Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/ма2024/00037

 

 

 

 

 

 

 

 

2023 12 27 210/МА2024/00037

 

 

Д.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2023/03467 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Т-ын хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээг шүүхийн журмаар цуцлуулах, гэрээний үүрэгт төлсөн 8,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Д.Б, Л.Э н нарын нэхэмжлэлтэй Д.Т надад холбогдох иргэний хэрэг маргаанд хууль зүйн туслалцаа авч, өөрийгөө өмгөөлүүлэхээр өмгөөлөгчБ.Б-тай 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 18/21 тоот эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээний 4.1-д өмгөөллийн үйлчилгээний нийт хөлсийг 15,000,000 төгрөг байхаар тохиролцож, урьдчилгаа 8,000,000 төгрөг өгөх, үлдэгдэл 7,000,000 төгрөгийг энэ хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдэж, бүх ажил дууссаны дараа төлөх бөгөөд уг хэрэгт давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүх хуралд оролцуулахаар тохиролцсон. Уг гэрээний дагуу өмгөөллийн хөлсний урьдчилгаа төлбөрт 4,000,000 төгрөг, 4,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөг шилжүүлсэн. Гэрээний 2.2, 2.2.1, 2.2.5, 2.2.6-д өмгөөлөгч үүргийг тодорхой заасан. Гэтэл өмгөөлөгч Б.Б нь уг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, чанартай, мэргэжлийн түвшинд гүйцэтгээгүй, биелүүлээгүй. Б.Б нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны явцад хэргийн талаар мэтгэлцэх хэмжээний бүрэн ойлголтгүй, хэргийн материалаа бүрэн гүйцэт уншиж, танилцаагүй байгаа нь илт мэдэгдэж байсан бөгөөд шүүх хурлын явцад намайг өмгөөлж хоёрхон өгүүлбэр хэлснээс өөрөөр ямар нэгэн хууль, зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ надад огт үзүүлээгүй. Улсын Дээд шүүхийн шүүх хуралд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж оролцоогүй. Өмгөөлөгчөөс татгалзаж, урьдчилгаанд төлсөн мөнгөө буцаан авья гэхэд өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй, утсаа ч авахгүй намайг хохироож байгаад гомдолтой байна. Гэрээний 3.1.1, 3.1.2, 5.1-д заасан ямар эрх эдлэх талаар заасан. Иймд эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээг цуцалж, өмгөөллийн хөлсөнд өгсөн 8,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Л.Э, Л.Б нарын нэхэмжлэлтэй Д.Т т холбогдох иргэний хэрэгт өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авахаар хариуцагчБ.Б-тай 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээ байгуулах үед дээрх хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэсэн байсан. Тус хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч нь шүүхэд худал мэдүүлэг өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн тухай Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж шалгуулсан. Өмгөөлөгчийн хувьд Өмгөөллийн тухай хуулиар өмгөөллийн үйл ажиллагааны үр дүнд амлалт өгөхийг хориглодог бөгөөд Б.Б нь нэхэмжлэгчид өмгөөллийн үр дүнгийн талаар ямар нэгэн амлалт өгөөгүй. Нэхэмжлэгч Д.Т нь 2019 оны 03 дугаар сард Б.Б өмгөөлөгчөөс татгалзсан учир үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу Б.Б нь түүнд цаашид өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан гэрээ 2019 оны 03 дугаар сард үйлчлүүлэгчийн санаачилгаар цуцлагдсан. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, Өмгөөллийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.13, 22 дугаар зүйлийн 22.1, 23 дугаар зүйлийн 23.1, 23 дугаар зүйлийн 23.2 болон Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон бөгөөд хариуцагч Б.Б нь гэрээний дагуу нэхэмжлэгчид өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлсэн, гэрээг үйлчлүүлэгч буюу Д.Т-ын санаачилгаар цуцалсан бөгөөд шүүх гэрээний талуудын чөлөөт байдалд хөндлөнгөөс халдаж, талуудын хооронд байгуулагдсан гэрээг шүүх дахин цуцлах нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б-д холбогдуулан гаргасан 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээг шүүхийн журмаар цуцлуулах, гэрээний үүрэгт төлсөн 8,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай Д.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 213,200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх шийдвэртээ талууд гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд гэрээнээс татгалзаж болохгүй байхаар зохицуулсан. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Т-ын санаачилгаар цуцлагдсан байх тул өмгөөллийн ажлын хөлсөнд төлсөн 8,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч, өмгөөлөгч Б.Б аас өмгөөллийн үйлчилгээ авч, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд шүүхийн шүүх хуралд оролцуулах, мөн Д.Б, Л.Э нарын нэхэмжлэлтэй Д.Т т холбогдох иргэний хэрэгтэй холбоотой асуудлаар Цагдаагийн байгууллагад холбогдох гэрч нарт холбогдуулан гомдол гаргаж, шийдвэрлүүлэх зэрэг үйлчилгээ авахаар тохиролцсон. Д.Б, Л.Э н нарын иргэний хэрэгт Д.Т нь Д.Б, Л.Э н нарт автомашины оронд өөрийн бенз маркийн автомашинаа өгсөн, Д.Б, Л.Э н нарыг бусдаас байр худалдаж авахад нь байрны мөнгийг өмнөөс нь төлбөртөө тооцож суутгаж төлсөн, мөн хувцас эд зүйлс аваагүй, авсан эд зүйлсийнхээ мөнгийг төлсөн, одоо Д.Б, Л.Э н нарт төлөх ямар нэгэн тооцоо байхгүй гэж дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гурван үндэслэлээр няцаадаг. Мөн машинтай холбоотой асуудал дээр анхан шатны шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн хүн нь худал мэдүүлэг өгсөн, үүнийг үнэлэх боломжгүй, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэх агуулгатай хоёрхон өгүүлбэр хэлсэн байдаг бөгөөд Д.Т-ын хүсэл зориг, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гурван үндэслэл байхад өмгөөлөгч Б.Б нь нэхэмжлэлийн өөр бусад шаардлага болох хувцасны үнэ, байрны үнийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэрхэн няцааж, үгүйсгэж, яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар давж заалдах шатны шүүх хурал дээр юу ч яриагүй, энэ талаар огт мэтгэлцээгүй, энэ хэрэгт гэрч машины талаар худал мэдүүлэг өгсөн гэсэн өгүүлбэрээс өөрөөр ярьж мэтгэлцсэн зүйл байхгүй. Энэ нөхцөл байдлыг өмгөөлөгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, чанартай, зохих ёсоор, мэргэжлийн өмгөөлөгчийн түвшинд үйлчлүүлэгчдээ өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн гэж үзэх боломжгүй. Хариуцагч Б.Б нь давж заалдах шатны шүүх хуралд үйлчлүүлэгчийн эрх ашиг, сонирхлыг хамгаалж хэрхэн оролцсон байдал нь тус шүүхийн магадлал, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс харагддаг. Мөн гэрээний 1.1-д ... тус хэрэгт хамааралтай гэрчүүд дээр цагдаад гомдол гаргаж шалгуулна гэж тохиролцсон. Хариуцагч Б.Б нь гэрчид холбогдуулж цагдаад гомдол гаргаж шалгуулах ажлыг хийж гүйцэтгэсэн, гэрээний үүргээ биелүүлсэн гэж тайлбарлаж, мэтгэлцэж байгаа боловч бодит байдал дээр энэ ажил хийгээгүй. Хариуцагч Б.Б нь тус иргэний хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч нарт холбогдуулж цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргаж, шалгуулах ажлыг хийгээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь гэрээгээр тохиролцсон нэг ажил болох гэрч нарт холбогдуулж Цагдаагийн газар гомдол гаргасан талаарх нотлох баримтыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон Прокурорын газраас гаргуулах хүсэлт гаргаж, шүүх уг хүсэлтийг хангаж, нотлох баримтыг гаргуулан авсан уг баримтад гэрч Ц.Чаминчанга нь Д.Б, Л.Э н нарын нэхэмжлэлтэй Д.Т т холбогдох иргэний хэрэг дээр худал мэдүүлэг өгсөн талаарх Д.Т-ын гомдол, тус гомдлын дагуу Д.Т-ын зүгээс өмгөөлөгчийн хамт тайлбар, мэдүүлэг өгсөн талаарх баримтууд байдаг. Уг нотлох баримтуудаас харахад Д.Т-ын зүгээс гэрч Ц.Чаминчангад холбогдуулж Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан гомдолд ... уг өргөдөл гомдол дээр Д.Т миний өмгөөлөгчөөр өмгөөлөгч С.Соронзонболд оролцоно. гэж дурдсан байдаг бөгөөд эдгээр нотлох баримтууд дээр Д.Т-ын өмгөөлөгчөөр хариуцагч Б.Б оролцсон, оролцох тухай ямар ч үг өгүүлбэр байдаггүй. Мөн уг гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас Д.Т аас тайлбар, мэдүүлэг авсан тэмдэглэлд Д.Т нь Б.Б өмгөөлөгчтэй биш өөр өмгөөлөгчтэй хамт мэдүүлэг өгсөн. Өөрөөр хэлбэл, Б.Б нь тухайн үед гэрээгээр тохиролцсон ажлын нэг хэсэг болох гэрчүүдэд холбогдуулж цагдаад гомдол гаргаж, шалгуулах ажлыг хийгээгүй. Гэрч нарт холбогдуулж цагдаад гомдол гаргах энэ ажлыг өөр өмгөөлөгч нар хийсэн. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Б.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ чанартай, зохих ёсоор, мэргэжлийн өмгөөлөгчийн түвшинд, бүрэн гүйцэд биелүүлэхгүй байсан тул нэхэмжлэгч Д.Т нь өөрийн эрх ашиг, сонирхолыг хамгаалах үүднээс гэрээгээ цуцлах талаар хариуцагчид мэдэгдсэн. Өмгөөлөгч нь хурал дээр үйлчлүүлэгчийнхээ үндэслэл, шаардлагыг бүрэн гүйцэд гаргаж ярихгүй, үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж, мэтгэлцэхгүй, цагдаагийн байгууллагад гомдол гаргах ажлыг хийж гүйцэтгэхгүй байсан тул нэхэмжлэгч нь гэрээг цуцлах санал гаргасан. Энэ нь гэрээний нэг тал гэрээг цуцлах хүндэтгэх, үндэслэлтэй шалтгаан мөн юм. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1, 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх үндэслэлд хамаарахгүй гэж дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар шинжээчийн дүгнэлтээр өмгөөлөгч Б Батжаргал нь хууль зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу 2,490,000 төгрөгийн үнэ ханш бүхий ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсэн гэж гарсан. Шинжээчийн дүгнэлтээр Б.Б нь 8,000,000 төгрөгийн биш 2,490,000 төгрөгийн үнэ ханш бүхий өмгөөллийн ажил, үйлчилгээг Д.Т т үзүүлсэн байна гэж гарсан байхад шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд шинжээчийн дүгнэлтийг хэрхэн ямар үндэслэлээр няцааж, нотлох баримтаар үнэлэхгүй байгаа талаараа дүгнээгүй, энэ талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Д.Т тай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулахаас өмнө тухайн хэрэг анхан шатны журмаар шийдвэрлэгдсэн, Д.Т-ын өмнөх өмгөөлөгч В.М давж заалдах гомдол гаргасан байдаг. Б.Б өмгөөлөгчийн хувьд өмгөөллийн үр дүнг ямар нэгэн байдлаар амлалт өгөөгүй. Давж заалдах шатны шүүх хуралдаан 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр болж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 448 дугаар магадлалаар давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хуралдааны дараа 2019 оны 03 дугаар сард Д.Т нь Б.Б өмгөөлөгчтэй холбогдож гомдлыг хангасангүй, би цаашид өөр өмгөөлөгчтэй оролцоно, цаашид чамтай хамтарч ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчийн санаачилгаар гэрээнээс татгалзаж, цаашид хяналтын шат болон маргаад байгаа эрүүгийн хэрэгтэй холбоотой ажиллагаанд өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжгүй болсон. Мөн нэхэмжлэгч талаас бичгээр гаргасан гомдолдоо шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлээгүй гэж маргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас Б.Б өмгөөлөгчийн хийсэн өмгөөлөл, хууль зүйн туслалцааны ажиллагааг ямар үнэ хөлстэй талаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-аар үнэлгээгээр Б.Б өмгөөлөгч нь эрх зүйн туслалцаа үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу нийт 2,490,000 төгрөгийн үнэ хөлс бүхий ажлыг гүйцэтгэсэн гэх дүгнэлт гаргасан. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага буюу Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 292 дугаар тогтоолоор тухайн шинжээчийн дүгнэлтийг үнэлгээний зүйл, үнэлгээний объект биш, эрх зүйн туслалцаа үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу ажил хийгдсэн эсэх, түүний үнэ хөлсийг тодорхойлох эсэх нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний олон улсын стандартад үнэлгээний зүйл биш гэж дурдаад тухайн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тухайн тогтоол нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хавтаст хэргийн 149-152 хуудаст авагдсан. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дүгнэлт гаргасан шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж холбогдох тайлбарыг гаргасан. Энэ тухай шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт болон хавтас хэргийн 157-162 дугаар хуудаст авагдсан байгаа учраас нарийвчлан унших шаардлагагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа болон гэрээний үүргийн ялимгүй зөрчил буюу Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан гэрээнээс татгалзаж болохгүй, мөн гэрээний хэрэгжилтийн явцад гэрээ цуцлах, гэрээнээс татгалзах хүндэтгэн үзэх шалтгаан, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдоогүй, бий болоогүй гэж зөв дүгнэсэн. Талуудын хооронд байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 5.2-т гэрээг үйлчлүүлэгчийн санаачилгаар цуцалсан болон үндэслэлгүйгээр зөрчсөн тохиолдолд өмгөөллийн ажлын хөлсөнд төлсөн мөнгийг буцаан олгохгүй гэж талууд харилцан тохиролцсон байдаг. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй хэрэгт ач холбогдолтой талаас нь дүгнэсэн, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Б.Б-д холбогдуулан 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээг цуцалж, гэрээний үүрэгт төлсөн 8,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Д.Т , Б.Б нар нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, уг гэрээний 1.1, 2.2.1-д Л.Э, Д.Б нарын нэхэмжлэлтэй Д.Т т холбогдох иргэний хэрэгт өмгөөлөгч Б.Б нь хууль зүйн туслалцаа үзүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд буюу давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхэд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны эрх, ашиг, сонирхлыг хамгаалах, тус хэрэгт хамааралтай гэрч нарт холбогдуулж цагдаагийн байгууллагад гомдол гаргах зэрэг гурван төрлийн ажил үйлчилгээг хариуцагчаар гүйцэтгүүлэх, нэхэмжлэгч нь гэрээний 4.1, 4.1.1-д заасны дагуу хөлс төлөхөөр харилцан тохиролцжээ./хх5-7/

3.1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасанд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

3.2. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

4. Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Б.Б ын Х ХК дахь дансанд өмгөөллийн ажлын хөлсөнд нийт 8,000,000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч мөнгийг хүлээж авсан талаар зохигчид маргаагүй болно./хх8-9/

5. Хариуцагч Б.Б нь дээрх гэрээгээр хүлээсэн үүрэгт ажлын нэг ажил буюу Л.Э, Д.Б нарын нэхэмжлэлтэй Д.Т т холбогдох иргэний хэрэгт хариуцагч талын гаргасан гомдлыг хэлэлцсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцож, хууль зүйн туслалцаа үзүүлж ажилласан байна. Харин хяналтын шатны шүүхэд болон гэрч нарт холбогдуулан эрүүгийн журмаар гомдол гаргах ажлыг хийгээгүй байх тул гэрээний үүргийн 3/1 хувийг гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна./хх114-116, 117-130/

6. Гэрээгээр эрх зүйн туслалцаа авагч талын санаачилгаар гэрээг цуцалсан тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй гэж тохиролцсон учраас ажлын хөлсийг буцаан өгөхгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

6.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь гэрээгээр тохиролцсон нэг ажил болох гэрч нарт холбогдуулж Цагдаагийн газар гомдол гаргасан талаарх нотлох баримтыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон Прокурорын газраас гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, эрх бүхий байгууллагаас ирүүлсэн баримтаар Д.Т-ын зүгээс гэрч Ц.Чаминчангад холбогдуулж Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан гомдолд ...миний өмгөөлөгчөөр С.Соронзонболд оролцоно гэж дурдсан нь тогтоогдсон. Мөн дээрх гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар Д.Т аас тайлбар, мэдүүлэг авсан тэмдэглэлд өөр өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгсөн зэргээр хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйл баримт тогтоогдсон./хх170, 171, 175-176, 210/

6.2. Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3 дахь хэсэгт ажиллагч ажлынхаа хөлсийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг урьдчилан авсан үед гэрээ цуцлагдсан бол урьд олгосон хөлсийг буцаан төлүүлнэ гэж заасан. Нэхэмжлэгч нь гэрээ цуцалж байгаа тохиолдолд цуцлах хүртэл хугацааны хөлсийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажилд тохирсон хөлсийг төлнө.

7. Зохигчид гэрээгээр дээрх гурван төрлийн ажлын нийт хөлс нь 15,000,000 төгрөг байхаар тохирсон байх тул хариуцагч Б.Б ын хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг нийт ажлын хөлсөнд харьцуулан тооцвол ажлын хөлсний 3/1 буюу 5,000,000 төгрөгийн хөлстэй ажлыг гүйцэтгэсэн гэж дүгнэхээр байна.

7.1. Иймд нэхэмжлэгч Д.Т-ын өмгөөллийн хөлсөнд урьдчилгаа болгон шилжүүлсэн 8,000,000 төгрөгөөс түүний хийж гүйцэтгэсэн нэг ажлын хөлсний төлбөр 5,000,000 төгрөгийг хасч, үлдэх 3,000,000 төгрөгийг хариуцагч Б.Б аас гаргуулан нэхэмжлэгч Д.Т т олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2023/03467 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б аас 3,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Т т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...болгосугай. гэснийг ...болгож, хариуцагчаас 62,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Д.ЦОГТСАЙХАН