| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2019/0025/Э |
| Дугаар | 27 |
| Огноо | 2019-02-27 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Х.Ууганбат,
Улсын яллагч: Д.Ганчимэг,
Шүүгдэгч: А.А /өөрөө өөрийгөө өмгөөлсөн /нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Баатар овогт Амарсайханы Ад холбогдох 1829002930010 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч А.А нь “Омогт Цагаан Шонхор Транс” ХХК-ийн эзэмшлийн 12-07 ӨМӨ улсын дугаартай Потон маркийн тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрт явахаар итгэмжлэн хариуцаж аваад 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутагт тус тээврийн хэрэгслээс дугуй 9 ширхэг, аккумулятор 2 ширхэг, кабин халаагч 1 ширхэг, халуун тогоо 1 ширхгийг завшиж, бусдад нийт 6,385,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хятад улсын хилээр орж Далай гэх хөтчөөс тухайн өдөртөө машин аваад Монгол улсын хилээр орж ирсэн. 4-р постоор орж ирэх үед миний унаж явсан машины урд талын дугуй сугарч унасан бөгөөд түүнийг засуулахад 1400 юань хэрэгтэй болсон бөгөөд машины эзэн хятад хүн надад 800 юань өгсөн. Үлдэгдэл мөнгийг нь би өөрөөсөө гаргаж машинаа засуулаад цааш 12 хонож байхад надад хоолны мөнгө гэж мөнгө өгөөгүй. Мөн машины түлшний мөнгө гэж өгөөгүй учраас сүлжээн дээрээс өөрийн 100.000 төгрөгөөр түлш хийгээд цааш явж байгаад “Цагаан худаг” гэх газар машин зогссон бөгөөд эргэж асаагүй. Хоол унд муу байсан болохоор миний бие өвдөөд байхаар нь машины эзэн хятад хүнрүү залгаад надад мөнгө явуулах уу? гэхэд ямар нэгэн аргаар хамаагүй хятадын хилээр орж ир гэж хэлэхээр нь чи наашаа жолооч явуулж энэ машинаа ав, та нараас авах мөнгөндөө 2 дугуйг чинь зарлаа гэж хэлээд ийм хэрэг хийсэн” гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-12-р хуудас
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бат-Эрдэнийн өгсөн: “...Би “Омогт Цагаан шонхор” ХХК-д тээвэр зохицуулагч ажилтай ... Манай компанийн зүгээс А.Атэй бичгээр гэрээ хэлэлцээр хийгээгүй. Аман гэрээ хийж тохиролцсон. Тухайн тээврийн хэрэгслийг А.Ад хүлээлгэж өгөхдөө ямар нэгэн акт үйлдээгүй. Гэхдээ автомашиныг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн ... А.А нь манай компанийн 12-07 ӨМӨ улсын дугаартай нүүрс тээврийн автомашины эд ангиудыг худалдан борлуулах, зарж үрэгдүүлэх эрх байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18-р хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ариунцэцэгийн өгсөн: “...дээрх автомашинаас 9 ширхэг дугуй, 2 ширхэг аккумулятор, кабин халаагч 1 ширхэг, халуун тогоо 1 ширхэг алдагдсан. Эд зүйлийн үнэлгээгээр 6.385.000 төгрөгийн хохирол учирсан. ...А.А нь ажиллаж байгаад хохирол төлөхөөр компанитай тохирсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/
Гэрч Б.Очирбатын өгсөн: “...Тухайн тээврийн хэрэгслийн 9 ширхэг дугуй, 2 аккумулятор, кабин халаагч, халуун тогоо зэрэг нь алга болсон байсан. Би нөхцөл байдлыг Далайд утсаар хэлээд цагдаагийн байгууллагад хандсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/
А.А гэрчээр өгсөн: “...Би өдөр хоногийг нь санахгүй байна. Ямар ч байсан 11 сард БНХАУ-ын “Ганц мод” гэх газраас хөтөч Далай гэх хүнээс нүүрс тээврийн 12-07 ӨМӨ улсын дугаартай улаан өнгийн Потон маркийн тээврийн хэрэгслийг хүлээж авсан. ... Миний бие өвдөөд мөнгөний хэрэг гараад байсан болохоор би тухайн тээврийн хэрэгслийн 9 ширхэг дугуй, 2 аккумулятор, кабин халаагч, халуун тогоо зэргийг бусдад худалдан борлуулсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-р хуудас/
Гэрч М.Батмөнхийн өгсөн: “...А өөрийнхөө жолоодож явсан Потон маркийн автомашиныг зам дээр зогсоочихсон байсан. Тэгээд тэр машины чирэгч толгойд байсан дугуйнаас 2 ширхгийг, чиргүүлийн дугуйнаас 5 ширхэг запасанд нь байсан 1 дугуйтай нийлээд нийт 9 ширхэг дугуйг А тайлж өгсөн ... 9 ширхэг дугуйнаас гадна кабин халаагч өгсөн. А хэлэхдээ “Хятад компанийн машин байгаа юм. Эзнээс нь мөнгө, төгрөг авах ёстой” гэж хэлээд дугуйгаа тайлж өгсөн. Өөр зүйл хэлээгүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/
“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 161/01 дугаартай дүгнэлт /хх-ийн 31-р хуудас/
А.Алтан-Эрдэнийн яллагдагчаар өгсөн: “...Далай өмнө нь миний тээврийн хөлснөөс мөнгө хасаад байдаг болохоор уур хүрээд хэрэлдсэн. Хэрэв мөнгө өгөхгүй бол би дугуйг чинь зарлаа гэж хэлсэн. Тэгээд Далайтай утсаар нэлээд удаан хэрэлдээд миний уур хүрээд тэр хавиар явж байсан бензин тээврийн том машин явж байхаар нь зогсоогоод би өөрөө зарах эрхтэй хужаад нь хэлээд зөвшөөрүүлсэн гэж хэлээд 9 ширхэг дугуй, 1 ширхэг кабин халаагч, 1 ширхэг халуун тогоог нь нийлүүлээд 1,500,000 төгрөгөөр зарсан. Мөнгийг нь өөрийн дансаар авсан. Мөн 2 ширхэг акумляторыг нь зам дээр машин нь асахгүй байсан нэг Монгол жолоочийг чи ав гээд өгсөн. Тэр хүнийг би танихгүй. Зүгээр л өгчихсөн. Тэгээд би машиныг нь зам дээр орхичхоод Цагаан хад орж хоноод маргааш нь Улаанбаатар хотруу явдаг жижиг машинаар явсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/
Шүүгдэгч А.Алтан-Эрдэнийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч А.Алтан-Эрдэнийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 -р хуудас/,
Шүүгдэгч А.Алтан-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч А.А нь “Омогт Цагаан Шонхор Транс” ХХК-ийн эзэмшлийн 12-07 ӨМӨ улсын дугаартай Потон маркийн тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрт явахаар итгэмжлэн хариуцаж аваад 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутагт тус тээврийн хэрэгслээс дугуй 9 ширхэг, аккумулятор 2 ширхэг, кабин халаагч 1 ширхэг, халуун тогоо 1 ширхгийг завшиж, бусдад нийт 6,385,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-12-р хуудас, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бат-Эрдэнийн өгсөн: “...А.А нь манай компанийн 12-07 ӨМӨ улсын дугаартай нүүрс тээврийн автомашины эд ангиудыг худалдан борлуулах, зарж үрэгдүүлэх эрх байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18-р хуудас/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ариунцэцэгийн өгсөн: “...дээрх автомашинаас 9 ширхэг дугуй, 2 ширхэг аккумулятор, кабин халаагч 1 ширхэг, халуун тогоо 1 ширхэг алдагдсан. Эд зүйлийн үнэлгээгээр 6.385.000 төгрөгийн хохирол учирсан. ...А.А нь ажиллаж байгаад хохирол төлөхөөр компанитай тохирсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/, Гэрч Б.Очирбатын өгсөн: “...Тухайн тээврийн хэрэгслийн 9 ширхэг дугуй, 2 аккумулятор, кабин халаагч, халуун тогоо зэрэг нь алга болсон байсан. Би нөхцөл байдлыг Далайд утсаар хэлээд цагдаагийн байгууллагад хандсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/, А.А гэрчээр өгсөн: “...Би өдөр хоногийг нь санахгүй байна. Ямар ч байсан 11 сард БНХАУ-ын “Ганц мод” гэх газраас хөтөч Далай гэх хүнээс нүүрс тээврийн 12-07 ӨМӨ улсын дугаартай улаан өнгийн Потон маркийн тээврийн хэрэгслийг хүлээж авсан. ... Миний бие өвдөөд мөнгөний хэрэг гараад байсан болохоор би тухайн тээврийн хэрэгслийн 9 ширхэг дугуй, 2 аккумулятор, кабин халаагч, халуун тогоо зэргийг бусдад худалдан борлуулсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-р хуудас/, Гэрч М.Батмөнхийн өгсөн: “... Тэгээд тэр машины чирэгч толгойд байсан дугуйнаас 2 ширхгийг, чиргүүлийн дугуйнаас 5 ширхэг запасанд нь байсан 1 дугуйтай нийлээд нийт 9 ширхэг дугуйг А тайлж өгсөн ... 9 ширхэг дугуйнаас гадна кабин халаагч өгсөн. А хэлэхдээ “Хятад компанийн машин байгаа юм. Эзнээс нь мөнгө, төгрөг авах ёстой” гэж хэлээд дугуйгаа тайлж өгсөн. Өөр зүйл хэлээгүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/, “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 161/01 дугаартай дүгнэлт /хх-ийн 31-р хуудас/ шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.
Шүүгдэгч А.Алтан-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.А нь гэм буруугаа хүлээж зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан үзэв.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Ариунцэцэг нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Баатар овогт Амарсайханы Алтан-Эрдэнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад хорих ял оногдуулахгүйгээр 1 / нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 5, 6, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 4-т зааснаар шүүгдэгч А.Ад тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ авч, дээрх хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч А.Ад нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, А.Алтан-Эрдэнийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох буюу гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА