 000 төгрөг, алданги 6 250 000 төгрөг, нийт 31 250 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байх тул  шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрхтэй холбоогүй, хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдлыг тодорхойлсон Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсгийн хүү шаардах эрхтэй хамааралтай, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгийн хүү тооцох талаар, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг тус тус шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь оновчгүй боловч ийнхүү баримталсан нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн болно.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/03610 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ