Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2019/0384

 

2019 оны 07 сарын 18 өдөр           Дугаар 221/МА2019/0384                          Улаанбаатар хот

“Б...” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Э.Ж, Г.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.С нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0352 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Б...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулах комисст холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0352 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан ““С...” ХХК-ийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн материал нь журамд заасан шаардлагыг хангаагүй байхад хүлээн авсан сонгон шалгаруулалтын комиссын буруутай үйл ажиллагааг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”, “Сонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 09 тоот дүгнэлтийг “С...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, “сонгон шалгаруулалтад удаах байранд шалгарсан “Б...” ХХК-ийг сонгон шалгаруулалтад шалгарсан тооцож, дүгнэлт гаргахыг Сонгон шалгаруулах комисст даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий “Б...” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хэрэгт ач холбогдолгүй үйл баримтыг үндэслэл болгосон. Өмнө нь шүүхээр шийвэрлэсэн хэдий ч энэ агуулгаар маргаагүй.

Анхан шатны шүүх Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 408 дугаартай тогтоолын 14, 18, 19, 21, 22, 23, 24 дэх мөр, өгүүлбэрийг үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Гэтэл дээрх мөрүүдэд бичигдсэн өгүүлбэрүүд нь “Б...” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл, хяналтын шатны шүүхийн тогтоолын дүгнэлт хэсэгт тусгагдаагүй асуудлаар нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх 2018 онд шийвэрлэхдээ хийсэн сонгон шалгаруулалтын комиссын буруутай хууль бус үйл ажиллагааг дүгнэсэн дүгнэлтийг нэхэмжлэлийнхээ үндэслэл болгосон байсныг хэт нэг тал руу мушгин гуйвуулж дүгнэсэн нь илт үндэслэлгүй шийдвэр болжээ.

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 408 дугаартай тогтоолд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн талаар ямар ч дүгнэлт байхгүй.

Харин ч бүр эсрэгээрээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар захиргааны акт илт хууль бус болох үндэслэлийн талаар тодорхой заасан. Уг хуулийн 47.1.6 дахь хэсэгт “иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасантай нийцэж байхад огт энэ талаар дүгнэлт хийлгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд ихэд гомдолтой байна.

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 408 дугаартай тогтоолын хянавал хэсэгт “Сонгон шалгаруулах журмын 7.2.2 дахь хэсэгт зааснаар техникийн саналыг нээх үед сонгон шалгаруулалтын баримт бичгийн иж бүрдлийг нягтлан шалгах ба энэ үед нэхэмжлэгчээс дээрх үндэслэлээр маргаж байгаагүй, бусад оролцогчийн баримт бичигтэй танилцах, маргах эрхээ хэрэгжүүлээгүй буюу 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр техникийн санал өгөх ажиллагаа эхлэхээс өмнө маргах, гомдол гаргах эрхээ эдлэх ёстой байжээ. Учир нь шаардлага хангасан тендерийн баримт бичгийг дараагийн шат буюу техникийн саналын үнэлгээ өгөх шатанд оруулах ба нэхэмжлэгчийн тухайд техникийн санал үнэлэх үе шатанд дээрх асуудлаар маргаагүй, цаг хугацааны хувьд маргах эрхээ алдсан байна” гэж дүгнэсэн. Дээд шүүхийн энэхүү дүгнэлт нь хууль зүйн хувьд үндэслэл муутай дүгнэлт байсан. Иймд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг үндэслэн буруу ташаа дүгнэлт хийж байгаад ихэд гомдолтой байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно гэж заасан байгаатай нийцэхгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмнө гаргасан нэхэмжлэлийг 2018 онд хянан шийдвэрлэсэн үйл баримт бий. Анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хэрэг маргааны үйл баримтад үзлэг хийсэн бөгөөд “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 5.8-д “Битүүмжилсэн сонгон шалгаруулалтын саналын хавтасны гадна талын зүүн дээд буланд сонгон шалгаруулалтад оролцохоор санал ирүүлж буй компанийн нэр, хаяг, холбоо барих утас, сонсон шалгаруулалт зарласан талбайн байршил, нэр, саналын хуудасны нийт тоо, эх хувь эсхүл хуулбар хувийн аль болохыг тодорхой бичсэн байна” гэж заасныг зөрчиж “С...” ХХК холбоо барих утас, саналын хуудасны нийт тоог тавилгүй санал ирүүлсэн болох нь шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газрын архивт хийсэн үзлэгээр тогтоогдсон.

Журмын 5.11-д “Сонгон шалгаруулалтын санал нь энэ журмын 5.7 ба 5.8-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга тэмдэглэл үйлдэн хүлээн авахаас татгалзсан үндэслэл, буцаасан он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэсэн тодорхойлолтыг ирүүлсэн саналын хамт сонгон шалгаруулалтын саналыг хүлээлгэн өгсөн этгээдэд буцаан өгнө гэж заасны дагуу “С...” ХХК-ийн саналыг хүлээн авахаас татгалзаж буцаах ёстой байжээ гэж дүгнэсэн байдаг.

Ийнхүү сонгон шалгаруулалтын журамд заасан шаардлагыг хангаагүй саналыг хүлээн авахаас татгалзаж буцаах ёстой байсныг өмнөх нэхэмжлэлийн дагуу анхан шатны шүүх шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байсаар атал дахин “С...” ХХК-ийн ирүүлсэн саналд үзлэг хийн шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт заасныг зөрчиж байна гэж үзэхээр байна.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэхээр хуульчилсан. Гэвч хариуцагч талын гаргаж өгсөн нотлох баримтууд нь тайлбартайгаа зөрүүтэй, цаг хугацааны хувьд зөрчилтэй үйл баримтууд байгаа. Мөн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байсаар байтал түүнийг үгүйсгэсэн шийдвэрийг гаргаж байгаа нь хуульд үл нийцнэ.

Нөгөө талаар, Сонгон шалгаруулалтын комиссын үйл ажиллагаа нь хууль зөрчсөн, цаг хугацааны хувьд зөрчилтэй үйл баримт байгаа гэдэг нь нэгэнт тодорхой болсон байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүйгээр шийдвэрлэх нь ойлгомжгүй байна.

Энэхүү сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч “Б...” ХХК нь оролцсон бөгөөд сонгон шалгаруулалтад оролцсон оролцогчийн үнэлгээний нэгдсэн дүнгээр манай компани 74.5 оноотой удаах /2 дугаар/ байранд шалгарсан байдаг.

Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 11 дүгээр зүйлийн 11.3-т “... тухайн сонгон шалгаруулалтад шалгарсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тухай шүүхийн шийдвэр гарсан бол Төрийн захиргааны байгууллага хамгийн өндөр үнэлгээ авсан дараагийн оролцогчид тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу дараагийн оролцогчидтусгай зөвшөөрөл олгох шидйвэрийг гаргах хууль зүйн үндэслэл бүрдэнэ.

Нэгэнт шүүхээс шийдвэр гарч авах ёсгүй байсан саналыг авч сонгон шалгаруулалтад ялсан болохыг тогтоосон учир ... хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хуль бус шийдвэр болох нь хэн ч харсан ойлгомжтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шидйвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлд заасан үйл баримтын талаар шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзав.

Нэхэмжлэгч “Б...” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулах комисст холбогдуулан “С...” ХХК-ийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн материал нь журамд заасан шаардлагыг хангаагүй байхад хүлээн авсан сонгон шалгаруулалтын комиссын буруутай үйл ажиллагааг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”, “Сонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 09 тоот дүгнэлтийг “С...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, “сонгон шалгаруулалтад удаах байранд шалгарсан “Б...” ХХК-ийг сонгон шалгаруулалтад шалгарсан тооцож, дүгнэлт гаргахыг Сонгон шалгаруулах комисст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч “Б...” ХХК нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт орших “------” нэртэй 3924.5 га, ****-* кодтой талбайд явуулсан сонгон шалгаруулалтад оролцсон байх бөгөөд тус Сонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 09 тоот дүгнэлтээр нэхэмжлэгч хуулийн этгээд 74.5 оноо авч 2 дугаар байранд, гуравдагч этгээд “С...” ХХК 82 оноо авч 1 дүгээр байранд шалгаран улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 628 дугаар шийдвэрээр “С...” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосныг хүчингүй болгуулж, хамгийн өндөр үнэлгээ авсан дараагийн оролцогч болох “Б...” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байжээ.

Уг хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0337 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2018/0427 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 408 дугаар тогтоолоор “Б...” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбуулан гаргасан нэхэмжлэлийг нэхэмжлэгч хуулийн этгээдийн энэхүү захиргааны хэрэгт тогтоолгохоор шаардаж буй маргааны үйл баримт, захиргааны үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаар дүгнэж, улмаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 408 дугаар тогтоолд:

-“2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагт сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүлээн авах байсан бөгөөд “17 цаг” болоход “С...” ХХК-ийн тендерийг бүртгэх эсэх талаар маргаан гарсан, уг хуулийн этгээд нь 17 цаг болох үед захиргааны байгууллагад ирсэн байсан, харин өмнөх компанийн бүртгэл дуусаагүй шалтгаанаар тус компанийг бүртгээгүй болох нь хэрэгт авагдсан Сонгон шалгаруулах комиссын хуралдааны тэмдэглэл, Ажлын хэсгийн тайлан зэрэг баримтаар тогтоогдсон байна. Иймээс нэгэнт гуравдагч этгээдээс заасан хугацаанд ирсэн тул тухайн компанийг “17 цагаас хойш ирсэн” гэж буруутгах боломжгүй”

-“... гуравдагч этгээдийн төлөөлөгч хоцорч ирсэн гэдэг нь баримтаар тогтоогдоогүй, бүх үнийн саналыг тогтоосон хугацаа болох 16 цагт нээгээгүй, харин 16 цаг 27 минутад нээсэн болох нь дээрх баримтаар тогтоогдож байна. Энэ үйл баримттай холбогдуулан нэхэмжлэгчээс тухайн цаг хугацаанд Сонгон шалгаруулалтын комиссын хугацаа хэтрүүлсэн үйл ажиллагаатай холбогдуулан маргаагүй, улмаар үнийн саналыг нээх ажиллагаа явагдаад дууссан байх тул нэхэмжлэлийг хангах боломжгүй”

-“нэхэмжлэгчийн “С... компани нь тендерийн баримт бичигт мэдээлэл дутуу бичсэн, холбоо барих утас, саналын хуудасны нийт тоо бичээгүй байсан тул хүлээн авахаас татгалзах байсан” гэх үндэслэлийн тухайд:

-“Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 5.11 дэх хэсэгт зааснаар шаардлага хангаагүй баримт бичгийг Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга тэмдэглэл үйлдэн буцаах бөгөөд журмын 6.4 дэх хэсэгт зааснаар тендерийн баримт бичиг шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах үйл явцыг нээлттэй хэлбэрээр зохион байгуулах байна”

-“Сонгон шалгаруулах журмын 7.2.2 дахь хэсэгт зааснаар техникийн саналыг нээх үед сонгон шалгаруулалтын баримт бичгийн иж бүрдлийг нягтлан шалгах ба энэ үед нэхэмжлэгчээс дээрх үндэслэлээр маргаж байгаагүй, бусад оролцогчийн баримт бичигтэй танилцах, маргах эрхээ хэрэгжүүлээгүй буюу 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр техникийн санал өгөх ажиллагаа эхлэхээс өмнө маргах, гомдол гаргах эрхээ эдлэх ёстой байжээ. Учир нь шаардлага хангасан тендерийн баримт бичгийг дараагийн шат буюу техникийн саналын үнэлгээ өгөх шатанд оруулах ба нэхэмжлэгчийн тухайд техникийн санал үнэлэх үе шатанд дээрх асуудлаар маргаагүй, цаг хугацааны хувьд маргах эрхээ алдсан” зэрэг дүгнэлтүүдийг хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар ... хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар зохицуулсан байхад анхан шатны шүүх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, энэ хоёр нэхэмжлэлийн хариуцагч, акт хоёр нь өөр гэж нэхэмжлэгч маргаж байгаа боловч энэхүү сонгон шалгаруулалтын талаарх нэг ижил маргааны үйл баримтыг шүүх дахин шийдвэрлэх боломжгүй. Учир нь дээрх хоёр нэхэмжлэлд ижил үндэслэлээр “сонгон шалгаруулалтад гуравдагч этгээдийг шалгаруулсныг хүчингүй болгуулж, нэхэмжлэгч хуулийн этгээдийг шалгарсанд тооцохыг даалгах” тухай үйл баримтын талаар маргасан байна. Энэ талаар Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 408 дугаар тогтоолд “Сонгон шалгаруулалтын комисс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоноор хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөхгүй” гэж дүгнэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0352 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан “Б...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулах комисст холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “““С...” ХХК-ийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн материал нь журамд заасан шаардлагыг хангаагүй байхад хүлээн авсан сонгон шалгаруулалтын комиссын буруутай үйл ажиллагааг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”, “Сонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 09 тоот дүгнэлтийг “С...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, “сонгон шалгаруулалтад удаах байранд шалгарсан “Б...” ХХК-ийг сонгон шалгаруулалтад шалгарсан тооцож, дүгнэлт гаргахыг Сонгон шалгаруулах комисст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогоос гаргуулан буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ