Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2016/0155

 

Ц.О-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, О.Зандраа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 136 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Ц.О-ын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Зандраагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Миний бие Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн гудамжны эцэс уулын энгэрт 2011 онд хашаа барьж гэр бүлийн хамт амьдарч эхэлсэн. Улмаар 22 дугаар хорооны Засаг даргатай уулзаж бүртгүүлэн уг хашаа бүхий газраа эзэмших хүсэлтэй байгаагаа хэлэхэд газар олголт хийгдэхгүй байгаа тул түр хүлээж бай гэсэн. 2013 онд Баянзүрх дүүргийн Газрын албанд дахин газар эзэмшихийг хүссэн өргөдөл гаргаж хороо хариуцсан байцаагчтай уулзахад газрын байцаагч “манайх шинээр газар олголт хийхгүй байгаа тул газар эзэмшихийг хүссэн өргөдөл хүлээн авахгүй байгаа. Иймд та газар олголт хийгдэж байгаа эсэхийг асууж байгаад ирээрэй” гэсэн хариултыг өгсөн. 2014 оны сүүл 2015 оны эхээр тус дүүргийн Газрын албанд очиж уулзахад мөн л өргөдөл хүлээн авахгүй байгаа гэж байсан тул 2015 онд эксковатороор газраа тэгшилж, хазгай хэсэгт суурийн блок өрж тэгшлэн модон хашааг буулгаж тоосгон хашаа барих зэрэг засвар хийж нийт 20 гаруй сая төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн.

Ингээд 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.П-д газар эзэмшихийг хүссэн өргөдлөө гаргасан бөгөөд үүнд 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр тус дүүргийн Өмч, газрын харилцааны албаны мэргэжилтэн Б.О өргөдлийн хариуд “Уг газар дүүргийн Засаг даргын 2015 оны А/38 дугаар захирамжаар иргэн М.Б-д олгогдсон байх тул Газрын тухай хуулийн дагуу 3 хоногийн хугацаанд газар чөлөөлөхийг шаардаж байна” гэсэн хариуг өгсөн.

Миний амьдарч байгаа газрыг бусдад давхардуулан олгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын дагуу иргэнд газар эзэмшүүлэх үе шат нь иргэн шинээр газар эзэмшихийг хүссэн өргөдөл гаргана, иргэнээс ирүүлсэн өргөдөлтэй тухайн дүүргийн Газрын албаны мэргэжилтэн танилцаад өргөдөлд дурдагдсан талбайг бусдын эзэмшил, ашиглалтад олгогдсон эсэх болон уг газрын хэмжээ, заагийг газар дээр тэмдэгжүүлж, солбицолжуулах судалгааны ажлыг гүйцэтгэн улмаар газар эзэмшихийг хүссэн хүсэлтийг хангах үндэслэлтэй бол газар эзэмшүүлэх тухай шийдвэр буюу захирамжийг холбогдох Засаг даргад гаргах гэсэн дараалалтай байдаг.

Гэтэл миний бие уг газар дээр хашаа барин 5 жил гаруйн хугацаанд гэр бүлийн хамт амьдарч байгаа бөгөөд хороо болон дүүргийн газрын албаны ажилтнууд ч энэ тухай мэдэж байсан атлаа уг газар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа эсэхийг шалгалгүй, мөн бидэнд мэдэгдэлгүй амьдарч буй газрыг маань бусдын эзэмшил, ашиглалтад өгсөн нь үндэслэлгүй байна.

Миний бие 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад миний амьдарч буй газрыг бусдад эзэмшүүлсэн нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул 2015 оны А/38 дугаар захирамжийн иргэн М.Б-д холбогдох хэсгийг өөрчилж, миний газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэж өгөхийг хүссэн өргөдлөө гаргасан. Үүнд тус дүүргийн Өмч, газрын харилцааны албаны газар зохион байгуулагч Б.О “Өргөдөлд дурдсан байршилд дүүргийн Засаг даргын 2015 оны А/38 дугаар захирамжаар иргэн М.Б-д газар эзэмших эрх олгогдсон байх тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу давхардуулах боломжгүй тул дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой” гэсэн хариуг өгсөн. 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Засаг даргад дүүргийн Засаг даргын 2015 оны А/38 дугаар захирамжийн иргэн М.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, иргэн Ц.О миний нэр дээр газар эзэмшүүлж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан. 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн өмчийн харилцааны газарт өргөдөл гомдлыг шилжүүллээ. Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Т-т тус хаягт оршин суудаг, газраа өөрийн хөрөнгөөр засч сайжруулсан иргэн эзэмших эрхтэй. Дүүргийн Засаг даргын захирамжийг нягтлан шийдвэрлэж ажилла” гэсэн хариуг өгсөн. Үүнд Нийслэлийн өмчийн харилцааны газрын Кадастрын хэлтсийн дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Ц.Б “тус асуудал нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой байгаа тул Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасны дагуу шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариуг 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн тул шүүхэд хандаж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/38 дугаар захирамжийн иргэн М.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 29-506 тоот газрыг иргэн Ц.О-д эзэмшүүлэх, гэрчилгээ олгохыг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.П шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Нэхэмжлэлд тус дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 29-506 тоотод байрлах 700 м.кв газрыг иргэн М.Б-д олгосон нь хууль зөрчсөн талаар дурдсан байна. Иргэн М.Б нь Газрын тухай хуульд заасны дагуу уг газрыг эзэмших хүсэлтийг 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан бөгөөд тус өргөдөл нь дээрх хуулийн 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж байсан.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “Газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгоно, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан байх тул иргэн М.Б нь хуулийн дагуу уг газрыг эзэмшиж байгаа этгээд юм.

Иргэний эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь ямар нэгэн иргэний газартай давхцсан тохиолдолд газрын мэдээллийн санд бүртгэгдсэн байдаг бөгөөд тухайн үед гаргасан нэхэмжлэгчийн хүсэлт Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн байх тул дүүргийн Засаг даргаас өгсөн өргөдлийн хариу болон Нийслэлийн Засаг даргаас өгсөн хариу нь үндэслэлтэй байна.

Иймд дүүргийн Засаг даргын 2015 оны А/38 дугаар захирамжийн иргэн М.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд М.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц.О-ын нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй юм.

Миний зүгээс Газрын тухай хуулийн 32, 33, 34 дүгээр зүйл, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журамд зааснаар Баянзүрх дүүргийн Засаг даргад өргөдөл гаргаж, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр албан ёсоор бүртгэл хяналтын санд бүртгүүлсэн, дүүргийн Газрын албанаас холбогдох судалгааг хийж Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/38 дугаар захирамж гарч, газар эзэмших эрх олгосон. Дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн надад олгосон газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, солбицолжуулах ажлыг эрх бүхий хүмүүс хийж гүйцэтгэсэн, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар дүүргийн Газрын албатай газар эзэмших гэрээ байгуулан, гэрчилгээг баталгаажуулан авч улсын бүртгэлд бүртгүүлсэн. Мөн газрыг Кадастрын мэдээллийн санд бүртгүүлж, кадастрын зургаа баталгаажуулж авсан.

2015 оны эхээр миний эзэмшлийн газар буюу Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгий 29-506 тоотод хашаа баригдаагүй хоосон байсан. Харин 2015 оны 4 дүгээр сард Ц.О зөвшөөрөлгүй хашаа барьсан байсан учир хашааг буулгаж, газраа чөлөөлүүлэх хүсэлтээ дүүргийн Засаг даргад бичгээр гаргасан. Үүнд Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргын 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 718 дугаар албан бичгээр “Тус зөрчлийг дүүргийн Засаг даргын 2015 оны А/03 дугаар “Газар албадан чөлөөлөх тухай” захирамжийн судалгаанд хамруулан орц, гарц гарган ажиллах болно” гэсэн хариу өгсөн. Гэтэл одоог хүртэл газар чөлөөлж өгөхгүй байгаад гомдолтой байна.

Ц.О нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгий 29-510 тоот хашаанд одоог хүртэл амьдарч, газрыг ирсэн. Тэрээр Алтан-Өлгийн 29-506 тоотод амьдарч ирсэн мэтээр ойлгуулахыг хичээж, бусдын хууль, журамд заасан үндэслэлийн дагуу авсан хууль ёсны эзэмшлийн газарт хууль зөрчин хашаа барьж, хууль бус аргаар, хүчээр өөрийн болгохыг санаархаж байна. Монгол Улсын иргэн бүр хуулийн дагуу хаанаас ч газар эзэмших эрхтэй. Дээрх нөхцөл байдлыг гэрчлэх хүмүүс, холбогдох баримтууд хангалттай бий.

Ц.О-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул хуулийн дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/38 дугаар захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.О-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/38 дугаар захирамжийн иргэн М.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Алтан-Өлгий 29-506 тоот газрыг иргэн Ц.О-д эзэмшүүлж, гэрчилгээ олгохыг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 136 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох нэхэмжлэгч Ц.О-ын “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/38 дугаар захирамжийн иргэн М.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгий 29-506 тоотод байрлах газрыг Ц.О-д эзэмшүүлж, гэрчилгээ олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч Ц.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 136 дугаар магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад дараах үндэслэлээр үл нийцжээ.

1. Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж дүгнэсэн тухайд.

Магадлалын Хянавал хэсэгт “Нэхэмжлэгч нь ... Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгий 29-506 тоотод байрлах газрыг 2011 оноос эзэмшиж байсан, уг газрыг эзэмших хүсэлтээ Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд удаа дараа гаргаж байсан нь тогтоогдоогүй байна” хэмээн дүгнэсэн нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан тайлбар, шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч Ү.А, Ч.Б нарын мэдүүлэг, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1/1508 дугаар албан бичгийн хавсралтаар ирсэн Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2015 оны зурган мэдээллийг 2012, 2013 оны агаарын зурагтай давхцуулсан зураг, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн “Red Line of Land” ХХК-аар хийлгэсэн маргаан бүхий газрын эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зураг зэрэг баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ц.О- нь 2011 онд маргаан бүхий Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгийн 29-506 тоот газрыг өмнө эзэмшиж байсан Баяраагаас худалдан аваад, урьд өмнө нь буюу 2008, 2009 онд бусад этгээдүүд газрыг ухаж сэндийчэн орхисон, ашиглах талбай нь одоогийн маргаж буй газрын хагастай тэнцэх хэмжээтэй, хазгай гадаргуутай байсан газрыг суурийн блок өрж тэгшлэн янзалж, гэр барин амьдарч байжээ. Улмаар уг газартаа гэрчилгээ гаргуулахаар 2013 оноос эхлэн Газрын албанд удаа дараа хандаж байсан ч газар олголт хийгдэхгүй байгаа хэмээн буцааж байсан байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх дүгнэхдээ “Нэхэмжлэгчид өөрийнх нь амьдарч байсан газрыг эзэмших эрх олгосоор байхад хөрш зэргэлдээ 29-506 тоот газарт гэр барьж, түүнийгээ 2011 оноос хойш эзэмшиж байсан, 2015 оны хавар тоосгон хашаа барьсан, газрыг тэгшилсэн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзнэ” гэсэн нь иргэний эрхийг хязгаарласан үндэслэлгүйн дээр гуравдагч этгээд М.Б-д газар эзэмшүүлсэн үйл ажиллагаа анхнаасаа хууль бус болсныг зориуд дүгнэлгүй орхиж “ийнхүү газар эззмших эрх олгохдоо хариуцагч нь Газрын тухай хууль зөрчөөгүй байна” гэж зөвтгөснийг зөвшөөрөх боломжгүй байна.

Гуравдагч этгээд нь газар эзэмших эрх хэрхэн олж авсан тухайд хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл:

- Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 365 дугаар тодорхойлолт

- М.Б -ийн Баянзүрх дүүргийн Засаг даргад гаргасан өргөдөл

- Гэрч Ү.А, Ч.Б нарын мэдүүлэг

- Нэгж талбарын хил, заагийг газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн
өгсөн тухай “Геотэс” ХХК-аар 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хийлгэсэн хуурамч зургууд, хавсаргасан материалууд.

Энэхүү баримтуудаас үзвэл гуравдагч этгээд М.Б нь маргаан бүхий газарт анхнаасаа огт амьдарч байгаагүй /энэ талаар маргадаггүй/ болох нь харагддаг. Өөрөөр хэлбэл М.Б нь маргаан бүхий газрыг эзэмших өргөдөл гаргахдаа санаатайгаар худал бичсэн төдийгүй хуурамч тодорхойлолт гаргуулан авч захиргааны байгууллагыг төөрөгдүүлэх замаар хууль бусаар газар эзэмших эрх олж авсан нь нотлогдсон байхад давж заалдах шатны шүүх энэхүү хууль бус үйлдлийг зөвтгөсөн байна. Нөгөөтэйгүүр хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга тус өргөдлийг шийдвэрлэхдээ бодит байдлыг шалгаж тодруулах хууль журамд заасан үүргээ хэрэгжүүлэлгүй хайхрамжгүй хандсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсзн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбараар тогтоогдож байхад ийнхүү нэг талыг барин дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

2. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд.

Магадлалын Хянавал хэсэгт “Газрын тухай хуулийн 31 дүгээр зуйлийн 31.3-т ... заасныг тухайн газар нь бусдын хууль ёсны эзэмшил газартай давхцаагүй байхыг ойлгох бөгөөд нэхэмжлэгч Ц.О хууль ёсны бус эрх, ашиг сонирхлоо шүүхээр хамгаалуулах эрхгүй” гэсэн нь Газрын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн зохицуулалт нь хүчин төгөлдөр газар зззмших эрхийн гэрчилгээтэй иргэдээс гадна гэрчилгээгүй боловч тухайн газар дээрээ олон жил амьдарч, газрыг бодитоор ззэмшиж ирсэн, нөхөн сэргээлт, засан сайжруулалтыг өөрийн хөрөнгөөр хийсэн, цаашид тухайн газраа өөрийн эзэмшилд авах хүсэл сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжийн эрх, ашиг сонирхлыг бусад этгээдийн хууль бус үйлдлээс давхар хамгаалах зорилготой зохицуулалт тул нэхэмжлэгчийн шүүхэд хандан өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхпоо захиргааны байгууллага болон гуравдагч этгээдийн хууль бус үйлдлээс хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасныг хууль ёсны бус гэж үзэх нь өрөөсгөл болжээ.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 136 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үүгэжээ.

ХЯНАВАЛ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, уг шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал буруу болжээ.

Учир нь, Баянзүрх дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг бүрэн хангаагүй иргэн М.Б-ийн 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн газар эзэмшүүлэхийг хүссэн өргөдлийг хүлээн авсан, нэхэмжлэгч Ц.О-ын бодит байдал дээр эзэмшиж байгаа Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 29 дүгээр гудамжны 506 тоот газрын нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн “Red line of Land” ХХК-ийн 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн акт, эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тэмдэгжүүлж, солбицолжуулсан үндэслэлийн цэг, талбайн хэмжээг 588.0 м.кв гэж тодорхойлсон 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн баримтууд хийгдсэнээс хойш 1 жил 4 сар гаруйн дараа тухайн газартай давхцуулан мөн компанийн өөр ажилтны хийсэн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн иргэн М.Б-д холбогдох материал болон тус дүүргийн 22 дугаар хорооны Засаг дарга 29-506 тоотод амьдарч байгаагүй М.Б-ийг уг хаягт оршин суудаг гэж 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан 365 дугаар тодорхойлолт зэргийг эх баримтуудтай тулган тухайн газар нь бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг нягтлан шалгаж, суурин судалгааг хийлгүйгээр маргаан бүхий газрыг иргэн М.Б-д ахуйн зориулалтаар эзэмшүүлж, 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр А/38 дугаар захирамжийг гаргасан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн байна.

Түүнчлэн, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/38 дугаар захирамжаар иргэн М.Б-д эзэмшүүлсэн мөн дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 29 дүгээр гудамжны 506 тоот газарт нэхэмжлэгч Ц.О 2011 оноос гэр барин амьдарч байсан, уулийн налуу хэсгийн газрыг өөрийн хүч хөрөнгөөр тэгшлэн засаж, суурийн блок өрж, урьд байсан модон хашааг буулган тоосгон хашаа барьсан зэрэг нь шүүхээс маргаан бүхий газар, эд зүйл, баримт материалд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, гэрч Ч.Б, Ү.А нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаагийн зэрэгцээ уг газрыг эзэмших ашиг сонирхол түрүүлж үүссэн нь нотлогджээ.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/38 дугаар захирамж нэхэмжлэгч Ц.О-ын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, мөн дүүргийн Засаг дарга 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/63 дугаар захирамжаар эзэмшиж буй хашааны газартаа газар эзэмших эрхийн гэрчилгээ авахыг хүссэн нэр бүхий 379 иргэнд амины хашааны зориулалтаар газар эзэмших эрх олгож байсан атлаа 2011 оноос эзэмшиж, тодорхой хөрөнгө оруулалт хийж, нөхөн сэргээсэн өөрийн эзэмшил газрын залгаа 506 тоотын газраа эзэмшихийг хүссэн Ц.О-ын 2015 оны 5 дугаар сарын 08, 2015 оны 6 дугаар сарын 11, 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн өргөдлүүдийг Газрын тухай хуулийн дагуу шийдвэрлээгүй Засаг даргын “эс үйлдэхүй” хууль бус учир анхан шатны шүүхээс 2015 оны А/38 дугаар захирамжийн М.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, мөн дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 29-506 тоотын газрыг Ц.О-д эзэмшүүлж, гэрчилгээ олгохыг Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1-д “маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;”, 70.2.4-т “захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоогдсон бол шаардагдах захиргааны актыг гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах;” гэж заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч Ц.О Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны А/63 дугаар захирамжаар 647 м.кв газрыг эзэмшиж байгаа нь өөрийн эзэмшил газрын залгаа байрлалтай 506 тоотын 588.0 м.кв газрыг эзэмших эрхийг хязгаарлах үндэслэл болохгүйн гадна Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны  хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна” гэж иргэнд үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээг заасан тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ...” гэсэн заалтын хүрээнд Засаг дарга өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж Ц.О-д газар эзэмшүүлэх асуудлыг нэг мөр шийдвэрлэхээр байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Ц.О Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 29-506 тоот газрыг 2011 оноос эзэмшиж байсан нь тогтоогдоогүй гэснээс гадна болсон үйл баримт, маргаан бүхий захиргааны актын талаар хууль зүйн үндэслэл бүхий бодитой дүгнэлт хийлгүй, тухайн газар нь бусдын хууль ёсны эзэмшилд байгаа газартай давхцаагүй байхыг ойлгоно гэж Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн заалтыг хэт явцууруулан буруу хэрэглэсний улмаас нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, гуравдагч этгээдэд давуу байдал үүсгэсэн шийдэл хийжээ.

Иймд шүүх бүрэлдэхүүнээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгон, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 136 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                                   О.ЗАНДРАА